Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01780

 

 

    2024          09            16                                        210/МА2024/01780

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/03379 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан хариуцагч О.Сд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 82,500,000 төгрөг гаргуулах үндсэн, 30,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч О.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.М /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. О.С нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уурхайн үйлдвэрлэлийн талбайд байрлах **** маркийн **250 экскаваторуудын засвар үйлчилгээг бүрэн хариуцаж хийх, манай компанаас ажлын хөлсөнд сар бүр 30,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.

2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 6,500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 9,500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг хамтран ажилладаг компанийн дансаар О.С-ийн харилцах дансанд шилжүүлсэн.

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн ажлаа гүйцэтгэхгүй, техник хэрэгслийг аргацаах байдлаар ажиллуулсан тул тохиролцсоны дагуу хийж гүйцэтгэхийг шаардсан боловч О.С нь шаардлагыг хүлээж авахгүй, ажлаа орхиж явсан. Хариуцагчийн энэхүү хариуцлагагүй үйлдлийн улмаас 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ***1250 01 экскаватор техникийн хөдөлгүүр цохиж цаашид ашиглах боломжгүй болж 500,000,000 төгрөгийн хохирол учирсан. Бидний зүгээс компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр өөрийн зардлаар хөдөлгүүрийг бүрэн солиход 938,892,300 төгрөгийн зардал гаргаж, их хэмжээний алдагдал хүлээсэн.

1.2. Б ХХК, О.С нар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажиллах гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр О.С нэхэмжлэгчийн өмчлөлийн **** ***1250 маркийн техникийн засвар үйлчилгээг хийх, гэрээний 3.1-д заасан 30,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.

Гэрээний 3.2-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 12,500,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Хариуцагчийн шаардсаны дагуу шаардлагатай тоног төхөөрөмжийг хугацаанд нь нийлүүлсэн боловч О.С нь гэрээнд заасан ажлаа хийгээгүй, үүргээ зөрчсөн.

1.3. Иймээс гэрээг цуцалж, ажлын хөлсөнд шилжүүлсэн мөнгөө буцаан шилжүүлэхийг шаардсан боловч шилжүүлээгүй тул 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 3.1, 3.2, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр амаар байгуулсан гэрээний дагуу ажлын хөлсөнд шилжүүлсэн 82,500,000 төгрөгийг хариуцагч О.С-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Би, Б ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр амаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уурхайн үйлдвэрийн талбайд байрлах **** **250 01, 03 экскаваторуудын засвар үйлчилгээг 5 хүний бүрэлдэхүүнтэй сарын 30,000,000 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцсон. Тухайн үед үзлэг хийхэд **** **250 03 тоот экскаватор нь ажиллахгүй зогссон байдалтай, ****  **250 01 экскаватор нь 1 цаг ажиллаад 1 цаг амардаг байсан. Дээрх техникийг 2 сарын дотор бүрэн ажиллагаанд оруулж, сүүлийн сард тус техникүүдийн хэвийн ажиллагааг хангаж ажилласан. Гэвч Б ХХК-ийн зүгээс 1 сарын хөлсийг өгөхгүйн улмаас маргаан үүссэн. Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ****** **250 01 экскаваторыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж уг техникийн хөдөлгүүр цохиж ашиглах боломжгүй болсон тул Иргэний хуулийн 349 зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан.

2.2. Нэхэмжлэгч компанитай 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уурхайн үйлдвэрлэлийн талбайд байрлах **** **250 02 экскаваторын засвар үйлчилгээг 30,000,000 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчээс тус засварын хөлсөнд нийт 12,500,000 төгрөг төлсөн бөгөөд энэ нь зөвхөн урьдчилгаа мөнгө байсан.

Уг техникийг 30,000,000 төгрөгөөр засварлах саналыг тавихаар нь цахилгааны цээж утсыг солих шаардлагыг тавьсан. Гэтэл компанийн удирдлагын зүгээс тус техникийн цахилгааны цээж утсыг худалдан авах боломжгүй тул утсыг засаж өгөөч, дээрх хөлснөөс тусад нь 10,000,000 төгрөг төлье гэсэн. Ингээд 2020 оны 10 сарын 17-ны өдөр тус цахилгааны цээж утсыг засварлах хөлсийг нэхэмжлэгч тал төлсөн. Гэтэл нэхэмжлэгч энэ 2 ажлыг нэг ажил мэтээр ойлгуулж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Энэ тохиролцоог надтай хамт ажиллаж байсан Б.Баянбат, А.А, Л.С нар мэднэ.

2.3. Нэхэмжлэгчээс урьдчилгаанд төлсөн 12,500,000 төгрөгийн хэмжээнд дараах ажлуудыг хийсэн. Үүнд тухайн техникт дутуу шаардлагатай сэлбэгийн жагсаалт гаргаж, өмнө нь ирсэн байсан хөдөлгүүр, эд ангиудыг суурилуулахад бэлтгэл ажлыг өндөр түвшинд гүйцэтгэж, эд ангиудыг цэвэрлэсэн. Дээрх байдлаар гэрээний дагуу үүргээ биелүүлж ажилласан байхад нэхэмжлэгч дутуу сэлбэгүүдийг захиалахгүй 2-3 сар болж тухайн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон.

Иймд, О.С-с 82,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай Б ХХК-ийн уурхайд очиж эксковаторын засварын ажлыг н.П, н.Н, Б.Б, н.М нарын хамт хийсэн боловч тус компаниас ажлын хөлс 30,000,000 төгрөгийг өгөөгүй. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний дагуу Б.Бнь Шарын голын 2 механикчтай хамт 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж, дараа нь 4 хоногийн дараа дахин очиж засварын ажлыг үргэлжлүүлж 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 7 хоног сэлбэгийн жагсаалт гаргаж, явах эд ангийн цэвэрлэгээ хийж, гидро системийн цэвэрлэгээ, цээж утсыг салгаж авч засварлаад буцаан суурилуулах, хөдөлгүүрийн касчер сольсон, хөдөлгүүрийн “ЕСМ” цахилгааны утсыг сольсон, хөдөлгүүрийн ард боогддог редуктор сольсон, эксковаторын сумыг угсарсан, кабины дутуу боолтуудыг бүрдүүлж боосон. Кабины эргэн тойрны хашилтыг боосон, цилиндрийг цэвэрлэж, бүрдүүлж угсрах ажлыг хийсэн. Ингээд ажлын дундуур хотод байж байгаад засвараа үргэлжлүүлэхээр очих гэтэл ирэх хэрэггүй ковид гарсан гэж хэлсэн. Ингээд байж байтал тухайн компаниас дахиж холбоо бариагүй тул Б ХХК-аас ажлын хөлс 30,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар маргадаггүй. Уурхайн бүртгэлээр Б.С нар 2 сарын хугацаанд ажилласан болох нь тогтоогдож байгаа. 2019 оны 09 дүгээр сарын 20, 24-ний өдрүүдэд 10,000,000 төгрөг шилжүүлснээр ажиллаж эхэлсэн боловч гэрээнд заасны дагуу ажил үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийгээгүй. Талууд 3 сарын хугацаатай ажиллахаар гэрээгээр тохиролцсон атлаа 2 сар ажилласан. О.С нь ажлын үр дүн, үзүүлэлт муугаас гадна бүрэн дүүрэн засвар үйлчилгээ хийхгүй, зөвхөн аргацаах засвар үйлчилгээ хийгээд байсан. Иймээс 30,000,000 төгрөгийн хөлсийг манайх төлөх үндэслэл байхгүй. Гэрээгээр тохиролцсон хугацаатай мөртлөө ажиллаагүй хугацааны мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Сэс 12,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,000,000 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч Б ХХК-д холбогдох 30,000,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч О.С-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч О.Сэс улсын тэмдэгтийн хураамжид 214,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 570,450 төгрөгийг, хариуцагч О.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулагдсан хэлцлүүдийн ялгааг гаргаж, дүгнээгүй байна. Талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2 ширхэг эксковатор засварлах ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Ажил гэрээний хариу төлбөр 90,000,000 төгрөг байсан. Мөн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1 ширхэг эксковатор угсрах ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан. Ажил гэрээний хариу төлбөр 30,000,000 төгрөг байсан. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ***1250 цахилгааны монтаж хийх ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан. Ажил гэрээний хариу төлбөр 10,000,000 төгрөг байсан. Ийнхүү шүүх дээрх 3 гэрээ байгуулагдсаныг дүгнээгүй байна.

6.2. Талуудын байгуулсан 2 дахь гэрээний урьдчилгаа 12,500,000 төгрөг байсан бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр уурхайн байранд очин ажиллаж байгаад 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан. Тухайн үед бүх задаргаа, оношилгоог хийж, сэлбэгийн жагсаалт гаргаж өгсөн нь ажлын 80 хувь болно. Сэлбэгийг ажил гүйцэтгүүлэгч тал БНХАУ-аас авчирсны дараа хариуцагч нь үлдсэн 20 хувь болох угсралтын ажлыг хийж өгөх байсан нь гэрч нарын мэдүүлэг болон хариуцагчийн шүүхэд гаргасан бичгийн баримтаар нотлогдож байгаа. Гэтэл ковидын хөл хорионы улмаас нэхэмжлэгч сэлбэгийг БНХАУ-аас оруулж ирж чадаагүй. Сэлбэгээ өгөөгүй учраас хариуцагч ажлаа бүрэн дуусгаж чадаагүй. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгчийн буруугаас болоогүй харин ажил гүйцэтгүүлэгч шаардлагатай сэлбэг материалаа өгөөгүй учраас ажил гүйцэтгэх боломжгүй болсон.

6.3. Шүүхээс шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн нотлох баримтыг анхан шатны шүүх дүгнээгүй орхигдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 12,500,000 төгрөгийн шаардлагыг хангах болсон шалтгаан, үндэслэл, нотлох баримтыг дурдаагүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Ийнхүү 30,000,000 төгрөгийн хөлстэй ажлыг 80 хувьтай гүйцэтгэсэн учраас 12,500,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

6.4. Талуудын хооронд байгуулагдсан эхний гэрээний дагуу 01, 03 дугаартай 2 ширхэг эксковаторыг ажиллагаанд оруулах нь ажлын үр дүн байсан бөгөөд хэдийгээр талууд ажил хүлээлцсэн акт үйлдээгүй боловч 2 ширхэг эксковатор нь хэвийн ажиллаж байсан болохыг гэрчүүд мэдүүлдэг ба анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн “6в”-д ажлыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болохыг тогтоосон атлаа үлдэгдэл хөлс 30,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаагүй нь үндэслэх хэсгээс зөрсөн шийдэл болсон. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2 ширхэг эксковатор засварлагдсаны дараа шатсан улмаар 938,892,300 төгрөгийн хохирол учирсан талаар үндэслэлээ тодорхойлж байх боловч энэ талаар өөрсдөө нотолж чадаагүй. Мөн ажлын үр дүнгийн доголдолтой холбоотойгоор гомдлын шаардлага гаргаж байгаагүй, зөвхөн үлдэгдэл хөлс 30,000,000 төгрөгийг төлөхөөс зайлсхийж үндэслэлгүй тайлбар гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх 3 гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хариуцагчийн тайлбарласнаар “10,000,000 төгрөгийн гэрээ нь ***1250 гэх автомашины цээж утсыг засварласан учраас тухайн төлбөрийг шилжүүлсэн” гэж тайлбарладаг. Уг засварыг шинжээчийн дүгнэлтээр 3,000,000-6,000,000 төгрөгөөр засварлах боломжтой гэж тогтоосон. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд 10,000,000 төгрөгөөс нэхэмжлэлийн үнийн дүнгээс 7,000,000-8,000,000 төгрөгийн хэмжээнд хангах ёстой байсан. Гэвч анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх О.С-ийг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээгээр 2 сар ажилласан гэдгийг тогтоосон. Мөн сөрөг нэхэмжлэлийн 30,000,000 төгрөгийг гаргуулахаар 3 сар ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нотлох баримтаар 2 сар ажилласан гэх нөхцөл байдал тогтоогддог. 2 гэрээний хугацаанд хариуцагч О.С нь тухайн эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. “Ковид-19” цар тахлын үед үйл ажиллагааг зогсоож байсан. 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу урьдчилгаа болгож 12,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Уг гэрээний дагуу талуудын хооронд үйл ажиллагаа явагдаагүй учраас гэрээ хэрэгжих боломжгүй гэж үзэж, гэрээг цуцалсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад тухайн экскаваторыг О.С засварлаагүй, нэхэмжлэгчийн зүгээс экскаваторыг засахад шаардлагатай сэлбэгээр хангах ёстой байсан боловч хангаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг хянаад түүний гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч О.Сд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 82,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч 30,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Б ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уурхайн үйлдвэрлэлийн талбайд байрлах **** маркийн **250 техникийн засвар үйлчилгээг О.С-ээр бүрэн хариуцаж засварлуулах, захиалагч нь ажлын хөлсөнд сар бүр 30,000,000 төгрөг төлөхөөр амаар тохиролцсон байна.

3.1. Мөн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бичгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн эзэмшлийн **** маркийн ***1250 маркийн техникийн засварын ажлыг гэрээнд заасан хугацаанд, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч нь урьдчилгаа 12,500,000 төгрөг шилжүүлэх, үлдэгдэл төлбөр болох 17,500,000 төгрөгийг ажлын үр дүнг хүлээн авснаас хойш төлөхөөр харилцан тохиролцжээ.

3.2. Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

4. Анх байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч Б ХХК нь ажлын хөлсөнд нийт 60,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн бөгөөд О.С нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд **** маркийн **250 01, 03 техникт засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон.

Тодруулбал, хариуцагч нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн амаар тохиролцож байгуулсан гэрээний үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 2 сарын хугацаанд зохих ёсоор хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэгч нь уг ажлын хөлсөнд төлсөн 60,000,000 төгрөгийг, хариуцагч тал 3 сар ажиллаагүй тул 30,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэх эрхгүй юм.

Иймд, шүүх “нэхэмжлэгч нь эхний гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор ажлын хөлсөнд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхгүй ба хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй” гэж дүгнэж эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

5. Харин шүүх үндсэн нэхэмжлэлээс 12,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүдийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Үүнд:

гэрч Л.С гийн “...Цахилгааны утсыг бол техникт буцаан суурьлуулсан, цахилгааны утсыг сэргээн засварлаад бүрэн бүтэн болгож, уг ***1250 угсарсан байсныг миний бие харсан. Эдгээр залуус шалдан **-1250 техникийн рамнаас цээж утсыг салгаж аваад засварлаж сэлгээд буцаан суурьлуулсан нь бол үнэн” гэх агуулгатай /1хх-149/, 

гэрч Б.Б-ын “...Шатсан экскаваторт бүтэн цэвэрлэгээ угаалга, дээд, доод эд ангийг цэвэрлэж, 200 литр бензин авч цэвэрлэсэн, мантаажлах юмыг нь монтажилсан, цилиндрийг нь цэвэрлэсэн. 70-80 хувийн гүйцэтгэлтэй зассан, ...2020 онд засвар хийсэн экскаваторыг ажиллагаанд бүрэн оруулаагүй, шатсан хэсгийг нь сольсон, 80 хувийн гүйцэтгэлтэй үлдээсэн” гэх агуулгатай /2хх76-77/,

гэрч А.А-ийн “...Машины цээж утсыг засварлах, буцаагаад угсарах, машины сум буюу эх биеийг салгах угсрах, гийдрын системийн шаланкуудыг холболтыг цэвэрлэх угсрах ажил хийдэг байсан” агуулга бүхий мэдүүлгийг тус тус өгчээ /2хх80/.

Дээрх гэрч нарын мэдүүлгээс үзвэл О.С нь гэрээнд заасны дагуу ажлыг 100 хувь хийж гүйцэтгээгүй боловч хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг буюу 70-80 хувийг хийсэн байгаа нь хоёр дахь гэрээний үүрэгт хамаарч байна. Иймд, хариуцагч О.С-ийг гэрээгээр хүлээсэн ажлаас захиалагчийн урьдчилгаанд төлсөн ажлын хөлсөнд дүйцэхүйц хэмжээний ажлыг гүйцэтгэсэн, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

Талууд хоёр дахь ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг 30,000,000 төгрөг гэж тохирсон байх ба нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь уг ажлын урьдчилгаа хөлсийг төлсөн байна.

6. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөгийн хувьд уг мөнгө нь тусдаа ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Учир нь, тухайн техникийн цахилгааны монтаж хийх ажил гүйцэтгэх гэрээний дагуу 10,000,000 төгрөг төлсөн байдал нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй буюу өөр тусдаа үүссэн гэрээний харилцаатай холбоотой маргаан тул талуудын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний үүрэгт төлсөн хөлс гэж үзэхгүй юм.

Нэхэмжлэгч нь гэрч нарын мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөр бусад нотлох баримтаар няцааж чадаагүй бөгөөд хариуцагчийг ажил хийгээгүй гэж буруутгаж байгаа боловч үүнтэй холбоотой ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаагүй.

7. Иймд, анхан шатны шүүх хариуцагчаас 12,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан үндсэн нэхэмжлэл, хариуцагч О.С-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж тогтов.

8. Хариуцагчийн “...шүүхээс шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн нотлох баримтыг дүгнээгүй” гэж давж заалдах гомдол гаргажээ. Хэргийн оролцогчийн шинжээч томилуулах талаар гаргасан хүсэлтийг шүүх хангаж, шинжээчээр “М” ХХК-ийг томилсон байх ба уг дүгнэлтээр “...**** ***1250 маркийн экскаваторын цээж утасны засварын үнэлгээний хөлсийг тогтоох боломжгүй...” гэснээс үзвэл тухайн техникийг засварлах үнийн хэмжээг тогтоогоогүй байх тул уг баримтыг үнэлэх шаардлагагүй. Иймд, энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй /1хх165-169/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/03379 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч О.Сд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 82,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийг, мөн нэхэмжлэгч Б ХХК-д холбогдох 30,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч О.С-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МАНДАЛБАЯР

 

      ШҮҮГЧИД                             Т.ГАНДИЙМАА

 

                                                        Д.ЦОГТСАЙХАН