Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 17

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                              Прокурор     Д.Ганцэцэг

                                              Шүүгдэгчийн өмгөөлөгч   П.Адьяасүрэн

                                               Шүүгдэгч Э.Очирсүрэн

                                              Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор, Э.Очирсүрэнд холбогдох эрүүгийн 201615000279 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 1978 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2 эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой 3 дугаар баг 12 айлын орон сууц 2-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус багтааж, 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Өвөрхангай айгиаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/113 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ял дээр өмнөх 2005 оны 05 дугаар сарын 13-ны 1/80 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 300 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 21 хоногийн хугацаагаар хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн сулласан, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Эрдэнэбатын Очирсүрэн /Регистрийн дугаар ЙП 78051810/

Э.Очирсүрэн нь ялтай байх хугацаандаа согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр иргэн О.Отгончимэгийн эзэмшлийн 97-25 ӨВР улсын дугаартай Toyota Rav-4  маркийн автомашиныг жолоодож явахдаа 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Нисэхийн арын засмал зам дээр хохирогч Н.Сандагдоржийг, танхайн сэдэлттэйгээр дайрч бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулан санаатай алахыг завдсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх, шүүгдэгч Боржигин овогт Эрдэнэбатын Очирсүрэнг танхайн сэдэлтээр, хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3, 60,4, 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар түүнд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Э.Очирсүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн цагаан өнгийн, Toyota Rav-4 маркийн автомашины үнэ болох 9000000 төгрөгийг шүүгдэгч Э.Очирсүрэнгээс гаргуулж улсын орлого болгох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Сэрүүн” нэртэй пивоны сав 1 ширхэг, автомашины толь 1 ширхэг, автомашины толины суурь 1 ширхэгийг устгаж, камерын бичлэгтэй CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээж, хохирогч Н.Сандагдоржийн томографийн зураг 2 ширхэг, CD 1 ширхэгийг хохирогч Н.Сандагдоржид, О.Отгончимэгийн эзэмшлийн 9.000.000 төгрөгийн үнэ бүхий, цагаан өнгийн, Toyota Rav-4 маркийн автомашин болон №01428198 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг иргэний нэхэмжлэгч О.Отгончимэгт тус тус буцаан олгож, шүүгдэгч Э.Очирсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Пүрэвсүрэнд 980400 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар иргэний нэхэмжлэгч О.Отгончимэгийн эзэмшлийн 9.000.000 төгрөгийн үнэ бүхий, цагаан өнгийн, Toyota Rav-4 маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн, шүүгдэгч Э.Очирсүрэнгийн эзэмшлийн Mogul sonor S401 маркийн, хар өнгийн, хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Э.Очирсүрэнд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Очирсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Очирсүрэнгийн өмгөөлөгч П.Адьяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Очирсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар, мөн хуулийн  ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг журамлан 6 жилийн хорих ял оногдуулсаныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Э.Очирсүрэн нь удаа дараа гэмт хэрэгт холбогдож байсан боловч, түүний хүн гэсэн нэр төрийг бодож, одоо үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэл оногдуулахдаа, хууль ёсны үндэслэл бүхий шийтгэх тогтоолоор тохирсон ял оногдуулах нь нийгмийн шударга ёсны зарчим гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3-т завдсан гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулах заалтад доод хэмжээг заагаагүй тул шүүгдэгч Э.Очирсүрэнд 6 жилээс бага хэмжээний ял оногдуулах хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Очирсүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3, 60.4, 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өнгө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Боржигин овогт Эрдэнэбатын Очирсүрэн нь ялтай байх хугацаандаа согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр иргэн О.Отгончимэгийн эзэмшлийн 97-25 ӨВР улсын дугаартай Toyota Rav-4  маркийн автомашиныг жолоодож явахдаа 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Нисэхийн арын засмал зам дээр хохирогч Н.Сандагдоржийг, танхайн сэдэлттэйгээр дайрч бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулан санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

Шүүгдэгч Э.Очирсүрэнгийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 09 дүгээр сарын 11-нд миний машинд Даваасүрэн, Шийлэгпүрэв 2 сууж, нөгөө машинд Мөнхдалай, Шийлэгбат, Сандагдорж 3 суугаад Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ойролцоо явж байтал миний машины бензин дуусаж байхаар нь Зүүнбаян-Улаан сумаас бензин авчихаад дэлгүүр ороход тэнд надтай цэрэгт хамт байсан залуу таарч тэр залууд нэг шил архи авч өгөөд тэр архиа дэлгүүрийн гадаа машинд уусан. Харин 0.75 граммын архи 1 ширхэг, пиво 1 ширхэгийг машиндаа аваад наашаа явах замдаа архиа уугаад л яваад байсан. Тэгээд бид нар аймаг руу орсон. Нэг мэдэхэд аймгийн ягаан толгойн хавьд машины дугуй хагарчихсан явж байсан. Өглөө босоод харахад машины хоёр дугуй болон гэрэл нь хагарчихсан байсан. Архи ууснаас болж ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна...”,

Хохирогч Н.Сандагдоржийн “...2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр уулнаас бууж ирээд айлаас 3 шил “Ерөөл” архи авчирч зургуулаа хувааж уусан. Маргааш нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө босоод аймгийн төв рүү хөдлөхдөө айлаас 2 том пиво аваад хувааж ууцгаасан. Зүүнбаян-Улаан сумын төв ороод Очирсүрэн ах машиндаа бензин хийчихээд дэлгүүрийн гадаа Очирсүрэн ахын архи авч өгсөн хүн тэр архийг задлахад бид нар тэр архинаас нь нэг нэг удаа уусан. Мөн бид нар машинтай танихгүй хүмүүстэй таарч авсан архиа тэр хүмүүстэй хувааж уусан. Очирсүрэн ахын машинд Шийлэгпүрэв, Очирсүрэн ах бид 3 суугаад хөдөлснөө санаж байна. Тэгээд цаашаа юу болсныг болон аймгийн төвд яаж ирснээ мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт сэргэсэн. Эмнэлэгт 3 хоносон байсан. Тухайн үед хөл хугарсан байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 47-48х/,

Хохирогч Д.Пүрэвсүрэнгийн “...2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манай бэр Доржпагам утсаар ээж та 2 эмнэлэг дээр хүрээд ир гэж ярихаар нь эмнэлэг дээр очиход манай хүү Сандагдорж эмнэлэгт ухаангүй хэвтэж байсан...” /хх-ийн 174-175х/,

Гэрч О.Отгончимэгийн “...2016 оны 09 дүгээр сарын эхээр байсан. Өдрийг нь санахгүй байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумаас нөхөр Очирсүрэн, манай хүү Даваасүрэнгийн хамт миний эзэмшлийн 97-25 ӨВР улсын дугаартай, Toyota Rav4 маркийн автомашинтай самранд явсан. Явснаасаа хойш утсаар ярилгүй байж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Очирсүрэн над руу ярихдаа бид нар Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум руу орж байна, машин болохгүй байна, аймгийн төв орж оношлогоонд оруулна гэж ярьсан. Тэр өдрийн орой 19 цагийн орчимд аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн төлөөлөгч Доржсүрэн гэх хүн Очирсүрэн гэртээ харьсан уу? Өөртэй чинь холбоо барьсан уу? гэж асуугаад манай дээр ажилтай байгаа, цуг явсан хүнийх нь бие муу байна гэж утсаар хэлсэн. Toyota Rav-4 маркийн автомашин миний эзэмшлийн машин...” /хх-ийн 52-54х, 187х/,

Гэрч Б.Гантулгын “...би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Нисэхийн уулзвар дээр засварын газар ажиллуулдаг. Тэр өдрийн үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна, цагаан өнгийн Toyota Rav-4 маркийн автомашин дугуйгаа засуулахаар ирсэн. Тэр машин дотор 3 эрэгтэй хүн байсан. Аль аль нь согтуу байсан. Би ажил ихтэй байсан болохоор ахиж засварын газраасаа гараагүй. Тэр машин хөдлөөд явж байгаа бололтой байсан. Гэтэл пиво аягалаад байсан залуу намайг үлдээгээд явчихлаа гээд засварын газарт орж ирсэн. Би завгүй байсан болохоор тэр залуу гараад явчихсан. Би дугуй нөхчихөөд гараад иртэл зам дээр пиво аягалаад байсан залууг /Сандагдоржийг/ машинаар дайрчихсан, тэр залуу газар хэвтчихсэн машины жолооч залуу дэргэд нь ирчихсэн хөдөлгөж үзээд байсан. Очирсүрэн гэгч нь машинаа зам дээр баруун зүг рүү харуулаад тавьчихсан, наана нь Сандагдорж гэх залуу хэвтчихсэн, Сандагдоржийн хажууд Очирсүрэн гэх залуу байсан. Тэгээд засвар руугаа орчихоод гараад очих хооронд Очирсүрэн нь машинаа унаад хөдлөөд явчихсан. Тэгээд удалгүй түргэний машин болон цагдаа нар ирсэн...” /хх-ийн 55-56х, 188-189х/,

Гэрч Н.Пүрэвжалын “...манай гэр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Нисэхийн хажууд байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 10-дын орчимд тэр өдрийн үдээс хойш намайг хашаандаа юм хийгээд сууж байтал 1 машин хааз ихтэй эргэх шиг болохоор нь гадаа тоглож байсан хүүхдүүдээ харахаар хашаанаас гарахад зам дээр цагаан өнгийн дунд оврын автомашин баруун зүг рүү хараад зогсчихсон байсан. Удалгүй зам дээр түргэний машин ирчихсэн байхаар нь хашаанаас гараад хартал 1 эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Зам дээр байсан цагаан өнгийн машин байхгүй байсан...”/хх-ийн 190-191х/,

Гэрч Д.Шийлэгпүрэвийн “...нэг сэрсэн чинь аймгийн төв ороод ирчихсэн Нисэхийн замын урд талд байх дугуй засварын гадна машинтайгаа зогсож байсан. Сандагдорж засварын газрын гадна зогсож байсан. Очирсүрэн гадна байснаа машиндаа орж ирээд суусан. Тэгээд машинаа хөдөлгөөд нар зөв эргүүлтэл түг хийх чимээ гараад миний сууж байсан талаар хүн унах шиг болсон. Очирсүрэнг машинаа зогсоохоор нь буугаад хартал Сандагдорж газар доошоо хараад хэвтэж байсан. Нүүрэн хэсэг нь нил цус болсон байсан...” /хх-ийн 57-59х/,

Гэрч Ц.Доржпаламын “...осол болдог өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд намайг ажил дээрээ байхад Очирсүрэнгийн төрсөн дүү Шийлэгпагам над руу утсаар залгаад чи эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлэхээр нь эмнэлэг рүү очиход манай нөхөр Сандагдорж цустайгаа холилдчихсон 103-ын өрөөнд орон дээр хэвтэж байсан...” /хх-ийн 60-61х/,

Гэрч Э.Шийлэгпагамын “...тэр өдөр 17 цагийн орчимд манай дүү Шийлэгбат, Мөнхдалай нар манайд ирээд Шийлэгпүрэв зам дээр ганцаараа согтуу зогсож байна гэнээ, Очирсүрэн машинтайгаа байхгүй байна, Сандагдорж Очирсүрэн 2 хоорондоо маргалдаад Очирсүрэн Сандагдоржийг дайрчихаад явчихлаа, Сандагдоржийг түргэн аваад явчихсан гээд байна гэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол Сандагдорж согтуудаа ч тэр юм уу, ухаангүй шахуу яаралтай тусламжийн өрөөнд хэвтэж байсан...” хх-ийн /192-193х/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 306 дугаартай шинжээчийн “...Н.Сандагдоржийн биед тархины няцралт, тархины цус харвалт, духны яс, ухархайн гадна, дотно хана, хамар, гайморийн хөндийн хананууд бяцарсан хугарал, зүүн дунд чөмөгний зөрөөтэй далд хугарал, дух, зүүн шуу, тохойн зулгаралт, зүүн тохойн язарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, 2 нүдний зовхи, зүүн гуяны зөөлөн эдийн гэмтэл, зүүн гуяны мэс заслын шарх бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт” /хх-ийн 66х/

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №14 дугаартай техникийн шинжээчийн “...97-25 ӨВР улсын дугаартай автомашин жолоодсж явсан Э.Очирсүрэн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Э.Очирсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Үлсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.a заалтыг зөрчсөн байна. Уг зам тээврийн осол жолооч Э.Очирсүрэн нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож санаатайгаар бусдыг /Н.Сандагдоржийг/ мөргөж осол гаргасан байна. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдашийн гаргасан зам тээврийн осол дээр тогтоосон акт үндэслэлтэй байна. Нисэхийн арын уулзварын хяналтын камерийн бичлэгт Э.Очирсүрэн нь тээврийн хэрэгслээр явган зорчигч Н.Сандагдоржийг санаатайгаар мөргөсөн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 98х/,

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №47 дугаартай сэтгэцийн шинжээч эмчийн “... Үзүүлэгч Э.Очирсүрэн нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчлөөгүй. Э.Очирсүрэн нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчлөөгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ямар нэгэн сэтгэцийн эмгэгээр өвчлөөгүй, хэрэг хариуцаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэсэн дүгнэлт /хх-ийн 200х/,

гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Доржсүрэнгийн илтгэх хуудас, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Лэндс ХХК”-ийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №10/52, 2016 оны 10 дугаарсарын 20-ны өдрийн №10/39 дугаартай үнэлгээний тайлангууд, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам орчны байдал, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/80, 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/113 дугаартай шийтгэх тогтоол, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 300 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбарууд, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирлын баримтууд, хохирогч Д.Пүрэвсүрэнгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 980400 төгрөг авсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч Э.Очирсүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Боржигин овогт Эрдэнэбатын Очирсүрэнд холбогдох хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан нөхцөл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял, түүний эдлэх дэглэм Э.Очирсүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017  оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, шүүгдэгч Э.Очирсүрэнгийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулнаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                    ШҮҮГЧИД                                  М.МӨНХДАВАА                      

                                                                                       Н.ЭНХМАА