Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2019/0504

 

 

 

 

 2019 оны 09 сарын 25 өдөр    Дугаар 221/МА2019/0504    Улаанбаатар хот



 

Ц.М-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ц.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0296 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Ц.Мгийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0296 дугаар шийдвэрээр:Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ц.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.М нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“Шүүгч Н. Дуламсүрэн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хурлаар Баянгол дүүргийн Засаг дарга С.Огийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/248 дугаар хууль зөрчсөн захирамжийг зөвтгөн хаацайлж үйлчилж зөвтгөж байгаа нь авилгын нэг хэлбэр мөн. 

Нийтийн эзэмшил биш газар гэдгийг нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримтууд: 

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 

2. Баянгол дүүргийн Засаг дарга Д.Огийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/481 тоот захирамж байсаар атал нууж дарагдуулж, 2 шүүгч, 1 төлөөлөгчид мэдэгдэлгүй хурал хийсэн нэр зүүв. Мөн гарааш ачиж эд зүйлийг үрэн таран хийж, мөнгө хулгайлсан байж болох Авирмэд гэгч этгээдийг гэрч гэж ирүүлэв.

Ер нь түшмэл, даргын зөвшөөрөлгүй гарааш контейнер тавьдаг иргэн байхгүй. Тэр хүмүүст бичиг өгдөггүй бөгөөд зөвшөөрлийн цавчаа буюу 10 хувийн заншсан авилгыг өгдөг бөгөөд түүнийг нь шударгаар эсэргүүцсэн намайг буруутгаж зөвшөөрөлгүй гарааш тавьсан гэх нь утгагүй. 

Шүүх хурлыг жүжиг болгон шударга бусаар миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж мэргэжлийн ноцтой алдааг илт гаргасан учраас давж заалдаж байна. 

Жич: Баянгол дүүргийн Засаг дарга С.Огийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/248 дугаар захирамжийг яам, холбоодын мэргэжлийн хуульчид Үндсэн хууль зөрчсөн болохыг нэгэн дуугаар тэмдэглэж байгаа юм.

Монгол улсын нэрийн өмнөөс асуудал шийдэх бүү хэл, ухамсартай, зөв төлөвшилттэй, ухаалаг, шударга, үнэнч хүн болж чадаагүй хүмүүс шүүгч гэдэг өндөр цалин, хариуцлагатай ажилд очоод хуулийг уландаа гишгэж байдгийг биеэр үзэж буйгаа тэмдэглэв.

Шүүгч тогтоолоо 14 хоногт ирүүлэхгүй байх тул дугаарыг нь тэмдэглэсэнгүй. 

Зөвхөн шүүгч хараат бус, нэхэмжлэгч-хохирогч шүүгчийн хараанд чөлөөтэй үг хэлэх эрхгүй, хариулж, үгээ таслуулж, дарамтлуулж, үнэн үг хэлбэл зуулган эсрэг шийдвэр гаргадаг нь иргэд, Монгол улсыг хохироож буйг тэмдэглэе. Шүүх хуралд иргэн хараат бус байж, шүүгч, хариуцагчтай шударгаар мэтгэлцэх хууль шаардлагатай байна.” гэжээ.

ХЯНАВАЛ :

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах“ гэж заасны дагуу зөвхөн гомдолд дурьдсан хууль зүйн үндэслэлийн дагуу хэргийг хянав. 

Давж заалдах гомдолд дурьдсан: “Нийтийн эзэмшил биш газар” гэдгийг нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримтууд: 

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 

2. Баянгол дүүргийн Засаг дарга Д.Огийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/481 тоот захирамж байсаар атал нууж дарагдуулж, 2 шүүгч, 1 төлөөлөгчид мэдэгдэлгүй хурал хийсэн нэр зүүв. Мөн гарааш ачиж эд зүйлийг үрэн таран хийж, мөнгө хулгайлсан байж болох Авирмэд гэгч этгээдийг гэрч гэж ирүүлэв” гэсэн үндэслэлийн дагуу шүүхийн шийдвэрийг хянав. 

Харин давж заалдах гомдолд дурьдсан хууль зүйн үндэслэл бус зөвхөн өөрийн үзэл бодлоо бичсэн хэсгийн талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

1/ Нэхэмжлэгч тухайн гарааш байрлаж байсан газрыг “Нийтийн эзэмшил биш газар” гэж маргаж байна.  Уг тайлбараа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтад үндэслэж байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйл ийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд дараахь эд хөрөнгө хамаарна” гэж заагаад мөн зүйлийн 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж заажээ.

Энэхүү заалтад дурьдсан “машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж” гэдэгт засаж тохижуулсан авто машин зогсох зориулалттай зогсоол, тухайн сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгөөр байгуулсан ил болон далд зогсоол зэрэг байгууламж хамаарахаар байна. Түүнээс биш нэхэмжлэгч нийтийн эзэмшил газар дээр төмөр гарааш зөвшөөрөлгүй байрлуулсан нь нотлогдсон, энэ тохиолдолд тухайн газрыг нь энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан ”Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө” болсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Нөгөө талаар Монгол улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, ... төрийн өмч мөн” гэж заажээ. Иймд ямар ч тохиолдолд газар нь нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг  Сууц өмчлөгчдийн холбооны өмч болохгүй, тодруулбал газар нь нэхэмжлэгчийн иш татаад буй Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д нэрлэн заагаад байгаа  “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө”-д хамаарахгүй юм.

    2/ Маргаж байгаа захиргааны акт болох /нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурьдаад буй/ Баянгол дүүргийн Засаг дарга С.О-гийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/248 дугаар захирамж нь “Албадан нүүлгэж, газар чөлөөлөх тухай” захирамж байна. 

    Тухайн газар нь төрийн өмч болох нь нэгэнт тогтоогдож байгаа тул СӨХ тухайн газрыг эзэмших, ашиглах эрхтэй байсан эсэх талаар дүгнэлт хийх нь зүйтэй. 

    Газартай холбогдсон аливаа харилцааг Газрын тухай хуулиар зохицуулдаг харин Сууц өмчлөгчдийн холбоотой хамааралтай хуулиар зохицуулах боломжгүй.

 Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.5-д “Орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах шийдвэрийг Газрын тухай хуулийн 21.2, 21.3, 21.4-т заасан эрх бүхий албан тушаалтан гаргах ба уг шийдвэрийг үндэслэн газрын асуудал эрхэлсэн алба, газрын даамал сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралтай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан загварын дагуу гэрээ байгуулна” гэж заажээ. Нэхэмжлэгчийн гарааш байрлаж байсан газрыг “Цагаан асар” СӨХ-нд ашиглуулахаар шийдвэрлэсэн дүүргийн Засаг даргын захирамж гараагүй, “Цагаан асар” СӨХ-нд нь ашиглах гэрээ байхгүй болох нь  тогтоогджээ. Иймд тухайн газрыг нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан СӨХ-ны газар гэж дүгнэх боломжгүй.

    3/ Давж заалдах гомдолд мөн : “Баянгол дүүргийн Засаг дарга Д.Огийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/481 тоот захирамж байсаар атал нуун дарагдуулж, 2 шүүгч, 1 төлөөлөгчид мэдэгдэлгүй хурал хийсэн нэр зүүв. Мөн гарааш ачиж эд зүйлийг үрэн таран хийж, мөнгө хулгайлсан байж болох Авирмэд гэгч этгээдийг гэрч гэж ирүүлэв” гэжээ.

    Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Засаг дарга Д.Огийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/481 тоот захирамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул түүнтэй холбоотой асуудлыг шүүх хэлэлцээгүй, иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Ц.М нь Д.Огийн А/481 дүгээр захирамжид гомдолтой бол тусдаа жич нэхэмжлэлээ гаргах  эрх нь нээлттэй.

4/ “Мөн гарааш ачиж эд зүйлийг үрэн таран хийж, мөнгө хулгайлсан байж болох Авирмэд гэгч этгээдийг гэрч гэж ирүүлэв” гэсэн тухайд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасны дагуу тухайн газрыг чөлөөлсөн, гараашийг албадан нүүлгэсэн асуудлыг мэдэж байгаа, тухайн үйл ажиллагаанд оролцсон этгээдийг гэрчээр дуудсан нь хууль зөрчөөгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчээс шүүхэд хандаж гаргасан бусад шаардлага болох “... захирамжийн дагуу дүүргийн Газрын албаны явуулсан ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, надад учирсан хохирол болох 12918000 төгрөгийг Баянгол дүүргийн засаг дарга болон дүүргийн Газрын албанаас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0296 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.10-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

       

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.БАТБААТАР 

          ШҮҮГЧ                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

          ШҮҮГЧ                         Э.ЗОРИГТБААТАР