| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0068/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/62 |
| Огноо | 2019-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Билгүүн
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч: Д.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Замт овогт Дын Мд холбогдох эрүүгийн 1912000300061 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1960 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 59 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бортолгойн 45-06 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Замт овогт Дын М/РД:АО60092002/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгойн 46-09 тоотод Л.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож, эрүүл мэндэд нь буюу зүүн нүдний зовхинд цус хуралт хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1912000300061 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Л.Нгийн өгсөн:
“...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр оройн 09 цагийн үед том охин Дд чи яахаараа дандаа эмээгийнхээ талд орж ээжийгээ дандаа дорд үздэг юм бэ? гээд охиноо загнасан чинь өөдөөс яадгийн ямар хамаатай юм бэ гэсэн тухайн үед эмээ нь айлд цай ууж байсан. Тэгсэн чинь эмээ рүүгээ утсаар залгаад хурдан ир ээж намайг аллаа гэсэн. Тэгээд хадам ээж ирээд учиргүй гадуур хувцасаа тайлаад миний зүүн талын шанаанд болон ам руу цохиж хэл амаар доромжлон гэдэс рүү өвдөглөсөн. Тэгээд манай том охин эмээгээ буйдан дээр дарж салгасан. Би утсаа буйдан руу шидэхэд миний утсыг хадам ээж аваад чам шиг юм ийм утас барих эрх байхгүй гээд хөргөгч рүү утсыг шидэж эвдсэн. Дараа нь хадам ээж аяганд цай хийж ууж байснаа аягай цайгаа над руу цацаад байсан. Тэгээд чам шиг юм үр хүүхэдтэй байх эрх байхгүй гэж хэл амаар доромжилсон. Чи яадгийн наад хүүхдээ улаан махаар баагаад хаяна биз, чам шиг юманд хүүхдийн хэрэг байхгүй гэсэн. Ахиж чи миний хүүгийн босгоор давах эрх байхгүй шүү гэж байсан. Хөнгөн зэргийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Хадам ээж миний амьдралд орж намайг хэл амаар доромжилж, сэтгэл санааны хүнд цохилтонд оруулсанд гомдолтой байна. Энэ бол нэг биш удаагийн асуудал. 2016 онд хадам ээж миний нөхөр болох Цтай нийлж намайг зодсон өрөөсөн талын баруун хөхөнд орос бакалын өсгийгөөр цохиж байсан. Энэ асуудлыг би цагдаад шалгуулж шүүх дээр очиж эвлэрч байсан. 2018 оны 07 дугаар сард хадам ээж над руу залгахад би утсаа аваагүйгээс манай нөхөр намайг аяга авч шидээд миний зүүн гарын тохиог яз цохисон. Тухайн үед би эгч Баярсайхантайгаа нэгдсэн эмнэлгийн 103 түргэн тусламж дээр ирж 3 оёдол тавиулсан. Би барьж байсан самсунгийн Жи-7 утасны үнэ болох 820 мянган төгрөгийг нэхэмжилнэ. Би утсаа 2016 оны 08 дугаар сарын 20-нд дүү Хгийнхаа нэр дээр лизингээр авч байсан. Урьд нь ч гэсэн 2014 онд миний гар утсыг ахынхаа нойл руу хийчихсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр тал/
*Гэрч Т.Хгийн өгсөн:
“...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би Цынхныг цай уулгахаар дуудсан. Тэгээд 20 цагийн үед манайд Л.Нгийн хадам ээж Д.М нөхөр Ц бага охины хамтаар ирсэн. Цай уугаад байж байтал над руу том охин Д нь утсаар залгаад аав, эмээ хоёрыг хурдан явуул ээж намайг зодоод байна гээд 2-3 удаа залгасан. Тэгээд эмээ нь явъя гээд би гэр рүү нь хүргэж өгсөн. Гэрт нь ортол дунд болон том хохинтойгоо Л.Н байсан. Эмээ Д.М нь гэртээ ороод Л.Нг чи муу одоо яах гээд байдаг юм бэ гээд барьцалдаж аваад нүд, уруул руу нь гараараа цохиж гэдэс рүү нь өвдөглөсөн. Том охин нь эмээгээ аваад салгасан. Тэгээд Л.Н ээж рүүгээ цүнх утас шидсэн, ээж нь утсыг эргүүлж шидээд утас нь хагарсан. Ээж нь цай ууж байснаа аягтай нь Л.Н руу нь шидсэн. Тэгээд тэр хоёр нэг нэгнийгээ элдвээр хэлж хэрүүл хийсэн. Түүнээс хойш зодолдоогүй. Хэрэлдээд намжсан. Тэгээд би гэр рүүгээ харьсан. Хариад байж байтал нуруугаар өвдөөд бие чичрээд байна гээд дуудсан. Нөхөртэй нь хамт гэрт нь очсон. Тэгээд Л.Нг эмнэлэг дээр аваачиж эхо-ны эмчид үзүүлэхэд тонус их байна, гэхдээ гайгүй байх санаа зоволтгүй гэж хэлээд өвчин намдаах аналгин, демодрол судсаар хийгээд хэвт гээд хэвтүүлсэн. Л.Н салгаж чичэрч байсан. Нөхөр нь эмнэлэг дээр араас нь ирсэн. Тэгээд би нөхөрт нь ойр зуур юмыг нь авчирч өг гээд харьсан. Л.Нгийн амнаас нь цус гарсан. Нүднийх нь доор хөхөрсөн маргааш нь хавдаад тодорсон байсан. Нүд, нүүр рүү нь гараараа цохьсон, охин нь даруй салгасан. Хугацааг нь тодорхой санахгүй байна. Хоёр гурван жилийн өмнө нөхөр хадам ээждээ зодуулсан гээд шүүхээр салах гээд явж байгаа талаараа хэлж байсан. Сүүлийн үед ийм асуудал болоогүй. Том охин нь эмээтэй байдаг. Ээжтэйгээ таарамж муу, ээжтэйгээ байнга хэрэлдэж зодолддог талаар ярьж байсан. Энэ асуудал ч охиноос нь болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/
*Гэрч Б.Тийн өгсөн:
“...Л.Н 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 21 цаг өнгөрч 22 цаг дөхөж байхад ирсэн. Хэвлийн доод хэсгээр хатгаж, базалж өвдөж байгаа гэсэн зовиуртай ирсэн. Ургийн байдал умайд ургийн цэврүү үүссэн байдалтай. Умай тонустай, ургийн зүрхний цохилтгүй ирсэн. Ургийн бойжилтоос хамаарч 6-7 ниделтэй байсан учир зүрхний цохилт бүрэн орж ирсэн эсэх нь тодорхойгүй байсан . Тийм байсан тул тулгарсан зулбалт оношоор хэвтүүлсэн. Үндсэн шалтгаанаас үүснэ. Энэ 4-р халдвар, 2-р ургийн гажиг, 3-р эхийн өөрийн эмгэгээс, 4-р гэмтэл /бие болон сэтгэл зүйн зочролоос/ энэ 4 шалтгаанаас үүснэ. Л.Н нь ирэхдээ уйлсан бололтой нүд хавагнаж хөхөрсөн, сэтгэл зүйн хувьд тогтворгүй, түшүүлсэн байдалтай ирсэн. Нэг нүд хөхөрсөн байдалтай байсан. Өөр ил харагдах шарх, гэмтэл байхгүй. Үзлэгийн асуумжид гэр бүлийн маргаан болон хүчирхийллийн талаар хэлээгүй. Иймд бүтэн биеийн үзлэг хийгээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/
*Насанд хүрээгүй гэрч Ц.Дгийн өгсөн:
“...Манай ээж Л.Н намайг байнга зодож, гэрээс хөөдөг, чи миний охин биш, намайг ээж гэж дахиж битгий дуудаарай гэж хэлдэг. Ээж Л.Н 2018 оны 08 дугаар сар, 2018 оны 10 дугаар сар, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус зодсон. Би хогын шүүрэн дээрээ гишгээд хугалсан чинь хараагаад зодсон. Намайг сандлаар толгой, цээжин хэсэгт цохиж, гараараа нүүр, цээж рүү цохиж хөл рүү өшиглөж зодсон. 2018 оны 10 дугаар сард би гэрийн тавилгануудаа янзалж байгаад оройтоод 12 цаг өнгөрсөн тэгээд ээжид маргааш өглөө эрт хичээлтэй одоо дуусгая гэж хэлэхэд яасан залхуу юм бэ? хийгээд дуусга гэхээр нь чадахгүй гэж хэлээд тэгээд намайг зодсон. Хогийн шүүрний ишээр хоёр гарын шуунд цохиж иш нь хугарангуут шалны модоор нуруу бие рүү цохисон. Зүүн гарын тохой хавдаж хөхөрсөн, 2 гарын шуу хөхөрч хавдсан. Манай 2 дүү байсан. Маргааш өглөө нь бие өвдөөд нь сургуулийн эмчид очиж гарын тохиогоо сойлгуулж боолгосон. Ангийн багшдаа хэлээгүй. Эмчийг асуухаар нь шатны уруу руу унасан гэж хэлсэн. Маргааш нь ээжид гэртээ хариад хэлэхэд хохь нь залхуурхаар тэгдэг юм. Би чамайг гаргасан юм чинь алсан ч яадаг юм бэ гэсэн. Хичээл амраад би эмээтэйгээ хот явах гэхэд ээж явуулахгүй гээд байсан. Тэгээд гуйсаар байгаад би хот яваад ирсэн. Өглөө нь ээж ууртай байсан эрт эмнэлэг рүү явсан, өдөр эмнэлгээс ирээд хүүхдийн зүрх цохилохгүй, хөдлөхгүй байна, энэ хэвээрээ байгаад байвал арга хэмжээ авахуул гэсэн гээд байсан. Тэгээд лам дээр очиж үзүүлнэ гээд гараад явсан. Би эрэгтэй найзтайгаа гэртээ харих гэж явж байхад ээж машинтай таараад цонхоо онгойлгоод аламсаа хариач юугаа хийгээд яваад байгаан гээд хараагаад байсан. Тэгээд машинтайгаа урдуур орж ирээд буугаад зодох гээд байхаар нь би зугтаагаад гэр рүүгээ орсон. Орой нь би нөгөө талын гэрт хичээлээ хийж байсан. Тэгээд хаалга онгойгоод хүн орж ирэх шиг болохоор нь эмээг орж ирж байна гэж бодсон чинь ээж орж ирээд сууж байхад дагзнаас үсдээд гараараа хүзүү рүү хэд хэд удаа цохьсон. Тэгээд би хажуу талын гэрт орсон хэнч байхгүй байсан. Тэгээд эмээ рүү залгаад зодох гээд байгааг нь хэлсэн. Тэр үед аав эмээ 2 айлд цай ууж байсан. Эмээ айлаас ирээд юу болоод байгаан гээд тэр хоёр хоорондоо хэрүүл хийж зодолдсон. Эмээ орж ирээд юу болсон талаар асуухад ээж урдаас нь чам шиг авгайд ямар хамаатай юм гээд тэгээд эмээ ээжийг сандал дээр сууж байхад очоод алгадсан. Тэгээд ээж урдаас нь босч ирээд эмээтэй зодолдох гээд байхаар нь би очоод салгах гэж байгаад ээж намайг хойш нь түлхээд би авдар мөргөөд нэг хэсэг манарсан тэгээд нэг харахад тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан, намайг босоод буйдан дээр суухад гутал сандал шидсэн. Ээж аяга шидээд эмээгийн гар руу онож гар хавдаж цус гарсан байсан. Нүднийх нь доор зүссэн байсан. Эмээгийн хөлөнд нь аяга, утас шидсэнээс гоёр гуя нь хөхөрсөн байсан. Эмээ ээжийг алгадсаныг л харсан. Эмээ рүү авч шидээд, эмээ буцааж шидээд утас нь хөргөгч рүү шидэгдээд мэдрэгч нь ажиллахгүй болсон байхад ээж өөрөө ширээ рүү цохиод эвдсэн. Эмээ ээж хоёр хоорондоо хэрэлддэг байсан. Зодоон хийж байгаагүй. Аавын дүү нар, ах эгч хоёрт өмнө нь хэлж байсан. Ээжийн эгч бас мэднэ. Найз нартаа хэлж байгаагүй, манай найз Биндэръяа, Элбэрэлт нар харж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар тал/
*Яллагдагч Д.Мгийн өгсөн:
“...Л.Нгийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ач охиныг маань зодсоноос болж Л.Нтай хэрүүл маргаан үүсгэсэн. Л.Нгийн нүүр рүү нэг удаа алгадсан нь үнэн. Энэ асуудлаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 35 дугаартай“...Л.Нгийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт,доод уруулын дотор салстад нэвчдэст сорви, зүүн хөхний дээд хэсэгт жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар зүүн зовхины цус хуралт нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Доод уруулын дотор салстад нэвчдэст сорви, зүүн хөхний дээд хэсэгт жижиг цус хуралт нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий ходөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Л.Н нь хоёр гарын шуу, тохойнд хуучин сорви гэмтэлтэй байна. Гэмтсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Л.Н нь жирэмсний хяналтанд 2018.12.28-нд орсон. 2018.12.31-нд төрөх газар 4 дэх жирэмслэлт, 7-8 долоо хоногтой жирэмсэн, ураг эрт үедээ зулбахаар завдалт оноштой хэвтсэн ба 2018.12.31-нд эхо шинжилгээгээр ургийн зүрхний цохилт бүдэг, 6,2 долоо хоногтой жирэмсэн байжээ. 2019.01.03-нд эход ургийн зүрхний цохилт хасах /-/ болсон. 2019.01.04-нд осолтгүй жирэмсэн заалтаар /эмнэлгийн үр хөндөлт/ умайн хөндий дэх ургийн эдийг соруулж цэвэрлэжээ. Ураг өсөлтгүй болох нь олон шалтгаантай байх тул дээрх биед учирсан гэмтэлтэй холбоогүй...” гэх дүгнэлт/хх-ийн 59-60 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар тал/
*Яллагдагч, хохирогч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 81, 82 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2018 оны 12 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгойн 46-09 тоотод иргэн Л.Н нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.М үйлдсэн болох нь хохирогч Л.Нгийн”... Тэгээд хадам ээж ирээд учиргүй гадуур хувцасаа тайлаад миний зүүн талын шанаанд болон ам руу цохиж хэл амаар доромжлон гэдэс рүү өвдөглөсөн. Тэгээд манай том охин эмээгээ буйдан дээр дарж салгасан. Би утсаа буйдан руу шидэхэд миний утсыг хадам ээж аваад чам шиг юм ийм утас барих эрх байхгүй гээд хөргөгч рүү утсыг шидэж эвдсэн. Дараа нь хадам ээж аяганд цай хийж ууж байснаа аягатай цайгаа над руу цацаад байсан. Тэгээд чам шиг юм үр хүүхэдтэй байх эрх байхгүй гэж хэл амаар доромжилсон. Ахиж чи миний хүүгийн босгоор давах эрх байхгүй шүү гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Хгийн”... Гэрт нь ортол дунд болон том хохинтойгоо Л.Н байсан. Эмээ Д.М нь гэртээ ороод Л.Нг чи муу одоо яах гээд байдаг юм бэ гээд барьцалдаж аваад нүд, уруул руу нь гараараа цохиж гэдэс рүү нь өвдөглөсөн. Том охин нь эмээгээ аваад салгасан. Тэгээд Л.Н ээж рүүгээ цүнх утас шидсэн, ээж нь утсыг эргүүлж шидээд утас нь хагарсан. Ээж нь цай ууж байснаа аягтай нь Л.Н руу нь шидсэн. Тэгээд тэр хоёр нэг нэгнийгээ элдвээр хэлж хэрүүл хийсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Тийн “...Л.Н 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 21 цаг өнгөрч 22 цаг дөхөж байхад ирсэн. Хэвлийн доод хэсгээр хатгаж, базалж өвдөж байгаа гэсэн зовиуртай ирсэн. Ургийн байдал умайд ургийн цэврүү үүссэн байдалтай. Умай тонустай, ургийн зүрхний цохилтгүй ирсэн. Ургийн бойжилтоос хамаарч 6-7 ниделтэй байсан учир зүрхний цохилт бүрэн орж ирсэн эсэх нь тодорхойгүй байсан . Тийм байсан тул тулгарсан зулбалт оношоор хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц.Дгийн “...Эмээ айлаас ирээд юу болоод байгаан гээд тэр хоёр хоорондоо хэрүүл хийж зодолдсон. Эмээ орж ирээд юу болсон талаар асуухад ээж урдаас нь чам шиг авгайд ямар хамаатай юм гээд тэгээд эмээ ээжийг сандал дээр сууж байхад очоод алгадсан. Тэгээд ээж урдаас нь босч ирээд эмээтэй зодолдох гээд байхаар нь би очоод салгах гэж байгаад ээж намайг хойш нь түлхээд би авдар мөргөөд нэг хэсэг манарсан тэгээд нэг харахад тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан, намайг босоод буйдан дээр суухад гутал сандал шидсэн. Ээж аяга шидээд эмээгийн гар руу онож гар хавдаж цус гарсан байсан. Нүднийх нь доор зүссэн байсан. Эмээгийн хөлөнд нь аяга, утас шидсэнээс хоёр гуя нь хөхөрсөн байсан. Эмээ ээжийг алгадсаныг л харсан. Эмээ рүү авч шидээд, эмээ буцааж шидээд утас нь хөргөгч рүү шидэгдээд мэдрэгч нь ажиллахгүй болсон байхад ээж өөрөө ширээ рүү цохиод эвдсэн. Эмээ ээж хоёр хоорондоо хэрэлддэг байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 35 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Мгийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Д.М нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Л.Н нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Д.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Д.Мд ял оногдуулахгүй албадлагын арга хэмжээ авахуулах санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуульд ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Замт овогт Дын Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мг 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан 450/дөрван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин Т болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР