| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2023/06544/И |
| Дугаар | 210/МА2024/01732 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/01732
2024 09 09 210/МА2024/01732
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/03286 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******, *******
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 14,167,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн *******гийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь миний өмчлөлийн, ******* улсын дугаартай, ******* маркийн автомашиныг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шөнө жолоодон явж байгаад Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Офицеруудын ордны тойргийн нутаг дэвсгэрт онхолдуулж, автомашиныг дахин ашиглах боломжгүй болгосон. Уг ослыг Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс шалгаад Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор ...******* нь осол гаргах үедээ 16 насанд хүрээгүй нь тогтоогдсон тул зөрчлийн шинжгүй байдал тогтоогдож, гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байх тул... хэмээн дүгнэж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
1.2 *******ийн хууль бус үйлдлээс болж миний автомашинд 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ******* ХХК-ийн үнэлгээчний хийсэн Авто машин техникийн ...36 нэр, төрлийн эд ангид эвдрэл үүсэж үнэлгээний тайлан-д дурдсанаар 13,342,750 төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар *******, түүний эцэг ******* нарт хэлэхэд ...үнэлгээгээр тогтоогдсон хохирол болон учирсан бусад хохирлыг төлж барагдуулахад хугацаа хэрэгтэй гэсэн.
1.3 Уг автомашин нь ******* ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний барьцаанд байдаг. Тухайн гэрээний хугацаа 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусах боловч энэ ослоос үүдэж гэрээ цуцлагдах эрсдэл үүсээд байна. Мөн автомашинаа 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ХХК-тай Жолоочийн хариуцлагын албан журмын болон Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, даатгуулсан байсан ба ослын талаар даатгагчид мэдэгдэж, нөхөн төлбөр олгохыг хүсэж хандахад надад ХХК-ийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 360/02/22 тоот албан бичгээр ...энэхүү хохирол нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 5.1, 5.2.2, Даатгалын тухай хуулийн 8.5.3 дахь хэсэгт хамаарч байх тул нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн гэх хариу өгсөн.
1.4 Хариуцагч ******* нь Монгол Улсын хилээр гарч явсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолтоор тогтоогдож байгаа учир түүнээс татгалзаж байна. Энэ хугацаанд тэрээр бусдад итгэмжлэл өгөөд нэхэмжлэлийг гардан авах боломжтой байсан боловч өдийг хүртэл ирүүлэхгүй байна. Иймд осол болох үед насанд хүрээгүй байсан зэрэг шалтгааны улмаас түүний эцэг *******гаас өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна.
Иймд хариуцагч *******гаас үнэлгээний зардал 680,000 төгрөг, оношилгооны төлбөр 45,000 төгрөг, автомашинд учирсан хохирол 13,342,750 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс, зардал 30,000 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 14,167,950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Хүү ******* одоо Турк Улсад байгаа, хэзээ буцаж ирэхийг сайн мэдэхгүй. Өмгөөлөгчийн хувьд түүнтэй цахимаар холбогдсон, тэрээр тухайн үед нэхэмжлэгч ******* юм аваад ир гэсэн учраас машиныг авч явсан, түүнээс биш өөрөө дур мэдэн машиныг авч явсан зүйл байхгүй гэж хэлсэн. Мөн өөрөө 18 нас хүрсэн учраас ажил хийж, төлбөрийг бөөнд нь биш хуваагаад төлөх боломжтой гэдгээ хэлж байсан.
2.2 ******* нь өнөөдрийн байдлаар 18 нас хүрсэн, тэрээр өөрийн эцэг *******д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл олгоогүй, тэрээр зам тээврийн осол болох үед хажууд нь байгаагүй, тухайн машиныг жолоодож яваагүй, түүнд өөрийгөө төлөөлөх эрх олгоогүй учир хохирлыг хариуцах этгээд биш гэж үзэж байна.
Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ы хувьд нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцах этгээд биш учир нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийн агуулга:
3.1 Нэхэмжлэлийн шаардлагыг ******* төлөх үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 7,083,975 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,083,975 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 128,294 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1. дэх хэсэгт заасныг шууд буруутгахгүй байгаа хэдий ч миний хариуцах хэмжээг нэхэмжлэлийн шаардлагын дүнгийн 50 хувиар тогтоож, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хэрэгт авагдсан *******ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн: ...автомашины түлхүүрийг гуйж авсан... гэх мэдүүлэг, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ...машиныг дур мэдэн хөдөлгөж жолоочийн зөвшөөрөлгүй унаж замын хөдөлгөөнд оролцож ... хохирол учруулсан... гэх агуулга бүхий Өргөдөл зэргээс ******* надаас автомашины түлхүүрийг өөрөө гуйж авсан. Улмаар дур мэдэн, миний зөвшөөрөлгүй жолоодож яваад зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал тогтоогддог. Миний хувьд ч автомашин дотор чинь найз охинтойгоо хэсэг хугацаанд сууж, ярьж байгаад өгье гэсний дагуу түүнд итгэж өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирлоо барагдуулж чадаагүй байдалтай 2 жил 6 сар орчмын хугацаанд хохирч байна.
5.2 Өөрийн автомашинаа дахин ашиглах боломжгүй байдалтай болгуулж хохирсон атлаа зам тээврийн ослоос үүдэлтэй хохирлын 50 хувийг би хариуцахаар болж буйд гомдолтой байх тул миний хариуцах хувь, хэмжээг нягталж, багасгаж өгөхийг шүүхээс хүсэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1 Тухайн үед зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд ******* хэлэхдээ ...******* ах юм аваад ир гэж хэлсэн учраас би машиныг унаж явсан, өмнө нь 2, 3 удаа машиныг нь унаж байсан тохиолдол байгаа, машин унах зөвшөөрлийг ******* ах өөрөө өгсөн гэж тайлбарласан. ...Найз охинтойгоо хамт байя, түлхүүрээ өгөөч гэхэд зөвшөөрөөд өгсөн гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд хэлсэн. Тухайн тайлбарт үндэслэж шүүх хуульд нийцүүлж хэргийг шийдсэн.
6.2 Хариуцагч 100 хувь буруутай, хохирсон гэж тайлбарлаж байгаа боловч түүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан автомашинд учирсан эвдрэлийн үнэлгээний зардал 680,000 төгрөг, оношилгооны төлбөр 45,000 төгрөг, автомашинд учирсан хохирол 13,342,750 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 30,000 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөг, нийт 14,167,950 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* эс зөвшөөрч маргажээ.
2.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч *******т холбогдох шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
3. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Холбогдох жолоочийн биеийн байцаалт, Илтгэх хуудас зэрэг баримтаар ******* нь нэхэмжлэгч *******ын эзэмшлийн, ******* улсын дугаартай, маркийн автомашиныг жолоодон явах үедээ Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Офицеруудын тойргийн зүүн талд осол гаргасан үйл баримт тогтоогдсон байна. /хх 17-19/
3.1 Дээрх ослын улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашинд 13,342,750 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан-аар нотлогдсон байна. /хх 25-34/
4. Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Хариу мэдэгдэх хуудас-аар ...2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 8-р хороо Офицеруудын ордны урд замд ******* нь маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ онхолдож, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан гэх гомдол мэдээллийн шалгахад ******* нь осол гаргах үедээ 16 насанд хүрээгүй байсан нь тогтоогдсон байх тул, зөрчлийн шинжгүй байдал тогтоогдож байна. Иймд таны гаргасан гомдол мэдээллийг шалгаж, гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан болохыг мэдэгдье. гэжээ.
4.1 Анхан шатны шүүх хариуцагч *******г насанд хүрээгүй хүүхэд *******т хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.4, 503.5 дахь хэсэгт тус тус зааснаар *******т учирсан гэм хорын хохирлыг *******гаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв.
5. Нэхэмжлэгч ******* нь насанд хүрээгүй *******т автомашины түлхүүрээ шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Энэ нь тухайн хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хангахгүй.
6. Харин анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасныг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Учир нь, нэхэмжлэлийн шаардлагаас үнэлгээний зардал 680,000 төгрөг, оношилгооны төлбөр 45,000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 30,000 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг зэрэг нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт хамаарахгүй. Харин автомашинд учирсан бодит хохирол болох 13,342,750 төгрөг нь мөн зүйлд заасан зохицуулалтад хамаарна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага нийт 14,167,950 төгрөгийг бүхэлд нь дээрх зүйлд зааснаар 50 хувиар багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд автомашинд учирсан бодит хохирол 13,342,750 төгрөгийг 50 хувиар багасгасан нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт нийцэхээр байх тул шийдвэрт хариуцагч *******гаас автомашинд учирсан гэм хорын хохирол 13,342,750 төгрөгийн 50 хувь болох 6,671,375 төгрөг, үнэлгээний зардал 680,000 төгрөг, оношилгооны төлбөр 45,000 төгрөг, авто нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 30,000 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөг, нийт 7,496,575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.
7. Шүүх хуралдаанд оролцсон шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийг анхан шатны шүүх харгалзан үзсэн байна.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/03286 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын *******аас 7,083,975 гэснийг *******гаас 7,496,575 гэж, үлдэх 7,083,975 гэснийг үлдэх 6,671,375 гэж,
3 дахь заалтын хураамжид 128,294 гэснийг хураамжид 134,895 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
М.БАЯСГАЛАН