Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01756

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 13 210/МА2024/01756

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/02918 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* болон ******* нар найз нөхдийн холбоотой. ******* нь 2021 оны 11 дүгээр сард ...яаралтай мөнгөний хэрэгцээтэй байна гэсэн тул ******* нь өөрийн эзэмшдэг 99113543 дугаарыг ******* ББСБ ХХК-д барьцаалж, 50,000,000 төгрөгийг хүүтэй зээлж, *******д 17 удаагийн гүйлгээгээр нийт 50,000,000 төгрөгийг шилжүүлж, ******* ББСБ ХХК-иас авсан зээлийн хүүгээр зээлдүүлсэн. Хариуцагч нь зээлийн төлбөрт 15,000,000 төгрөг буцаан төлж, үлдэгдэл 35,000,000 төгрөг төлөөгүй.

1.2 Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл, зээлийн хүүг төлөхийг удаа дараа шаарддаг байсан. Хариуцагч зээл төлөхийг зөвшөөрдөг. Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан зээлийг төлөхөө илэрхийлж, *******ад үндсэн зээл 35,000,000 төгрөг, хүү 15,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, гараар бичиж баталгаажуулан нэхэмжлэгчид өгсөн. Уг төлбөрөөс 9,000,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төлөхөөр талууд харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй.

Иймд хариуцагчаас 50,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 *******аас 50,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн хүүг төлөх талаар бид амаар ярьсан болохоос ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Би банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад өг гэж хэлээгүй. Сүүлд нь банк бус санхүүгийн байгууллагаас надад ийм бичиг хийгээд өг гэж хэлсэн юм гэхээр нь би тэр гар бичмэл гэх бичгийг хийж өгсөн. Би одоо 9,625,000 төгрөг төлөөгүй үлдсэн байгаа тул уг мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй, 50,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******эс 9,625,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40,375,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******эс 168,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүхээс талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв боловч талууд зээлийн хүү тохирсон, үүний дагуу хүү төлсөн, уг зээлийн хүү тохирсон тохиролцоогоо хожим нь бичгээр баталгаажуулсан зэрэг үйл баримтыг шүүхээс буруу дүгнэж, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан, уг зээлийн мөнгөө хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн зэрэг нь хэрэгт нотлох баримтаар авагдсан *******ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, ******* ББСБ-ын тодорхойлолт зэргээр нотлогддог.

4.2 Хариуцагч нь тохиролцсоны дагуу нэхэмжлэгчид зээлийг хүүгийн хамт төлж байсан боловч уг үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид үүргээ гүйцэтгэхийг сануулж шаардаж байсан. Хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ...50 сая зээлсэн, хүү төлөөгүй, энэ хугацаанд хүүг Бат-Ялалт төлсөн, үүнээс Бат-Ялалтад үндсэн зээл 35 сая+ хүү 15 сая төгрөгийг 2024.12.31-ний өдөр гэхэд бүгдийг нь төлж барагдуулна гэж бичин хүсэл зоригоо илэрхийлсэн. Үүнийг нэхэмжлэгч нь хүлээн авснаа Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан уг хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл талууд хүүтэй мөнгө зээлж, зээлдүүлсэн болохыг, хариуцагч уг мөнгийг хүүтэй буцааж төлөхөөр анхнаасаа харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч хүү төлж байсан, цаашид ч хүү төлөх хүсэл зоригоо илэрхийлснээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу талууд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулагдсан, зээлийг хүүтэй төлөх хэлцэл хийгдсэн.

Түүнчлэн хүү төлөх тохиролцоогоо хожим талууд ингэж бичгээр баталгаажуулж, хэлцэл хийж байгаа нь үүргийн мөн чанар харшлахгүй, хууль зөрчихгүй юм. Хуульд зээлийн хүү төлөх тохиролцоогоо хожим талууд бичгээр баталгаажуулж гэрээ, хэлцэл хийхийг хориглосон зүйл, заалт байхгүй.

4.3 Хариуцагчаас гаргаж өгсөн түүний харилцах дансны хуулганы хариуцагчаас нэхэмжлэгчид мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр хүү гэж тодорхой бичсэн байдаг. Мөн хариуцагчийн гараар бичигдсэн 2024 оны 01 сарын 18-ны өдрийн хэлцэл зэргээр хариуцагч нь анхнаасаа л нэхэмжлэгчийг банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан, уг зээлийн мөнгийг өөрт нь шилжүүлж зээлсэн, өөрөө зөвшөөрч зээлийн хүү төлсөн гэдгийг мэдэж байсан болохыг харуулж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 9,625,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч *******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 17 удаагийн гүйлгээгээр хариуцагчид нийт 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байхаас гадна хариуцагч нь дээрх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс зээлсэн үйл баримтын талаар маргаагүй. Иймд, анхан шатны шүүх талуудын хооронд 50,000,000 төгрөгийн хэмжээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

4. Хариуцагч нь уг зээлээс нийт 40,375,000 төгрөгийг буцаан төлсөн. Үлдэх 9,625,000 төгрөгийг буцаан төлөөгүй байна.

4.1 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан хүүгийн төлбөр шаардах эрхээ алдана. Иймд ...хожим хүүг бичгээр баталгаажуулсан тул хүү шаардах эрхтэй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Харин хэргийн 27 дугаар талд авагдсан баримтаар хариуцагч ******* ...*******аас 2021.11.24 өдөр 50 сая зээлсэн. Үүнээс 15 сая төгрөг банк бусад өгсөн. 2023 2 сарын 01 өдрөөс 2024 оны 02 сар хүртэл хүүг төлөөгүй 15 сая төгрөг -энэхүү хугацаанд хүүг Бат-Ялалт төлсөн. Үүнээс Бат-Ялалтад үндсэн зээл 35 сая+ хүү 15 сая төгрөгийг 2024.12.31 гэхэд бүгдийг төлж барагдуулна. 2024.01.18 гэж бичсэн байна.

5.1 Дээрх баримтаас үзэхэд хариуцагч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүү 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байх тул үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 15,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 40,375,000 төгрөгийг хасч, үлдэх 24,625,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

5.2 Харин уг гар бичмэлээр зээлийн гэрээний хугацааг сунгасан, өмнөх хүүг хүлээн зөвшөөрсөн гэх байдал тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 24,625,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 25,375,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/02918 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******эс 24,625,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,375,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 281,075 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 359,825 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

М.БАЯСГАЛАН