Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2022/0713/З |
Дугаар | 001/ХТ2023/0078 |
Огноо | 2023-10-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2023/0078
“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдад
тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Шүүгч: Х.Батсүрэн
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/0470 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2023/0486 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 384 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, Б.Б, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, Ө.А нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Нэхэмжлэгч “В” ХХК-аас Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдад тус тус холбогдуулан ““В” ХХК болон Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-ний 6.3-т заасан гэрээний хугацааг зогсоох буюу гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүссэн болох нь МҮХАҮТ-ын 02/206 дугаар гэрчилгээгээр тогтоогдсон байтал гэрээний хугацааг зогсоож, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар сунгахгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний хугацааг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар зогсоож, мөн хугацаагаар сунгахыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.Сангийн сайд Ч.Х, Барилга, хот байгуулалтын сайд Х.Б болон “В” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б нар 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 93/188А/ВХ-08/20-16 дугаар “Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-г байгуулсан байна.
2.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын хэмжээнд цар тахлын хорио цээрийн дэглэм тогтоож, хил гаалийг тодорхойгүй хугацаагаар хааж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд байснаас үүдэн төслийн худалдан авалтын үйл ажиллагаа удааширсан. Хариуцагч нарт гэрээний 6.3-т заасан нөхцөлийг хэрэгжүүлж, гурван талт гэрээг сунгах хүсэлтийг уламжилсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй, гэрээг сунгахгүй байгаа” гэсэн агуулгаар тодорхойлон маргасан.
2.2.Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... гэрээг сунгах боломж байхгүй гэсэн хариуг хүргүүлж ажилласан тул эс үйлдэхүй байхгүй. Гэрээнд заасан хугацаанд төслийн ажилд шаардагдах тоног төхөөрөмжийг бүрэн импортолж оруулж ирсэн байна. Иймд хууль болон гэрээний хүрээнд гурван талт гэрээний хугацааг сунгах үндэслэлгүй”,
2.3.Хариуцагч Барилга, хот байгуулалтын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... төсөл хэрэгжих хугацаа удааширсан нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөө гэж үзсэн тул тус компанийн гурван талт гэрээг сунгах хүсэлтийг дэмжиж, Сангийн яаманд уламжилсан. Уг гэрээг сунгахаас татгалзсан ямар нэг шийдвэр, эс үйлдэхүй гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/0470 дугаар шийдвэрээр: Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “В” ХХК-аас Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдад тус тус холбогдуулан гаргасан ““В” ХХК болон Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-ний хугацааг сунгахгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний хугацааг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар сунгахыг Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2023/0486 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/0470 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
5.1.Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
5.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлийн тухайд: Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн гаргасан хариу тайлбар, татгалзалд дурдсан үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлага түүний хүрээ хязгаар зэргийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
5.3.Нэхэмжлэгчээс хариуцагч Сангийн сайд болон Барилга хот байгуулалтын сайдад холбогдуулан “...хүсэлт шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний хугацааг сунгахыг даалгах” агуулга бүхий шаардлага гаргаж маргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх энэ үндэслэлд эрх зүйн дүгнэлт огт өгөөгүй атлаа өөр үндэслэлээр дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буруу тодорхойлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэхүү үйл баримттай холбоотой нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, ажиллагааг огт хийгээгүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
5.4.Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “...Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т заасан “...Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг зөрчиж, хариуцагч Сангийн яамны нотлох баримтаар өгсөн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/5099 дүгээр хариу хүргүүлэх тухай, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03/5483 дугаар албан тоотуудыг нэхэмжлэгч талд хэрхэн хүргүүлсэн зэргийг шалган тогтоогоогүй, энэ талаарх баримтуудыг цуглуулаагүй атлаа зөвхөн хариуцагч Сангийн яамны төлөөлөгчийн гаргасан тайлбарт үндэслэж нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийж, “...эс үйлдэхүй байхгүй, тухайн хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна” гэсэн агуулгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
5.5.Шүүхийн дүгнэсэнчлэн хэрэгт дээрх хариу албан тоотууд нэхэмжлэгчид хэрхэн хүргүүлсэн талаарх баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгч талд хууль ёсоор хүргэгдсэн үйл баримт байхгүй. Хариуцагч Сангийн сайдын төлөөлөгчдийн татгалзлын үндэслэл болсон хариу албан тоотууд нэхэмжлэгчид зохих журмын дагуу хүргэгдсэн эсэхээс хамаарч энэхүү хэргийн шаардлага үйл баримт өөрчлөгдөх, нэхэмжлэлийн шаардлага бүрэн тодорхойлогдох байсан бөгөөд хэргийн нөхцөл байдал ч тодорхой болох байсан боловч шүүхүүд энэ нөхцөл байдалд огт дүгнэлт хийлгүйгээр “хариуцагч нараас хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаарх хариуг удаа дараа нэхэмжлэгчид хүргүүлсэн” гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд шүүхийн шийдвэрт нөлөөлөх үндэслэл болсон.
5.6.Шүүх хариуцагч Сангийн сайдыг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдээс бичгээр гаргасан тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, уг тайлбар гэгчид дурдсан үндэслэлийг хариуцагч Сангийн сайдын тайлбар, байр суурь мэтээр дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна. Зүй нь шүүх хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээдээс хуульд заасан журмын дагуу гаргасан тайлбарт дүгнэлт хийх ёстой.
5.7.Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасан бичгээр тайлбар авах журам хэрэгжээгүй зөрчигдсөн байхад хариуцагч Сангийн сайд тайлбар, түүнд хавсарган өгсөн нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт мэтээр дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн заалтад нийцээгүй байна.
5.8.Гэтэл хэрэгт мөн хариуцагчаар оролцсон Барилга, хот байгуулалтын сайд өөрийн эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрсөн, гэрээний хугацааг сунгах үндэслэл бүхий нөхцөл байгаа талаар бодит санал гаргасан байгаа талаар бодит дүгнэлт хийсэнгүй. Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан болохыг дүгнэсэн боловч “... 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд өмнө өгсөн тайлбараа дэмжиж оролцсон, ноцтой зөрчил биш, хэрэгт төдийлөн ач холбогдолгүй” гэж үзсэн нь ойлгомжгүй дүгнэлт болжээ.
5.9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болохоо илэрхийлж, хүсэлтээ холбогдох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн байдаг боловч уг хүсэлтийг хэлэлцэлгүйгээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ...” гэж заасан зарчмыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
5.10.Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хариуцагч нараас хүсэлт гарсан эсэх эсхүл шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж буй үндэслэлийн талаар огт дүгнэлт хийж дурдаагүй байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хэргийн үйл баримтын талаарх биш урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг тодорхойлж, шүүх хуралдааныг явуулсан нь шүүх нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
5.11. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хийхээр товлосон. Нэхэмжлэгч тал ч шүүх хуралдаан тухайн товлогдсон өдрөө хуралдсан гэж ойлгож байгаа. Гэтэл нэхэмжлэгчид 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн огноотой шүүх хуралдааны шийдвэр гардуулагдсан. Энэ нөхцөл байдал нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөнгөн хуумгай хандсан гэж ойлгоход хүргэж байна. Энэ шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасан залруулга хийгдээгүйг хяналтын шатны шүүх анхааралдаа авна уу.
5.12.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу албан татвар төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт анх удаа шийдвэрлүүлэхээр хандаж байгаа асуудал биш бөгөөд хүчин төгөлдөр Засгийн газрын тогтоолын дагуу байгуулагдсан гэрээний үргэлжлэх хугацааг гэрээнд заасны дагуу давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөллөөр сунгаж, хуваарьт өөрчлөлт оруулах үүргээ гүйцэтгэхгүй байгаа хариуцагч нарын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, уг үүргээ гүйцэтгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл байсан.
5.13.Хариуцагч нар нь уг гэрээний хугацааг сунгах эрх бүхий этгээд болох талаар шүүх огт анхаарч үзсэнгүй.
5.14.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 176 дугаар тогтоолын дагуу талуудын хооронд байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-г Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Сангийн сайд болон Барилга, хот байгуулалтын сайд нар нь байгуулсан болох нь тус гэрээнд тодорхой заагдсан. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь манай компанид албан татвар төлөх хугацааг хойшлуулах асуудлыг бүрэн шийдвэрлэх эрхийг Засгийн газраас олгосон байх ба уг гэрээний хэрэгжилт, татвар төлж эхлэх хугацаа зэргийг бие даан шийдвэрлэх эрхтэй этгээдүүд болох талаар бодит дүгнэлт хийсэнгүй.
5.15.Шүүхээс хариуцагч нарын гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүйн талаар дүгнэлт огт хийгээгүй атлаа манай компанийг албан татвар төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг шинээр хүсэлт гаргаж байгаатай адилтган үзэж хууль хэрэглэн дүгнэлт хийсэн буюу хууль зүйн үндэслэлээ Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан зохицуулалтыг үндэслэл болгосон уг хуулийн үндсэн агуулгаас зөрүүтэйгээр хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 384 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч Б.Ц, Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7.Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
8.2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд болон “В” ХХК нар “Х э ц” төслийн хүрээнд ашиглахаар импортоор оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийн иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг сунгахаар харилцан тохиролцож, “Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ” байгуулсан байна. Уг гэрээний хавсралтад импортоор оруулж ирэх барааны жагсаалт, хойшлуулсан татварыг төсөвт төлөх хуваарь (хугацаа) тусгагджээ.
9.Нэхэмжлэгч “В” ХХК-аас Барилга, хот байгуулалтын сайдад 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08/22-006 дугаар, Сангийн сайдад 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 08/22-182 дугаар “дэмжлэг хүсэх тухай” албан бичгээр “тоног төхөөрөмж бүрэн орж ирээгүй, “3 талт гэрээ”-ний 6.3-т заасан гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүссэн” талаар дурдаж, гэрээний хугацааг сунгуулахаар ханджээ.
10.“В” ХХК-аас Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдад холбогдуулан “Гэрээний 6.3-т заасан гэрээний хугацааг зогсоох гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүссэн болох нь тогтоогдсон байтал “гурван талт гэрээ”-ний хугацааг зогсоож, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар сунгахгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний хугацааг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар зогсоож мөн хугацаагаар сунгахыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
11.Иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах тохиолдолд нэхэмжлэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ ойлгомжтой, тодорхой тусгах ёстой.
12.Тодруулбал, захиргааны байгууллагын ямар хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хөндөгдөж байна гэж үзэж байгаа (нэхэмжлэлийн үндэслэл), шүүхээр хэрхэн, яаж хамгаалуулахыг хүсэж байгаагаа (нэхэмжлэлийн шаардлагын төрөл) зөв, оновчтой тодорхойлсноор шүүх маргааны үйл баримтад бүрэн дүгнэлт хийж, хэргийг нэг мөр шийдвэрлэх учиртай.
13.Энэхүү хэргийн хувьд нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн аль аль нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ биелүүлээгүй, давж заалдах шатны шүүхээс уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг залруулаагүй нь буруу болжээ.
14.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “гэрээний хугацаа сунгахыг даалгах” гэж тодорхойлсон боловч агуулгын хувьд Засгийн газраас Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдад эрх олгосны үндсэн дээр байгуулагдсан “Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-ний хэрэгжих хугацаа, гэрээний хавсралтад заасан тоног төхөөрөмжид ногдуулах татвар төлөх хугацааг хэзээнээс тооцох эсэхтэй маргаж байхад шүүхүүд “... Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар албан татварыг төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд нь Засгийн газар байна” гэсэн дүгнэлт хийсэн нь маргааны үйл баримтыг зөв тодорхойлж чадаагүй гэж үзэхээр байна.
15.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шүүх тодруулсны үндсэн дээр энэхүү маргааны хариуцагч хэн байх, маргааны зүйл нь юу болох нь тодорхойлогдох бөгөөд шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд маргааныг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй юм.
16.Түүнчлэн нэхэмжлэгчийн импортоор оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийн иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг сунгахаар харилцан тохиролцож, гурван талт гэрээ байгуулсан боловч бодит байдалд уг гэрээ нь хавсралтад заасан хугацаанд хэрэгжих боломжтой байсан эсэх, хавсралтад заасан хугацаандаа тоног төхөөрөмжүүд нь бүрэн орж ирсэн эсэхэд дүгнэлт өгөх, шаардлагатай тохиолдолд Засгийн газраас уг гэрээний хэрэгжилтийн талаарх санал, байр суурийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/0470 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2023/0486 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ