Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/01309

 

Л.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 6177 дугаар шийдвэр,

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1454 дүгээр магадлалтай,

            Нэхэмжлэгч: Л.А

            Хариуцагч: О.Н

            Хариуцагч: Ч.Н,  

           Үндсэн нэхэмжлэл: 38.969.000 төгрөг гаргуулах 

        Сөрөг нэхэмжлэл: 277.152.250 төгрөг болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж О.Нд олгох тухай иргэний хэргийг 

           Хариуцагч О.Н, Ч.Н нарын  гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Хариуцагч О.Н, Ч.Н, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

       Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Н, Ч.Н нар 2013-12- 25-ны өдөр 22 100 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 3 удаагийн давтамжтайгаар 22.1 сая төгрөгийг О.Н, Ч.Н нарын дансанд шилжүүлсэн. Иймд  үндсэн зээл 22 100 000 төгрөг, хүү 2 100 000 төгрөг, алданги 5 929 000 төгрөг нийт 30 129 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.  2015-05-26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 38.969.000 төгрөг болгосон боловч  татан авч байна гэжээ.

          Хариуцагч нар шүүхэд гаргасан  хариу тайлбарт: Л.Ааас 22 100 000 төгрөг зээлсэн нь үнэн. Л.Ааас 2 хувааж 22 100 000 төгрөгийг зээлсэн. 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төлбөрөө төлөөд дууссан байхад  миний барьцааг өгөөгүй.  Голомт банкны салбарын касс гэдэг өрөөнд ороод н.Халиуны дэргэд Л.Ат 12 000 000 төгрөгийг бэлнээр би тоолж өгсөн. Л.А надаас 12 000 000 төгрөг аваад хүнрүү утсаар яриад О.Нгаас 12.000.000 төгрөг орж ирж байна би одоо чамруу шилжүүлье гэж ярьсан. 12 000 000 төгрөгийн хүү төлөөгүй учир 10 000 000 төгрөг дээр чинь хүү тооцно. 13 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн шүү гэсэн. 2014-01-13-ны өдөр Ч.Н бид хоёрыг Л.А Сайн ломбард дээр хүрээд ирээч би хүнээс 80 сая төгрөгийн жийп машин авах гэсэн юм гэсэн. Ингээд манай машиныг 1.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2014-01-30-ны үеэр манай машиныг нэг залуу унаад явж байсан. Л.А руу  яриад “...хүү мөнгийг чинь өгч байхад яагаад манай машиныг зарсан юм бэ..”  гэхэд “... машин чинь байгаа, хурдан мөнгөө өг энэ чинь миний машин...” гээд утсаа тасалсан. 22сая төгрөгийн зээлээс 12 сая төгрөг төлсөн байхад 30 сая төгрөг болгож нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч О.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Л.А нь зээлийн гэрээ дуусаагүй байхад бидний борлуулалт хийж байсан машиныг авч зарсан. Уг машинаар миний бие борлуулалт хийж Хаан банкнаас зээлсэн мөнгөө төлдөг байсан. Үүнээс үүдээд би олох ёстой байсан орлогоо алдсан. Энэ хугацаанд Эрэл банкны зээл 1, 2, 3 сард мөн л тасалдаж иргэн О.Чимэдцэрэнгээс 9 500 000 төгрөгийг сарын 2.1 хувийн хүүтэй зээлж хохирсон. Иймд машины үнэ 7 600 000 төгрөг, зээлийн давхар өрөнд оруулсан 9 500 000 төгрөг, 2 сарын хүү 399 000 төгрөг, Хаан банкны зээлийн хүү алданги 7 705 000 төгрөг, нийт 25 204 000 төгрөгийн шаардлагаа 18 сарын олох ёстой байсан орлого болох 251 948 250 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 277 152 250 төгрөгийг Л.Ааас гаргуулж, Ч.Ны  үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг чөлөөлж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна. Зээлийн давхар өрөнд оруулсан гэдэг нь ойлгомжгүй бөгөөд шаардлага тодорхойгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн агууллгаас О.Н нь 2013-12-23-ны өдөр 10 сая төгрөг 2013-12-24-ний өдөр нэхэмжлэгчээс зээлж авсан гэдгээ зөвшөөрсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 6177 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан О.Н, Ч.Н нараас 24 459 000 төгрөг гаргуулж Л.Ат олгож, 5 670 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг баримтлан 8 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг татан авсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 308.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 280.245 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч сөрөг нэхэмжлэлд төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 156.390 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Л.Ат олгуулж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 28-ны өдрийн 1454 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 6177 дугаар шийдвэрийн 2 дахь заалтын “хэлэлцэхгүй орхисугай” гэснийг “хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч О.Н, Ч.Н нар хяналтын гомдолдоо: О.Н миний бие 22 сая төгрөг зээлж, 12сая төгрөг буцааж өгсөн, машиныг хүчээр шахуу булаалгасан.  О.Н, Ч.Н бидний хүсэлтүүдийг шүүх хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн  мэдүүлэг болон гэрээг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн. Л.А нь Цамбагарав дахь төрийн банкны салбарт оройн 6 цагын орчим хамгийн сүүлийн гүйлгээ хийж байх үед надаас мөнгөө аваад тус салбарт хэн нэгэнд мөнгө шилжүүлж байсан. О.Н миний бие тус өдөр өөрийн данснаас 12.000.000 төгрөг авч нэхэмжлэгчид өгсөн. 12.000.000 төгрөг гаргаж авсан талаарх баримт хэрэгт авагдсан. Мөн хэрэгт ач холбогдол бүхий хар дэвтэр гаргуулах, Голомт банкны камер болон гүйлгээг шүүлгэх хүсэлтийг тавьсан ч  хангаагүй.  О.Н миний Тоёото витз автомашиныг хууран мэхэлж өөрийн нэр дээр шилжүүлэн авчхаад 3.500.000 төгрөгөөр үнэлж байгаад миний бие анхнаасаа гомдолтой байсан. Бид шүүх хуралдаан болгон дээр машиныг ямар байдлаар авч явсан талаар хэлж бид энэ үйлдлээс нь болж түгээлтээ хийж чадалгүй хохирсон гэж тайлбарлаж байсан. Гэтэл шүүх энэ байдлыг минь авч хэлэлцээгүй. Мөн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд нэхэмжлэгч зээлийн төлбөртөө бидний үндсэн гол тоног төхөөрөмжийг авснаас болж хохирсон гэдгээ бичсэн боловч мөн хамааралгүй гэж хэргийг хэлэлцэхгүй байгаад гомдолтой байна. Л.А анх зээл олгохдоо бидний хийж байсан бууз баншны цехийн орлогыг үндэслэж зээл өгсөн байдаг. Ийм байтал сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлд хамааралгүй гэж үзэн нь хууль зөрчсөн. Гэрч н.Халиун нь ээж данснаасаа 12.000.000 төгрөгийг авч өгсөн гэсэн мэдүүлгийг өгсөн байтал гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй байгаад гомдолтой байна. Л.А нь шүүх хуралдааны явцад 15 сая төгрөг өгчих тэгвэл байрны гэрчилгээний хамт машиныг буцааж өгөөд хэргийг хаалгах талаар санал гаргаж байсан. Энэ байдал нь надаас 12 сая төгрөгөө авсан гэдгийг мөн гэрчилж байна. Л.А нь хүүтэй мөнгө бусдад зээлж бусдыг байнга дарамталж зовоож байдгийг бид мэднэ.  Иймд  магадлал болон шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

         Л.А 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж /хх1-ийн1/ О.Н, Ч.Н нараас үндсэн зээл 22.100.000 төгрөг, нэг сарын хүү 2.100.000 төгрөг, алданги 5.929.000 төгрөг нийт 30.129.000 төгрөг гаргуулахыг шаардаж, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг /хх 1-ийн 7/ үндэслэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шаардлагаа /хх-2 ын 104/ 8.840.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн боловч татан авсан байв. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй. /хх 1-ийн 15-17, 31-33/

         Хариуцагч О.Н 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж /хх 1-ийн 54/ Л.А-с автомашины үнэ 7.600.000 төгрөг, өр төлбөрт оруулсны хохирол 9.500.000 төгрөг, 2 сарын хүү 399.000 төгрөг, ХААН банкинд төлсөн зээлийн хүү, алданги 7.705.000 төгрөг нийт 25.204.000 төгрөг шаардсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Н нь 2015-08-04-ний өдөр шаардлагаа  нэмэгдүүлж, 18 сарын хугацаанд олох байсан орлогод 251.948.250 төгрөг нэхэмжилсэн /хх 2-ын 153-155/ байна. Л.А сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх1-ийн 103, хх2-ын 184/ маргасан.    

        Хариуцагч Ч.Н 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж /хх 2-ын 149-151/ нэхэмжлэгчээс 2014-01-02-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 60 кв.м орон сууцны гэрчилгээ гаргуулах, 88-92 УБЧ улсын дугаартай автомашин гаргуулахыг шаардсан байна.  

        Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 24.459.000 төгрөгийг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч 8.840.000 төгрөгийн шаардлагаа татан авсныг дурдаж, сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхижээ.

        Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагаа татан авсныг дурдсан заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсэн байна.

        Шийдвэр болон магадлалыг дараах үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Л.А нь О.Н, Ч.Н нараас үндсэн зээл 22.100.000 төгрөг, нэг сарын хүү 2.100.000 төгрөг, алданги 5.929.000 төгрөг нийт 30.129.000 төгрөг гаргуулахыг шаардаж, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ болон 2013 оны 12 дугаар сарын 23, 24-ний өдөр мөнгө шилжүүлсэн 3 ширхэг баримтыг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгожээ. 

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон эдгээр баримтыг үзвэл, Л.А нь О.Нд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөгийг “орлого” гэж, мөн сарын 24-ний өдөр 2.500.000 төгрөг, 9.600.000 төгрөгийг “байрны урьдчилгаа төлбөр” гэж шилжүүлж, мөн сарын 25-ны өдөр Л.А-с О.Нд 22.100.000 төгрөгийг 2013-12-23-ны өдрөөс 2014-01-23-ны өдөр хүртэл сарын 10 хувийн хүүтэй зээлүүлэх тухай гэрээ байгуулсан, уг гэрээнд Л.А, О.Н нараас гадна Ч.Н “хамтран зээлдэгч” гэж гарын үсэг зурсан байна. /хх 1-ийн 4-7,24/ .

       Дурдсан баримтуудаас Л.А-с О.Нд 2013 оны 12 дугаар сарын 23, 24-ний өдөр “орлого”, “байрны урьдчилгаа төлбөр” гэж шилжүүлсэн нийт 22.100.000 төгрөгийг хариуцагч нар зээлсэн гэж мөн сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан гэж шүүх үзжээ. 

        Нэхэмжлэгч 2013 оны 12 дугаар сарын 23, 24-ний өдөр 22.100.000 төгрөгийг  О.Нд шилжүүлсэн байхад шүүх Ч.Наас мөнгө гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн  нь ойлгомжгүй  байна.  

        2. Хариуцагч Ч.Н 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж /хх 2-ын 149-151/ нэхэмжлэгчээс 2014-01-02-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 60 кв.м орон сууцны гэрчилгээ гаргуулах, 88-92 УБЧ дугаартай автомашин гаргуулахыг шаардсан байхад шүүх хүлээн авахаас татгалзсан нь /хх 2-ын 168/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийг зөрчжээ.

        Хэргийн 1-р хавтас 25 дугаар талд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр  Л.А нь Ч.Нд 19.600.000 төгрөгийг 2013-12-23-ны өдрөөс 2014-01-23-ны өдөр хүртэл сарын 10 хувийн хүүтэй зээлүүлэх тухай гэрээ байх бөгөөд уг гэрээнд Л.А, Ч.Н нараас гадна О.Н “хамтран зээлдэгч” гэж гарын үсэг зурсан байна. Түүнчлэн, хэргийн 2-р хавтас 156-158 дугаар талд 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Л.А нь Ч.Нд 19.600.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлүүлэх, мөнгийг Төрийн банкаар шилжүүлсэн гэх зээлийн болон барьцааны гэрээ авагджээ.

        Дээр дурдсан гэрээний дагуу хариуцагч нарт мөнгө шилжээгүй, эдгээр гэрээ нь нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээтэй холбоотой гэж хариуцагч тайлбарласныг  Л.А үгүйсгээгүй, нэхэмжлэгч нь Ч.Наас нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний үүрэгт машин авсан нь тогтоогдсон байгааг шүүх анхаарч үзээгүй нь буруу байна. 

       3. Анхан шатны шүүх О.Нгийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхисон, үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гомдлоор хэргийг хянахдаа сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-г буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл юм.    

      22.100.000 төгрөгийг төлөх хугацаа болоогүй байхад нэхэмжлэгч нь хариуцагч нараас автомашин зээлийн төлбөрт тооцон авсан, энэ үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байхад шүүх О.Нгийн сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй холбоогүй гэж үзсэн нь алдаатай болжээ.

       4. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон автомашиныг нэхэмжлэгч 2014 оны 1 дүгээр сард авсан байхад шүүх уг автомашиныг 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн  байдлаар үнэлүүлсэн  /хх 2-н 90/ нь дутагдалтай болжээ.

        5. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-д зааснаар зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөөр эрхэлнэ. 

        Нэхэмжлэгч нь бусдад зээл олгож орлого олдог эсэх, явуулдаг бол энэ нь тусгай зөвшөөрлийн дагуу хийгддэг эсэхийг тогтоосны эцэст нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийх нөхцөл бүрдэх учиртай.     

        Гэтэл шүүх “...нэхэмжлэгч мөнгө хүүлдэг тул түүний дансны гүйлгээг шалгуулах...” тухай хариуцагчийн хүсэлтийг хүлээн аваагүй нь Иргэний хуулийн 56-р зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 -г зөрчжээ. 

        6. Шүүх  “...талууд алдангийн талаар тохиролцсон...” гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 40, 41,198 дугаар зүйлийн зохицуулалтыг анхаараагүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2013-12-25-ны өдрийн гэрээний 3-т “... алданги... төлүүлэх эрхтэй...” гэснийг талууд алдангийн талаар тохиролцсон гэж үзэхэд үндэслэл шаардлагатай.

        Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 6177 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1454 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

       2. Хариуцагч нар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                               ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ