| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2023/07508/И |
| Дугаар | 210/МА2024/01703 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2024/01703
2024 09 04 210/МА2024/01703
Ж.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/03276 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Ж.*******а
Хариуцагч: Х.*******а
Нэхэмжлэлийн шаардлага: 100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Ж.*******а нь Х.*******атай хамтран Сонгинохайрхан дүүрэгт 200,000,000 төгрөгөөр газар худалдаж авахаар тохиролцож, өөрийн өмчлөлийн, *******-200 загварын, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр худалдан авч буй газрын төлбөрт 90,000,000 төгрөгөөр тооцон, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг Ж.*******ын эхнэр ******* нь Х.*******ын дансанд тус тус шилжүүлсэн. Гэтэл бодит байдал дээр Ж.*******а нь газраа худалдан авч чадаагүй атлаа тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлж, Х.*******ын эзэмшилд шилжүүлж, хүлээлгэн өгсөн.
1.2 Энэхүү асуудлаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан боловч 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 3017 дугаартай тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан.
Иймд Х.*******аас газрын үнийн дүн 90,000,000 төгрөгт тооцон *******-200 загварын, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 90,000,000 төгрөг, мөн Ж.*******ын эхнэр *******аас Х.*******ад шилжүүлсэн 10,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Х.*******а нь 2012 онд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8000 м.кв газрыг өөрийн танил Ж.*******атай хувааж авахаар тохиролцон, газрын үнэ болох 200,000,000 төгрөгийг хувааж төлөхөөр болсон. Ж.*******а нь өөрийн худалдан авсан газрын төлбөрийг 90,000,000 төгрөгт нь машин оролцуулж өгсөн. Гэхдээ уг тээврийн хэрэгсэлийг ******* нь 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Х.*******ын нэр рүү шилжүүлсэн боловч Х.*******а нь 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тухайн үед газрын эзэн байсан хүний хэлснээр ХХК-ийн нэр рүү шууд шилжүүлж тооцоо хийсэн.
2.2 10,000,000 төгрөгийг тухайн үед нь газраа зарсан хүний дансанд шилжүүлсэн. Иймд 2012 онд газраа тус тусдаа авч эзэмшиж ашиглаж байсан бөгөөд 2017 онд газрын гэрчилгээг сунгуулж чадаагүй. Гэхдээ 2012 оноос 2022 он хүртэл Ж.Ганбаатар нь газар дээрээ үйл ажиллагаа явуулж, төмрийн худалдаа явуулж байсан.
2.3 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3017 дугаар тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
2.4 Ж.*******ын эхнэр *******, ******* нар нь тус дүүргийн шүүхэд Х.*******аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 100,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/03531 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч Х.*******аас 90,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 607,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Х.*******а, Ж.*******а нар нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8000 м.кв газрыг хамтран ашиглахаар худалдан авахаар тохиролцсон, улмаар газрын төлбөрт нэхэмжлэгч Ж.*******а нь *******-200 загварын автомашиныг 90,000,000 төгрөгт тооцож төлбөрийг төлсөн. Энд хэн аль нь маргаагүй. Ийм учраас 2012 оны 11 сараас хойш тус газрыг эзэмшиж ашиглах эрх нээгдсэн. Гэтэл Х.*******ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гээд байгаа 90,000,000 төгрөгийг автомашиныг нь н.*******ын өмчлөлд биш газрын төлбөрт төлөгдсөн болох нь үүгээр нотлогддог.
4.2 Анхан шатны шүүх нь тогтоолын үндэслэх нь хэсгийн 6-д Энэхүү тайлбар нь газрын өмнөх эзэмшигч д 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн 0401441 дүгээр гэрчилгээний хуулбар болон автомашины өмчлөгчийн лавлагаагаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Тиймээс 2012 оноос хойш тус газар дээр Ж.*******а нь төмрийн худалдаа эрхэлж үйл ажиллагаа явуулж уг газраа 2021 он дуустал эзэмшиж, ашиглаж ирсэн. Энд шүүх дүгнэлт өгөөгүй. Учир нь тус газар нь эзэмших эрхтэй улсаас тусгай хугацаагаар эзэмшиж, ашиглах эрхтэй газар юм. Нэхэмжлэгч Ж.*******а нь тус газрыг эзэмшиж, ашиглаж чадаагүй бол гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан. Газрын албанд гомдол өргөдөл хүсэлт гаргуулаагүй. Газар зохион байгуулалт кадастрын албанд ч газраа худалдан авах талаар нэг ч хүсэлт өгөөгүй байдаг.
Харин ч газрыг бүхлээр нь буюу 8000 м.кв талбайгаар нь хариуцагч Х.*******а аваад дан ганцаараа эзэмшиж ашиглаагүй. Хариуцагч нь тухайн худалдан авсан газрын том буюу нэхэмжлэгчийн төлбөр төлсөн газрын сүүлд таслан авч улмаар нэхэмжлэгч нь тус газар дээр 2012 оноос 2021 он дуустал үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж газрыг эзэмшиж, ашиглаж байсан. Тиймээс нэхэмжлэгч хохироогүй. Төлбөрөө төлж худалдаж авсан газар дээрээ нэхэмжлэгч өөрөө бүрэн дүүрэн ашигласан.
4.3 Хариуцагч түүнийг худалдан авсан газрыг эзэмшээгүй, ашиглаагүй байхад ямар үндэслэлээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүх нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул хянан хэлэлцэх хугацааг мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан ерөнхий хугацаа болох 10 жилээр тооцсон атлаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч Х.*******а нь нэхэмжлэгч Ж.*******ыг худалдан авсан газрын эзэмшиж, ашиглаагүй түүний худалдаж авсан газар нь өөрт нь өгч ашиглуулсан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг нь тогтоогдоогүй. Уг газар нь эзэмших эрхтэй газар тул улс газраа буцаан хураан авсан.
Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Уг хэрэг маргааныг өмнө нь давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Талууд тухайн газрыг 200,000,000 төгрөгөөр худалдан авч, нэхэмжлэгч 2011 оны шинэ *******-200 загварын тээврийн хэрэгслийг 90,000,000 төгрөгөөр худалдаж авч байгаа боловч 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн талаар маргаан байхгүй. Мөн нэхэмжлэгч Ж.*******ын нэр дээр тухайн худалдаж авсан газрыг шилжүүлээгүй. Гэвч тухайн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Газрын тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн нэр дээр эзэмших эрх үүссэн байх ёстой учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Уг асуудлыг өмнө нь давж заалдах шатны шүүхээс тодруулах шаардлагатай гэж үзэж, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.
5.2 Мөн 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Х.*******а өөрийн нэр дээр тухайн газрыг шилжүүлэн авсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Анхан шатны шүүхээс 10,000,000 төгрөгийн нотлох баримтыг хангалтгүй гэж үзсэн тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ерөнхий хугацаа үйлчлэхгүй гэж маргадаг. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.
5.3 Мөн нэхэмжлэгчийн зүгээс Газрын албанд тухайн газрын эзэмшигчээр тогтоолгохоор гомдол гаргасан боловч анхаарч үзээгүй учраас цагдаад мэдэгдэж байсан. Уг нөхцөл байдлын улмаас прокурорын тогтоол гарсан. Тухайн прокурорын тогтоолд би уг газрыг шилжүүлж өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл нэхэмжлэгчид тухайн газрыг хүлээлгэн өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Уг нөхцөл байдлын улмаас анхан шатны шүүх нь үүрэг хүлээсэн гэж үзсэн учраас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримталж, 90,000,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн тул үндэслэлтэй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг газрын төлбөрийг төлөөгүй гэж маргадаг. Гэвч нэхэмжлэгчид газрын төлбөрийг төлөх үндэслэл байхгүй. Учир нь нэхэмжлэгчид эзэмшил үүсээгүй учраас газрын төлбөр төлөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Ж.*******а нь хариуцагч Х.*******ад холбогдуулан 100,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч үгүйсгэн маргасан.
3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.
3.1 Талууд 2012 онд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам дагуу байрлалтай улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, 8,000 м.кв талбайтай, аж ахуйн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг бусдаас тус бүр 100,000,000 төгрөгөөр, нийт 200,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.
3.2 Нэхэмжлэгч нь дээрх 100,000,000 төгрөгийн 90,000,000 төгрөгт тооцож *******-200 загварын, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Улмаар хариуцагч нь дээрх тээврийн хэрэгслийг 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. /хх 6/
3.3 Талуудын хамтран худалдан авахаар харилцан тохиролцсон дээрх газрын эзэмших эрхийг 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эзэмшиж байсан. /хх 125/ Улмаар уг газрын эзэмших эрх 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчид шилжсэн. /хх 110/
3.4 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/3 дугаар захирамжаар хариуцагчийн дээрх газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон. /хх 108-109/
3.5 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3017 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам дагуу байрлалтай улсын бүртгэлийн , дугаартай 8,000 м.кв бүхий хэмжээтэй аж ахуйн хэрэгцээний зориулалттай газар нь Х.*******ын нэр дээр бүртгэлтэй болохыг нотолсон дугаартай газар эзэмших гэрээ болон бичгийн бусад баримтуудаар Х.*******а нь 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 8,000 м.кв бүхий хэмжээтэй газрыг хамтарч худалдаж авахаар иргэн Ж.*******атай тохиролцож 90,000,000 төгрөгийн үнэ бүхий арлын дугаартай *******-200 // загварын тээврийн хэрэгсэл, бэлэн 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан, улсын бүртгэлийн , дугаартай 8,000 м.кв бүхий хэмжээтэй аж ахуйн хэрэгцээний зориулалттай газрыг Ж.*******ын нэр дээр шилжүүлээгүй болох нь тус тус тогтоогдсон ба 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаасан. /хх 9-11/
4. Дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг худалдан авах үнийг төлсөн боловч тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр бус бүхэлдээ хариуцагчийн нэр дээр гарсан байна. Иймд хариуцагчийг нэхэмжлэгчийн газрын үнийг төлсөн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул анхан шатны шүүх хариуцагч Х.*******аас 90,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******ад олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт нийцнэ.
5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/03531 дугаар шийдвэрээр Х.*******ад холбогдох, 90,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын, 10,000,000 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх 24-30/
5.1 Дээрх тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
6. Нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй, Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд зааснаар холбогдох эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Засаг даргад хандах, газрын төлбөрийг төлөх, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх болон газар эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/03276 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН