| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 131/2016/0405/И |
| Дугаар | 254 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг 146 дугаар байрны 29 тоотод оршин суух Хошрон овогт Энхтөрийн Баярчимэгийн /РД:УЮ92010603/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр баг, Мандалхайрханы Дугуй тоотод оршин суух Боржигон овогт Ганбаатарын Бямбасүрэн /РД: ВГ92050211/ холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Э.Баярчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Баярчимэг нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 онд оюутан байхдаа охины эцэг болох Г.Бямбасүрэнтэй танилцаж дотноссон. 2014 онд намайг жирэмсэн болсон гэдгийг мэдсэнээс хойш Г.Бямбасүрэн нь надтай огт холбоо барихаа больсон. 2015.01.08-нд охин Цэлмэг нь төрсөн. Өөрийнх нь хүүхэд гэдгийг мэдсээр байж нэг ч удаа эргэж тойроогүй, асууж сураглаагүй одоог хүртэл зугтаасаар байгаа. Би өөрийн гэсэн ажил төрөлгүй учир 2015.01.08-нд төрсөн охин Б.Цэлмэгийн төрсөн эцэг нь Г.Бямбасүрэн мөн болохыг тогтоож, Г.Бямбасүрэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Миний бие Г.Бямбасүрэн нь Э.Баярчимэгийн нэхэмжлэлтэй хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Замын-Үүд сум дахь анхан шатны шүүхээс хэргийн материалтай ирж танилцах талаар удаа дараа сануулсан, хэлсэн боловч миний бие одоо Баянхонгор аймагт ажиллаж амьдардаг. Замын-Үүд сум орж хэргийн материалтай танилцах боломж байхгүй. Иймд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Баярчимэг нь хариуцагч Г.Бямбасүрэнд холбогдуулан охин Б.Цэлмэгийн төрсөн эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэв. Үндэслэл:
Нэхэмжлэгч Э.Баярчимэг, хариуцагч Г.Бямбасүрэн нар нь 2014 онд танилцан, дотноссож, гэрлэлтээ хууль ёсоор батлуулаагүй боловч охин Б.Цэлмэгийг төрүүлсэн болох нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Цэлмэгийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Г.Бямбасүрэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад охин Б.Цэлмэгийн эцэг мөн эсэхээ тогтоолгох шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг хангаж, тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 664 тоот шүүгчийн захирамжаар 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Цэлмэгийн биологийн эцэг нь хариуцагч Г.Бямбасүрэн мөн эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон байх ба хариуцагч Г.Бямбасүрэн нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн Б.Цэлмэгийн биологийн эцэг байх боломжтой талаар дүгнэлт гарсан байна.
Зохигчид нь 2014 онд танилцаж, дотноссон ба энэ хугацаанаас хойш хамтын амьдрал зохиогоогүй, тус тусдаа амьдарч байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэгэнт зохигчид нь тусдаа амьдардаг, нэхэмжлэгч Э.Баярчимэг, хариуцагч Г.Бямбасүрэн нар нь хүүхдийн асрамжийн тал дээр маргаан гаргаагүй байх тул 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Цэлмэгийг эх Э.Баярчимэгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Э.Баярчимэг, хариуцагч Г.Бямбасүрэн нар нь охин Б.Цэлмэгийг төрсөн цагаас гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “ хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т “ гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлийн дундаас төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Цэлмэгийг эцэг Г.Бямбасүрэнгээр сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Г.Бямбасүрэн нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт ирүүлсэн, мөн нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар Б.Цэлмэгийн эцэг нь Г.Бямбасүрэн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Баярчимэгийн Цэлмэгийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Боржигон овогт Ганбаатарын Бямбасүрэнгээр /РД:ВГ92050211/ тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Бямбасүрэнгээс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнээс хамааруулан 28 209 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.БАТЖАРГАЛ