| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/0018/э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2017-04-11 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 18
М.Энхболд, Г.Баяржавхлан, Б.Мягмардорж С.Нямбаяр, М.Одсүрэн нарт холбогдохэрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,
Прокурор Ч.Мядагбадам
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Мягмардоржийн өмгөөлөгч А.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Энхболд, Г.Баяржавхлан, Б.Мягмардорж, С.Нямбаяр, М.Одсүрэн нарт холбогдох эрүүгийн 201615000131 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 1992 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 25 настай эрэгтэй, бага боловсролтой, оператор, хүнд машин механизм мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын 11 дүгээр багийн задгайд оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Жужнай овгийн Мангалын Энхболд /Регистрийн дугаар Й392102811/,
2. Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 24 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх дүүгийн хамт Өвөрхангай аймаг Арвайхээр сум 11 дүгээр багийн задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, Нярав овгийн Гачингийн Баяржавхлан /Регистрийн дугаар Й393101213/,
3. Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1997 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 20 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, оператор, хүнд машин механизм мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ дүү нарын хамт Өвөрхангай аймаг Арвайхээр сум, 10 дугаар баг, 49-11 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигин овгийн Бат-Очирын Мягмардорж /Регистрийн дугаар ЙИ97022615/,
4. Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Уянга суманд 1995 орны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 22 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймаг Уянга сумын 7 дугаар баг “Бөөрөлжүүт” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Балдандорж овгийн Сосорбарамын Нямбаяр /Регистрийн дугаар ЙО95122510/,
5. Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1997 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 20 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймаг Арвайхээр сум 9 дүгээр баг, 29-09 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан ял шийтгэл гавья, шагнал үгүй, Бор товог овгийн Мэндбаярын Одсүрэн /Регистрийн дугаар ЙЮ97060612/,
1. Шүүгдэгч М.Энхболд нь 2016 оны 04 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 47-09 тоотод оршин суух иргэн Т.Мөнгөнцэцэгийн хашаанаас 44-45 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан авч 700000 төгрөгийн хохирол,
2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх баарны зогсоолд байсан иргэн И.Загарзүсэмийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлан авч 1200000 төгрөгийн хохирол,
Мөн Г.Баяржавхлантай бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 51-01 тоотоос иргэн Б.Ууганбаярын эзэмшлийн улсын дугааргүй “Хенсим” маркийн мотоцикль хулгайлан авч 300000 төгрөгийн хохирол,
2016 оны 03 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Даймонд” баарны зогсоолоос иргэн Д.Одхүүгийн эзэмшлийн 43-77 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан авч 800000 төгрөгийн хохирол,
2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн Оношилгооны Эмчилгээний төвийн авто зогсоолд байсан иргэн С.Доньдренчингийн эзэмшлийн улсын дугааргүй “Веня” маркийн мотоциклийг хулгайлан авч 800000 төгрөгийн хохирол,
2016 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 11-02 тоот хашаанаас иргэн Б.Дашчирэвийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан авч 900000 төгрөгийн хохирол,
Мөн давтан үйлдлээр Г.Баяржавхлан М.Одсүрэн нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сөртийн ам” гэх газар оршин суух иргэн Б.Батжаргалын гэрийн гаднаас улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлан авч 1000000 төгрөгийн хохирол,
Давтан үйлдлээр Б.Мягмардорж, С.Нямбаяр нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2015 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэрт байрлах голын орчмоос иргэн Б.Дамдинсүрэнгийн эзэмшлийн 63-90 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан авч 600000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
2. М.Энхболдтой бүлэглэн 2015 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 51-01 тоот хашаанаас иргэн Б.Ууганбаярын эзэмшлийн улсын дугааргүй “Хенсим” маркийн мотоциклийг хулгайлан авч 300000 төгрөгийн хохирол,
Мөн давтан үйлдлээр М.Энхболдтой бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Даймонд” баарны зогсоолоос иргэн Д.Одхүүгийн эзэмшлийн 43-77 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан авч 800000 төгрөгийн хохирол,
2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн оношилгооны эмчилгээний төвийн авто зогсоолд байсан иргэн С.Доньдренчингийн эзэмшлийн улсын дугааргүй “Веня” маркийн мотоциклийг хулгайлан авч 800000 төгрөгийн хохирол,
2016 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 11-02 тоот хашаанаас иргэн Б.Дашчирэвийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан авч 900000 төгрөгийн хохирол,
Мөн давтан үйлдлээр М.Энхболд, М.Одсүрэн нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн “Тарагт” сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сөртийн ам” гэх газар оршин суух иргэн Б.Батжаргалын гэрийн гаднаас улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлан авч 1000000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
3. Шүүгдэгч Б.Мягмардорж нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр М.Энхболд, С.Нямбаяр нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2015 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэрт байрлах голын орчмоос иргэн Б.Дамдинсүрэнгийн эзэмшлийн 63-90 ӨВТ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан 600000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Шүүгдэгч М.Одсүрэн нь Г.Баяржавхлан М.Энхболд нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сөртийн ам” гэх газар оршин суух иргэн Б.Батжаргалын гэрийн гаднаас улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлан авч 1000000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Шүүгдэгч С.Нямбаяр нь М.Энхболд, Б.Мягмардорж нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2015 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэрт байрлах голын орчмоос иргэн Б.Дамдинсүрэнгийн эзэмшлийн 63-90 ӨВТ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Жужнай овгийн Мангалын Энхболдыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлсан, мөн давтан үйлдлээр бусадтай бүлэглэж, машин механизм хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Гачингын Баяржавхланг бусадтай бүлэглэж, давтан үйлдлээр машин механизм хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Бат-Очирын Мягмардоржийг бусадтай бүлэглэж машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Балдандорж овгийн Сосорбарамын Нямбаярыг бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бор товог овгийн Мэндбаярын Одсүрэнг бусадтай бүлэглэж машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Жужнай овгийн Мангалын Энхболдыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Боржигон овгийн Гачингын Баяржавхланг эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Боржигон овгийн Бат-Очирын Мягмардоржийг эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Балдандорж овгийн Сосорбарамын Нямбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Бор товог овгийн Мэндбаярын Одсүрэнг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар шүүгдэгч Б.Мягмардоржид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ял дээр өмнөх буюу 2015 оны 12 дугаар сарын 14-ний 153 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 /таван/ сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоож ,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Нямбаярт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Одсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч М.Энхболдод оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ял, шүүгдэгч Г.Баяржавхланд оногдуулсан 4 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах, шүүгдэгч Б.Мягмардоржид оногдуулсан 5 /таван/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч М.Энхболдын цагдан хоригдсон 21 хоног, шүүгдэгч Г.Баяржавхлангийн цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Энхболдын эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Энхболдоос 3.500.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Одхүүд 400.000 төгрөг, хохирогч С.Доньдренчинд 400.000 төгрөг, хохирогч Б.Ууганбаярт 150.000 төгрөг, хохирогч Б.Дашчирэвт 450.000 төгрөг, хохирогч Б.Дамдинсүрэнд 200.000 төгрөг, хохирогч Т.Мөнгөнцэцэгт 700.000 төгрөг, И.Загарзүсэмд 1.200.000 төгрөг, шүүгдэгч Г.Баяржавхлангаас 550.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Одхүүд 400.000 төгрөг, хохирогч Б.Ууганбаярт 150.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Б.Мягмардорж, С.Нямбаяр, М.Одсүрэн нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч М.Энхболдын эзэмшлийн улсын дугааргүй “мустанг-5” маркийн мотоцикл, шүүгдэгч Г.Баяржавхлангийн эзэмшлийн 59-93 ӨВР улсын дугаартай хар ногоон өнгийн Тоёота марк-2 маркийн автомашин, шүүгдэгч Б.Мягмардоржийн эзэмшлийн Скай Т-100 маркийн гар утас, шүүгдэгч С.Нямбаярын эзэмшлийн булган малгай, шүүгдэгч С.Одсүрэнгийн эзэмшлийн Самсунг С-3 маркийн гар утас зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мотоциклийн их гэрэл 1 ширхэг, сударын хайрцаг 1 ширхэг зэргийг устгаж камерийн бичлэг бүхий СD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч С.Нямбаярт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Одсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч С.Нямбаяр, М.Одсүрэн нарын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч С.Нямбаяр, М.Одсүрэн нарт мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Энхболд, Г.Баяржавхлан, Б.Мягмардорж нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, тус тус өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Энхболд, Г.Баяржавхлан, Б.Мягмардорж нарт авсан цагдан хорих, шүүгдэгч С.Нямбаяр, М.Одсүрэн нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Мягмардоржийн өмгөөлөгч А.Адъяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүх Б.Мягмардоржийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 4 сарын баривчлах ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар 4 сарын хугацаагаар оногдуулсан баривчлах ял дээр өмнөх 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
1.Б.Мягмардоржийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон үйлдэл нь 2015 оны 1 дүгээр сард буюу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24:00 цагаас өмнө үйлдэгдсэн байх тул 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлтэй байна.
2.Б.Мягмардорж нь бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшдэг, 2015 оны 1 дүгээр сард гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан зэрэг хувийн болон хэргийн байдлыг хянан үзэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т заасны дагуу өршөөлд хамруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
М.Энхболд, Г.Баяржавхлан, Б.Мягмардорж, С.Нямбаяр, М.Одсүрэн нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаж чадаагүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2-т зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдол, эсэргүүцэлд дурдсан зүйлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мягмардоржид шийтгэх тогтоолуудаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг буруу хэрэглэсэн байна.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөх эрх зүйн боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон М.Энхболд, Г.Баяржавхлан, Б.Мягмардорж, С.Нямбаяр, М.Одсүрэн нарт холбогдох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Мөн зарим шүүгдэгч нарын үйлдлийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй байна.
Шүүгдэгч Нярав овгийн Гачингийн Баяржавхлан, Боржигин овгийн Бат-Очирын Мягмардорж нарын ургийн овгийг шийтгэх тогтоолдоо Боржигон овгийн Гачингийн Баяржавхлан, Боржигон овгийн Бат-Очирын Мягмардорж гэж буруу бичсэнг дурдах нь зүйтэй.
Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул өмгөөлөгч А.Адъяасүрэнгийн гаргасан гомдолд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.4, 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон М.Энхболд, Г.Баяржавхлан, Б.Мягмардорж, С.Нямбаяр, М.Одсүрэн нарт холбогдох эрүүгийн 201615000131 тоот хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5 дахь хэсэгт зааснаар хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргэгдэн очтол М.Энхболд, Г.Баяржавхлан, Б.Мягмардорж нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар тус магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБИЛЭГ
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
Н.ЭНХМАА