Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01758

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 13 210/МА2024/01758

 

 

******* ТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/03542 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ТББ

Хариуцагч: ******* ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 114,038,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Норвеги улсад төвтэй ******* төрийн бус байгууллага нь ******* ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2021/АМ-03 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч буюу ******* ХХК нь захиалагчийн эзэмшлийн газарт 367.7 м.кв талбайтай дуплекс болон 131 м.кв талбайтай хувийн сууц, 63 м.кв талбайтай гараашийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр захиалагчид хүлээлгэн өгөхөөр, захиалагч нь гэрээт ажлын хөлсөнд нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан нийт дүнгээр 729,310,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон. Мөн бидний зүгээс дээрх гэрээт ажлын зураг төслийг ******* ХХК-иар гүйцэтгүүлэхээр болж 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2021/АМ-03 дугаартай Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, гэрээний төлбөрт 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

1.2 ******* ХХК-ийн инженер *******, архитектор төсөвчин ******* нар нь 2022 оны 11 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд дуплекс сууц болон гараашийн барилгын талбайд очиж барилгын төсөл, холбогдох бичиг баримттай танилцан хэмжилт, судалгаа хийгээд барилгын ашиглалтын явцад доголдлууд үүссэн болохыг тогтоосон. Барилга угсралтын ажил хүйтний улиралд хийгдсэн нь технологийн горим алдагдахад хүргэсэн, барилгад ашигласан барилгын материалуудын техникийн үзүүлэлт, гарал үүсэл тодорхойгүй, барилга угсралтын ажлыг зураг төслийг стандартын дагуу гүйцэтгээгүй, барилга угсралтын үед ил, далд ажлын акт, барилгын явцын хяналт байхгүй зэргээс доголдол үүссэн гэх дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд тусгагдсан зөрчлүүд нь гүйцэтгэгч буюу ******* ХХК нь гэрээт ажлыг өөрсдийн боловсруулсан архитекторын зураг, барилгын ажлын төлөвлөгөө, инженерийн зургийн дагуу гүйцэтгээгүй, мөн барилга угсралтын ажлыг холбогдох хууль тогтоомж, барилгын норм, дүрэм, технологийн горимд нийцүүлэн гүйцэтгээгүйгээс үүссэн болох тогтоогдсон.

Иймд дээрх доголдлуудыг арилгуулах засварын ажлын төсөв нийт 114,038,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Барилга угсралтын ажил эхлүүлэх талаар 2021 оны 4 дүгээр сард төсвийн санал авч, тохиролцсон боловч хүлээгдсээр байгаад 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурагдсан. Өөрөөр хэлбэл, бид барилгын ажил хийгддэг улирлаа алдаж, барилгын материалын үнийн өсөлт бий болсон, хүйтний улиралд зарим ажил хийгдсэн. Гэрээ байгуулагдаж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үед барилгын зураг гараагүй байсан ба захиалагчийн хүсэлтээр төсөвт дарамт учруулах маш олон хийцийг оруулсны дээр барилга угсралт ажлын явцад мөн олон хийц, материалыг харилцан ярилцаж өөрчилж байсан. Барилга угсралтын ажил үндсэндээ дуусаж, зарим нэг дутуу гүйцэтгэлтэй байхад захиалагч тал барилгыг хүлээлгэн өгөх, хүлээн авах акт үйлдэлгүй, ямар нэг доголдол заалгүй, эзэмшилдээ авч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан ашиглаж ирсэн.

2.2 Барилга угсралтын ажил дуусаагүй шалтгаан нь цар тахлын үеийн барилгын материал, тээвэр, ажлын хөлсний үнийн өсөлтийн улмаас захиалагчийн олгосон санхүүжилт дууссантай холбоотой. Энэ асуудлыг тухайн үеийн Суурин төлөөлөгчтэй харилцан ойлголцож, нэмэлт санхүүжилт олгох амлалт өгч байсан тул манай компани хүлээцтэй хандаж ирсэн боловч Суурин төлөөлөгч өөрчлөгдсөнөөр энэ асуудалд удааширч, улмаар шийдэгдэхгүй байсаар бид арга буюу 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхээр албан ёсоор санал гаргасан юм. *******-ийн төв оффисын зүгээс энэ асуудалд тодорхой шалтгааны үүднээс хандсаны улмаас нэмэлт санхүүжилт гарган шийдвэрлэх байсан асуудлыг дэвэргэн талууд барилга угсралтын ажлын доголдолд үзлэг хийж, манай компани асуудлыг шийдвэрлэх тодорхой санал удаа дараа тавьсаар байхад манайд санхүүгийн дарамт үзүүлэх байдлаар шүүхэд хандсан. Гэрээний 8.8-т зааснаар гүйцэтгэгч тал барилгын ажилд гарсан доголдлыг өөрийн зардал, материалаар хариуцахаар байгаа.

2.3 Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт зааснаар урьдач нөхцөл болох гүйцэтгэгч заасан хугацаанд доголдлыг арилгаагүй, мөн захиалагч доголдлыг арилгаж, тодорхой зардал гаргасан байх шаардлага хангагдаагүй. ******* ХХК нь доголдлыг гэрээнд заасны дагуу арилгахаа нэхэмжлэгч талд илэрхийлсээр ирсэн бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнд заасны дагуу өөрчилсөн нөхцөлд талуудын хамтран үйлдэх актын дагуу уг шаардлагыг хүлээн зөвшөөрөх болно.

2.4 Нэхэмжлэлд тусгасан барилга угсралтын ажлын доголдлуудын зарим нь үндэслэлгүй, зарим нь гүйцэтгэгчийн үүрэгтэй холбоогүй, тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч харилцан зөвшилцөж шийдэл гаргасан, барилгын үндсэн хийцэд нөлөөлөл үзүүлэхээргүй зүйлүүд байна. Үнийн дүнгийн хувьд барилга угсралтын ажил дуусаж ашиглагдаж байгаа барилгад нийт барилгын ажлын төсвийн 70 орчим хувьтай тэнцэх доголдол гарах бодит үндэслэлгүй юм гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ТББ нь нэхэмжлэлийн шаардлагаас 679,511,634 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.2-т зааснаар хариуцагч ******* ХХК-с 114,038,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ТББ-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,125,702.17 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27,455,194 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Ковид-19 цар тахлын үеийн барилгын зах зээлийн үнэ, өртөг, олдоц эрс өөрчлөгдсөн нөхцөл байдлын талаар зохигчдын аль аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасаар байхад шүүх үнэлэлт өгч, үндэслээгүй, энэ талаар шинжээч томилуулах хариуцагчийн хүсэлтийг хангаагүй. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас барилгын зах зээлийн үнэ, өртөг өссөний улмаас хариуцагч гэрээт барилгын ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй ба нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа талаар захиалагч талд хүсэлт тавьж ирснийг захиалагч зөвшөөрч байсан боловч дараагийн удирдлага нь шийдвэрлэж өгөөгүйн улмаас барилгын ажил дутуу гүйцэтгэлтэй байсан ба талууд товлосон ёсоор 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хотод дутуу ажлыг тодорхойлох үзлэг хийхээр очиход шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан нь гэрээт ажил дуусаагүй байсныг нотолно. Мөн барилгын ажлыг Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 5.2.11-т заасны дагуу эрх бүхий байгууллагын комиссоор хүлээлгэн өгч хүлээн аваагүй, ******* ХХК-иар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаагүй тул гэрээний харилцаа дуусгавар болоогүй.

Захиалагчтай зөвшилцөн барилгын зарим материалын шийдлийг цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор гаргаж байсан нь доголдолд тооцогдсоныг зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн цар тахлын улмаас ажил гүйцэтгэх хугацаа хэтэрч хүйтний улиралд зарим ажил хийгдсэнээс технологийн алдаа гарсан юм. Захиалагч тал Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасны дагуу гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэх арга хэмжээ авах үүргээ гүйцэтгээгүйгээс хариуцагч мөн хуулийн 215 дугаар зүйлд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэх үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй байсан тул хариуцагч гэм буруугүй. Барилгыг захиалагчийн Норвеги Улсын иргэд гүйцэтгэгч талын зөвшөөрснөөр 3 жил ашиглаж, амьдарч байгаа нь ашиглалтын шаардлага хангаж байгааг гэрчилнэ.

4.2 Анхан шатны шүүх нотлох баримт болох зохигчдын хооронд байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний заалтуудыг зөв үнэлээгүйгээс хэргийг буруу шийдвэрлэсэн. Захиалагч хууль бусаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан нь зохигчдын хооронд байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний мөн 5.2.11, мөн Европын бизнесийн ёс зүйн кодексийг ноцтой зөрчсөн болохыг харуулж байгаа. Мөн гэрээний 5.1.2-т захиалагч ажлын гүйцэтгэлийг шалгах бөгөөд чанаргүй хийсэн, дутуу хийсэн ажлыг гүйцээн хийхийг шаардах гэж заасан нь захиалагчийн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасан шаардах эрхийг тухайлан зааж өгсөн гэж ойлгоно.

Захиалагч тал шинжээчийн дүгнэлтэд дурьдсан ажлуудыг гүйцээх, засварлах ажлыг хийж гүйцэтгээгүй ба эдгээртэй холбогдох ямар нэг зардал гаргаагүй юм. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргаагүй зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх уг хуулийн заалтыг доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй гэж буруу тайлбарласан. Хуулийн заалт ба шүүхээс хийсэн тайлбар нь агуулгын хувьд өөр өөр байх бөгөөд шүүх эрх зүйн хэм хэмжээг шууд утга, агуулгаар нь хэрэглэх ёстой гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийг Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.3-т зааснаар гэрээнээс татгалзаагүй байх тул гэсэн үндэслэл заасан нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн урьдач нөхцөлд хамаарах зохицуулалт ба уг заалт нь дангаараа шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм. Хариуцагч тал Иргэний хуулийн 220 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзах боломжийн талаар шүүхэд тайлбар гаргаж байсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.3 дахь хэсэгт зааснаас өөр нөхцөл байдлын талаарх зохицуулалт бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шүүхээс хүлээн аваагүй тул энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдээгүй болно.

4.3 Хариуцагчаас шүүхэд гаргасан зохигчдын хооронд байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй салшгүй холбоотой, гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай хууль, гэрээнд заасан шаардлага байсаар байхад шүүхээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хянан шийдвэрлэх шаардлага биш гэсэн үндэслэл заан хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, зүйлийн 10.5 дахь хэсэгт тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг зарчмуудыг зөрчиж улмаар шүүхээс тухайн нэг гэрээнээс үүдэлтэй өөр хоорондоо салшгүй холбоотой шаардлага, татгалзлыг бүрэн дүүрэн судалж, үнэлэх боломжгүй болгосноор шүүхийн шийдвэр үнэн зөв байх зорилго, шаардлагаа хангаж чадсангүй гэж үзэж байна.

4.4 Анхан шатны шүүх шүүхийн зардал гаргуулах асуудлыг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 796,550,434 төгрөгийн доголдлыг тодорхойлуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд шинжээч ХХК уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шинжээчээр ажиллаж, 26,950,000 төгрөгийн зардлаар нийт 114,038,800 төгрөгийн үнэлгээтэй дүгнэлт гаргасныг шүүх хариуцагчаас гаргуулах шийдвэр гаргасан ба нэхэмжлэгч 679,511,634 төгрөгийн шаардлагаасаа татгалзсаныг мөн шүүх баталсан тул шүүхийн зардлыг хариуцагчид бүрэн хариуцуулахаар хуваарилсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Дээр дурьдсан үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн 19138 дугаар захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ хариуцагчийн шаардаж буй эрх ашгаа хамгаалуулах нөхцөл байдлыг шүүх шийдвэрлэх боломжгүй буюу өөрөөр хэлбэл гэрээний чөлөөт байдалд хөндлөнгөөс оролцож гэрээний үнийн дүнг бие даан өөрчлөх боломжгүй гэж шийдвэрлэсэн. Гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулж байгаа шаардлага нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр Ковид-19 цар тахлын үеийн үнийн өсөлттэй холбоотой бараа материалын үнэ өссөн учир 50,000 ам.долларын санхүүжилтийг нэмэлтээр хүсдэг ба тухайн 50,000 ам.долларын санхүүжилтээр маргаан бүхий чанаргүй, доголдолтой, дутуу ажлуудаа бүхэлд нь засаж залруулъя гэх зүйлийг ярьдаг. Эцсийн дүнд томъёолж байгаа шаардлага нь гэрээнд өөрчлөлт оруулах бус барилгын төсөвт өртөг буюу гэрээний үндсэн нөхцөлийг өөрчлөх, энэ хэрээр нэхэмжлэгч байгууллага үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх агуулга, 24,750,000 төгрөг нь гэрээнд тусгагдаагүй ажлуудыг гүйцэтгэгч тал өөрийн санаачилгаар гүйцэтгэсэн учир тухайн хөрөнгийг нэхэмжлэгч байгууллагаас гаргуулъя гэх шаардлага зэргийг агуулгаар нь авч үзвэл 164,000,000 төгрөг, 999,000 төгрөг 24,750,000 төгрөг буюу мөнгөн дүн гаргуулах шаардлагуудыг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, шүүх шийдвэрлэх маргаан биш, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлөөгүй байна гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Хариуцагч талын гаргасан гомдолд дурдсанчлан дээрх нэхэмжлэлийн шаардлага тус бүрт 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн бөгөөд энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 110-111 дэх талд баримтаар авагдсан байгаа. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь 161,999,000 төгрөгийн шаардлагад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсэгт зааснаар 967,945 төгрөг, 24,754,000 төгрөгийн шаардлагад 281,700 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг тус тус төлөх ёстой байхад нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй гэж үзэж хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн зүйлгүй, дахин нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хуульд заасан шаардлагыг хангаж нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан. Анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлтэй холбоотой үнийн дүнг нотлох зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан ба энэхүү хүсэлтийг мөн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй.

5.2 Хариуцагчийн тухайд гэрээний хэрэгжилтийн явцад өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэн гэрээг шинэчлэхийг шаардах эрхтэй. Түүнчлэн Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага тухайн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрх нь нээлттэй байхад нэхэмжлэгч байгууллага тухайн эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээнээс татгалзаагүй. Барилгын угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээнд төлбөрийн нөхцөл, хуваарилалтыг тодорхой заасан. Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдлын үед гэрээ байгуулагдаж байсан учир нэхэмжлэгч байгууллага төлбөрийн 70 хувийг 20 хувь болон 10 хувиар гэх байдлаар гэрээнд заасан хугацааны графикийн дагуу төлсөн. Иймд Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдал буюу бараа материалын үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх гол нөхцөл нь төлбөрийн 70 хувийг урьдчилсан байдлаар шилжүүлсэн үйл баримт байдаг. Тиймээс хариуцагч байгууллага Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт заасан гэрээ цуцлах эрхээ огт хэрэгжүүлээгүй атлаа анхан шатны шүүх хуралдааны явцад бид гэрээнээс татгалзаж, объектоо шилжүүлж авъя, шилжүүлэн авсан төлбөрөө буцааж өгье гэх нөхцөл байдлыг тавьдаг.

5.3 Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий ажил үйлчилгээ, бараа материал, ажлын үр дүнг гүйцэтгэх үүрэгтэй байхад хариуцагч тал ажлаа дутуу гүйцэтгэсэн болохоо хүлээн зөвшөөрдөг атлаа дутуу гүйцэтгэлээ доголдол биш гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэ асуудлаар талууд эвлэрэн хэлэлцэх гэрээний төслийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн ба эвлэрлийн гэрээний 1-т зааснаар хөрөнгийн үнэлгээний төв байгууллагаас гаргасан маргаан бүхий барилгын доголдлыг зогсоолгох өнөөгийн үнэ цэнэ нийт 114,038,800 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн, хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлтэд огт маргаагүй атлаа одоо доголдол байхгүй, ажлын гүйцэтгэл нь дутуу гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, маргааны үйл баримтад хамаарал бүхий зохицуулалтуудыг нэхэмжлэлийн шаардлагад зөв тайлбарлан хэрэглэсэн, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ТББ нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний доголдолд нийт 793,550,434 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 679,511,634 төгрөгөөр багасгаж, барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний доголдолд 114,038,800 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

2.2 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 679,511,634 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцээгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгоно.

3. ******* ТББ болон ******* ХХК-уудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр №2021/АМ-05 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр ******* ХХК нь аймаг, сум, баг, гудамж, хаягт байрлах, захиалагчийн эзэмшлийн тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй талбайд гэрээний 2.1, 2.2 дахь хэсэгт тодорхойлсон барилгын ажлыг хавсралтаар баталгаажуулсан архитектурын зураг, барилгын ажлын төлөвлөгөө, инженерийн зургийн дагуу гүйцэтгэж, захиалагчийн өмчлөл, ашиглалтад шилжүүлэн өгөх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах, барилгыг ашиглахтай холбоотой баримт бичгийн бүрдлийг ханган, түлхүүр гардуулах буюу шууд ашиглаж болох нөхцөлөөр гардуулан өгөх, ******* ТББ нь ажлын хөлсөнд нийт 729,310,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 23-28/

3.1 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2023/15992 дугаар захирамжаар барилгын гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар дүгнэлт гаргуулахаар аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг шинжээчээр томилсон. /1хх 157-161/

4.1 Шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр ...Гэрээнд заасны дагуу дуплекс барилга, болон хувийн сууцанд залгаа гаражтай барилга гэсэн 2 барилга баригдсан боловч гэрээ, зураг төсөл хоорондын талбайн хэмжээ зөрүүтэй байна. Х2 тэнхлэгийн дагуу хийгдсэн дам нуруунууд зураг төсөлд зааснаас өөр хэлбэрээр цутгасан ба хэд хэдэн хэсэгт цууралт үүссэн, хэсэг, даацын хана болон сууринд цууралт үүссэн. Барилгын тааз буюу хучилт зураг төсөлд зааснаас өөр материалаар баригдсан, 00 өрөөнд зурганд байсан халаалт хийгдээгүй, гадна дулаалгын ажлыг хийгээгүй болон усны хаялгыг зургийн дагуу хийгээгүй, гадна эмульсийг 1 үе будсанаас болоод барилгын блокон хана нэвт харагдаж байна. Төсөвтэй холбоотой бичиг баримтыг чиглэлийн Монгол Улсын мэргэшсэн болон тэргүүлэн төсөвчнөөр тодорхойлуул гэсэн байна. /1хх 171-174/

4.2 Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний доголдлыг арилгах засварын ажлын төсөл, зардлын хэмжээг өнөөгийн үнэ, ханшийг тодруулах үүднээс шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2023/28793 дугаар захирамжаар ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 193 дугаар дүгнэлтээр 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд хийгдсэн ажлын доголдол засварлах зардлын өнөөгийн зах зээлийн бүгд үнэ цэнэ 114,038,800 төгрөг болохыг тодорхойлсон байна. /1хх 202-233/

5. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу ажлын хөлсийг төлсөн, хариуцагч нь ажлыг хийж гүйцэтгэсэн боловч гүйцэтгэсэн ажил доголдолтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил шаардлага хангаагүйтэй холбоотой нэхэмжлэгч гэрээг цуцалсан байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан байх тул ажлыг актаар хүлээж авах үүргээ биелүүлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

6. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.

6.1 Нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсантай холбоотойгоор ажлын доголдлыг засан сайжруулахтай холбоотой зардлыг дээрх хуульд зааснаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд доголдлыг бодитоор арилгасан байхыг шаардахгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

6.2 Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.2 дахь хэсгийг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэг болгон өөрчилнө.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2024/19138 дугаар захирамжаар ...сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдохгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг зарчмуудыг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

8. Хариуцагч тал Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас барилгын зах зээлийн үнэ, өртөг өссөний улмаас хариуцагч гэрээт барилгын ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй гэх тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

9. Анхан шатны шүүх шинжээчийн зардлыг буруу хуваарилсан байгааг залруулан өөрчлөлт оруулна. Учир нь, шинжээчийн зардал 26,950,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шинжээчид төлсөн. Уг шинжээчийн зардлыг нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүн болох 793,550,434 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан 114,038,800 төгрөгт хувьчилж тооцно. Өөрөөр хэлбэл, шинжээчийн зардалд 3,853,850 төгрөг, 114,038,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 728,144 төгрөг, нийт 4,581,994 төгрөгийг шүүхийн зардалд тооцож, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/03542 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.2-т гэснийг 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,125,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,581,994 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 1 гэж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж тус тус өөрчлөн дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 728,144 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН