Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01779

 

 

 

 

 

2024 09 16 210/МА2024/01779

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2024/02395 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч Х ХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 34,178,104 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШЗ2017/01739 дугаартай захирамжаар манай компаниас Х ХК-д 9,803,656,327 төгрөг төлөх шийдвэр гарч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

1.2. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Х ХК-ийн хүсэлтээр Д ХХК нь манай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийсэн ба дээрх хөрөнгийн үнэлгээг хийхэд төлсөн 34,178,104 төгрөгийг манай компаниас гаргуулан авсан. Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад манай компани өөрийн хөрөнгөөс хэсэгчлэн худалдаж Х ХК-д 9,803,656,327 төгрөгийн төлбөр бүрэн төлж барагдуулсан.

1.3. Д ХХК-ийн үнэлгээг манай компани хүлээн зөвшөөрөлгүй 3 шатны шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс уг үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд манай компаниас Х ХК-д хөрөнгийн үнэлгээний төлбөр гэж суутгуулан төлсөн 34,178,104 төгрөгөөр Х ХК үндэслэлгүй хөрөнгөжсөн тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Х ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э ХХК, Н.Ж, Н.С нарт холбогдох иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/01739 дугаартай захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.2. Хариуцагч нар нь дээрх шийдвэр биелүүлээгүйтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д ХХК-аар барьцаа хөрөнгүүдийг үнэлүүлсэн. Уг үнэлгээний зардал 34,178,104 төгрөг гарсан. Д ХХК-ийн зүгээс Х ХК-д 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хөрөнгийн үнэлгээний төлбөр болох 34,178,104 төгрөг төлөх нэхэмжлэх ирүүлж банк уг нэхэмжлэхийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлсөн. Банкны хувьд нэхэмжлэлд дурдсан хөрөнгийн үнэлгээний төлбөрийг суутгаж авахдаа хууль тогтоомж зөрчөөгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй.

2.3. Төлбөр төлөгч Н.Ж нь банкинд "...Х ХК-д төлөх улсын тэмдэгтийн хураамж 24,623,216 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 1,000,000 төгрөг, хөндлөнгийн шинжээчийн үнэлгээний төлбөр 34,178,104 төгрөгийг А ХХКК-аас төлөх үлдэгдэл төлбөрөөс суутган авч ТАГ-ын 5998001003 тоот дансанд төлөхийг зөвшөөрч гэж бичгээр хүсэлт гаргасан. Банк шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд гарсан зардал болох дээрх төлбөрийг суутган авахдаа харилцагчийн зөвшөөрлөөр суутган авсан бөгөөд Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3 болон Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу харилцагчийн зөвшөөрлөөр гүйлгээг хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч Х ХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 34,178,104 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,841 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хөрөнгийн үнэлгээ буруу хийгдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон учраас үнэлгээний төлбөр болох 34,178,104 төгрөгийг төлөх ёсгүй гэж маргасан. Гэтэл шүүх үнэлгээний төлбөр 34,178,104 төгрөг болох талаар маргаагүй гэж дүгнэсэн. Мөн төлбөрийг банк авсан эсэх, банк төлөх үүрэгтэй эсэх талаар маргасан гэж буруу дүгнэсэн. Үнэлгээний төлбөрийг банк авах, банк төлөх үүрэгтэй талаар маргаагүй. Хөрөнгийг буруу үнэлсэн учраас үнэлгээ хүчингүй болсон. Хүчингүй болсон тохиолдолд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр хуульчилсан. Энэ хуулийн дагуу 34,178,104 төгрөгийн хөрөнгө олж авсан Х ХК болон Э ХХК-ийн хооронд үүссэн үүрэг нь хүчин төгөлдөр бус болсон тул уг мөнгийг нэхэмжилсэн. Харин буруу үнэлсэний улмаас учруулсан хохирлоо Д ХХК-аас нэхэмжлэх эсэх нь Х ХК-ийн асуудал юм.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь хэсэгт ...Х ХК үнэлгээний зардлыг төлбөр төлөгч Э ХХК-аас авахдаа тэдний бусдад төлөх төлбөрөөс суутган авсан, ингэхдээ суутгуулагчийн зөвшөөрлөөр хийгдсэн болох нь Н.Ж гийн Х ХК-д гаргасан өргөдлөөр тогтоогдож байна. Дээрхээс үзэхэд Х ХК төлбөр төлөгчийн зөвшөөрлөөр суутгал хийсэн байна. гэж буруу дүгнэжээ. Учир нь суутгал хийхийг зөвшөөрсөн зөвшөөрөл нь 2021 оных бөгөөд үнэлгээ буруу хийгдсэн гэдэг нь 2023 онд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Гэтэл 2021 оны өргөдлийг үндэслэл болгож байгааг буруу гэж үзэж байна. Нэхэмжлэгч үнэлгээний төлбөрийг төлөх нь хуулийн дагуу ч үнэлгээ буруу байсан учраас буцааж нэхэмжилж байна. Зөвөөр үнэлүүлэх эрх нь Х ХК-д байгаа. Энэхүү үнэлгээг Х ХК-ийн хүсэлтээр хийгдсэн бөгөөд Х ХК төлбөрийг нь төлөөд дараа нь суутган авсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн энэ хэсгийн үндэслэл болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4 дэх хэсэгт зааснаар бид Д ХХК-д мөнгө төлөх үүрэггүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зардлыг төлбөр авагч буюу Х ХК эхэлж гаргаад, дараа нь төлбөр төлөгчөөс гаргуулахаар заасан. Хамгийн гол нь үнэлгээний мөнгө манайхаас Д ХХК-д биш Х ХК-д орсон учраас бид Х ХК-аас нэхэмжилж байгаа.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт ...шинжээч нь үнэлгээний обьект болон газрыг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй, газрын үнэлгээг тооцохгүйгээр барилгын үнэлгээг тогтоосон нь эргэлзээтэй буюу үндэслэл муутай гэж дүгнэсэн байх тул үнэлгээ хүчингүй болсон үйлдэлд Х ХК-ийг буруутгах боломжгүй байна. гэж дүгнэжээ. Гэтэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу 34,178,104 төгрөгийн хөрөнгө олж авсан этгээд болох Х ХК болон үүрэг гүйцэтгэгч буюу үнэлгээний төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн Э ХХК-ийн хооронд үүссэн үүрэг нь хүчин төгөлдөр бус болсон тул уг мөнгийг нэхэмжилсэн. Бид Д ХХК-д мөнгө төлөх үүрэггүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зардлыг төлбөр авагч буюу Х ХК эхэлж гаргаад, дараа нь төлбөр төлөгчөөс гаргуулахаар заасан. Иймд анхан шатны шүүхийн шиидвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Э ХХК төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас Х ХК-ийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд барьцаа хөрөнгийн үнэлгээнд тохиролцоогүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал хуваарилах зохицуулалтын дагуу эхлээд төлбөр авагч өөрөөсөө гаргаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссаны дараа төлбөр төлөгчөөс гаргуулан авдаг. Тийм учраас Х ХК нь Д ХХК-д хөрөнгийн үнэлгээний төлбөрийг шилжүүлээд хожим шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоход Э ХХК-аас тухайн төлбөрөө авсан.

5.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2021 он, 2022 оны талаар зөрүүтэй асуудал ярьж байна. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Н.Ж гийн зүгээс манай данснаас тухайн үнэлгээний төлбөрийг суутгаж авахыг зөвшөөрч байна гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Үүний дараа 2023 онд үнэлгээ хүчингүй болсон. Цаг хугацааны дарааллын хувьд зөв байгаа.

5.3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гаргасан. Талуудын хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим дуусгавар болсон, мөн хөрөнгө олж авсан байх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлсний улмаас тус зохицуулалтыг хэрэглэдэг. Гэтэл уг тохиолдолд Х ХК хөрөнгө олж авсан этгээд биш, хөрөнгийг эцсийн байдлаар Д ХХК-д олж авсан. Хуульд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал хуваарилалтын дагуу Х ХК төлбөрөө түрүүлж төлсөн. Х ХК болон Э ХХК-ийн хооронд хийгдсэн 34,178,104 төгрөгийн шилжүүлгийн үндэслэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын зохицуулалтын дагуу хийгдсэн. Хуульд зааснаар шилжсэн талуудын аль алиных нь үүрэг хүчин төгөлдөр хэвээр байгаа учраас үүрэг дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж үзэх боломжгүй байна. Үнэлгээ хүчингүй болох, хоорондын шилжүүлгийн гүйлгээ хүчингүй болох нь тусдаа асуудал. Үнэлгээ хүчингүй болсон боловч үүрэг үүсэж шилжүүлэг хийгдсэн байдал хүчингүй болоогүй, хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Х ХК-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 34,178,104 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/01739 дугаар захирамж, мөн шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ГХ2018/00466 тоот гүйцэтгэх хуудас зэрэг баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

3.2. Төлбөр төлөгч Э ХХК, төлбөр авагч Х ХК нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар харилцан тохиролцоогүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу Д ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгөд үнэлгээ хийлгүүлсэн. Үнэлгээний зардал болох 34,178,104 төгрөгийг төлбөр төлөгч Х ХК-ийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн.

3.3. Төлбөр авагч Х ХК нь үнэлгээчний ажлын хөлсийг төлбөр төлөгч Э ХХК-аас суутган авсан. /хх-29/

4. Нэхэмжлэгч Э ХХК нь Д ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдон шинжээчийн зардлыг хариуцагч Х ХК-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр буцаан шаардсан нь талуудын маргааны зүйл болжээ.

4.1. Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч Х ХК 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай 34/2130 дугаартай албан бичиг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичигт ...шүүхийн шийдвэрт тусгагдсан төлбөр болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг Э ХХК-ийн зүгээс төлж барагдуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох ... агуулгыг тусгасан байна. /хх-31/

4.2. Талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон үйл баримтад маргаангүй.

4.3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 762 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01036 дугаартай магадлалаар Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Д ХХК-ийн дээрх үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Иймээс ..2021 оны өргөдлийг үндэслэл болгосон гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Д ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон нь хариуцагч Х ХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2.3-т зааснаар үнэлгээчний ажлын хөлс нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд хамаарч байна.

Мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлнэ. гэж, мөн зүйлийн 118.4 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, улсын төсөв, төлбөр авагч болон бусад оролцогчид олгоно. гэж тус тус заасан. Дээрх хуульд заасны дагуу хариуцагч Х ХК нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үнэлгээчний ажлын хөлс болох 34,178,104 төгрөгийг Д ХХК-д төлсөн, дараа нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Э ХХК-ийн данснаас дээрх хөлсийг суутган авсан үйл баримт хэргийн нотлох баримтаар тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгч Э ХХК-аас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг хариуцагч Хаан банк ХХК суутган тооцсон нь зөв байх тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хангагдахгүй.

Хэргийн 28 дахь талд Н.Ж с 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Х ХК-д бичгээр гаргасан хүсэлтэд "...Х ХК-д төлөх улсын тэмдэгтийн хураамж 24,623,216 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 1,000,000 төгрөг, хөндлөнгийн шинжээчийн үнэлгээний төлбөр 34,178,104 төгрөгийг А ХХКК-аас төлөх үлдэгдэл төлбөрөөс суутган авч ТАГ-ын 5998001003 тоот дансанд төлөхийг зөвшөөрсөн. агуулга тусгагдсан байна. Уг баримтыг үндэслэн анхан шатны шүүх ...Хаан банк ХХК нь үнэлгээний зардлыг төлбөр төлөгч Э ХХК-аас авахдаа тэдний бусдад төлөх төлбөрөөс суутган авсан, ингэхдээ суутгуулагчийн зөвшөөрлөөр хийсэн болох нь Н.Ж гийн Х ХК-д гаргасан өргөдлөөр тогтоогдож байна. гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцэхгүй. Учир нь үнэлгээчний ажлын хөлс нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгчөөс заавал гарах зардал юм.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах нарийвчилсан зохицуулалтыг баримтлаагүй нь оновчгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2024/02395 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492.1 гэснийг 492.1.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,841 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Д.ЦОГТСАЙХАН