Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/09

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч: Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Омбо овогт Бгийн Оид холбогдох эрүүгийн 1812006390320 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Оовогт Бгийн О/РД............/ 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Булган сумын Зуунмод баг, Булгийн 1Б тоотод иргэн С.Цгийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Шүүгдэгч Б.Оийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би гэртээ байж байхад С.Ц, Б ахтай нэг пиво барьж манайд орж ирсэн. Тэгээд Б ах нь архи уучихаад шартаад байна танайд нэг пиво уучихаад гаръя гэхээр нь би тэг гэж хэлсэн. Тэгээд би хоол хийх гээд мах гаргаж тавьчихаад байж байсан чинь Б ах С.Ц ахыг дэлгүүр яваад нэг пиво аваад ир гэхээр нь би найз охиндоо банк орж мөнгө шилжүүлэх гээд Ц ахтай хамт явсан. Би мөнгөө шилжүүлчихээд С.Ц ахтай хамт дэлгүүр ороод намайг  машин дотор байж байсан чинь С.Ц ах хоёр пиво аваад дэлгүүрээс гарч ирсэн. Тэгээд манайд ирж пиво уучихаад Б ах явсаны дараа С.Ц ах нэг дэлгүүр ороод өрөө өгчихөөд нэг пиво авч гарч ирсэн. Би гэртээ ороод байж байсан С.Ц ах араас орж ирээд нөгөө пиво хамт уугаад  орой 7 цаг болж байхад картаа өгчих картанд чинь мөнгө хийлгээд дахиад нэг юм авъя гэхээр нь би картаа өгөхгүй гэсэн чинь хамт явъя гээд хамт явж нэг шил архи авсан. Тэгээд С.Ц ахынд ороод хоол идчихээд байж байсан чинь С.Ц ах гаръя гээд дохиод байхаар нь тэднийхээс гараад гэртээ ороод авсан шил архиа уусан. Дараа нь С.Ц ахыг гэрт нь хүргэж өгөх гэж гараад ухаан балартсан байсан...” гэх мэдүүлэг 

 

       *Эрүүгийн 1812006390320 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

       *Хохирогч С.Цгийн өгсөн:

 

“...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед гэртээ байж байсан чинь Б манайд ирээд манай хашаанд байдаг Б.Отой уулзах хэрэг байна гэхээр нь гэртээ байгаа та ороод уулзчих гээд гэр рүүгээ орсон. Тэгээд гэрээсээ гарсан чинь Б.О над дээр ирээд манайд ороод ир гэхээр нь гэрт нь орсон чинь Б, Б.О нар 2 литрийн сэрүүн нэртэй пиво уугаад байж байсан. Тэгээд намайг орсон чинь надад 200 граммын аягаар пиво хийгээд өгөхөөр нь уучихаад гэр рүүгээ ороод 1 цаг орчим байж байгаад буцаад Б.Оийнд орсон чинь тэр 2 ууж байсан пиво дуусгасан байсан. Тэгээд Б ахын дүү яваад нэг пиво аваад ир гэхээр нь би дэлгүүр яваад 1 ширхэг 2 литрийн сэнгүүр нэртэй пиво авчирч өгөөд хуваагаад уусан. Тэгээд гадаа Портер машин дээр хайрга ачаад байж байсан чинь Б.О, Б хоёр Б.Оийнхоос гараад ирсэн. Тэгээд Б М гэх залуутай хамт яваад өгсөн. Тэгээд би Б.Оийг дагуулаад “Ач зээ” гэх дэлгүүр рүү очиж өрөө дарахаар явсан. Тэгээд дэлгүүрээс 1 ширхэг 2 литрийн Сэрүүн нэртэй пиво аваад Б.Оийнд очиж уусан. Тэгээд ууж байсан пиво дуусгачихаад байж байсан чинь Б, М 2 ирээд 0.5 литрийн ерөөл нэртэй архи авчирсан байхаар нь хуваагаад уусан. Тэгээд Б, М 2 архиа ууж дуусгаад яваад өгсөн. Тэгээд гэртээ ороод байж байсан чинь миний араас удаагүй Б.О орж ирээд намайг гараад ир нэг яриа байна гэхээр нь гараад очсон чинь Б.О надад та дэлгүүрээс 1 шил архи аваад өгчих гэхээр нь манайд нэг шилтэи архи байгаа тэрийг авах юм уу гэсэн чинь за тэгье та эвтэйхэн аваад гараад ир би Нараа эгчээс айгаад байна гэж байсан. Тэгээд гэр рүүгээ ороод 0.5 литрийн ерөөл нэртэй архи аваад Б.Оийнд орсон чинь хоёулаа энэ архиа хуваагаад ууя гэхээр нь хуваагаад уусан. Тэгээд орой 19 цагийн үед манай эхнэр Б.Оийнд орж ирээд та 2 орж ирж хоол ид гэхээр нь бид 2 орж хоол идчихээд буцаж б.Оийнд ороод үргэлжлүүлээд уусан. Тэгээд ууж байсан архиа дуусгачихаад 22 цагийн үед би Б.Оид ах нь одоо гэр рүүгээ орлоо ахын дүү одоо амар гэсэн чинь үгүй ээ би таныг гэрт чинь оруулж өгнө тэгэхгүй бол та манайхаас гараад өөр тийшээ явж магадгүй би гэрт чинь оруулж өгнө гэхээр нь за тэгье гээд Б.Ооор гэртээ хүргүүлсэн. Тэгээд гэртээ ороод хойд өрөөндөө за ах нь одоо  амарлаа ахын дүү орж амар маргааш өглөө эрт ажилтай гэсэн чинь чи намайг гаргадаг хэн бэ? би явахгүй гэхээр нь би за тэгвэл  ах нь чамайг гаргаад өгье гэсэн чинь миний зүүн завьж руу цохьсон. Тэгээд нэг сэргэсэн чинь аав, ээж , Дондог нар ороод ирсэн байсан. Тэгээд тэд нар Б.Оийг баглаад гэр рүү нь оруулсан. Б.О миний зүүн завьж хэсэг рүү цохиод язалсан, үүдэн 1 шүд унагаасан, бөөр рүү өшиглөсөн, зүүн хавирга хөндүүртэй, зүүн дагз руу цохьсон, зүүн нүдний ухархай руу хөхрөлттөй байгаа. Би гэр рүү нь оруулаад өгье гэсэн чинь намайг цохьсон яагаад тэгснийг би сайн мэдэхгүй байна. Өмнө нь бид 2 маргаж байгаагүй. Өс хонзонгийн асуудал байхгүй. Би гомдолтой байна, зүгээр байж байгаад Б.Оид зодуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар тал/

“Гэрч С.Сийн өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө гэртээ унтах гээд байж байсан чинь манай бэр болох Н миний гар утас руу залгаад Цг аллаа гэж хэлэхээр нь хэн алах гээд байгаа юм бэ гэсэн чинь манай хашааны Б.О Цг зодоод байна гэхээр нь чи салгаач гэсэн чинь намайг давхар алах гээд байна. Би 2 сартай хүүхдээ аваад гэрийнхээ гадаа зогсоод цонхоор хараад байж байна гэхээр нь за одоо очлоо гээд яваад очсон. Намайг гэр рүү нь ороход гал тогооны өрөөнд Ц амаа ангайсан ухаан алдсан байдалтай байж байхад дээрээс нь өвдөглөж суугаад нүүр рүү нь цохиод байж байсан. Тэгээд би очоод мөрөн дээрээс нь бариад татсан чинь эргэж хараад мөр рүү хальт цохьсон. Тэгээд хойноос сумын залуучууд болох Д, Б нар орж ирээд Б.Оийн гар хөлийг нь хүлээд чирч гэр рүү нь оруулсан. Тэгээд цагдаа дуудсан.  Би юунаас болж маргасан талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/

 

*Гэрч Н.Нийн өгсөн: 

 

“...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн үед С.Ц, Б.О нар орж ирсэн. Тэгээд С.Ц, Б.О хоёр согтууруулах ундаа маш их хэрэглэсэн байсан ба хоорондоо маргалдаж зодолдсон. Б.Оийг С.Ц гэртээ одоо ороод амар би гаргаад өгөх үү гэсэн чинь Б.О С.Цгийн зүүн талын шанаа руу нь баруун гараараа цохьсон чинь С.Ц хойшоогоо саваад унахад нь Б.О дээр нь гараад нүүр рүү нь цохиод байсан. Тэр үед би салгах гэсэн чинь намайг түлхсэн. Тэгээд би дийлэхгүй болохоор нь хадам ээжтэй утсаар яриад юу болоод байгаа талаар хэлсэн чинь одоо очлоо гэж хэлсэн. Тэр үед би байшингийнхаа гадаа айгаад зогсож байх үед Б.О С.Цг зодсоор л байсан. Тэгээд хадам аав С ирээд 2 залуугийн хамт Б.Оийг болиулж хүлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд аваад явсан. Юунаас болж маргалдсанг сайн мэдэхгүй байна. Тэр их согтсон байх шиг байсан. Нүүрэн хэсэг бүхэлдээ хавдсан уруулан дээрээ оёдол тавьсан, үүдэн шүд унасан мөн нэг шүд хөдөлсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-15 дугаар тал/

*Яллагдагч Б.Оийн өгсөн: 

“...Би уг гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Надад одоо нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би тухайн үед архи ууж их согтсон ухаан санаа орж гараад байсан. Тэгээд маргааш өглөө нь С.Цг зодсон гэдгээ мэдсэн. Түүнээс ямар нэгэн өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Архангай аймгийн Булган суманд байх манай гэрт С.Ц, Б бид 3 хамт архи уусан. Бид гурваас өөр хүн байгаагүй. Бид 3 Сэрүүн нэртэй 2.5 литрийн 3 пиво уусан. Тэгээд 3 пиво уучихаад Б гэх хүн гэртээ харихаар явсан. С.Ц бид хоёр хамт үлдээд дэлгүүр орж дахин Сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво нэгийг авчихаад манай гэрт ирж уусан. Тэгээд дахин дэлгүүр орж 0.5 литрийн Ерөөл архи 1 шилийг авч уучихаад бид хоёр их согтсон. Тэгээд би С.Ц ахыг гэрт нь хүргэж өгөх гээд гэрээсээ гараад юу болсон талаар мэдэхгүй байна. Манай гэрт С.Ц бид хоёр байж байгаад С.Ц намайг хэрэлдэж маргалдаагүй байхад гараараа нүүрэн хэсэг рүү цохьсон. Өөр маргалдсан зүйлгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 дугаар тал/ 

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 591 дугаартай дүгнэлтэнд: 

“...С.Цгийн биед гэмтэл учирсан байна. С.Цгийн биед зүүн хацар, зовхи, эрүүний доод хэсэгт зөөлөн эдийн няцрал, доод уруул ба дотор салстад язарсан шарх, 21-р шүд унасан, 22-р шүд хөдөлсөн, цээжний хоёр хажуу, нурууны зүүн доод, баруун дээд хэсэг, хэвлийн зүүн хажууд зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Зодуулсан гэх тухайн нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтлүүд нь нийтдээ биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% /21-р шүд/ тогтмол алдагдуулна...” гэх дүгнэлт/хх-ийн 23 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар тал/ 

*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 45, 46 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Булган сумын Зуунмод баг, Булгийн 1Б тоотод иргэн С.Ц нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.О үйлдсэн болох нь хохирогч С.Цгийн”... за тэгвэл  ах нь чамайг гаргаад өгье гэсэн чинь миний зүүн завьж руу цохьсон. Тэгээд нэг сэргэсэн чинь аав, ээж , Д нар ороод ирсэн байсан. Тэгээд тэд нар Б.Оийг баглаад гэр рүү нь оруулсан. Б.О миний зүүн завьж хэсэг рүү цохиод язалсан, үүдэн 1 шүд унагаасан, бөөр рүү өшиглөсөн, зүүн хавирга хөндүүртэй, зүүн дагз руу цохьсон, зүүн нүдний ухархай руу хөхрөлттөй байгаа. Би гэр рүү нь оруулаад өгье гэсэн чинь намайг цохьсон яагаад тэгснийг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч С.Сийн ”... Намайг гэр рүү нь ороход гал тогооны өрөөнд Ц амаа ангайсан ухаан алдсан байдалтай байж байхад дээрээс нь өвдөглөж суугаад нүүр рүү нь цохиод байж байсан. Тэгээд би очоод мөрөн дээрээс нь бариад татсан чинь эргэж хараад мөр рүү хальт цохьсон...” гэх мэдүүлэг, гэрч Н.Нийн”... Б.Оийг С.Ц гэртээ одоо ороод амар би гаргаад өгөх үү гэсэн чинь Б.О С.Цгийн зүүн талын шанаа руу нь баруун гараараа цохьсон чинь С.Ц хойшоогоо саваад унахад нь Б.О дээр нь гараад нүүр рүү нь цохиод байсан. Тэр үед би салгах гэсэн чинь намайг түлхсэн...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 591 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Оийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Б.О нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч С.Ц нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Б.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Омбо овогт Бгийн Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

             2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

             5. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Оид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР