Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 182/2024/03583/И |
Дугаар | 210/МА2024/01731 |
Огноо | 2024-09-09 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/01731
2024 09 09 210/МА2024/01731
“Ном-Эрдэнэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус, шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2024/03039 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: “Ном-Эрдэнэ” ХХК
Хариуцагч: “Галт-5” СӨХ
Нэхэмжлэлийн шаардлага: үйлчилгээний зориулалт бүхий талбайн түрээсийн гэрээг үргэлжлүүлэн сунгаж, гэрээ байгуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 “Ном-Эрдэнэ” ХХК нь *******, *******, *******, *******, *******ны хагас зоорийн давхарт байрлах үйлчилгээний талбайг тасралтгүй 27 жил түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан. Энэхүү талбай өмч хувьчлалын үед “Галт-5” СӨХ-д шилжсэнээр СӨХ түрээсэлж үйл ажиллагаа явуулсан. “Галт-5” СӨХ-ны дарга 2022 онд өөрчлөгдөж, манай талбайг жил жилээр нь гэрээ байгуулна гэж хэлээд 2022 оны 8 сард нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусах үед хугацааг сунгах талаар СӨХ-ны даргад хэлсэн боловч хугацааг сунгахгүй, гэрээний хугацаа дууссан тул яаралтай талбайг чөлөөлж өг, өөр түрээслэгч оруулах гэж байгаа, дахин гэрээ байгуулахгүй гэж хэлсэн.
1.2 Талбайг түрээсэлж байх хугацаанд ямар ч асуудал гарч байгаагүй, түрээсийн төлбөр, зардлуудыг цаг тухайд нь тогтмол төлж, засвар үйлчилгээг шаардлагатай хугацаанд нь хийж байсан. Бид уг талбайг үргэлжлүүлэн түрээслэх давуу эрхтэй. Мөн гэрээнд зааснаар хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, мөн гэрээний зүйлийг зөрчсөн үйлдэл байхгүй байхад гэрээг цуцлахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй тул үйлчилгээний талбайгаа үргэлжлүүлэн түрээслэх хүсэлтэй байна.
Иймд *******, *******, *******, *******ны хагас зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалтай талбайн түрээсийн гэрээг үргэлжлүүлэн “Ном-Эрдэнэ” ХХК-тай байгуулж, гэрээний хугацааг сунгахыг “Галт 5” СӨХ-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 “Ном-Эрдэнэ” ХХК нь ном бичиг хэргийн худалдаа эрхлэх зорилгоор нийт 412 м.кв талбайг тодорхойгүй хугацаагаар түрээсээр ашиглаж ирсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дагуу дундын өмчлөлийн зоорийн талбайг нэхэмжлэгчид түрээслүүлэх талаар удирдах зөвлөлийн шийдвэр гарч байгаагүй. Иймд манай СӨХ-ны Удирдах Зөвлөлөөс түрээсийн гэрээнд тодорхой хугацаа зааж өгөх нь зөв гэж үзэж чиглэл өгсний дагуу бид 2022 оноос эхлэн гэрээг нэг жилээр хийсэн. 2022 онд СӨХ-ны удирдлага шинэчлэгдэн, улмаар оршин суугчдын санал хүсэлтийг хүлээн авч зоорийн давхарт оршин суугчдадаа зориулан агуулах, сав бэлтгэх зорилготой байгаа.
Дээрх шалтгаанаар манай СӨХ орон сууцны дундын өмчлөлийн 412 м.кв талбайг цаашид түрээслүүлэх боломжгүй. “Ном-Эрдэнэ” ХХК нь 27 жилийн турш түрээсэлж байгаа бөгөөд хүмүүс цугларч хөзөр тоглох гэх мэт зөндөө зүйл болж оршин суугчдын тайван байдлыг алдагдуулдаг тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Галт-5” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох *******, 1-р хороо, 1-р 40 мянгат, 3-р байр, 4-р орцны хагас зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалт бүхий талбайн түрээсийн гэрээг үргэлжлүүлэн сунгаж, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэгч “Ном-Эрдэнэ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ном-Эрдэнэ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Хариуцагч тайлбартаа “оршин суугчдын зүгээс тус талбайг өөрсдийн хэрэгцээнд ашиглах хүсэлтийг удаа дараа тавьсан тул үргэлжлүүлэн түрээслэх боломжгүй” гэж маргадаг боловч тус тайлбараа баримтаар нотлоогүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.3 дахь хэсэгт зааснаар оршин суугчид хүсэлтээ удирдах зөвлөлд гаргаж удирдах зөвлөлөөс дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглуулах эсэхийг шийдвэрлэдэг. Хариуцагчийн зүгээс удирдах зөвлөл хуралдаагүй, оршин суугчдаас тухайн хүсэлтийг гаргасан эсэх нь тодорхойгүй талаар тайлбарыг шүүхэд гаргадаг.
Зохигч болон түүний төлөөлөгчид өөрийн тайлбар болон татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч өөрийн татгалзлаа нотолж чадаагүй байхад шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.
4.2 “Ном-Эрдэнэ” ХХК нь нийт 3 хэсэг түрээсийн талбайг ашигладаг. Хариуцагч шүүх хуралдааны явцад орцны доод талын агуулахыг ашиглах хүсэлтийг удаа дараа оршин суугчид гаргадаг гэсэн бөгөөд манай “Ном-Эрдэнэ” ХХК-ийн зүгээс тус орцны доод талын агуулахыг суллан өгч оршин суугчдад ашиглуулах боломжтой талаараа хариуцагчид мэдэгддэг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч “Ном-Эрдэнэ” ХХК нь хариуцагч “Галт-5” СӨХ-д холбогдуулан *******, *******, *******, *******, *******ны хагас зоорийн давхарт байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг үргэлжлүүлэн сунгаж, гэрээ байгуулахыг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. Талууд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 08 дугаартай “Засвар үйлчилгээний хуримтлалын сангийн гэрээ”-г байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч “Галт-5” СӨХ нь *******, *******, ,, байрладаг, 412 м.кв талбайтай байрыг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1 жилийн хугацаатай, сарын 1,400,000 төгрөгөөр худалдаа үйлчилгээний зориулалтаар түрээслэгч “Ном-Эрдэнэ” ХХК-д түрээслүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. /хх 7/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.
4.1 Талуудын хооронд байгуулагдсан дээрх түрээсийн гэрээний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон, үүнээс хойш түрээсийн гэрээний хугацааг сунгаагүй байна.
4.2 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан.
5. Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцдог. Хариуцагч нь түрээсийн гэрээний хугацааг сунгахгүй, түрээслэх боломжгүй гэсэн байх тул дээрх хуульд зааснаар түрээсийн гэрээний хугацааг тодорхой бус хугацаагаар сунгасан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болсон байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
6. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй бөгөөд хөлслүүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ шинээр байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй. Энэхүү зохицуулалт нь “түрээсийн гэрээг үргэлжлүүлэн сунгаж, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгө хөлслөх сонирхолгүй хөлслүүлэгчээс дахин шинэ гэрээ байгуулахыг шаардаж болохгүй бөгөөд үүнд хуучин гэрээний нөхцөл хэвээр үлдэнэ гэж ойлгохгүй. Энэхүү хуулийн зохицуулалт нь шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулахтай холбоотой. Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч 27 жилийн турш хөлсөлж буй нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсгийн зохицуулалтад хамааралгүй байхаас гадна нэхэмжлэгчийн дээрх үндэслэл нь түрээсийн гэрээг үргэлжлүүлэн сунгаж, гэрээ байгуулахыг даалгах шаардлагын үндэслэлийг бий болгохгүй .
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2024/03039 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН