Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 183/2023/03677/И |
Дугаар | 210/МА2024/01777 |
Огноо | 2024-09-13 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/01777
2024 09 13 210/МА2024/01777
С.Г-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/02790 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч С.Г-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б ХХК-д холбогдох,
Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, ******* хотхоны 2 дугаар ээлжийн барилгын ** давхрын *** тоот 144,75 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,
Б ХХК, С.Г- нарын хооронд байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 74 тоот худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. С.Г- нь Б ХХК-тай байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн худалдаа үйлчилгээний зориулалттай 74 тоот талбай захиалгын гэрээ байгуулсан ба уг гэрээний төлбөрийг Х ХХК-д бүрэн төлсөн. Гэрээний 2.2, 2.3-т заасны дагуу Х ХХК-аас 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичгээр төлбөр тооцоо бүрэн барагдуулсан болохыг баталгаажуулсан.
1.2. Хариуцагч гэрээ цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн бөгөөд гэрээ цуцлах мэдэгдлийг зөвшөөрөхгүй талаар 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хариу мэдэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх тухай хүсэлт гаргасан. Гэрээний 4.3, 5.3-т зааснаар худалдан авсан үйлчилгээний талбайг өмчлөхөөр шаардах эрхтэй.
1.3. Иймд Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, ******* хотхоны 2 дугаар ээлжийн барилгын ** давхар, *** тоот 144,75 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр С.Г-г тогтоолгох улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б ХХК болон Х ХХК-ийн хооронд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 11 тоот худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ байгуулагдсан. Ингэхдээ Х ХХК нь Б ХХК-ийн хэрэгжүүлж байсан Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, ******* хотхоны 2 дугаар ээлжийн барилгын Б хэсгийн 2, 3 дугаар давхараас 740 м.кв талбайг захиалахаар тохирч, төлбөрийг арилжааны журмаар төлөх буюу Х ХХК өөрийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Арцатын ам хаягт байрлах амны орон сууц ***************** А1 загварын 471,82 м.кв талбай бүхий амны орон сууц, ************ А3 загварын 273,87 м.кв талбай бүхий амины орон сууцыг манай компанийн хувьцаа эзэмшигч Д.Б, гүйцэтгэх захирал Б.М нарт шилжүүлэн өгөхөөр тус тус харилцан тохиролцсон боловч энэ үүргээ биелүүлээгүй.
2.2. Бидний зүгээс Х ХХК-д нэмэлт хугацаа тогтоож, дээрх хоёр амины орон сууцанд 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө улсын комисс ажиллуулж, Д.Б, Б.М нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гаргах үүргийг 8 сарын хугацаагаар сунгасан боловч үр дүнд хүрээгүй. Иймд нэхэмжлэгч С.Г-гийн худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
3.1. Б ХХК, С.Г- нарын хооронд байгуулагдсан 74 тоот худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх хэлцэл байтал хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн буюу нотариатаар гэрчлүүлээгүй гэрээ болох нь хэргийн материалд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх...” гэж заасан. Б ХХК нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийг С.Г-д шилжүүлэх боломжгүй. Иймд Б ХХК болон С.Г- нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 74 тоот худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:
4.1. Нэхэмжлэгчийн худалдан авсан маргаан бүхий талбайд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй нь хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичгээр нотлогдоно. Гэрчилгээ гараагүй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхэд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийн зохицуулалт хамаарахгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх зохицуулалт үйлчилнэ. Иймд энэ гэрээг нотариатаар гэрчлүүлэх шаардлага хуулиар тавигдаагүй бөгөөд гэрээ нотариатаар гэрчлэгдээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бус болгох үндэслэл болохгүй. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: С.Г-гийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг зөвшөөрч байна. Талбайн төлбөрийг бүрэн төлсөн. Манай компани Б ХХК-д шилжүүлэх хоёр амины орон сууц одоо ашиглалтад орох гэж байгаа гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Г-г Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, ******* хотхоны 2 дугаар ээлжийн барилгын 2 дугаар давхарт байрлах, *** тоот , 144,75 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-ийн нэхэмжлэгч С.Г-д холбогдуулан гаргасан 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 74 тоот худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,278,15 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,207,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 4,207,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Г-д олгож шийдвэрлэжээ.
7. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Б ХХК нь С.Г-тэй 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 74 тоот худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ байгуулж, тус гэрээний 2.2 болон 2.3 дахь хэсэгт талбай захиалгын үнийг Х ХХК хариуцан төлөхөөр тохирсон. Тодруулбал, Б ХХК болон “Хүч од констргкшн” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 тоот худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээний дагуу 740 м.кв талбай бүхий хоёр амины орон сууцыг манай компанид шилжүүлэн өгснөөр худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн төлбөрийг төлсөн гэж үзэхээр харилцан тохиролцсон. Гэтэл өнөөдрийг хүртэл Х ХХК нь 11 тоот худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээний үүргээ биелүүлээгүй тул 74 тоот гэрээгээр худалдахаар тохирсон талбайн үнэ төлөгдсөн гэж үзэх боломжгүй. Учир нь С.Г-д гэрээний зүйл болсон талбайн өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг нь Х ХХК-тай байгуулсан 11 тоот худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээний үүргээ биелүүлсэн эсэхээс шалтгаалах үр дагавартай, тус 2 гэрээний харилцааг салгаж авч үзэх боломжгүй.
7.1.Түүнчлэн, Х ХХК болон манай компанийн хооронд байгуулагдсан 11 тоот гэрээний хугацааг 8 сараар сунгасан боловч үр дүнд хүрээгүйн улмаас 11 тоот гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Ингээд С.Г-д 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр албан бичгээр 74 тоот гэрээнээс манай компани татгалзсан талаар мэдэгдсэн. 11 болон 74 тоот гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гэрээний үүргийн гүйцэтгэл болох худалдаа үйлчилгээний талбайн өмчлөлийг шилжүүлэх үүргийг саатуулан барьсан. Тодруулбал, гэрээнээс татгалзах эрх нь шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид буюу Х ХХК-аас худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай шаардах эрхийг шилжүүлж авсан С.Г-тэй байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар нэгэн адил хэрэгжихээр байхад энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнээгүй.
7.2. Манай компани болон С.Г- нарын хооронд байгуулагдсан 74 тоот худалдаа үйлчилгээний талбай захиалгын гэрээнд “гэрээний үнэ” тодорхойгүй бөгөөд Х ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А-22/15 тоот албан бичигт “... Үйлчилгээний талбайг 810,000,000 төгрөгөөр худалдаж байгаа ...” гэж тодорхойлсон. Манай компанийн зүгээс аливаа байдлаар гэрээний үнэ, үнийг тогтоох арга хэлбэрийг тогтоогоогүй, гагцхүү Х ХХК нь талбайн үнийг албан бичигт дурдсан.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний “үнэ” нь гэрээний гол нөхцөл байдаг. Мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг талууд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч гэрээний үндсэн элементийг үгүйсгэх нөхцөл болохгүй. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж буй хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээр тусгасан, мөн 74 тоот гэрээний 5.4 дэх хэсэгт гэрээг нотариатаар гэрчлүүлэх бөгөөд үүнийг нэхэмжлэгч С.Г- хариуцахаар тусгасан. Нэхэмжлэгч С.Г- гэрээг нотариатаар гэрчлүүлэх үүргээ биелүүлээгүй, 74 тоот гэрээ нь хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцэл байна.
7.3. Манай компани 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хуульч, өмгөөлөгч Т.М-той өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан хууль зүйн туслалцаа авсан. Өмгөөлөгч Т.М- нь хувийн шалтгаанаар цаашид шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул гэрээ цуцлагдсан. Бид тус нөхцөл байдлыг шүүх хуралдааны үеэр тайлбарлаж 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өмгөөлөгч авах хүсэлтийг бичгээр шүүхэд гаргасан. Манай компанийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авах хүсэлтийг анх удаа гаргасан байтал хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж зохигчийн эрхийг ноцтой зөрчиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч гомдол гаргахдаа аль үндэслэлээр гомдож байгаа нь тодорхойгүй. Талуудын байгуулсан захиалгын буюу худалдах, худалдан авах гэрээг анхнаасаа хүчин төгөлдөр бус эсхүл 11 тоот гэрээний үүргийг хүлээж аваагүй учраас саатуулан барих эрхийг хэрэгжүүлдэг гэж өөр, өөрөөр тайлбарладаг. Анхны гэрээнд тоот байхгүй бөгөөд гэрээнд тоотын оронд цэг тавьсан. Учир нь дотоод засал бүрэн хийгдээгүй байсан. Нэхэмжлэгч 1 жил 6 сар ашиглах хугацаанд дотоод заслыг хийлгэж дуусаад гэрээнд тоо тавингуут нэхэмжлэгчийн хаяг *** тоот болно. Ашиглалтын зардлыг нэхэмжлэгчээс нэхсэний дагуу нэхэмжлэгчийн төлбөрт төлсөн баримт хэрэгт авагдсан. Гэрээний 2.1, 2.2, 2.3-т төлбөрийн талаар тодорхой тусгагдсан. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт зааснаар гэрээний төлбөрийг нэхэмжлэгч Х ХХК төлөөд Х ХХК-аас нэхэмжлэгч С.Г- энэ байрны төлбөрийг төлсөн гэх албан бичгийг Б ХХК-д хүргэснээр Б ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үүргийг гэрээгээр хүлээсэн. Нэхэмжлэгч үүргийг гүйцэтгэсэн талбайг хүлээж авсан. Гэтэл гэрчилгээ гараагүй явж байгаад барилгыг улсын комисс хүлээж авсны дараа буюу 2023 оны 05 дугаар сард хариуцагч өөрөө гэрээг цуцлах албан бичгийг нэхэмжлэгчид өгдөг. Нэхэмжлэгч би төлбөр тооцоогоо төлсөн яагаад гэрээг цуцлах болсон гэхэд Х ХХК манайхтай асуудлаа шийдэж чадахгүй байгаа учраас танай гэрээг цуцалж байна гэдэг. Ингээнд уг хэрэг 2023 оны 06 дугаар сараас эхлэн шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон. 144 м.кв талбайд тусгайлсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй. Хариуцагчийн тайлбарласнаар Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу гэрчилгээ гарсан хөрөнгө шиг нотариат гэрчлэхгүй. Энэ тохиолдолд эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ Улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу гарна. Хариуцагч нь өмгөөлөгч авах хүсэлт гаргаагүй уг хүсэлтийг анх удаа гаргасан гэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хариуцагчийг өмгөөлөгч авах бүх талын эрхийг хангасан. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хуралд хариуцагч өмгөөлөгч авах хүсэлт гаргаж тухайн хурал хойшилсон. Үүний дараагийн хуралд хариуцагчийн өмгөөлөгчийн хурал давхацсан, өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай гэх үндэслэлээр хурал 2 сарын хугацаанд хойшилсон. Гэвч дахин хурал зарлахад өмгөөлөгч гэрээнээс татгалзсан гэсэн үндэслэлээр хурал хойшлуулах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн байр суурийг дэмжин оролцож байна. Маргаан үүссэн гол шалтгаан барилгын компанийн хоорондох асуудлаас болдог. Тухайн гэрээ захиалгын гэрээ учраас үүргийн хэлцлийг нотариатаар батлуулахгүй. Нэхэмжлэгч үүнийг өмчийн хэлцэлтэй андуурдаг. “...Төлбөрийг авсан учраас энэ байшинг С.Г-гийн нэр дээр болгож өг” гэх албан бичгийн дагуу Б ХХК нь С.Г-д гэрчилгээ гаргаж өгөх үүрэгтэй. Өмчлөх эрхийг шилжүүлэн авсан хэлцэл гэж ойлгодог. Энэ нь эрхийг шилжүүлээгүй, өмчлөгчтэй захиалгын үүрэг гүйцэтгүүлэхтэй шууд гэрээ байгуулсан. Төлбөрийн асуудлыг Х ХХК шийдвэрлэсэн гэдэг. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад зөв зүйтэй дүгнэлт хийсэн. Хоёр компанийн үйл ажиллагаанаас болж хөрөнгийг солилцож буй гуравдагч этгээдийг хохирох ёсгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч С.Г- нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, ******* хотхоны 2 дугаар ээлжийн барилгын 2 давхрын *** тоот 144,75 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Г-гийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагын “улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах” хэсгийг бие даасан шаардлага биш, харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж зөв тодорхойлсон.
2.1. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Б ХХК, С.Г- нарын хооронд байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 74 тоот худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.
3.1.”Баяр өргөө констракшн” ХХК болон Х ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 дугаартай “Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ” нэртэй гэрээгээр Б ХХК нь өөрийн барьж ашиглалтад оруулж байгаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо ** дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, ******* хотхоны 2 дугаар ээлжийн Б хэсгийн 2 ба 3 дугаар давхарт худалдаа үйлчилгээний талбайн зориулалттай нийт 6 ширхэг 740 м.кв талбайг солилцох, Х ХХК нь төлбөрт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Арцатын ам ***** амины орон сууцны зориулалттай 272 м.кв, 468 м.кв нийт 2 ширхэг 740 м.кв талбай бүхий 2 ширхэг үл хөдлөх хөрөнгийг солилцохоор харилцан тохиролцсон./хх79-81/
3.2. Х ХХК, С.Г- нар 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 74 дугаартай “Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захилгын гэрээ” байгуулж, уг гэрээгээр худалдагч нь Х ХХК нь Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, ******* хотхоны 2-р ээлжийн 144,75 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай 2 давхарт ...тоот талбайг буюу гэрээний хавсралтад заасан талбайг худалдах, худалдан авагч С.Г- нь худалдан авч буй талбайн үнэ болох 810,000,000 төгрөгийг хавсралт 1-ийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээсэн. /хх5-8/
3.3. Х ХХК-аас Б ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр А22/15 тоот албан бичгээр “...Бид тус үйлчилгээний талбайг С.Г-д худалдаж байгаа тул тус үйлчилгээний талбайн захиалгын гэрээг С.Г-гийн нэр дээр хийж өгнө үү. Үйлчилгээний талбайг 810,000,000 төгрөгөөр худалдаж байгаа бөгөөд урьдчилгаа 700,000,000 төгрөгийг Х ХХК-ийн дансанд шилжүүлсэн үлдэгдэл 110,000,000 төгрөгийг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгнө. Төлбөр 100 хувь төлөгдөж дууссаны дараа манай байгууллагын төлбөр тооцоо дууссан албан бичгийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгнө үү” гэсэн, мэдэгдэл хүргүүлсэн. /хх-11/
3.4. Б ХХК нь С.Г-тэй 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 74 дугаартай “Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ” байгуулж, уг гэрээгээр худалдагч Б ХХК нь Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, ******* хотхоны 2 давхарт ... тоотод байрлалтай худалдаа үйлчилгээний зориулалттай талбайгаас 144,75 м.кв талбайг буюу гэрээний хавсралтад заасан талбайг шилжүүлэх, худалдан авагч С.Г- нь худалдан авч буй талбайн үнэ болох 810,000,000 төгрөгийг хавсралт 1-ийн дагуу төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон.
3.5. Нэхэмжлэгч С.Г- нь худалдах, худалдан авах гэрээний үнэд 810,000,000 төгрөг Х ХХК-д төлсөн үйл баримт тогтоогдсон./хх-18/
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дээрх үйл баримтыг зөв тогтоосон байна.
5. Зохигчид дээрх гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргаангүй, харин Б ХХК нь С.Г- нарын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдал болон шаардах эрхийн үндэслэлийн талаар маргажээ.
6. Шүүх зохигчийн хооронд байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 74 дугаартай гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн үндэслэлийн талаар дүгнэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх тул энэ талаарх хариуцагчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
6.1. Учир нь талуудын гэрээний агуулгаас үзвэл Х ХХК болон Б ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа, Х ХХК болон С.Г- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа тус тус үүссэн байна.
6.2. Б ХХК нь Х ХХК-аас ирүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр А22/15 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, С.Г-тэй 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 74 дугаартай “Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ” байгуулж, гэрээнд худалдагч Б ХХК нь Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, ******* хотхоны 2 давхарт ... тоотод байрлалтай худалдаа үйлчилгээний зориулалттай талбайгаас 144,75 м.кв талбайг буюу гэрээний хавсралтад заасан талбайг шилжүүлэх, худалдан авагч С.Г- нь талбайн үнэ 810,000,000 төгрөгийг хавсралт 1-ийн дагуу төлөх, гэрээний хавсралт 1-д “уг худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайг Х ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/15 албан тоотын дагуу захиалгын гэрээг С.Г-д шилжүүлж, тухайн үйлчилгээний талбайн НӨАТ болон бусад төлбөр, тооцооны асуудлыг Х ХХК хариуцна”, гэрээний 2.3-т “төлбөр тооцоо дууссаны дараа Х ХХК-ийн албан тоотын дагуу С.Г-д гэрчилгээ гаргаж өгнө” гэсэн нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх5-9/ Талууд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн зарчимд нийцжээ.
Дээрх гэрээнүүдээс үзвэл, нэхэмжлэгч С.Г- нь арилжааны гэрээний зүйл болох 740 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай обьектоос 144.75 м.кв талбайг шилжүүлэхийг шаардах эрхийг Х ХХК-аас шилжүүлж авсан, харин уг гэрээний төлбөр төлөх үүргийг шилжүүлж аваагүй. Хариуцагч Б ХХК-ийн хувьд худалдах, худалдан авах гэрээний дагуу 144,75 м.кв талбайг түүнд холбогдох баримт бичгийн хамт шилжүүлэх Х ХХК-ийн үүргийг шилжүүлэн авсан гэж үзэхээр байна.
6.3. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно.” гэж, мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ.” гэж тус тус заасан.
Б ХХК нь Х ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авч, шаардах эрх шилжүүлэх талаар харилцан тохиролцож улмаар Б ХХК нь С.Г-тэй гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэж байна. Иймд зохигчийн хооронд байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 74 дугаартай “Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ” нь хуулийн дээрх зохицуулалтад заасан хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбарыг үндэслэн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг хэрэглэснийг буруутгахгүй. Иймд “нотариатаар гэрчлүүлэх үүргээ биелүүлээгүй, хэлбэрийн шаардлага хангаагүй” гэх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
6.4. Х ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А22/27 тоот албан бичгээр “...Манай компанид иргэн С.Г- төлбөр тооцоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд танай байгууллага нь Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө ******* хотхоны 2 дугаар ээлжийн барилгаас 2 дугаар давхарт 144,75 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт Б ХХК-д хүргүүлсэн байна.
6.5. Иймд талуудын гэрээний 2.3 болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.Г- нь Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө ******* хотхоны 2 дугаар ээлжийн барилгаас 2 дугаар давхрын *** тоот од байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 144,75 м.кв талбайн өмчлөх эрх шилжүүлэхийг хариуцагч Б ХХК-аас шаардах эрхтэй.
6.6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч С.Г-г Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, ******* хотхоны 2 дугаар ээлжийн барилгын ** давхрын *** тоот 144,75 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоож, гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар үйлийн 561.1, 56.1.8-д тус тус заасан зохицуулалтад нийцжээ.
7. Хариуцагч Б ХХК болон Х ХХК нарын хооронд байгуулагдсан арилжааны гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой буюу Х ХХК-ийн үүргийг нэхэмжлэгч С.Г- шилжүүлж авсан тухай хэлцэл хэрэгт авагдаагүй учир “11 болон 74 тоот гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан тухай С.Г-д мэдэгдсэн, үүнтэй холбогдон гэрээний үүргийн гүйцэтгэл болох худалдаа үйлчилгээний талбайн өмчлөлийг шилжүүлэх үүргийг саатуулан барьсан” гэх хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй.
8. Талууд гэрээгээр худалдан авч буй үл хөдлөх эд хөрөнгө байрлах тоотыг тодорхой заагаагүй боловч нэхэмжлэгч С.Г- нь *** тоот од байрлах 144.75 м.кв талбай бүхий обьектыг эзэмшиж, ашиглан, тус обьектод хамаарах ашиглалтын зардлыг төлж байгаа бичгийн баримт хэрэгт авагдсан байна. Зохигч энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд маргаагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт нийцэхгүй байна.
9. Хариуцагчийн төлөөлөгчөөс “...өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй, зохигчийн эрхийг ноцтой зөрчсөн” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
9.1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 105 дугаар зүйлийн 105.1 дэх заасан эрхийн хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
9.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эрх, тэгш байх зарчимд үндэслэн явагддаг. Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байжээ. Үүнтэй холбоотойгоор шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчтэй оролцох тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.
10. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/02790 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,207,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН