Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 182/2024/00152/И |
Дугаар | 210/МА2024/01709 |
Огноо | 2024-09-04 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2024/01709
2024 09 04 210/МА2024/01709
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2024/02080 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******, *******
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 99,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 413 дугаар шийтгэх тогтоолоор *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 940 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Уг гэмт хэргийн улмаас миний эхнэр ******* нас барсан. Би түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон.
1.2 Би одоогоор ажил хийдэггүй, 4 хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр өрхийн санхүүг ганцаараа авч явдаг байсан. 3 жилийн хугацаанд амьдрал хэцүү болсон, өдрийн бор хоолтой, айлын хашаанд хөөгдөн амьдарч байна. Эхнэр нас барснаас хойш миний биеийн байдал их дордсон, чих муудсан, ухаан санаа орж гарна, заримдаа хүний ярьж байгааг сайн ойлгохгүй болсон.
1.3 Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг Иргэний хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасны дагуу 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар ******* нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хор арилгуулахаар гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.
1.4 Талийгаач ******* нь 1971 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн бөгөөд зам тээврийн осолд орох үедээ 50 нас 6 сартай байсан. Үндэсний статистикийн газрын вэбсайтаас авсан хүн амын дундаж наслалтын мэдээллийг татаж үзэхэд эрэгтэй дундаж наслалт 67.3, эмэгтэй дундаж наслалт 76.7 нийт дундаж наслалт 71.3 байна. Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчид ашигтайгаар шүүх тогтооно гэж заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр 99,000,000 төгрөгийг гаргуулна.
1.5 Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар талийгаачийн амь насыг хохироосон ******* болон *******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаж байсан автомашины өмчлөгч ******* нарыг хамтран хариуцагчаар татсан бөгөөд тэдгээр нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хамтран хариуцах ёстой гэж үзэж байна гэжээ.
2. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Тухайн хэрэг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдэж, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүхийн тогтоол гарсан. Шүүх шинжилгээний тухай хууль 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн. Тиймээс тухайн хэрэг нь сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж эхэлсэн хуулийн үйлчлэлд хамааралгүй.
2.2 Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Иймд цаг хугацааны хувьд тухайн хууль мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн хэрэг тул сэтгэл санааны хохирол нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна гэжээ.
3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:
3.1 Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль, тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлт орсноор сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэх боломжтой болсон. Үйл явдал нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр болсон . Иймд Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй гэх зарчмын хүрээнд нэхэмжлэгч талаас шаардах эрх үүсэхгүй байна.
3.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох хэдий ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоод, нэхэмжлэлээ гаргасан байна. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санаа гэм хор нь ямар хэмжээнд хохирсон, аль зэрэгт байгааг тодруулаагүй байна. Нэгэнт энэ үйл явдал нь хуулийн өөрчлөлтөөс өмнө үйлдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1 Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5, 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 82,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,500,000 төгрөг болон хариуцагч *******д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч *******аас 570,450 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
5. Хариуцагч *******ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1 Нэхэмжлэгчийн сэтгэцэд гэм хор учирсан эсэх нь тодорхойгүй байхад гэм хорыг арилгахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад хохирогч *******гийн хууль ёсны төлөөлөгч *******ын сэтгэцэд гэм хор учирсан эсэхийг тогтоож шинжилгээ хийгээгүй. Эрүүгийн хэргийг шийдвэрлэх явцад ******* сэтгэцдээ хохирол учирсан талаар тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, мөн сэтгэцэд нь гэм хор учирсан талаар дурдаж байгаагүй юм.
5.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийг хэрэглэлгүйгээр шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан дээр хэлсэн бие муудсан, хөл гар өвддөг болсон" гэсэн тайлбарыг шууд сэтгэцэд нь гэм хор учирсан байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн дурдсан зовиурууд нь хохирогч ******* нас барсны сэтгэцэд гэм хор учирсан гэдгийг шууд нотлохгүй юм.
5.3 Сэтгэцэд гэм хор учирсан хугацааг эрүүгийн хэрэг гарсан цаг хугацаагаар бус эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдрөөр тодорхойлсон. Хэрэг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Иргэний хуульд сэтгэцэд учирсан хор уршгийг тооцох зохицуулалт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр орсон. Ингэхдээ сэтгэцэд нь гэм хор учирсан байх агуулгаар тусгасан. Шүүх шинжилгээний тухай хуульд сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулах зохицуулалт 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр зохицуулсан. Сэтгэцэд гэм хор учирсан эсэх, учирсан бол яг хэзээ, ямар хэмжээгээр учирсан болохыг тусгай мэдлэг мэргэжил эзэмшсэн шинжилгээний байгууллага тогтоодог. Гэвч шүүхээс шинжилгээний байгууллага тогтоогоогүй байхад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдөр сэтгэцэд гэм хор учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1 Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд хор уршиг учирсан болох нь тогтоогдсон гэх нөхцөл байхгүй учир хуулийг шууд хэрэглэх үндэслэлтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох талаар шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаагүй, татгалзлын үндэслэлээ нотлоогүй атлаа давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.
6.2 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс *******ыг гэм бурууд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гарсан буюу Шүүхийн шинжилгээний тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш хүчин төгөлдөр болсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршиг өнөөдрийг хүртэл үргэлжилж, арилаагүй учир анхан шатны шүүхийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч ******* давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд 99,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* ...цаг хугацааны хувьд тухайн хууль мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн хэрэг тул сэтгэл санааны хохирол шаардсан нь үндэслэлгүй гэж, ******* ...Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй тул шаардах эрх үүсэхгүй гэж тус тус эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
4. ******* нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, гудамжны замд ******* маркийн, улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасныг зөрчсөний улмаас явган зорчигч *******гийн амь нас хохирсон, явган зорчигч ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
4.1 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/413 дугаар шийтгэх тогтоолоор *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. /хх 10-13/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ДШМ/940 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 14-18/
5. Анхан шатны шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ДШМ/940 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас тооцож нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
5.1 Учир нь, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгах талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчилсөн.
5.2 Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй. Өөрөөр хэлбэл, сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой дээрх хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд тусгайлан заагаагүй тул тухайн өөрчлөлтийг дагаж мөрдөх 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэнэ.
Гэтэл анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах зохицуулалтыг хэрэглэхдээ тухайн эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас өмнөх цаг хугацаанд хамааруулан хэрэглэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч *******аас гэм хорын хохиролд 99,000,000 төгрөг шаардах эрхгүй. Энэ талаарх хариуцагч *******ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.
5.3 Хариуцагч *******т холбогдох шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул түүнд холбогдох шаардлагын талаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.
6. Шүүх хуралдааны товыг шүүхийн иргэдийн төлөөлөгчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, анхан шатны шүүх талуудын шүүхийн иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч *******ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2024/02080 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул *******, ******* нарт холбогдох, гэм хорын хохиролд 99,000,000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН