| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2023/04869/И |
| Дугаар | 210/МА2024/01690 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2024/01690
2024 08 30 210/МА2024/01690
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2024/02050 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: *******ийн ерөнхий газрын *******ын төвийн захирлыг түр орлон, өөрийн үүрэгт ажлаа хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл цалингийн нөхөн олговор болох 1,060,400 төгрөг гаргуулж, нэмэгдэл цалингийн нөхөн олговрын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 *******ийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь *******ыг *******ын төвийн захирал *******ийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түр орлон ажиллуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б/10 дугаар тушаал гаргасан. Үүний дагуу миний бие 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд *******ын төвийн захирал *******ийг түр орлон, өөрийн үүрэгт ажлаа хавсран гүйцэтгэсэн.
1.2 Иймд Хөдөлмөрийн тухай хууль, *******ийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журамд зааснаар үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдэл цалингийн нөхөн олговор болох 1,060,400 төгрөгийг *******ийн ерөнхий газраас гаргуулж, нэмэгдэл цалингийн нөхөн олговрын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын мөнгийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 *******ын төвийн захирал ******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал эмнэлгийн магадалгааны дагуу өвчтэй, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг дуустал цалингүй чөлөөтэй байсан.
*******ийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар *******ын төвийн захирал *******ийг ээлжийн амралтаа биеэр эдлэх буюу ажилдаа эргэж орох хүртэлх хугацаанд үүрэгт ажлыг нь тус төвийн захирал *******ад 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Ажил олгогч нь эзгүй байгаа ажилтны үүргийг бусад ажилтнаар түр орлон гүйцэтгүүлэх эсэхийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх эрхтэй. Тухайн эзгүй байгаа ажилтны үүргийг тэр хугацаагаар бусдаар заавал гүйцэтгүүлэх үүргийг хүлээгээгүй.
2.2 *******ын төвийн захирал нь тухайн онд ногдох цалин хөлсөө авсан буюу түр орлон гүйцэтгэж байгаа ажилтанд олгох нэмэгдлийн зардал төсөвт тусгагдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан тохиолдол ажил олгогчид үүссэн тохиолдолд тухайн байгууллага, нэгжид ажиллаж байгаа ажилтнаар гүйцэтгүүлэх нь цалингийн зардлыг хэмнэх, давхардуулан олгохгүй байх, ингэснээр ажил үүрэг орхигдохгүй, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахаас сэргийлсэн зохицуулалт гэж үзэх үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ийн Ерөнхий газраас нэмэгдэл хөлс 916,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, илүү нэхэмжилсэн 96,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан *******ын нэмэгдэл цалингийн нөхөн олговрын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг *******ийн Ерөнхий газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,686 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ийн Ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 27,686 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор гэх үндэслэлийг шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухайхуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт тус тус зааснаас үзвэл ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Мөн харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж болохоор байх бөгөөд харилцан тохиролцсон гэдгийн үр дүнд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд зохих өөрчлөлт орсон байна гэж дүгнэх боломжтой байна.
Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор...ажиллуулж болно гэж заасныг хөдөлмөрийн гэрээ байгуулах, эсхүл хөдөлмөрийн гэрээнд зохих өөрчлөлтийг оруулснаар ажиллуулж болно гэж ойлгож болох бөгөөд ийнхүү ажиллуулбал цалин хөлсийг нэмж олгоно гэж мөн зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан.
*******ын төвийн дэд захирлаар ажиллаж байсан *******ын хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт ороогүй. Нөгөө талаас *******ын төвийн дэд захирлын ажлын байрны тодорхойлолтод заагаагүй буюу хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ямар ажил үүрэг гүйцэтгэснийг тогтоогоогүй. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
5.1 Харилцан тохиролцсон эсэх, сургалтын төвийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэсэн эсэхийг гэрчлүүлэхээр Захиргаа удирдлагын газрын дарга *******, *******ын төвийн захирал н.Урантөгс нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний бие шүүхэд гаргахад анхан шатны шүүхийн шүүгч гэрч оролцуулах шаардлагагүй гэх 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22701 дугаар захирамж гаргасан нь би тухайн ажлыг хийсэн болох нь нотлогдож байна гэж ойлгож байна. Мөн харилцан тохиролцсон талаарх нотлох баримтуудыг миний зүгээс шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хэргийн 47-49, 54-57, 94 дэх талуудад авагдсан байгаа. *******ын төвийн захирлын ажил үүргийн хуваарьт заасан ажлыг хийж гүйцэтгэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэх дүгнэлт шүүгчийн захирамжид байхгүй байхад хариуцагч тал байгаа мэтээр бичсэн байна.
5.2 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн болох 1,060,300 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан *******ийн ерөнхий газрын *******ын төвийн захирлыг түр орлон, өөрийн үүрэгт ажлаа хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл цалингийн нөхөн олговор болох 1,060,400 төгрөг гаргуулж, нэмэгдэл цалингийн нөхөн олговрын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг эс зөвшөөрч маргасан.
3. *******ийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар *******ын төвийн захирал *******ийг ээлжийн амралтаа биеэр эдлэх буюу ажилдаа эргэж орох хүртэлх хугацаанд үүрэгт ажлыг нь тус төвийн дэд захирал *******ад 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгүүлэхээр болсон байна. /1хх 46/
4. Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл *******ын төвийн захирал *******ийг түр орлон, өөрийн үүрэгт ажлаа хавсран гүйцэтгэсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно.
5.1 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *******, түүний харьяа байгууллагуудад 2022-2024 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 2.1-т ажил олгогч нь ажилтантай тохиролцож ажил албан тушаал хавсран ба хослон ажиллахад үндсэн цалингийн 40 хүртэл хувиар, эзгүй байгаа ажилтны ажил үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд үндсэн цалингийн 30 хүртэл хувиар тооцож нэмэгдэл олгоно гэж заасан.
Түүнчлэн, *******ийн Ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 7.23-т ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, хавсран болон хослон ажилласан тохиолдолд дээрх хамтын гэрээнд зааснаар үндсэн цалингийн 40 хүртэлх хувиар тооцон нэмэгдэл хөлсийг олгож болохоор заажээ.
Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд ажил олгогчийн эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн боловч хариуцагч нь хөлсийг олгоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн үндсэн цалингийн 40 хувиар тооцож 916,000 төгрөгийг *******ийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нийцсэн байна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хавсран ажил гүйцэтгэж байгаа тохиолдолд талууд хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, *******ийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг үндэслэн ******* нь ажил үүргийг хавсран гүйцэтгэсэн байгаа тохиолдолд талууд тохиролцсон гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч хуульд заасан үндэслэл, журмын дагуу давж заалдах гомдол гаргаагүй тул түүний шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах гэх хүсэлтийг хэлэлцэхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2024/02050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,096 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН