| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0016/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/21 |
| Огноо | 2019-01-18 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Н
Шүүгдэгч: О.Р, Д.А, М.В, М.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Очирын Р, Бэсүд овогт Дын А, Хатиган овогт Мийн В, Ондгон овогт Мын М нарт холбогдох эрүүгийн 1712001870022 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Бын Р/РД:АВ......./
Шүүгдэгч: Б овгийн Дын А/РД:......./
Шүүгдэгч: Хатиган овгийн Мийн В/РД:........./
Шүүгдэгч: Ондгон овгийн Мын М/РД:........./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Р, М.М, М.В, Д.А нар нь бүлэглэн машин механизм хэрэглэж, 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Жаргалант сумын Таравт гэх газраас монголын, нас нийлсэн 2 тооны эр үхрийг хулгайлж, иргэн М.Бд 950.000 төгрөгийн, Б.Мт 950.000 төгрөгийн хохирол учруулсан, Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн Хавчир анга гэх газраас монголын нас нийлсэн 1 тооны эр үхрийг хулгайлж иргэн Ж.Жт 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1712001870022 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч М.Бгийн өгсөн:
“...Би 2017 оны 09 сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу эхнэр Т.У эмчлүүлэх гээд Улаанбаатар хотод Нардуу-мандал эмнэлэг, сувилалын газар 10 хоног эмчлүүлээд эмнэлгийн гам 5 хоногт хийгээд 2017 оны 10 сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод дүү Л.Бгийн найранд оролцчихоод 2017 оны 10 сарын 09-ний өдөр Жаргалант сумын Зуслан багийн Зүрх гэх газар гэртээ ирсэн. Үүний дараа сумын цагдаа нар манайд ирээд нэг үхрийн толгой үзүүлээд энэ үхрийн имийг таних уу? хэн гэдэг айлын үхэр юм бол мэдэх үү гэхээр нь харсан чинь манай улаан зүсмийн монголын эр үхэр байсан. Би толгойг нь хараад шууд зүсээр нь, төрхөөрөө танигдсан , имийг нь үзэхэд манай өвөг дээдсээс уламжилж ирсэн хоёр чих нь хойноосоо ухам имтэй манай үхэр мөн байсан. Хүү Б.М найранд уригдаж мөн Улаанбаатар хотод очсон байсан. Хүү Б.Мөнхбаяр малаа харж үлдсэн тэгээд биднийг байхгүйг мэдэж эзэнгүй хойгуур ашиглаж энэ гэмт хэргийг үйлдсэн байна гэж бодож байна. Энэ жил нас нийлж байгаа монголын эр үхэр байсан. Би өөрийн монголын нас нийлж байгаа эр үхрийг 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Гомдолтой байна. Би олон удаа малаа алдсан хамгийн сүүлийн баримтаар 2017 оны 09 сарын 11 нд Цэцэрлэг сумын Туулант багт миний төрсөн эгчийн хүү гэрлэж бид тэр найранд очсон хойгуур буруу талаасаа ухам имтэй АВ-2 гэсэн бүдүүн тарган хээр морь алдагдаад одоо хүртэл олоогүй байна. Тэгээд би тэр хээр морийг бас манай үхрийг хулгай хийсэн хүмүүс авсан байж магадгүй гэж бодож байна. Ухам имийг нь өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн, манай төрөл садан ах дүүсээрээ ухам имийг хэрэглэдэг...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-33 дугаар тал/
* Хохирогч Б.Мын өгсөн:
“...Би 2017 оны 10 сарын 04-ний орой Улаанбаатар хот руу Л.Б гээд манай ах охиноо айлд өгөх гээд хуриманд нь явсан. Тэгээд хөдөө манай дүү Б.Мөнхбаяр малаа хараад үлдсэн. Тэгээд хүн хүч байхгүй хойгуур манай хүрэн зүсмийн монголын нас нийлж байгаа эр үхэр, зүүн талаас чигчий имтэй, буруу талаасаа ухам имтэй эр үхэр алга болсон байсан. 2017 оны 10 сарын 09-ний өдөр сумын цагдаа нар манайд ирээд нэг үхрийн толгойг үзүүлээд энэ үхрийн имийг нь таних уу хэн гэдэг үхэр вэ мэдэх үү гэхээр нь харсан чинь манай хүрэн зүсмийн монголын эр үхэр байсан. Би толгойг нь хараад шууд зүсээр нь таниад, имийг нь үзэхэд манай зүүн чих нь хойноосоо цуулбар чигчий, баруун чих нь ухам имтэй үхэр байсан.Тэгээд манай үхэр мөн байна гэдгийг нь мэдсэн. Би өөрийн монголын нас нийлж байгаа эр үхрийг 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Гомдолтой байна, хохирлыг барагдуулж өгнө үү. Ухам имийг өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн манай төрөл садан ах дүүсээрээ ухам имийг хэрэглэдэг, чигчий им нь нэмэгдэл манай им байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-38 дугаар тал/
* Хохирогч Ж.Жийн өгсөн:
“...2017 оны 10 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн Хавчир анга гэх газар манай өвөлжөөний урд талын үзүүр тойроод гүнзгий жалга гэх газар модны хаяанд шинэ гаргасан үхрийн гэдэс байна гэж манай хажуу талын бэр эгч болох Ё.Оаас анх сонсоод өөрийн эзэмшлийн үхрийг бүртгэсэн чинь хүрэн зүсмийн нас бие гүйцсэн монголын эр үхэр алга байсан. Тэгээд 2017 оны 10 сарын 09 ны өдөр хэсгийн төлөөлөгч Эрдэнэмандал суманд хүрээд ирээч гэхээр нь би Эрдэнэмандал суманд ирээд үхрийн толгой болон үхрийн арьсыг харсан чинь манай алдсан монгол хүрэн зүсмийн эр үхэр мөн байхаар нь би Д.А, Б.Р, М.М, М.В нар хулгайлсан юм байна гэж бодсон. Би хулгайд алдсан нас бие гүйцсэн эр үхэрээ 1.800.000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна, хохирол болох 1.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар тал/
* Гэрч Б.Пүрэвжанцангийн өгсөн:
“...2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн Хавчир анга гэх газар манай өвөлжөөний урд талын үзүүр тойроод гүнзгий жалга гэх газар модны хаяанд шинэ гаргасан үхэрийн гэдэс байна гэж манай хажуу талын бэр эгч болох Ё.Оаас анх сонсоод тэгээд би 2017 оны 10 сарын 06 ны өдөр 16 цагийн үед очоод үзсэн чинь үхрийн шинэ гаргаад хаясан гэдэс байсан. Мөн дан дугуйтай машины мөр байсан, өөр юм ажиглаагүй тэгээд би харьсан. Тухайн газар ганцхан үхрийн гэдэс хаясан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 56-57 дугаар тал/
* Гэрч Ч.Мийн өгсөн:
“...2017 оны 10 сарын 06-ны өдөр манай хүү М.В хадам ах Д.А Улаанбаатар хот руу мах ачина гээд дуудаад байна гээд орой 19 цагийн үед өөрийн эзэмшлийн 28-34 АРХ улсын дугаартай автомашинтай Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан баг руу явсан. Тэгээд би хотод байдаг өөрийн охин М.Наранцацралт хайрцагтай сүү боов,боорцог хувцас явуулна гэж байсан чинь тэрийг орхиод явсан байсан. Шөнө 03 цагийн үед унтаж байхад орж ирээд хайрцагтай юм аваад одоо би хот явлаа гээд тэгээд л гарсан. Би өөр юм мэдэхгүй байна. Мотциколь дугарч байсан мотциколтой ирсэн байх. Гэртээ орж ирэхдээ ганцаараа орж ирсэн. М.В нь Б.Мтай л найз гээд хааяа гэрт ирсэн харагдаж байдаг. Найз нөхөд нь гээд хааяа хүмүүс ирсэн байж байдаг, тэр болгон анзаараад хараад байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр тал/
*Гэрч Ё.Оын өгсөн:
“...2017 оны 10 сарын 06-ны өглөө 08 цагийн үед үхэр хураагаад Шар хадны урд талд Хавчир анга гэх газраас модны хаяанд горхины хажууд шинэ гаргасан үхрийн бүтэн гэдэс байсан. Би очиж хараад сумын цагдаад мэдэгдсэн. Мөн машины бүдэг дан мөр байсан. Би үхрийн бүдүүн гэдсээр нь монголын үхрийн гэдэс байна гэдгийг мэдсэн. Том эр үхрийн гэдэс юм уу гэж бодсон. Үхрийн бүдүүн гэдэсний хэсэгхэн газарт жижигхэн хүрэн зүсмийн арьсны тасархай байсан. Өөр зүйл байгаагүй. 2017 оны 10 сарын 05-ны орой манай өвөлжөөний орчим нэг машины гэрэл асаад байсан. Өөр сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 дугаар тал/
*Гэрч С.Пгийн өгсөн:
“...Би өдрийг нь сайн санахгүй байна, 2017 оны 10 сарын 05-ны өдрийн орчим Б.Р, Эрдэнэхүү, Амархүү гээд миний найз гээд хүмүүс манайд даалуу тоглосон. Бид нар өдөр 15 цагаас тоглож эхлээд хоол болтол орой 19 цаг хүртэл тоглоод больсон. Б.Р манайд 2 цаг орчим буюу 17 цаг хүртэл тоглоод манайхаас явсан. Амархүү, Эрдэнэхүү нар орой 19 цагийн орчим манайхаас явсан. Тэгээд тэд нар яваад би гэртээ үлдсэн. Б.Р манайхаас сумын төвд эмнэлгийн галч ажилтай Д.А гэх залуу манайд ирээд түүнтэй хамт явсан. Манай багт Ганзориг, Батнасан гэдэг айлууд монголын үхэртэй бусад айлууд нь ихэвчлэн сарлаг үхэр малладаг. Баттогоог монголын нэг үхэр алдсан гэж мэдсэн, өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар тал/
*Гэрч Э.Аын өгсөн:
“...2017 оны 10 сарын 05-ны орой 20 цагийн үед хонинд явж байхад Хавчир анга гэх газарт гэрэл асаад дээшээ модны зах руу нэг машин явж байсан. Микро юм уу, Старэкс юм уу гэмээр машин байсан. Бүхээгтэй битүү машин байсан. Би улсын дугаарыг хараагүй, орой харанхуй бүрэнхий болсон байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 76-77 дугаар тал/
*Яллагдагч М.Мын өгсөн:
“...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр намайг сумын төвд байхад Д.А ах миний утас руу залгаад ах нь мал гаргах гэсэн юм хамт гаргалцаад өгөөч гэхээр нь би өдөр 16:00 цаг өнгөрч байхад сумын төвөөс гараад Зуслан багийн Хоёр модотын ард байх нэг айлын өвөлжөөн дээр очсон чинь Д.А ах монголын улаан хүрэн үхэр нэг, хүрэн зүсмийн үхэр нэгийг айлын өвөлжөөн дотор уячихсан байсан. Тэгээд Д.А ах бид хоёр нөгөө хоёр үхэрээ гаргачихаад байж байсан чинь Д.А ах тэр өвөлжөөний доор бригадын орчимд Хавчираанг гэх газар хүрэн зүсмийн эр үхэр модны хаяанд уячихсан байсныг нь очиж гаргаж төхөөрчихөөд М.В гэх манай сумын залуугаар махаа ачуулахаар тохиролцсон байсан. Тэгээд орой 23:00 цаг өнгөрч байхад М.В өөрийн микро маркийн машинтай ирээд махаа машиндаа ачаад Улаанбаатар хот руу явж байгаад бид нар цагдаад баригдсан. Би тухайн үед Д.А ахаас асуусан чинь манай үхэрнүүд байгаа юм гэж хэлсэн. Бид нарыг мал гаргаж байхад харсан хүн байхгүй бид хоёр гаргасан малын толгой шийрийг нь Улаанбаатар хот руу явж байхдаа Эрдэнэмандал сум өнгөрөөд зам дээр хаячихсан. Би тухайн үед Улаанбаатар хот явах ажилтай байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 115-116 дугаар тал/
*Яллагдагч М.Вгийн өгсөн:
“...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай сумын таньдаг ах Д.А гэх хүн над руу залгаад Улаанбаатар хот руу мах ачиж явах гэсэн юм гээд Д.А ах бид хоёр үнэ хөлсөө 300.000 төгрөгөөр тохироод би Жаргалант сумын Зуслан багт байх Д.А ахын өвөлжөөн дээр очиж 3 тооны үхрийн мах ачаад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд Булган аймгийн Баяннуур гэх газар цагдаа зогсоогоод бид нарыг шалгаад хулгайн мах ачиж яваагаа би тэгэхэд мэдсэн. Би тухайн үед хэний эзэмшлийн хэдэн тооны ямар малын мах ачиж байгаа талаараа Д.А гэх хүнээс асуугаагүй. Намайг мах ачиж байхад тухайн өвөлжөөн дээр айл байгаагүй. Д.А, М.М хоёр хамт байсан. Улаан монголын үхэр, хүрэн зүсмийн үхэрнүүд байсан. Би өмнө нь Улаанбаатар хот руу Д.А, М.М нартай хамт мах ачиж байгаагүй. Өөр хүн байгаагүй бид гурав явж байсан. Бм энэ хэрэгт юу ч мэдэхгүй баиж байгаад өөрөө их хохирсон учраас намайг ийм гэмт хэрэгт мэдээгүй байхад татан оруулж хохироосон явдалд Д.А гэх хүнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 117-118 дугаар тал/
*Яллагдагч Б.Ргийн өгсөн:
“...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 18:00 цагийн орчимд би саахалт айлынхаа П гэх айлд даалуу тоглож байгаад болиод өөрийхөө оронд Доржнямбуу гэх найзыгаа суулгачихаад Энхтайван ахын гэрт орж жоохон сууж байгаад Улаанаа гэх залуугаар гэртээ хүргүүлэхээр явсан. Тэгээд харьж унтаж амарчихаад өглөө нь 07:00 цагийн орчимд Д.А манай гэрийн үүдээр шагайгаад хонины мах хаана байна гэхээр нь би цаад гэрт чинь байгаа гэж хэлээд Д.А манайхаас мах аваад явсан. Тэгээд үдээс хойш 16:00 цагийн орчимд Д.А манай гэрийн 98156112 дугаарын утас руу залгаад бид нар цагдаад баригдчихлаа та цагдаатай яриад би малчин нь байгаа юм наад авч яваа мах нь манай мах гээд хэлээд өгөөч гэж хэлээд утасаа салгачихсан. Тэгээд удалгүй цагдаагаас ярьж байна энэ хүмүүсийн ачиж яваа мах танай мах мөн юмуу? гэж надаас асуусан тэгэхээр нь би тиймээ манай мах мөн би оюутан хүүхдийн төлбөр хийх гээд мах явуулсан юм гэж хэлээд утасаа салгасан. Тэгээд орой нь манай сумын цагдаа манай гэрт ирээд явсан. Д.Аийн мал манайд байдаг, гэхдээ Д.А өөрийн малнаас гаргаж янзлаагүй. М.М Д.А М.В гурав М.Вгийн микро маркийн машинтай ирсэн, юу ачиж яваа талаар нь мэдээгүй. Би тухайн үед Д.Аийг цагдаад худлаа хэлээрэй гэхээр нь тэгээд хэлчихсэн. Тэр гурвыг хулгайн мал ачиж явсан талаар нь мэдээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 119-120 дугаар тал/
*Яллагдагч Д.Аийн өгсөн:
“...Би 2017 оны 09 дүгээр сард “Хаан банкнаас” 3.000.000 төгрөгийн зээл авчихсан байсан. Тэгээд зээлийн төлөлт болчихсон мөнгөө гээд банкнаас яриад байхаар нь мөнгө олох гээд хулгай хийх санаа төрсөн. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө Зуслан баг руу явж Зуслан багийн Таравт гэх газраас айлын өвөлжөөн дээрээс 2 тооны улаан, харлаг хоёр үхэр барьж аваад айлын өвөлжөөний хашаан дотор уяж орхичихоод Зуслан багийн Хавчираанга гэх газраас 1 тооны хүрэн зүсмийн үхэр модон дундаас барьж аваад гаргах гэсэн чинь ганцаардаад байхаар нь М.Мыг дуудсан. Тэгээд М.М бид хоёр 3 тооны үхэрээ гаргачихаад М.В руу тухайн орой нь залгаад хот руу мах ачих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд М.В ирээд махаа ачсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө М.М, М.В бид 3 махаа ачаад Улаанбаатар хот руу явж байгаад Булган аймгийн Баяннуур гэх газар цагдаа нарт саатууландсан. Тэгээд цагдаа нар энэ махыг хаана яаж гаргасан юм бэ гэхээр нь би Б.Р гэх айлд гаргасан гээд хэлчихсэн. Би өмнө нь болсон явдлын талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө дэлэгрэнгүй үнэн зөв мэдүүлсэн байгаа тул одоо надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 121 дүгээр тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 166 дугаартай “...3 тооны нас гүйцсэн эр үхрийн үнэлгээг 2017 оны 10 дугаар сарын байдлаар 2.850.000/хоёр сая найман зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 90 дүгээр тал/
*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 3-14 дүгээр тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 15-27 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 136-143 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Жаргалант сумын Таравт гэх газраас монголын, нас нийлсэн 2 тооны эр үхрийг хулгайд алдагдаж иргэн М.Бд 950.000 төгрөгийн, Б.Мт 950.000 төгрөгийн хохирол учирсан, Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн Хавчир анга гэх газраас монголын нас нийлсэн 1 тооны эр үхэр хулгайд алдагдаж иргэн Ж.Жт 950.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Р, М.М, М.В, Д.А нар үйлдсэн болох нь хохирогч М.Бгийн “...Үүний дараа сумын цагдаа нар манайд ирээд нэг үхрийн толгой үзүүлээд энэ үхрийн имыг таних уу? хэн гэдэг айлын үхэр юм бол мэдэх үү гэхээр нь харсан чинь манай улаан зүсмийн монголын эр үхэр байсан. Би толгойг нь хараад шууд зүсээр нь, төрхөөрөө танигдсан , имийг нь үзэхэд манай өвөг дээдсээс уламжилж ирсэн хоёр чих нь хойноосоо ухам имтэй манай үхэр мөн байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Мын”... 2017 оны 10 сарын 09-ний өдөр сумын цагдаа нар манайд ирээд нэг үхрийн толгойг үзүүлээд энэ үхрийн имийг нь таних уу хэн гэдэг үхэр вэ мэдэх үү гэхээр нь харсан чинь манай хүрэн зүсмийн монголын эр үхэр байсан. Би толгойг нь хараад шууд зүсээр нь таниад, имийг нь үзэхэд манай зүүн чих нь хойноосоо цуулбар чигчий, баруун чих нь ухам имтэй үхэр байсан.Тэгээд манай үхэр мөн байна гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Ж.Жийн”... Тэгээд 2017 оны 10 сарын 09 ны өдөр хэсгийн төлөөлөгч Эрдэнэмандал суманд хүрээд ирээч гэхээр нь би Эрдэнэмандал суманд ирээд үхрийн толгой болон үхрийн арьсыг харсан чинь манай алдсан монгол хүрэн зүсмийн эр үхэр мөн байхаар нь би Д.А, Б.Р, М.М, М.В нар хулгайлсан юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Пүрэвжанцангийн “...2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн Хавчир анга гэх газар манай өвөлжөөний урд талын үзүүр тойроод гүнзгий жалга гэх газар модны хаяанд шинэ гаргасан үхэрийн гэдэс байна гэж манай хажуу талын бэр эгч болох Ё.Оаас анх сонсоод тэгээд би 2017 оны 10 сарын 06 ны өдөр 16 цагийн үед очоод үзсэн чинь үхрийн шинэ гаргаад хаясан гэдэс байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Мийн “...2017 оны 10 сарын 06-ны өдөр манай хүү М.В хадам ах Д.А Улаанбаатар хот руу мах ачина гээд дуудаад байна гээд орой 19 цагийн үед өөрийн эзэмшлийн 28-34 АРХ улсын дугаартай автомашинтай Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан баг руу явсан...” “...Шөнө 03 цагийн үед унтаж байхад орж ирээд хайрцагтай юм аваад одоо би хот явлаа гээд тэгээд л гарсан. Би өөр юм мэдэхгүй байна. Мотциколь дугарч байсан мотциколтой ирсэн байх. Гэртээ орж ирэхдээ ганцаараа орж ирсэн. М.В нь Б.Мтай л найз гээд хааяа гэрт ирсэн харагдаж байдаг...” гэх мэдүүлэг, гэрч Ё.Оын “...2017 оны 10 сарын 06-ны өглөө 08 цагийн үед үхэр хураагаад Шар хадны урд талд Хавчир анга гэх газраас модны хаяанд горхины хажууд шинэ гаргасан үхрийн бүтэн гэдэс байсан. Би очиж хараад сумын цагдаад мэдэгдсэн. Мөн машины бүдэг дан мөр байсан. Би үхрийн бүдүүн гэдсээр нь монголын үхрийн гэдэс байна гэдгийг мэдсэн. Том эр үхрийн гэдэс юм уу гэж бодсон. Үхрийн бүдүүн гэдэсний хэсэгхэн газарт жижигхэн хүрэн зүсмийн арьсны тасархай байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Пгийн”... Б.Р манайд 2 цаг орчим буюу 17 цаг хүртэл тоглоод манайхаас явсан. А, Э нар орой 19 цагийн орчим манайхаас явсан. Тэгээд тэд нар яваад би гэртээ үлдсэн. Б.Р манайхаас сумын төвд эмнэлгийн галч ажилтай Д.А гэх залуу манайд ирээд түүнтэй хамт явсан...” гэх мэдүүлэг, Э.Аын “...2017 оны 10 сарын 05-ны орой 20 цагийн үед хонинд явж байхад Хавчир анга гэх газарт гэрэл асаад дээшээ модны зах руу нэг машин явж байсан. Микро юм уу, Старэкс юм уу гэмээр машин байсан. Бүхээгтэй битүү машин байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Р, М.М, М.В, Д.А нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 166 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Б.Р, М.М, М.В, Д.А нарын бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Р, М.М, М.В, Д.А нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжпэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Р, М.М, М.В, Д.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, шүүгдэгч Б.Р, М.М, М.В, Д.А нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Р, М.М, М.В, Д.А нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Б.Р, М.М, М.В, Д.А нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 28-34 АРХ улсын дугаартай Хюндай Грейс маркийн автомашиныг улсын орлого болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч Б.Р, М.М, М.В, Д.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Мийн Вгийн ял шалгах хуудсанд түүний овгийн үсгийг зөрүүтэй бичсэн байгааг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Оын Р, Б овогт Дын А, Ховогт Мийн В, О овогт Мын М нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бэсүд овогт Оын Р, Бэсүд овогт Дын А, Хатиган овогт Мийн В, Ондгон овогт Мын М нарт хорин ял оногдуулахгүйгээр тус бүр 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р, М.М, М.В, Д.А нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 38 тоот тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Б.Р, М.М, М.В, Д.А нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.000.000/гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 28-34 АРХ улсын дугаартай Хюндай Грейс маркийн автомашиныг хураан улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэгийг устгасугай.
6. Шүүгдэгч Б.Р, М.М, М.В, Д.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Б.Р, М.М, М.В, Д.А нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Р, М.М, М.В, Д.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР