| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0073/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/71 |
| Огноо | 2019-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч: Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бгийн Эд холбогдох эрүүгийн 1912001220072 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Бгийн Э/РД:АБ88122412/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны ,, тоотод хохирогч Ж.Гг зодож, эрүүл мэндэд нь 11-р хавирганы зөрөөгүй хугарал, хэвлийн зүүн ар дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1912001020072 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ж.Гн өгсөн:
“...2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хөдөөнөөс ирсэн дүү Нтой гэртээ архи ууж байхад урд хашааны залуу Б.Э орж ирсэн. Тэгээд бид хоёрт 2 шил архи авч өгсөн. Тэгээд архиа ууж дуусч байхад би гадаа бие засаад Б.Этэй хамт орсон чинь Б.Э намайг чирч гадаа гаргаад цохиод, унасан чинь дээрээс өшиглөөд прус модоор намайг цохьсон. Би тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна. Манай эхнэр цагдаа дуудсан. Цагдаа ирээд түргэн тусламж дуудсан. Өс хонзон санахаар зүйл байхгүй. Маргааш манайд орж ирээд та намайг эхнэртэйгээ хардаад байсан гэж хэлж байсан. Юунаас болж зодоон болсныг санахгүй байна. Би дүү Нтой 1 жил 0.75 граммтай Ихмонгол нэртэй архи уусан. Б.Эийн авч өгсөн архины 0.5 граммтайг гурвуулаа хувааж уусан. Их согтсон байсан. Би халтирч унаагүй, Б.Эийг цохиход нь унасан. Дээрээс өшиглөж прус модоор цохьсон. Би эрүүл байхдаа гадуур айлын мод хөрөөдөж амьдрал ахуйгаа залгуулдаг. Хавирга хугарснаас хойш ажилд гарах ямар ч боломжгүй, эм тариа авах мөнгөний боломжгүй байгаа тул гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/
*Хохирогч Ж.Гн дахин өгсөн:
“...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хугацаанд Б.Э миний гомдлыг барагдуулсан. Бид эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/
*Гэрч Ц.Дын өгсөн:
“...2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр аавыгаа эмнэлэгт сахиж байж байгаад цай чанахаар гэртээ 21:00 цагийн үед иртэл манай нөхөр хуурай дүү гэх Н гэдэг залуутай хамт архи уугаад сууж байсан. Би гэртээ ороод цайгаа чанаж авчихаад 2 охиноо дагуулаал буцаад эмнэлэг дээр ирчихээд өөрөө үлдээд 2 охин буцаад явсан. Тэгтэл удаагүй манай охин над руу залгаад ээжээ энд хүмүүс зодоон хийх гээд байна гэхээр нь би аавыг орхичихоод гэртээ гүйгээд ирсэн. Намайг ирэхэд гэрт манай нөхөр болон Н, мөн урд хашааны Төрөө гээд залуу гурвуулаа сууж байсан. Тэд нар нэг их зодоон цохион хийсэн зүйл байгаагүй. Н хэвтэж байснаа нэг харсан унтаад өгсөн байсан. Төрөө манай нөхөртэй хамт бие засчихаад орж ирснээ гэрт барьцалдаж аваад манай нөхрийг чирээд гараад явахаар нь цагдаа дуудсан. Удаагүй манай охин хашааны гадаа зодоон болоод байна гэсэн. Тэгэхээр нь би гартал манай нөхрийг Т хашаа тулсан байсан банзаар цохиод авч байгаа харагдсан. Тэгээд би юу болоод байгаа юм бэ гээд очоод салгах гэсэн хүчрэхгүй байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Манай нөхрийг банзаар цохьсоны дараа дээд хашааны нэг залуу гарч ирч байгаа харагдсан. Би тэр залуугийн нэрийг нь мэдэхгүй. Намайг гэрээс гараад очиход манай нөхөр хашааны үүдэн дээр газар доошоо харчихсан хэвтэж байтал Төрөө хашаа тулсан банз аваад манай нөхрийн нуруу хавьцаа цохьсон. Мөн хэвтэж байхад нь эрүү рүү өшиглөсөн. Манай нөхрийн нуруу зүүн талаар, мөн зүүн талын эрүү, шанаа хэсгээр хөхөрсөн. Эмнэлэгт үзүүлэхэд хавирга хугарсан байна гэсэн. Намайг цай чанаж байхад нэг залуугийн тухай яриад байсан. Яг юунаас болж маргах болсныг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-18 дугаар тал/
*Яллагдагч Б.Эийн өгсөн:
“...2019 оны 02 дугаар сарын 14-ний оройн 21 цагийн үед Ж.Гнд 2 шил архитай орсон. Тухайн үед Ж.Г гэртээ архи ууж байсан. Бид архи ууж байгаад авч орсон архины эхний архийг ууж дуусч байхдаа өмнө нь тэднийд самарт явж байсан 4 залуутай архи уусан тухайгаа яриад 1 залууг нь их гоё дуулдаг гэж ярьж байтал эхнэрээ хардаад хэрүүл маргаан үүсгэхээр нь тийм юм байхгүй гэгээн цагаан өдрөөр хүмүүс гаргаж өгөх гэж байгаад танайд орж ирсэн юм гэж хэлсэн. Тэгтэл над руу хардаж дайраад танай эхнэрт чинь орж хэлнэ гээд гарахаар нь би гадаа хоёр удаа өшиглөөд хашаа тулсан жижиг банз модоор цохьсон. Ийм л асуудал болсон. Ж.Гн эхнэр нь гадаа гараад ирчихсэн нөхрийгөө авсан. Өөр хүн байгаагүй. Ж.Гг эхнэр нь аваад үлдсэн. Би хашаанаас нь гарч ирээд халтирч унахад дээрээс нэг залуу гүйж ирээд толгой руу цохьсон араас нь гүйгээд гүйцээгүй, олоогүй. Тэгээд эхнэр өөдөөс гарч ирээд бид хамт гэртээ орсон. Манай эхнэр тэр залууг хараагүй. Би өөрөө араас нь хөөгөөд алга болчихоор нь гэр рүүгээ орох гээд явж байхад эхнэр гудманд гараад ирчихсэн, тэгээд бид хамтдаа орсон. Би тэр хүнийг хараагүй, танихгүй. Намайг согтуу тасарчихсан хүн байна гээд зодох гэсэн байх би халтирч л унаснаас тийм ч их согтуу байгаагүй. Би өөдөөс нь хэн бэ би гээд хөөхөд гүйгээд л алга болсон. Гадаа харанхуй байсан. Тийм их гомдол гаргахаар зүйл болоогүй. Өөрийнхөө үүдний ойролцоо очиж байхдаа халтирч унасан. Гудманд ойр харагдах газар ямарч хүн байгаагүй. Тэр залуу дээрээс гүйж ирсэн. Ж.Гг хашаанд нь эхнэр нь аваад үлдсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-29 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 99 дугаартай“...Ж.Гн биед зүүн талын 11-р хавирга суганы арын шугамаар зөрөөгүй хугарсан, хэвлийн зүүн ар дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ж.Г нь зүүн талын 10-р хавирганы хуучин бороолсон хугаралтай байна...” гэх дүгнэлт/хх-ийн 26 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр тал/
*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 55, 56 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2019 оны 02 дугаар сарын 14-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 24-03 тоотод хохирогч Ж.Г нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Э үйлдсэн болох нь хохирогч Ж.Гн”... Тэгээд архиа ууж дуусч байхад би гадаа бие засаад Б.Этэй хамт орсон чинь Б.Э намайг чирч гадаа гаргаад цохиод, унасан чинь дээрээс өшиглөөд прус модоор намайг цохьсон. Би тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Дын ”... Төрөө манай нөхөртэй хамт бие засчихаад орж ирснээ гэрт барьцалдаж аваад манай нөхрийг чирээд гараад явахаар нь цагдаа дуудсан. Удаагүй манай охин хашааны гадаа зодоон болоод байна гэсэн. Тэгэхээр нь би гартал манай нөхрийг Төрөө хашаа тулсан байсан банзаар цохиод авч байгаа харагдсан. Тэгээд би юу болоод байгаа юм бэ гээд очоод салгах гэсэн хүчрэхгүй байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Манай нөхрийг банзаар цохьсоны дараа дээд хашааны нэг залуу гарч ирч байгаа харагдсан. Би тэр залуугийн нэрийг нь мэдэхгүй. Намайг гэрээс гараад очиход манай нөхөр хашааны үүдэн дээр газар доошоо харчихсан хэвтэж байтал Төрөө хашаа тулсан банз аваад манай нөхрийн нуруу хавьцаа цохьсон. Мөн хэвтэж байхад нь эрүү рүү өшиглөсөн. Манай нөхрийн нуруу зүүн талаар, мөн зүүн талын эрүү, шанаа хэсгээр хөхөрсөн...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 99 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Эийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Б.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Ж.Г нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Ж.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мод 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бгийн Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мод 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР