Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01633

 

Б СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/02952 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч: Б СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох,

1,969,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

8,236,655 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Баянгол дүүргийн **-р хороо, **-р байрны ** тоотын оршин суугч Б.Б нь иргэний үүргээ удаа дараа зөрчиж, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлаа сайн дураараа төлөөгүй. Иймд 2016 оны 04 сараас 2024 оны 05 сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр 1,969,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Баянгол дүүргийн **-р хороо, **-р байрны ** тоотод 2007 оноос хойш амьдарч байгаа. Б СӨХ нь ажиллаж эхэлсэн үеэсээ сууц өмчлөгчдийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй. Б СӨХ нь **-р байрны дээврийн эвдрэл гэмтлийг засварлаж өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Б СӨХ нь ажлын тайлан, тайлбар байдаггүй. Манайх СӨХ-нд мөнгөө цаг тухайд төлж байсан бөгөөд манай байрны дээврийг ус гоождоггүй болгохыг удаа дараа шаардсан. Гэвч өнөөдрийг хүртэл дээврээс цас, борооны ус гоожиж, өвөл нь цантаж, цан цохиж, мөөгөнцөртөж, дотроосоо засвар хийсэн ч дээрээсээ норж муудаж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байна. Иймд Б СӨХ нь хуульд заасан болон оршин суугчдын өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Тус СӨХ нь байрны хог хаягдал, засвар үйлчилгээ болон ашиглалтын хэвийн байдлыг хангаагүй мөртлөө айл өрхөөс хурааж авсан мөнгийг юунд зарцуулсан талаар тодорхой тайланг танилцуулдаггүй. Манай **-р байрны дээврээс өвөл, зуны улиралд байнга цас, борооны гоожиж гэр орны ая тухтай орчин алдагдаж, хана, тааз усанд идэгдэж, эвдэрсэн. Энэ талаар СӨХ-нд удаа дараа шаардлага тавьсан боловч засварлана гэж хэлчхээд ажил хийдэггүй. Би өөрийн байрны дээврээс ус гоожсон хэсэгт жил өнжөөд засвар хийж ирсэн. Би 2009, 2012, 2015, 2018, 2021 онуудад нийт 5 удаа засвар хийсэн. Энэ засварын барилгын материалын зардалд 3,321,800 төгрөг, засвар хийсэн Ж.Б-д ажлын хөлсөнд нийт 1,865,000 төгрөгийг төлсөн байдаг. Одоо дахин засвар хийх шаардлагатай болсон. Хөрөнгийн үнэлгээний А ХХК-аар уг засварын зардлын үнэлгээг ажлын хөлс 2,165,075 төгрөг, материалын зардал 572,000 төгрөг, нийт 2,837,075 төгрөг байх тооцоог гаргасан. Үнэлгээчний ажлын хөлсөнд 212,780 төгрөг төлсөн. Иймд нийт 8,236,655 төгрөгийг Б СӨХ-ноос гаргуулна гэжээ.  

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тус СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хүрээнд ажиллаж засвар, үйлчилгээг чанартай гүйцэтгүүлж, гишүүддээ тайлангаа танилцуулж, удаа дараа Нийслэл, дүүргийн тэргүүний холбоогоор шалгарч бусад СӨХ-г манлайлж ажилладаг. Орон сууцны **-р байрны лифт, дээврийн засварыг 2015 онд улсын төсвөөр, зарим хэсэгчилсэн засварыг СӨХ өөрийн хуримтлалаар жил бүр гүйцэтгэж, эвдрэл гэмтлийг байнга засаж байна. Ашиглалтад орсноос хойш 40 жил болсон энэ байранд их, бага засварын ажлыг өмчлөгч нар ч тогтмол хийж байх шаардлагатай. Иргэний үүргээ биелүүлээгүй Б.Б гийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Б-гоос 1,148,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 820,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б СӨХ-нд холбогдох 8,236,655 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн ажлын зардал 1,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б-гоос гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 32,111 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1.  Б СӨХ нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Иргэн Б.Б нь Б СӨХ-ноос өөрийн эд хөрөнгөнд учирсан хохиролд 2009-2021 оны хооронд өөрийн өмчлөлийн **-р байрны ** тоот орон сууцны хана, тааз зэрэгт 2009-2021 оны хооронд 4-5 удаа засвар хийсэн зардалд 5,186,800 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн 2022 оноос хойш дахин засвар хийх зардлыг шүүхийн ажиллагааны явцад шинжээч томилуулж, хөрөнгийн үнэлгээний А ХХК-аар тогтоолгоход нийт 2,837,075 төгрөгийн зардал гаргахаар тогтоосон. Хэрэгт байгаа эхний шинжээчийн дүгнэлтийг 2022 оны 10-р сард Хөрөнгийн үнэлгээний төв-ийн шинжээчийн дүгнэлтээс харахад СӨХ нь орон сууцны дээврийн засварын ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлээгүй, сууц өмчлөгчдийг шаардлага тавих болгонд аргацаасан үйлдэл хийж өөрсдөө удаа дараа хар цаас давхарлаж нааж байсан болох нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар байрны дээврээс ус орсны улмаас байрны дотоод засал доголдолтой болсон байна гэсэн нь 2022 оны 10-р сард гарсан бөгөөд энэ нь ** тоот орон сууцанд дахин засвар хийх шаардлагатайг нотлон харуулж байгаа юм. Гэтэл иргэн Б.Б-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

6.2.  Шүүх нэхэмжлэгч Б СӨХ дээврийн засварын ажлыг хэсэгчлэн засварлаж байжээ гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй. Дээврийн засварын ажлыг хэн хэрхэн яаж хийсэн, ямар үр дүнд хүрч эрх ашиг нь хохирсон этгээдийн эрх ашиг хамгаалагдсан эсэхээс хамаарч дүгнэлт өгөхөөс биш цаасан дээр бичсэн хоосон зүйл дээр буруу дүгнэж хэт нэг талыг барьж болохгүй юм. Орон сууцны байшингийн дээврийн засварын ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ гэж хуульд заасан байхад СӨХ-ны удирдлага өөрсдөө хар цаас наах төдийхнөөр аргалсан байдал нь дээврээс цас борооны ус гоождог явдлыг зогсоогоогүй юм. Үүнийг дээврийн засварын ажил хийж гүйцэтгэсэн байна гэж дүгнэж болохгүй.

6.3. Харин Б СӨХ-ны иргэн Б.Б-д холбогдуулж гаргасан үндсэн нэхэмжлэлд шүүхээс тогтоосон 1,148,400 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд маргах зүйлгүй байна.

Иймд хэргийг бүхэлд хянаж, иргэн Б.Б-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг зохих ёсоор хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: СӨХ нь тусдаа бие даасан эд хөрөнгөтэй, санхүүгийн өндөр чадамжтай газар биш. Дээврийн их засварын ажлыг төсвийн хөрөнгө оруулалтаар хийх саналыг удаа дараа явуулж, засвар үйлчилгээ хийгдсэн. Мөн сууц өмчлөгчдийн гишүүд, оршин суугчдаасаа татвар авч санхүүждэг байгууллага нь 40 гаруй жилийн насжилттай хуучны барилгад их засвар хийх боломжгүй. Тухайн орон сууцны дээврийн айлуудад хэд хэдэн асуудал үүссэн учраас СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэж маргадаг. Тухайн орон сууцад их засвар хийсэн тохиолдолд барилгын материалыг хаанаас хэдэн төгрөгөөр авсан болохыг баримтаар нотлоогүй. Анхан шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж, шударгаар шийдвэрлэсэн. Б СӨХ-ны зүгээс дээврийн асуудлыг шийдвэрлэхээр өөрийнхөө боломжтой арга хэмжээг авч байсан гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэж байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б СӨХ нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 2016 оны 04 сараас 2024 оны 05 сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал 1,969,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, орон сууцанд 2009-2021 онуудад хийсэн засварын зардал 5,186,800 төгрөг, цаашид хийх шаардлагатай засварын зардал 2,837,075 төгрөг, үнэлгээчний ажлын хөлс 212,780 төгрөг, нийт 8,236,655 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Б СӨХ-нд 2004 оны 04 сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргаас 35 дугаартай гэрчилгээ олгож, сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн байх ба тус СӨХ нь Баянгол дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах **, **, **, **, **-р байрыг харьяалдаг байна.

4. Б.Б нь Баянгол дүүргийн **-р хороо, **-р байрны ** тоот орон сууцанд 2007 оноос хойш оршин сууж байгаа тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан сууц өмчлөгч байна.

Б.Б нь сууц өмчлөгч болохынхоо хувьд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т тус тус зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг СӨХ-нд төлөх үүрэгтэй.

5. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар хариуцагч Б.Б нь 2016 оны 04 сараас хойших хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдсон.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б СӨХ-ны шаардсан төлбөрөөс 2016 оны 04 сараас 2019 оны 04 сар хүртэлх хугацааны төлбөрийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 10 сараас 2024 оны 06 сар хүртэлх хугацааны төлбөр 248,800 төгрөгийг төлсөн болохыг дүгнэж, үлдэх хугацааны буюу 2019 оны 04 сараас 2023 оны 10 сар хүртэлх хугацааны төлбөр 1,148,400 төгрөгийг Б.Б гоос гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Зохигчид хэн аль нь тус шийдэлд гомдоогүй.

6. Анхан шатны шүүх хариуцагч Б.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

6.1.  Хариуцагч нь ...тус СӨХ нь Иргэний хуулийн 147.6, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8, 12 дугаар зүйлийн 12.4.3-т тус тус заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн... гэсэн тайлбарыг гаргадаг.

6.2. Гэтэл Б СӨХ нь тогтмол бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөлийн хурал хуралдуулж, дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг баталж, тоглоомын талбай, хогийн цэг, орцны гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, автомашины зогсоолын чип, лифт, камержуулалт г.м асуудлыг тухай бүр хэлэлцэж, шийдвэр гаргаж ажиллаж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

6.3. Түүнчлэн, аливаа СӨХ нь сууц өмчлөгч буюу холбооны гишүүдийн сар бүр төлдөг төлбөрөөр санхүүжиж, дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээг хариуцан ажилладаг ашгийн төлөө бус байгууллага юм. Өөрөөр хэлбэл, СӨХ нь дан ганц сууц өмчлөгч буюу холбооны гишүүдийн сар бүр төлдөг төлбөрөөр орон сууцны барилгын дээврийг чанарын шаардлага хангахуйцаар засварлах санхүүгийн нөөц боломж хязгаарлагдмал.

6.4. Энэ ч утгаараа Б СӨХ нь харьяа дүүргийн Засаг даргын тамгын газарт хандаж, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас тус дүүргийн **, **-р хорооны зарим орон сууцны барилгын дээврийн засварын ажилд 2023 онд 139,555,710 төгрөгийг батлуулсан байна.

7. Иймд, ...СӨХ нь тусдаа бие даасан эд хөрөнгөтэй, санхүүгийн өндөр чадамжтай газар биш. Дээврийн их засварын ажлыг төсвийн хөрөнгө оруулалтаар хийх саналыг удаа дараа явуулж, засвар үйлчилгээ хийгдсэн. Сууц өмчлөгчдийн гишүүд, оршин суугчдаасаа төлбөр авч санхүүждэг байгууллага нь 40 гаруй жилийн насжилттай хуучны барилгад их засвар хийх боломжгүй... гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

8. Өөрөөр хэлбэл, Б.Б-гийн эд хөрөнгөд хохирол учирсан явдалд СӨХ-г шууд буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах боломжгүй.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/02952 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Б-гоос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 162,737 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР