Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 877

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

   2019        05          30                                   2019/ШЦТ/877

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Ганбулган,   

Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Шүүгдэгч Б.Б, С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлсэн Б.Б, С.Ц нарт холбогдох эрүүгийн 1806 07097 1252 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хзвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, “Мөнгөн Завьяа” ХХК-д дархны гагнуурчин ажилтай, ам бүл 4, эцэг эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо 53-16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ОК97012415 регистрийн дугаартай, Б.Б овогт Б.Б,

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сан техникч мэргэжилтэй, барилын сангийн ажил хийдэг, ам бүл 2, эгчийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо 2-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, НЩ96120815 регистоийн дугаартай, Нарванчин овогт Сандагдожийн С.Ц,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг баригдаж байгаа Анагаах Ухааны Их сургуулийн барилгын хашааны гадна иргэн Т.Шадавыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Ц нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг баригдаж байгаа Анагаах Ухааны Их сургуулийн барилгын хашааны гадна иргэн Б.Гантулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсангэмт хэрэгт холбогджээ. 

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, С.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 07097 1252 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Б.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тухайн хэрэг болсон өдрийг одоо санахгүй байна. Тэр үед Ботаникийн цэцэрлэгийн ойролцоо баригдаж байсан эмнэлгийн барилга дээр ажиллаж байсан юм. Зодуулдаг өдөр ажил тараад ажлынхаа хашаанаас Цогтбаатар, Шадав хоёртой хамт гартал С.Ц, Б.Б хоёр хүлээгээд зогсож байсан. Тэгээд С.Ц, Б.Б хоёр бид гурвыг ийшэлж байгаад уулзъя гээд байхаар нь дагаад явж байгаад Цогтбаатар С.Ц хоёр хоорондоо зодолдсон. Тэгэхээр нь би салгатал С.Ц намайг 3-4 удаа цохисон. Тэгээд би ухаан алдаад эмнэлэгт сэрсэн. Тухайн үед С.Цаас өөр цохиж зодсон хүн байхгүй. Шадавыг би хэн цохисныг нь хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,  

 

Хохирогч Т.Шадавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тэр үед Ботаникийн цэцэрлэгийн ойролцоо баригдаж байсан эмнэлгийн барилга дээр ажиллаж байсан юм. Зодуулдаг өдрөөс өмнө нь С.Ц, /Цэкү гэж дуудаг/ Б.Б хоёртой жаахан маргалдсан юм. Зодуулдаг өдөр ажил тараад ажлынхаа хашаанаас Цогтбаатар, Гантулга хоёртой хамт гартал С.Ц, Б.Б хоёр хүлээгээд зогсож байсан. Тэр хоёр бид гурвыг дагуулж ажлын газраас жаахан холдсон. Тэгээд зодолдоод бужигналдсан. С.Ц Цогтбаатартай зодолдож байгаад дундуур нь Гантулга орж тэр хоёрыг салгах гэтэл С.Ц Гантулгыг зодоод байсан. Тэгтэл Гантулга ухаан алдаад газарт уначихсан. Тэгээд зодолдохоо болиод түргэн дуудаж Гантулгыг авч явсан. Тухайн үед намайг Б.Б цохисон. Түүнээс өөр намайг цохиж зодсон хүн байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10569 дугаартай:

Т.Шадавын биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх шинжээийн дүгнэлт /хх-ийн 39 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10571 дугаартай:

Б.Гантулгын биед тархи доргилт, баруун чамархайн хуйх, шанаа, чихний дэлбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, бугалга, цээжинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлийн авсан хүнд толгой өвдөх, дотор муухайрах, оргих, бөөлжих, нүд бүрэлзэх, хоол нойронд муу болох гэх мэт зовиурууд илэрч болдог гэх дүгнэлт /хх-ийн 40 тал/,

 

Шүүгдэгч С.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Анагаах ухааны шинэ эмнэлгийн барилга дээр ажиллаж байхдаа энэ хэрэг гарахын өмнөх өдөр хамт ажилладаг Шадав гэдэг залуутай ажлын хувцаснаас болж маргалдсан юм. Маргааш нь ажил тараад хамт ажилладаг манай найз болох Б.Б бид хоёр Шадавыг ажлын хашаанаас гарч ирэхээр нь хүлээж байгаад уулзах гэтэл Шадав хамт ажилладаг Гантулга, Цогтбаатар нартай хамт гарч ирсэн. Тэгээд би Цогтбаатартай зодолдоход Гантулга нь дундуур орж ирэхээр нь би Гантулгатай зодолдож байгаад Гантулгын толгойн хэсэгт цохиход ухаан алдаад газарт уначихсан. Намайг Гантулгатай зодолдож байхад Б.Б Шадавтай зодолдож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би тухайн хэрэг гарах үед Анагаах ухааны шинэ сургуулийн барилга дээр ажиллаж байсан юм. Энэ хэрэг гарахын өмнөх өдөр нь манай найз С.Ц хамт ажилладаг Шадавтай муудалцсан байсан. Маргааш нь ажил тараад С.Ц бид хоёр Шадавыг ажлын газрын гадаа хүлээж байтал Шадав, Гантулга, Цогтбаатар хоёртой хамт ажлаас гарч ирсэн. Тэгээд С.Ц, Цогтбаатар хоёр хоорондоо зодолдож эхэлтэл Гантулга тэр хоёрын дундуур орсон. Тэгтэл С.Ц Гантулга хоёр хоорондоо зодолдсон. Би хажууд нь Шадавтай зодолдсон. Гантулга ухаан алдаад уначихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 88 тал/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/,

-Б.Гантулгад хохиролд 250.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 12/,

-С.Цын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 54 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 56 тал/, Прохит ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 57 тал/,

-Б.Б иргэний үнэхлэхний лавлагаа /хх-ийн 71 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 75 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 74 тал/,

-хохирогч Б.Гантулга, Т.Шадав нарын гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 88-89/, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б, С.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б, С.Ц нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Б, С.Ц нь иргэн Б.Гантулга, Т.Шадав нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б, С.Ц нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б, С.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, С.Ц нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, С.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.   

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Хэргийн учир шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нар санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б, С.Ц нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БААСАНБАТ