Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2023/0073

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

нийслэлийн Татварын газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:    Г.Банзрагч  

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                   Д.Батбаатар 

                                     Ц.Цогт

Илтгэгч шүүгч:        М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0291 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2023/0367 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 280 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, өмгөөлөгч Ө.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага (эцсийн байдлаар): Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А.Ө, Ч.Б нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0294848 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан 203,736,119.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн татвараар бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, импортоор оруулж ирсэн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар зөвтгөж бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийг гаргасан.

2.Хэргийн нөхцөл байдал: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А.Ө, Ч.Б нар 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0294848 дугаар шийтгэлийн хуудсаар 203,736,119.8 төгрөгийн нөхөн татвар, 121,907,154.9 төгрөгийн торгууль, 73,487,657.7 төгрөгийн алданги, нийт 399,130,932.4 төгрөгийн төлбөр ногдуулжээ. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор дээрх төлбөрөөс 90,917.30 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулж, 305,086,167.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, нийт 399,130,932.4 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тухайн тогтоолыг хэвээр үлдээсэн байна. “У” ХХК-аас улсын байцаагчийн 0294848 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан бөгөөд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 205 дугаар шийдвэрээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 294 дүгээр магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 130 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

2.1.“У” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “У” ХХК-ийн зүгээс 203,736,119.8 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар буюу нөхөн татвараас 174,619,785.99 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар төлсөн. Цаашид тохиролцсон хугацаанд нөхөн татварыг төлж дуусгахаар ажиллаж байна. Гэтэл нийслэлийн Татварын газраас 203,736,119.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвараар бүртгэхээр 1210400057869 дугаар төлбөрийн даалгавар үүсгэн ирүүлсэн. Тиймээс 203,736,119.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн татвараар бүртгүүлэхээр нийслэлийн Татварын газар хүсэлт гаргахад 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 04/922 дугаар албан бичгээр татгалзсан хариу ирүүлж бүртгээгүй, үүнийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газар гомдол гаргахад 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08/316 дугаар албан бичгээр мөн гомдлыг хүлээн авалгүй татгалзсан хариу өгч гомдлыг хангаагүй, ... импортоор оруулсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2-т заасны дагуу төсөвт төлөх татвараас хасч тооцох ёстой, хариуцагчийн хууль бус үйлдлээс болж манай компани хасалт хийж тайланд тусгах боломжгүй, ... эрх зөрчигдөж байна ...” гэсэн агуулгаар тодорхойлон маргасан.

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... хяналт шалгалтын үед хавсралтаар баримт падаан, ... гаалийн мэдүүлэг нь байгаагүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д заасны дагуу татан авч байгаа, хариуцлагын хэлбэр гэж ойлгож болно, ... нэхэмжлэгч тал гааль дээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй борлуулалт хийж, кино гарган орлого олж, түүнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байгаа нь хил гаалиар мэдүүлээгүй учир хасалт хийх эрхгүй. Цаг хугацааны хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Олон улсын стандарт болон Татварын ерөнхий хуульд заасан эрх үүсэхгүй ...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 16 дугаар зүйлийн 16.1.2-т  заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... Кино уран бүтээл нь бараа, бүтээгдэхүүний хувьд онцлогтой бөгөөд Монгол Улсын хилээр биет бус хэлбэрээр /цахим хаягаар, хальс, СD, DVD г.м/ нэвтрэх боломжтой, үнэ өртгийн хувьд зөвхөн тасалбар борлуусны орлогоос хамааралтай байхад гаальд мэдүүлээгүй гэх үндэслэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1.2-т заасан импортоор оруулж ирсэн барааны татварын төрлөөр бүртгэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус байна. Учир нь тухайн кинонууд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэгдээгүй, улсын хилээр нэвтрэх үед тасалбар борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасантай адилтгах үндэслэлгүй, нөгөөтэйгүүр тухайн татвар ногдох орлогыг хяналт шалгалтын хүрээнд илрүүлсэн, улсын байцаагч нар шийтгэлийн хуудсаар зөрчилд тооцсон эсэхээс үл хамаарч гагцхүү татварынхаа төрлөөр ангилагдах учиртай бөгөөд энэ нь иргэн хуулийн этгээдийн татвараа үнэн зөв тайлагнах, татварын таатай нөхцөл эдлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй ...” гэж дүгнэжээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “... нэхэмжлэгч компани нь 0294848 дугаар шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлийг хянан шийдвэрлэх захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хариуцагчаас 0294848 дугаар шийтгэлийн хуудсаар “У” ХХК-д ногдуулсан 203,736,119,8 төгрөгийн нөхөн татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар зөвтгөж бүртгэхийг шаардаж байгааг шүүх хуульд нийцсэн гэж үзэх, хариуцагчийг энэ үндэслэлээр буруутгах нь хуульд нийцэхгүй юм. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4-т заасныг зөрчиж ... “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна ...” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 280 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6.1.“... Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Ө, Ч.Б нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0294848 дугаар шийтгэлийн хуудсаар зөвхөн Маргаан таслах зөвлөл болон шүүхээр хянаж үзээд 2,650,543,074 төгрөгийн зөрчилд ногдох 203,736,119 төгрөгийн нөхөн татвар, 121,907,154 төгрөгийн торгууль, 73,487,657 төгрөгийн алданги, нийт 399,130,932 төгрөгийн төлбөрийг “У” ХХК-аар төлүүлэхээр л шийдвэрлэсэн. Тодруулбал, ямар татварын төрлөөр бүртгэх талаар тусгаагүй. Өмнөх хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа шийтгэлийн хуудасны 203,736,119.8 төгрөгийн нөхөн татварыг дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвараар бүртгэж 1210400057869 дугаар нэхэмжлэхийг нийслэлийн Татварын албанаас үүсгэж татварыг нэхэмжилсэн. Ийнхүү нэхэмжлэхдээ төсөвт төлөх татвараас хасах боломжгүй байдлаар бүртгэсэн байсан.

6.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна” гээд 7.1.2-т “гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж заасан. “У” ХХК-аас 2015 онд 553,523,185.1 төгрөгийн, 2016 онд 686,725,190.0 төгрөгийн, 2017 онд 793,659,404.0 төгрөгийн төлбөр БНСУ-ын “Б р” ХХК-д төлсөн нь кино үйлчилгээ гадаадын компаниас импортоор худалдан авсны төлбөр болох бөгөөд түүнд ногдох 203,736,119.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан импортоор оруулсан бараанд төлсөн татвар болно.

6.3.Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 130 дугаар тогтоолын 23-т “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох гурван тохиолдлыг нэрлэн заасан, үүний нэг нь “бараа, ажил үйлчилгээг гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бол нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан байх тул энэ тохиолдолд нь тухайн бараа, ажил үйлчилгээг борлуулсан эсэхээс үл хамаарах буюу “импортоор оруулсан”-аар тухайн бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, импортоор оруулж ирж буй этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үр дагавар үүсэх юм” гэж, 26-д “БНСУ-ын “Б р” ХХК-ийн “У” ХХК-ийн кино театруудаар дамжуулан гаргаж байгаа “дэлхийн шилдэг кинонууд” нь энэ тохиолдолд “бараа” бөгөөд, хоёр талын хооронд байгуулсан гэрээгээр тохирсон тасалбар борлуулсны үнийн дүнгийн 50 хувь нь “Б р” ХХК-ийн хувьд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа борлуулсны орлого, үлдэх 50 хувь буюу “У” ХХК-ийн орлогыг “Б р” ХХК-д үйлчилгээ үзүүлсний орлого гэж үзэхээр байна” гэж дүгнэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэсэн.

6.4.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т “оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө” гэж заасан. Кино нь онцлог бүтээгдэхүүн бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийгдэхгүй. Тиймээс оногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг шууд төсөвт төлөх зохицуулалттай. Нөгөөтэйгүүр татвар төлөх ёстой эсэх талаар хуульд заасны дагуу маргасан тохиолдолд татварын хасалт хийх эрхээ алдаж байгаа нь хуулиар заагаагүй нөхцөлөөр эрхийг хязгаарлаж байна. Учир нь нөхөн төлсөн татварыг хасалт хийхгүй гэсэн нэг ч хууль болон журмын заалт байхгүй. Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2-т зааснаар албан татварт хасалт хийх эрхтэй. Тиймээс нийслэлийн Татварын газраас “У” ХХК-ийн БНСУ-ын “Б р” ХХК-аас кино үйлчилгээ худалдан авахдаа төлсөн 203,736,119.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвараар болон хасалт хийх боломжгүй байдлаар бүртгэж, нэхэмжилж байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасныг зөрчсөн хууль бус байна. Нэгэнт буруу бүртгэсэн тул түүнийг хуульд нийцүүлэн засах ёстой. 203,736,119.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн татвараар зөвтгөж оруулах нь хууль ёсны болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

7.Нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн магадлал зөв боловч давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр өөрчлөлт оруулав.

8.“У” ХХК-ийн гомдолтой, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А.Ө, Ч.Б нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нэхэмжлэгчийн “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А.Ө, Ч.Б нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0294848 дугаар шийтгэлийн хуудасны үлдсэн хэсэг болох 2,650,543,074.0 төгрөгийн зөрчилд ногдох 203,736,119.8 төгрөгийн нөхөн татвар, 121,907,154.9 төгрөгийн торгууль, 73,487,657.7 төгрөгийн алданги, нийт 399,130,932.4 төгрөгийн шийтгэл ногдуулсныг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

9.Уг хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 130 дугаар тогтоолд “... “бараа, ажил үйлчилгээг гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан” бол нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан байх тул энэ тохиолдол нь тухайн бараа, ажил үйлчилгээг борлуулсан эсэхээс үл хамаарах буюу “импортоор оруулсан”-аар тухайн бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, импортоор оруулж ирж буй этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үр дагавар үүсэх юм ... “У” ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт, буцаалттай холбоотой асуудлаар маргаагүй, энэ нь татварын улсын байцаагчийн маргаан бүхий 0294848 дугаар шийтгэлийн хуудасны үндэслэлд заасан зөрчил, шийтгэл оногдуулсан үндэслэлд хамаарахгүй тул энэ асуудлаар шүүх дэлгэрэнгүй дүгнэлт хийхгүй ...” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээжээ.

10.Энэхүү маргааны хувьд, нэхэмжлэгч талаас дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор хэвээр үлдээсэн улсын байцаагч А.Ө, Ч.Б нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0294848 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөр болох нийт 399,130,932.4 төгрөгийг төлөх утгаараа үүнээс уг шийтгэлийн хуудсаар ногдуулсан 203,736,119.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн татвараар бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 203,736,119.8 төгрөгийн нөхөн татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар бүртгэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ “Улсын дээд шүүхийн (дээрх) тогтоолд “Нэмэгдсэн өртгийн албан татвар буюу нөхөн татвар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн” гэж заасан албан татварын хасалт хийх татвар болохыг дүгнэсэн ...” хэмээн тайлбарлажээ.

11.Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн (анхан шатны шүүхээс өмнө торгууль, алдангийг бүрэн төлсөн, хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө нөхөн татварыг бүрэн төлсөн талаар нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрч, төлбөртэй холбоотой маргаан байхгүй гэж хариулсан (Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаар тэмдэглэлийн 4 дэх тал) нөхөн татвар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан ... бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 7.2.5-д “оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ” гэх хуулийн зохицуулалтад хамаарах тул уг зүйлээр бүртгэгдэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар хасагдах ёстой гэх агуулгатай байна.

12.Гэтэл давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгч “У” ХХК нь 0294848 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч “У” ХХК нь дээр дурдсан захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарах цаг хугацаанд 0294848 дугаар  шийтгэлийн хуудсыг нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт, буцаалттай холбоотой асуудлаар болон шийтгэлийн хуудсаар ногдуулсан нөхөн татварыг импортоор оруулж ирсэн бараанд ногдуулсан гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргаагүй, мөн “нөхөн татварыг хасагдах зардлын буюу импортоор оруулж ирсэн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар хариуцагч бүртгэх үүрэгтэй” гэсэн нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл нь 0294848 дугаар  шийтгэлийн хуудасны үндэслэлд заасан зөрчил, шийтгэл ногдуулсан үндэслэлд хамаарахгүй ...” гэж дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

13.Тиймээс, импортоор оруулж ирсэн барааны хувьд тухайн үед нь төлөөгүй, хожим татварын хяналт, шалгалтын явцад илэрч, актаар тогтоогдсон нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлсөн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тодорхойлсон мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан хасагдах нөхцөлд хамаарах эсэх асуудлаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.     

14.Дээр дурдсан хяналтын шатны шүүхийн тогтоолд “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан ... бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”-нд, 7.2.5-д “оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”-нд нэмэгдсэн өртгийн албан татвар тус тус ногдохоор, 16 дугаар зүйлийн 16.1.2-т “/албан татвар суутган төлөгч нь/ оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлөх”-өөр тус тус заасан байх тул БНСУ-д бүртгэлтэй “Б р” ХХК-ийн Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж ирсэн “дэлхийн шилдэг кинонууд”-д нэмэгдсэн өртгийн албан татвар ногдоно; энэ тохиолдолд эдгээр кинонууд нь гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй буюу хийлгэх боломжгүй бараа тул гэрээний дагуу “Б р” ХХК-д төлбөрийг шилжүүлж байгаа “У” ХХК уг үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлөх үүрэгтэй ...” гэжээ.

15.Тодруулбал, БНСУ-д бүртгэлтэй “Б р” ХХК-ийн Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж ирсэн “дэлхийн шилдэг кинонууд” нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.2.5-т заасан гадаад улсад байгаа оршин суугч бус этгээдээс оршин суугч этгээдэд борлуулсан бараа тул нэмэгдсэн өртгийг албан татвар төлөх үүрэгтэй болохыг; мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар “Б р” ХХК-д төлбөрийг шилжүүлж байгаа “У” ХХК уг үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлөх үүрэгтэй болохыг тус тус тодорхой дүгнэжээ.

16.Тиймээс бусдад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг шилжүүлэхдээ суутган авч төсөвт төлөх үүрэг бүхий этгээд суутган авах үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэлийн хуудасны дагуу нөхөн татвар төлснийг буюу шууд утгаараа өөрт нь бус, өөр этгээдэд шилжүүлсэн орлогод ногдуулсан төлбөрийг хасуулахаар шаардах эрхгүй учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан үндэслэлээр хасагдах зардалд тооцогдохгүй, иймд энэ агуулгаар “бүртгэл хийгээгүй нь хууль бус” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

17.Тодруулбал, өөр этгээдээс “Б р” ХХК-д ногдох суутган авч төрд шилжүүлж байгаа татвар нь нэхэмжлэгчийн импортоор оруулсан бараанд төлсөн буюу өөрөөс нь урьдчилж төлсөн албан татвар гэж үзэхгүй юм.

18.Түүнчлэн, тухайн үед хүчин төгөлдөр байсан Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ:” гээд 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;”, 18.1.6-д “бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх;” гэж, 45 дугаар зүйлийн 45.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяалах татварын албанд тушаана” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Бараа импортоор оруулсан бол уг барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрөөр албан татвар татвар ногдуулах хугацааг тогтооно”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:” гээд 16.1.2-т “оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө;” гэж тус тус зааснаар импортоор оруулж ирсэн барааг ямар хугацаанд үнэн зөвөөр мэдүүлж, холбогдох татварыг төлж тайлагнах талаар хууль тогтоогч тодорхой журамлажээ.

19.Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:” гэж, хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна:” гээд 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд;” гэж зааснаар барааг импортолсон бол тухай бүрд нь, хэрэв импортоор оруулж ирэхэд ногдох татварыг тодорхойлох боломжгүй бол борлуулсан тухай бүрд нь төлсөн татварын хувьд төсөвт төлөх албан татварыг хасч тооцох хуулийн зохицуулалттай, энэ тохиолдолд нэхэмжлэгч суутган тооцогчийн хувьд үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тул “... НӨАТ-ыг шууд төсөвт төлөх зохицуулалттай. Нөгөөтэйгүүр татвар төлөх ёстой эсэх талаар хуульд заасны дагуу маргасан тохиолдолд татварын хасалт хийх эрхээ алдаж байгаа нь хуулиар заагаагүй нөхцөлөөр эрхийг хязгаарлаж байна гэж үзэж байна. Учир нь нөхөн төлсөн татварыг хасалт хийхгүй гэсэн нэг ч хууль болон журмын заалт байхгүй. Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2-т зааснаар албан татварт хасалт хийх эрхтэй ...” гэх гомдол няцаагдана.

20.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн буюу өмнө нь шүүхээр шийдвэрлэгдээгүй маргаан гэж үзсэн нь зөв боловч хуулийн дээрх зохицуулалтыг анхааралгүй “... зөвхөн тасалбар борлуулсны орлогоос хамааралтай байхад гаальд мэдүүлээгүй гэх үндэслэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 7.1.2-т заасан импортоор оруулж ирсэн барааны татварын төрлөөр бүртгэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус ... тухайн кинонууд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэгдээгүй, улсын хилээр нэвтрэх үед тасалбар борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж заасантай адилтгах үндэслэлгүй ...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм.

21.Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2023/0367 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4-т” гэснийг “Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 45 дугаар зүйлийн 45.1, Нэмэгдсэн өртгийн  албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, 16 дугаар зүйлийн 16.1.2-т” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.БАНЗРАГЧ

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Д.МӨНХТУЯА

                            ШҮҮГЧИД                                                                   Д.БАТБААТАР

                                                                                                        Ц.ЦОГТ

                                  М.БАТСУУРЬ