Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1564

 

   Х.Амартүвшингийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/05177 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Амартүвшингийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Даваахүү, Д.Сүх-Очир нарт холбогдох

           

Бусдын хууль бус эзэмшлээс газар, хашаа, байшин чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 

 

Хариуцагч С.Даваахүүгийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч С.Даваахүү

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Чулуунбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Амартүвшинийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Х.Амартүвшин нь 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн авга ах Ш.Болд-Эрдэнэтэй хамтран иргэн С.Мөнх-Учралаас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 17 дугаар гудамжны 428б тоот түүний нэр дээр гэрчилгээтэй, хувийн өмчлөлийн 700 м.кв талбайтай газар, 2 давхар хуучин палкан байшинг хашааны хамт нийт 195 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож газар худалдах, худалдан авах гэрээ, хувийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдан авсан. Ингэхдээ нийт үнийн дүнгийн 60 хувь буюу 110 000 000 төгрөгийг төлөхдөө 100 000 000 төгрөгийг бэлнээр, дээр нь "Тоёота ист" маркийн 71-37 УНЧ улсын дугаартай, эгч Н.Мөнхтуулын эзэмшлийн автомашиныг 10 000 000 төгрөгөөр тооцож С.Мөнх-Учралд шууд худалдах, захиран зарцуулах, бусдад шилжүүлэх эрхтэйгээр итгэмжлэл хийж, нотариатаар батлуулан нийт 110 000 000 төгрөгийг барагдуулан, бичиг баримтуудыг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. Үлдэгдэл төлбөрийг 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор багтаан төлж, С.Мөнх-Учрал болон түүний эцэг Д.Сүх-Очир, эх С.Даваахүү нар хашаа байшинг саадгүйгээр чөлөөлж өгөхөөр бичгээр болон ярилцаж тохиролцсон. Тухайн үед тэдний хажуу талын айл болох иргэн Б.Одсүрэнгийн хашааны газрыг түүнтэй үнэ тохиролцон худалдаж авсан бөгөөд төлбөрийг нь тодорхой хугацаанд буюу гэрээний дагуу график гарган төлж барагдуулахаар тохирч 2014 оны 8 дугаар сарын 10-нд төлбөрийг бүрэн төлж дуусгасан бөгөөд Б.Одсүрэн нь гэрээний дагуу хашаагаа бүрэн чөлөөлсөн. Ax бид 2 хамтран тус газруудыг нийлүүлэн барилга барих зориулалтаар худалдаж авсан. Х.Амартүвшин нь 2014 оны 3 дугаар сараас 2014 оны 10 дугаар cap хүртэл хөдөө ажиллаж байсан бөгөөд ах Ш.Болд-Эрдэнэ дээрх хүмүүстэй холбогдож үлдэгдэл төлбөрийг өгөх талаар ярьж, мөнгө бүрэн бүрдтэл жаахан хүлээх талаар хэлж ярьж, тохиролцож байсан. Ингээд 2014 оны 7 дугаар сарын 10-ны үед мөнгөө бэлэн болгоод өгөх гэтэл С.Мөнх-Учрал, түүний эх С.Даваахүү нар хашаа, байшиндаа байхгүй, Замын-Үүдэд байсан. Ш.Болд-Эрдэнэ ах руу С.Даваахүү утсаар яриад "...нөхөр Д.Сүх-Очир хашаа, байшингаа та нарт хямд зарлаа гээд намайг загнаад уурлаад байна, мөнгө нэмж өг тэгвэл нүүнэ гээд байна, тэгэхгүй бол хашаа байшинг, өөр хүнд зарна" гэж ярьсан бөгөөд мөн Хятад, Монгол янз бүрийн хүмүүстэй уулзаад худалдаж аваач гээд гуйгаад явж байсан байдаг. Бидний хувьд энэ хүмүүст үлдэгдэл мөнгийг нь өгөхгүйгээр худлаа хэлж бултаж алга болсон, мөнгийг нь өгөхгүй нэхүүлж төвөг удсан зэрэг ямар ч асуудал гаргаагүй бөгөөд аль болох эв эеийг эрхэмлэн тохирч, асуудлыг шийдэхээр өдий хүрсэн боловч Д.Сүх-Очир, С.Даваахүү, түүний охин С.Мөнх-Учрал нар хашаа байшинг чөлөөлж өгөхгүй өдий хүрч, арга буюу хуулийн байгууллагад хандаж байна. С.Мөнх-Учрал одоо уг хашаа, байшинд амьдардаггүй байх тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авч байна. Иймд иргэн Х.Амартүвшингийн хууль ёсны өмчлөлд хууль бусаар амьдарч байгаа С.Даваахүү, Д.Сүх-Очир нарыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 17 дугаар гудамжны 428б тоотод байрлах газар, хашаа, байшингаас албадан нүүлгэж, чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Сүх-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрээний зүйл болох хашаа байшингийн асуудлаар тайлбар гаргаж байна. Худалдах худалдан авах гэрээг 2013 оны 10 дугаар сард хийж 2014 оны 4 дүгээр сарын 01-нд үлдэгдэл мөнгийг өгөхөөр тохирсон боловч худалдан авагч талын гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөг хүрсэн. Бид тухайн үед байр авахаар төлөвлөж байсан боловч бүтээгүй. Энэ хугацаанд бүх юмны үнэ ханш ихээр өөрчлөгдсөн. Гэрээг эхнэр бид хоёр хийгээгүй охин С.Мөнх-Учрал гарын үсэг зурсан. Одоо Бүгд Найрамдах Солонгос Улсад амьдарч байгаа. Иймд бид хариуцагч болохгүй. Бидний ойлгож байгаагаар гэрээг цуцлах шаардлага гарсан нь дан ганц худалдан авагч талын буруугаас болсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч С.Даваахүү шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах-худалдан авах гэрээг 2013 оны 10 дугаар сард хийж, 2014 оны 4 дүгээр сарын 01-нд үлдэгдэл мөнгийг өгөхөөр тохирсон боловч худалдан авагч талаас гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөг хүрсэн. Тэнд тухайн үед байр авахаар төлөвлөсөн боловч бүтээгүй энэ хугацаанд бүх юмны үнэ ханш ихээр өөрчлөгдсөн. Гэрээг нөхөр бид 2 хийгээгүй охин С.Мөнх-Учрал гарын үсэг зурж хийсэн. Одоо Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж амьдарч байгаа. Иймд бид 2 хариуцагч болох учиргүй. Бидний ойлгож байгаагаар гэрээг цуцлах шаардлага гарах нь дан ганц худалдан авагч талын буруугаас болсон гэж үзэж байна. Бид маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөдөлмөрөөр бий болгосон бөгөөд уг газартаа хууль бусаар амьдарч байна гэж үзэхгүй. 95 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд хугацаа хэтрүүлсэн тул 150 000 000 төгрөг болгоод өгчих гэж л хэлсэн. Бид итгэлцлийн үндсэн дээр урьдчилгаа мөнгө авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн хувьд хууль бус эзэмшлээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх бүрэн үүсээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 17 дугаар гудамж /15 дугаар гудамжны 4286 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Г-2204001686 дугаарт бүртгэгдсэн, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204018161 дугаарт бүртгэгдсэн, 171.5 мкв талбайтай, 2 давхар хувийн сууцыг хариуцагч С.Даваахүү, Д.Сүх-Очир нар болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Х.Амартүвшинд олгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Амартүвшингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Даваахүү, Д.Сүх-Очир нараас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Амартүвшинд олгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Амартүвшин нь хариуцагч С.Мөнх-Учралд холбогдох нэхэмжлэлээ татан авсныг баталж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Даваахүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Маргаж буй газар, хашаа, байшинг нөхөр бид 2 цэвэр өөрсдийн хүч хөрөнгөөр 2004-2007 онуудад захиргааны дарамт мөнгө санхүүгийн маш хүнд байдалд бий болгосон. Тэр үед охин С.Мөнх-Учрал насанд хүрээгүй байсан. Анх газар, байшингийн гэрчилгээ нөхөр бид хоёрын нэр дээр байсан. Тухайн үед банкны зээл авах асуудлыг хөнгөвчлөх зорилгоор С.Мөнх-Учралын нэр дээр болгосон. Үнэн чанартаа энэ хашаа, байшин бидний насан туршдаа цуглуулж хуримтлуулсан хөрөнгө, бидний болон үр хүүхдийн минь амьдралын баталгаа юм. Шүүхээс энэхүү бодит байдлыг үнэн зөв үнэлж шийдвэр гаргасангүй гэж үзэж байна.

2. Бид Х.Амартүвшинтэй гэрээ хийхдээ нөхөр Д.Сүх-Очирт мэдэгдэж зөвшилцөөгүй, тухайн үед үнэ ханш ярилцахад бид 280 саяаас буулгахгүй гээд 195 сая төгрөг дээр ist маркийн машин өгье гэхэд нь зөвшөөрсөн юм. Ингээд гэрээ хийж үлдэгдэл 95 сая төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцож гэрээнд нэмэлт нөхцөл болгон тусгасан. Худалдан авагч талын зүгээс гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй өнөөг хүрсэн. Мөн газар худалдах, худалдан авах гэрээний нэмэлт нөхцөлд тусгаснаар 95 сая төгрөг өгөхгүй 85 сая төгрөг болгож өгнө гэж байхад шүүхээс хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар бид гэрээнээс татгалзаж, 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар учирсан хохирол зардлаа худалдан авагч талаас нэхэмжлэх болно.

3. Өмч эзэмшигч гол хүн Д.Сүх-Очир, гэрээнд гарын үсэг зурсан С.Мөнх-Учрал нарыг оролцуулахгүйгээр дан ганц нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хийж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтооосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х.Амартүвшин нь хариуцагч С.Даваахүү, Д.Сүх-Очир нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар, хашаа, байшин чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

          Нэхэмжлэгч Х.Амартүвшин нь С.Мөнх-Учралтай 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр газар худалдах худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Консулын /15/ 17 дугаар гудамжны 428б тоотод байрлалтай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 145 000 000 төгрөгөөр /хх-13/, мөн хаягт байрлах 171,5 м.кв талбай бүхий 4 өрөө 2 давхар хувийн сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдах худалдан авахаар /хх-14/ тохиролцсны дагуу нэхэмжлэгч Х.Амартүвшин нь дээрх хаягт байрлалтай улсын бүртгэлийн Г-2204001686 дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-2204018161 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцны хууль ёсны өмчлөгч болсон нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, газрын байршлын кадастрын зургаар нотлогдсон байна. /хх-10-12/

 

          Иймд өмнөх өмчлөгч С.Мөнх-Учралын өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр дуусгавар болж, шинэ өмчлөгч Х.Амартүвшинд өмчлөх эрх үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

         Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар эзэмшигч нь өмчлөгчийн нэгэн адил шаардлага гаргах эрхтэй тул нэхэмжлэгч Х.Амартүвшин нь өөрийн эзэмшил газрыг хариуцагч С.Даваахүү, Д.Сүх-Очир нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.  

           

Хариуцагч Д.Сүх-Очир, С.Даваахүү нар “Маргаан бүхий 428б тоотод байрлах газар, хувийн сууцны үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч шилжүүлээгүй, бид уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч бидний цуглуулж хуримтлуулсан хөрөнгө” гэж тайлбарласан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, газар, хувийн сууцыг худалдах худалдан авах гэрээг С.Мөнх-Учрал байгуулсан талаар маргаагүй /хх-30/ болно.

 

Харин хэрэгт авагдсан худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөр баталгаажуулсан баримт үйлдэхэд /хх-17/ хариуцагч С.Даваахүү, Д.Сүх-Очир нар байлцсан нь тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон хариуцагч нарын тайлбараар С.Даваахүү, Д.Сүх-Очир нар нь С.Мөнх-Учралын эцэг эх болох нь тогтоогдож байгаа боловч Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар С.Мөнх-Учрал нь насанд хүрсэн этгээд байна. Иймд хариуцагч нар С.Мөнх-Учралын эцэг эх байх нь бусдын өмчлөлийн газар, хувийн сууцыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Харин дээрх худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотойгоор эрх бүхий этгээд нь зохих журмын дагуу шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг хариуцагч Д.Сүх-Очирт хүргүүлсэн /хх-79-80/, нэхэмжлэгч нь С.Мөнх-Учралд холбогдох нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасныг /хх-34/ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байх тул Д.Сүх-Очир, С.Мөнх-Учрал нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэх  хариуцагч С.Даваахүүгийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Даваахүүгийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/05177 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Даваахүүгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Даваахүүгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           
 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                            С.ЭНХТӨР

 

                                                                                                  Д.БАЙГАЛМАА