| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0005/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/07 |
| Огноо | 2019-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2019/ШЦТ/07
MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эруүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Хохирогч: С.Б
Шүүгдэгч: Ж.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорос овогт Жгийн Бт холбогдох эрүүгийн 1812004360248 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч:Ц овогт Жгийн Б/РД:АА79040810/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн “Хойд булаг” гэх газар иргэн С.Бийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч С.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн”... Би Ж.Бтай олон жил айл саахалт байсан. Архи уухаараа намайг дарамтлаад байдаг, би 2018 оны 08 дугаар сард айлын хурим дээр очоод байж байсан чинь Ж.Б ирсэн. Би бага зэрэг архи уугаад гадаа хүмүүстэй юм яриад зогсож байсан чинь хажууд ирээд намайг цохиод авсан. Ер нь намайг байнга дарамталдаг, намар намайг цагдаад өгснөөс хойш дандаа дарамтална, ямар учраас ингээд байдгийг мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг
*Шүүгдэгч Ж.Бын шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Би Б гэх айлын хуриман дээр очиход С.Б эхнэрийн хамт ирсэн халамцуу байсан. Тэгээд сууж байсан чинь эхнэр нь намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд гадаа маргалдаж байгаад би нэг удаа цохиход хүмүүс салгасан өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 1812004360248 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч С.Бийн өгсөн:
“...Би 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б гэх айлд 15-аас 16 цагийн хооронд хуриманд очиж оролцсон. Хуриманд манай нутгийн Б гэх залуу ирж намайг гадаа сууж байсан чинь ирээд намайг шууд цохьсон. Би яагаад намайг цохиж зодсон гэдгийг огт мэдээгүй. Бид хоёрт өмнө нь маргалдаж муудсан зүйл байхгүй. Ж.Б чамайг зодох гэж ирсэн ална гээд над руу дайраад байсан. Тэгээд намайг зодож байхад цаанаас нь хүн ирээд Ж.Быг аваад явсан. Миний нүд рүү гараараа цохьсон, цээж рүү хөлөөрөө өшиглөсөн. Миний цээж хөндүүр байна. Зүүн талын нүд хөхөрч хавдсан, зүүн талын нүдний дээд хэсэгт шалбарсан, зүүн суганы хэсэгт шалбарсан. Би Ж.Быг цохиж зодоогүй. Ж.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед миний найз Нямдаваа, Батбаатар гээд олон хүн байсан. Би гомдолтой, Ж.Бт зодуулсанаас болж үүсэн гарсан эмчилгээний зардалаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9 дүгээр тал/
“Гэрч Ч.Бийн өгсөн:
“...2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Батцэнгэл сумын Баян-Уул багийн нутаг Хойд булаг гэх газар нөхөр Б бид хоёр Б гэх хүний хүү Баяраа гэх айлын хуриманд очсон. Хуриманд сууж байхад манай нутгийн Ж.Б гэх залуу халамцуу ирж байсан. Манай нөхөр Б гадаа хүмүүстэй хөөрөглөөд сууж байхад Ж.Б ирээд “чамайг ална” гээд нүүр рүү нь цохиж унагаад хэд хэдэн удаа цээж рүү нь өшиглөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Дараа нь харахад манай нөхөр Бийн нүд нь хавдаж, хамраас нь цус гарсан байсан. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Манай нөхрийн биед гэмтэл ихээр учирсан. Бид хоёр эмнэлэгт үзүүлэхэд эмч зөөлөн эдийн гэмтэл учирсан байна гэж хэлсэн. Мөн хамар бага зэрэг мурийсан байна гэж хэлсэн. Ж.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ тийм их согтуу биш байсан. Тухайн үед олон хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/
Гэрч Ё.Оын өгсөн:
“...Би хуриманд нөхөр Батбаатарын хамт очсон. Ж.Б их согтуу байсан. С.Бийн хамраас цус гарсан, цусаа цэвэрлэж байхыг харсан. Тэгээд юу болсон талаар асуухад Ж.Б зодсон гэж тэнд байсан хүмүүс ярьж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/
*Яллагдагч Ж.Бын өгсөн:
“...Би 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед өөрийн найз Бтэй хамт Дэл багийн Хойд булаг гэх газар Баяраа гэх айлын хуриманд очсон. Тухайн үед хуриманд олон хүн ирсэн байсан. Мөн манай нутгийн Б болон түүний эхнэр Б нартай х^риман дээр таарсан. Тэр хоёр их согтуу байсан. Хурим болж буй гэрт ороод сууж байтал Бийн эхнэр Бат-Эрдэнэ их согтуу надад хандаж “чи яагаад надтай дуугарахгүй байгаа юм” гээд надтай хэрэлдээд байсан. Дараа нь би гэрээс гараад найранд ирсэн хүмүүстэй тамхилаад сууж байтал Бийн эхнэр гарч ирээд “ манай хүүхдийг шоронд явуулна гэж байхгүй шүү” гээд над руу дайраад байсан. Б их согтуу намайг бариад авахаар нь би түүний толгой руу баруун гараараа нэг цохьтол, хамраас нь цус гарсан. Тэгээд би тэндээс зугтаад илүү гэрт ороод сууж байгаад хүмүүс тарахаар нь найз Бат-Эрдэнэтэй хамт морьтой гэр рүүгээ явсан. Би Баатсаүхийг танина. С.Бтэй ураг төрлийн холбоо байхгүй Бид нар нутгийн хүмүүс. 2018 оны 06 сарын үед Б өөрийн том хүүтэйгээ манайд ирээд намайг зодож байсан. Тэр үед би Бийн хүүд зодууллаа гээд цагдаад гомдол гаргасан. Тэр явдлаас болж Бийн эхнэр над руу “хүүхэд цагдаад өгсөн” гээд хэрүүл үүсгээд байсан. Би Бтэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Би С.Бийг зодсон. Тухайн үед найран дээр С.Бийн эхнэр надтай хэрэлдээд салахгүй байсан. Тэгээд нөхөр нь гарч ирээд намайг бариад авахаар нь С.Бийг баруун гараараа толгой руу нь цохьсон. Тухайн үед С.Б бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 378 дугаартай дүгнэлтэнд:
“...С.Бийн биед, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, хамрын нуруунд, зүүн суганы доод хэсэгт зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, хамрын нуруунд, зүүн суганы доод хэсэгт зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 23 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн “Хойд булаг” гэх газар иргэн С.Б нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Б үйлдсэн болох нь хохирогч С.Бийн”... Би 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б гэх айлд 15-аас 16 цагийн хооронд хуриманд очиж оролцсон. Хуриманд манай нутгийн Ж.Б гэх залуу ирж намайг гадаа сууж байсан чинь ирээд намайг шууд цохьсон...” “...Миний нүд рүү гараараа цохьсон, цээж рүү хөлөөрөө өшиглөсөн. Миний цээж хөндүүр байна. Зүүн талын нүд хөхөрч хавдсан, зүүн талын нүдний дээд хэсэгт шалбарсан, зүүн суганы хэсэгт шалбарсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бат-Эрдэнийн ”... Манай нөхөр С.Б гадаа хүмүүстэй хөөрөглөөд сууж байхад Ж.Б ирээд “чамайг ална” гээд нүүр рүү нь цохиж унагаад хэд хэдэн удаа цээж рүү нь өшиглөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Дараа нь харахад манай нөхөр Бийн нүд нь хавдаж, хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ё.Оын”... Ж.Бийн хамраас цус гарсан, цусаа цэвэрлэж байхыг харсан. Тэгээд юу болсон талаар асуухад Ж.Б зодсон гэж тэнд байсан хүмүүс ярьж байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 378 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ж.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлттэй байна.
Шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С.Б нь хохирол төлбөртэй холбоотой баримт шүүх хуралдаанд ирүүлэгүй тул өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цорос овогт Жгийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С.Б нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР