Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 181/2022/02045/И |
Дугаар | 210/МА2024/01691 |
Огноо | 2024-08-30 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2024/01691
2024 08 30 210/МА2024/01691
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/02678 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: ******* ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: *******ны төслийн санхүүжилт хөгжүүлэлтийн хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь ******* ХХК-ийн Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн захирал албан тушаалд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн ******* санхүүжилт хөгжүүлэлтийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б-30 дугаар тушаалаар *******ийг ажлаас халсан. Уг тушаалыг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдэж, гардуулж өгсөн. Тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Хөгжлийн Банкны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5.6, Монгол Улсын Хөгжлийн Банкны дүрмийн 9.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.13.4, 10.13.6, 11.2 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн. Тушаалд намайг ямар зөрчлөөр ажлаас халсныг бичээгүй, тодорхойгүй, үндэслэл шалтгааныг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш *******ны удирдлагуудаас тодруулсан боловч тодорхой хариу өгөөгүй, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.
1.2 Миний бие ******* ХХК-д ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн дотоод журмыг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шинэчлэн баталсан бөгөөд намайг ажлаас халах тушаалын үндэслэл болсон журмын 10 дугаар зүйлийн 10.13.4, 10.13.6 дахь заалтууд нэмэгдсэн байсан.
Иймд намайг төслийн санхүүжилт хөгжүүлэлтийн хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах Хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь хэсэгт тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, ******* нь ажил тасалсан, ёс зүйн зөрчил гаргасан. Уг зөрчлийг нэг дор гаргасан, нэг тушаалаар бичиж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Тухайн ажилтанд Гадуур ажиллах хуудас 03 дугаар сарын 14-ний өдрөөс 03 дугаар сарын 24-ний өдөр олгож, ажил үүргээ гүйцэтгэх боломжоор банк хангаж байсан. Гэтэл ажлаа хийхгүй, ажил дээр ирж нүүрээ уншуулж, цагаа бүртгүүлчихээд гараад яваад байсан байна.
2.2 ******* ХХК нь өөрсдийн дотоод журмаараа тухайн ёс зүй болон сахилгын асуудалтай холбоотой асуудлыг Захирлуудын зөвлөл бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзээд хөдөлмөрийн дотоод журмаараа Захирлуудын зөвлөл энэхүү асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан.
2.3 Ажилтан нь ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гарц гаргалгүйгээр гүйцэтгэх, зарцуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.4-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 болон түүнээс дээш өдөр хугацааг ажил талсан, эсвэл 1 сарын хугацаанд ажил тасалсан, хоцорсон цаг нь ажлын өмнөх 2 өдөртэй тэнцэж байвал ажилтны ноцтой зөрчил болно гэсэн заалтыг тухайн тушаал хэсэг дээр зааж өгсөн.
Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.6-д ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнийг захирлуудын зөвлөл тогтоосон гэсэн энэхүү хөдөлмөрийн дотоод журмыг тухайн тушаалын тушаах хэсэгт бас үндэслэсэн байгаа учраас тухайн тушаалын үндэслэх хэсэгт ******* нь ямар зөрчил гаргасныг бүхэлд нь товч тодорхой бичсэн байгаа.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан *******ийг Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн ******* санхүүжилт хөгжүүлэлтийн хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-иас 133,650,893 төгрөгийг гаргуулж *******ид олгож, уг олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг ******* ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-аас нийт 896,404 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
4.1 ******* ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан байгууллагын хэмжээнд үйлчлэх Хөдөлмөрийн дотоод журмыг баталж, нийт ажилтнуудад танилцуулан байгууллагын дотоод сүлжээнд нээлттэй харагдахуйц байдлаар байршуулж мөрдүүлдэг. Энэ талаар гэрч Ц.Булганхишигийн мэдүүлэгт тодорхой дурдагдсан. Нэхэмжлэгч *******той 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж тус гэрээнд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогч ******* ХХК нь ******* болон бусад ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүйг байх зорилгоор Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан Хөдөлмөрийн гэрээг талуудын тохиролцсон хугацаагаар дагаж мөрдсөн.
Иймд *******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,4, Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.4, 10.13.6, 11.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн хөдөлмөрийн дотоод журамд нэрлэн заасан эдгээр үүргүүдийг зөрчсөн тохиолдолд ажлаас чөлөөлөх талаар *******той байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тодорхой заасан байсан тул түүнийг ажлаас чөлөөлсөн.
Хөдөлмөрийн гэрээний 6.3.2, 6.3.4-т Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг нэрлэн заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 болон 123 дугаар зүйлүүдийн аль ч хэсэгт ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж буй шийдвэрт тухайн гаргасан гэх зөрчлийг тодорхой бичсэн байх шаардлагыг тавьдаггүй атал шүүхээс илтэд хуулийг мушгин гуйвуулж худал тайлбарлан ажлаас чөлөөлж буй тушаалд ямар зөрчил гаргасныг тодорхой бичих байсан мэтээр дүгнэж шийдвэрлэсэн.
4.2 *******ийг ноцтой зөрчил гаргасан эсэх асуудлыг Захирлуудын зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны, мөн оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж Захирлуудын зөвлөлийн гишүүдийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн санал өгөх хуудсаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ асуудлаар буюу сахилгын шийтгэл ногдуулах эсэх шийдвэрийг гаргахдаа хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу зөрчлийг шалган тогтоох, зөрчил гаргагчид мэдэгдэн тайлбар авах ажиллагааг зохион байгуулсан.
******* ХХК-д Ёс зүй, сахилгын хороо байдаггүй бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 10.4-т заасны дагуу ёс зүй, сахилгын асуудал нь Захирлуудын зөвлөлийн хэлэлцэх асуудалд багтдаг. Мөн ******* ХХК-ийн дүрмийн 29.8-д заасны дагуу гүйцэтгэх захирал *******ны тухай хуулийн 21.5.6-д заасны дагуу ...сахилгын шийтгэл ногдуулах...-д Захирлуудын зөвлөл зөвлөх чиг үүрэгтэйгээр ажилладаг.
*******ийн ажилд ирсэн, явсан цагийг *******ийн ажил үүргээ гүйцэтгэдэг *******ны 11 дүгээр давхрын хяналтын камерын цагийн бичлэгээр шалгахад ******* нь 2022 оны 01 дүгээр сард нийт ажлын 15 өдөр буюу 120 цаг ажиллах ёстой байснаас 11 цаг 35 минут ажилласан, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт ажлын 9 өдөр буюу 72 цаг ажиллах ёстой байснаас 09 цаг 56 минут ажилласан. Бусад цагт ажил тасалсан, шууд удирдлагаас олгосон чөлөөг хэтрүүлж ажилдаа ирээгүй ноцтой зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн дотоод журмын 10.53-д зааснаар ажлын цагийн бүртгэл, гадуур ажлын хуудас, хяналтын камерын бүтэн цагийн бичлэгээр бүрэн тогтоогдсон.
4.3 Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгчийн асуултад хариулах явцдаа хариуцагчийн төлөөлөлтэй уулзаж байсан тухайгаа тодорхой мэдүүлдэг бөгөөд уг уулзалтыг харин Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан ажил олгогчийн зөрчил гаргагчаас тайлбар авах үйл ажиллагаа биш байсан гэж ойлгогдохоор зарим тохиолдолд мэдэхгүй, санахгүй байгаа мэтээр зөрчилдөөнтэй агуулгаар хариулсан. Нэхэмжлэгчийн дээрх мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлаас дүгнэж үзвэл хариуцагч нь ямар зөрчлийг хэрхэн гаргасан болох тухай мэдэгдэж тайлбар авах ажиллагааг гүйцэтгэсэн бөгөөд тэр нь гэрчийн мэдүүлгээр бүрэн тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн ажилтнаас тайлбар авсан болохоо нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Хариуцагчаас *******ийн ажилд ирсэн, явсан цагийг нотлох чухал ач холбогдолтой Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаан доторх 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 24-ний өдрүүдийн камерын бүтэн цагийн бичлэгийг гаргаж өгсөн. Хэрэгт авагдсан дээрх камерын бүтэн цагийн бичлэг нь Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.8-д заасны дагуу Хүний нөөц асуудал хариуцсан нэгжээс *******ийн гаргасан зөрчлийг нотлох зорилгоор Захирлуудын зөвлөлд хүргүүлсэн баримт юм.
4.4 Анхан шатны шүүх *******ийн нэг сарын дундаж цалинг буруу тооцсон бөгөөд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.5-д зааснаар *******ид сар бүр олгож байсан хоол, унааны хөнгөлөлт 502,000 төгрөгийг цалин хөлсний бүрэлдэхүүнээс хасаж тооцон, дундаж цалин хөлсийг тодорхойлох үндэслэлтэй байна. Шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч биечлэн хөдөлмөр эрхлээгүй нөхцөл байдлыг харгалзан үзээгүй ба ажилтан ажил үүргээ биечлэн гүйцэтгэсэн тохиолдолд нэмэгдэл, хөнгөлөлт, урамшуулал тооцогдох тул шүүхээс нэг сарын дундаж цалинд нэмэгдэл цалинг хамтатган тооцсон нь үндэслэлгүй. Хариуцагч талаас шүүхэд 2022 оны 01, 02, 03 дугаар сарын цалингийн дэлгэрэнгүй задаргааг бичмэл нотлох баримтаар гаргаж өгсөн.
Иймд, *******ид олгож байсан нэмэгдэл /2022 оны 01 дүгээр сард - 457,809.52 төгрөг, 2022 оны 02 дугаар сард - 446,470.59 төгрөг, 2022 оны 03 дугаар сард 506,000 төгрөг/, нийт 1,410,280.11 төгрөгийг цалин хөлсний бүрэлдэхүүнээс хасаж тооцон, дундаж цалин хөлсийг тодорхойлох нь зүйтэй.
4.5 Гүйцэтгэх захирлын 2017 оны А-177 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Захирлуудын зөвлөлийн ажиллах журам батлагдсан. Гүйцэтгэх захирлын 2021 оны А-75 дугаар тушаалаар Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, Захирлуудын зөвлөлийн даргаар Гүйцэтгэх захирал, гишүүдээр Тэргүүн дэд захирал, Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал байхаар баталсан.
Ийнхүү 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Захирлуудын зөвлөлийн гишүүдийн санал өгөх хуудсаар Захирлуудын зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу Дотоод үйл ажиллагааны хэлтсээс *******ийн гаргасан хөдөлмөрийн ноцтой зөрчлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх санал гаргасан ба Захирлуудын зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Захирлуудын зөвлөл нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэгт заасан гүйцэтгэх захиралд зөвлөх чиг үүрэгтэйгээр оролцохдоо гаргах шийдвэрийнхээ агуулгыг өөрөө тодорхойлох эрхтэй ба Гүйцэтгэх захирлын 2017 оны А-177 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Захирлуудын зөвлөлийн ажиллах журам-д Захирлуудын зөвлөл шийдвэрээ саналын хуудсаар албажуулахыг хориглосон хэм хэмжээ байхгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Тушаалд яг ямар зөрчил гаргасан, ямар үйлдлийг хэзээ гаргасан гэх зөрчлийг бичээгүй. Хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарт хөдөлмөрийн гэрээний 6.3-т заасан зөрчил гаргасан гэх хариу тайлбарыг ирүүлсэн атлаа яг ямар зөрчил гаргасан талаар хариу тайлбар ирүүлээгүй буюу 6.3-ын хэдийн хэдийг зөрчсөн талаар тодорхой тайлбарлаагүй. Ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш ирүүлж буй зөрчилтэй холбоотой аливаа нотлох баримтаар гэм бурууг урьдчилж тогтоох зарчмын дагуу тогтоосон байна гэж үзэхгүй.
5.2 Захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэлд ямар нэгэн гарын үсэг байхгүй, зөвхөн компани тамга дарж ирүүлсэн байдаг. Гэтэл захирлуудын зөвлөлийн ажиллах журмын 2.1-т захирлуудын зөвлөлийн үйл ажиллагаа нь ээлжит болон ээлжит бус хурал байна, 2.13-т хурлаас гарах шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хурлын тэмдэглэлд хурлын дарга болон нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурна гэж заасан байдаг. Тиймээс дээр дурдсан захирлууд зөвлөл хуралдаж тус шийдвэр гаргасан, үгүй нь тодорхойгүй. 03 дугаар сарын 22-ны өдрийн захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэл гэх зүйлийг үндэслэж тушаал гаргаагүй, тушаал дээр 04 дүгээр сарын 12-ны өдрийн захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг өгсөн байдаг.
5.3 Хөгжлийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 10.5-д энэ журам нь 6.6-6.6.8, 7.8 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан тохиолдолд тухайн ажилтны цагийн бүртгэлийг хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжийн саналыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулна, 10.6-д энэ журмаас 10.5-д зааснаас бусад тохиолдолд ажилтан сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл хүсэлтийг нотлох баримтын хамт хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, захирлуудын зөвлөлд гаргана гэж заасан. Тиймээс 6.6.8-7.8 дахь хэсгүүд нь цагийн бүртгэл бөгөөд цагийн бүртгэлтэй холбоотой зөрчил нь захирлуудын зөвлөлийн хэлэлцэх асуудал биш. Захирлуудын зөвлөлийн ажиллах журмын 2 дугаар зүйлд захирлуудын зөвлөл нь журамд зааснаар хэлэлцэх асуудал нь шийдвэрлэгддэг тул үүнийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Нэхэмжлэгчээс тухайн зөрчлийн талаар ямар нэгэн тайлбар авсан үйл баримт байдаггүй.
Хөгжлийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 10.7-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, энэ тухай баримт үндэслэлийг холбогдох ажилтанд урьдчилан танилцуулсан байх, 10.8-д холбогдох ажилтнаас хариу тайлбарыг ажлын 5 өдрийн дотор бичгээр гаргуулна гэж заасан. Иймд сахилгын шийтгэл ногдуулах журам, процессын ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэх шүүхийн шийдвэрийн үндэслэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан ажиллагаа явагдаагүй байна гэж үзсэн нь хуульд нийцсэн.
Хөгжлийн банкны хувьд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулсан ба өөрчлөлт оруулахдаа ёс зүй сахилгын хороонд ажиллаж байсан ажилтнуудын төлөөлөл болон ажил олгогчийн төлөөллөөр ёс зүй, сахилгын хороогоор аливаа сахилгын зөрчлийг хэлэлцсэн ба тухайн сахилгын зөрчлийг хэлэлцэхдээ ажилтныг өөрийнх нь тухайн хуралд оролцуулж өөрийгөө өмгөөлөх, тайлбар гаргах боломжоор нь хангасан байсныг хөдөлмөрийн журамд шууд өөрчлөлт оруулан нэр бүхий 20 ажилтныг ажлаас халсан. Тухайн нэр бүхий 20 ажилтныг ажлаас халахдаа тушаал дээр ямар ч зөрчлийн талаар бичээгүй гэх агуулгаар анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой үнэлж, дүгнэсэн гэж үзэж байна.
5.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд цалин хөлсний бүрэлдэхүүнд заасан дундаж цалин хөлс тодорхойлох журамд нэмэгдэл цалин нь дундаж цалин хөлсөнд орж байгаа. Харин нэг удаагийн шинжтэй хоол унааны хөнгөлөлтийг оруулахгүй гэж заасан. Гэтэл маргаан бүхий нэмэгдэл цалин нь нэг удаагийн шинжтэй хоол унааны хөнгөлөлт, урамшуулал биш учир ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/692 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмыг анхан шатны шүүх зөв тайлбарлаж хэрэглэсэн.
Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан *******ны төслийн санхүүжилт хөгжүүлэлтийн хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.
2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг ...******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар Хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь хэсэгт тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.6-д ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнийг захирлуудын зөвлөл тогтоосон гэх агуулгаар эс зөвшөөрч маргажээ.
3. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б-30 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5.6, Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн 9.2, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.5, 10.13.4, 10.13.6, 11.2, Захирлын зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн Хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ******* санхүүжилтийн газрын ******* санхүүжилтийн хөгжүүлэлтийн хэлтсийн захирал *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөр цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. /1хх 4/
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.
4.1 Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтныг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасан талаар тушаалдаа тодорхой заагаагүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
5. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.6 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага хүний нөөцийн бодлого, цалингийн сүлжээ батлах, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, түүнд олгох урамшуулал, хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийн хэмжээг тогтоох, сахилгын шийтгэл ногдуулах эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан.
5.1 *******ны Захирлуудын зөвлөлийн ээлжит хурлын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн товч тэмдэглэлд ...******* санхүүжилтийн хөгжүүлэлтийн хэлтсийн захирал ******* нь өглөө, оройдоо ирж цагаа бүртгүүлээд явдаг, ажлын цаг ашиглалт муу, мөн 1 дүгээр давхрын хаалтыг давж гарсан зөрчлүүдийг гаргасан нь камерын бичлэгээр тогтоогдсон нь Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ёс зүйн хэм хэмжээний ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байна. ******* санхүүжилтийн хөгжүүлэлтийн хэлтсийн захирал ******* дээрх үндэслэлийг харгалзан Захирлуудын зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Дотоод үйл ажиллагааны хэлтэст үүрэг болгов. гэжээ. /1хх 89/
Улмаар 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* Захирлуудын зөвлөлийн гишүүдийн санал өгөх хуудсаар ******* санхүүжилтийн газрын ******* санхүүжилтийн хөгжүүлэлтийн хэлтсийн захирал *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх саналыг гаргасан байна. /1хх 90/
5.2 Дээрх баримтад ******* нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын аль заалтыг зөрчсөн болохыг тодорхой заагаагүй. Түүнчлэн, уг зөрчил нь ямар баримтаар тогтоогдож байгаа талаар тусгаагүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
6. *******ны Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.5-д Банк хууль тогтоомж, дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах эрхийг эдэлнэ, 10.13.4-т Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсхүл 1 сарын хугацаанд нийт тасалсан, хоцорсон цаг нь ажлын 2 өдөртэй тэнцэж байвал ноцтой зөрчилд тооцно, 10.13.6-д Ажилтны ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөнийг Захирлуудын зөвлөл тогтоосон байвал ноцтой зөрчилд тооцно, 11.2-т Ажилтан журамд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж тус тус заасан байна.
6.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлийн 11 давхрын шилэн хаалга болон 4 цахилгаан шат руу харсан тусгалтай бичлэгээр нэхэмжлэгч *******ийг ажил тасалсан үйл баримтыг эргэлзээгүй тогтоосон баримт гэж үзэхгүй.
6.2 Иймд нэхэмжлэгчийг ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан, ёс зүйн зөрчил гаргасан гэж нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт нийцэхгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчил гаргасныг тогтоосон гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 133,650,893 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг /1хх 6-7/ үндэслэн дундаж цалин хөлсийг тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо хоол, унааны зардлыг оруулж тооцсон нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/02678 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
М.БАЯСГАЛАН