Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 895

 

 

 

 

 

 

 

 

    2019        06         03                                  2019/ШЦТ/895

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

улсын яллагч Ч.Батбаяр,

хохирогч, шүүгдэгч Г.Т,

хохирогч, шүүгдэгч Г.Ч,

хохирогч, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Т, Г.Ч, Б.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00629 1015 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Г.Т,

Г.Ч,

Д.Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Т, Г.Ч нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Монгол Дээж" караоке дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Д.Бийг зодож, эрүүл мэндэд нь "гурван шүдний булгарал, доод уруулд язарсан шарх, доод уруул, зүүн хөмсөгний гадна буланд зулгаралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Д.Д.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Монгол Дээж" караоке дотор хохирогч Г.Тыг зодож, эрүүл мэндэд нь "зүүн нүдний ухархай дотор ханын хугарал, тархи доргилт, дух, зүүн нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, эрүү, хүзүүнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, 1 шүдний сулрал" бүхий хөнгөн хохирол учруулсан, хохирогч Г.Чыг зодож эрүүл мэндэд нь "духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дээд хэсгийн шарх, зулгаралт, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт, зүүн гуяны цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

       /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Т, Г.Ч, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Т, Г.Ч нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Д.Бийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Д.Д.Б нь хохирогч Г.Т, Г.Ч нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч, шүүгдэгч Д.Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 01 сарын 16-ны орой 19 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол дээж караокены гражид машин тавиулж байтал манай ажилчин Соёлоо намайг дуудаад "караокед 2 хүн танхайраад байна, та ороод гаргаад өгөөч" гэсэн. Би 2 давхарт байх караокед ортол 5 дугаар ширээнд сууж байсан 2 залуу таль шил архи тавьчихсан ширээн дээр сууж байсан. Би очоод "миний 2 найз болсон байна, тооцоогоо хийгээд гарчих" гэхэд эрээн куртиктэй залуу миний нүүр рүү цохьсон. Тэгэхэд нь би унасан. Босож ирээд "та хоёр яаж байна аа" гэхэд арай намхан биетэй ноосон цамцтай залуу босож ирээд "миний ахтай мууддаг хэн бэ" гээд намайг дахиад зодоод эхэлсэн. Зөөгч нар салгах гэхэд тэднийг түлхчихээд намайг зодоод байсан. Гаднаас менежер, галч 2 ирж салгаад цагдаа дуудсан. Би очоод "тооцоогоо хий, та хоёр согтсон байна" гэж хэлсэн чинь босож ирээд зодсон. Г.Т эхлээд намайг цохиж унагасан. Тэгэхэд 1 шүд унасан. Дараа нь Г.Ч нүүр рүү цохиод хөмсөг шалбарсан. Дараа нь Г.Т нүүр рүү өшиглөөд 2 шүд унасан. Би 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 52/,

 

Хохирогч, шүүгдэгч Г.Чын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 01 сарын 16-ны өдөр 14 цагийн орчим ах Г.Тын хамт Амгаланд байх Монгол дээж караокед орж 2 шил Хараа нэртэй архи авч ууцгаасан. Тэгээд би нилээд согтсон байсан. Өөрийнхөө сууж байсан ширээний хажуу талын ширээн дээр сууж байсан хүмүүс дээр очиж танилцаад нэг хүнтэй ам муруйж байх шиг байсан. Тэгээд тэр залуутай маргалдахаа болиод босоод явах гэтэл надтай маргалдсан залуу намайг цохиход би газар унасан. Намайг газар уначихсан байхад цохиод байсан. Намайг зодсон үл таних залуутай манай ах Г.Т намайг өмөөрч зодолдсон гэсэн. Би Д.Бийн биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаас гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 47/,

 

Хохирогч, шүүгдэгч Г.Тын мөрдөн байцаалтад өгсөн:

Г.Чтай хамт Монгол дээж зоогийн газарт орсон. 2 шил 0,75 граммын архи авч уусан. Сууж байхад хажуу ширээний танихгүй эмэгтэй архи хийж өг гээд хамт дуулсан. Г.Ч 00 орчоод ирэхдээ тэр хүүхний сууж байсан ширээнд очоод суусан байсан. Тэгж байхад 40 орчим насны танихгүй залуу ирээд Г.Чтай муудалцсан. Би салгах гэж байгаад Д.Бийг гараа атгаж байгаад цохисон. Тэгсэн Д.Б газар унасан ба босож ирэхэд нэг шүд нь унасан байсан. Би маргалдаж байгаад хальтарч унасан. Намайг унахад тэр залуу нүүр рүү өшиглөж духыг минь хагалсан. Би босож ирээд тонгойсон байхад нь нүүрэнд нь 1 удаа өшиглөхөд тэр унасан. Босож ирэхэд нь 2 шүд нь унасан байсан. Тэнд байсан хүүхнүүд бид хоёр руу дайрч байхад тэр залуу босоод ирсэн. Дахиж зодоон болоогүй, цагдаа ирээд аваад явсан. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 19, 42/,

 

Гэрч Г.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

...би ажил дээрээ байж байхад зочид буудлын өрөөнд ус алдсан. Тэгэхээр нь гражын манаач Д.Бөөр засуулахаар хайсан чинь караокед байгаа гэхээр нь караоке руу орсон. Намайг ороход Д.Б "би шүдээ булга цохиулчихлаа" гээд үүдний сандал дээр сууж байсан. Тэгсэн өндөр нь гарах гэж дайраад байхаар нь "цагдаа ирэхээр учираа олоод гар" гэсэн. Цаанаас нь жижиг биетэй залуу нь гарах гээд дайраад байхад нь Д.Б барьцалдаж аваад жижиг биетэй залуу нь цохиод унагаасан. Тэгээд би бармен охинд "Д.Б ухаан алдчихлаа ус өгөөрэй" гээд гарч менежерт хэлээд ирэхэд Д.Б сэргэсэн, манарсан байдалтай, нөгөө өндөр залуугийн духнаас цус гарчихсан байдалтай байж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Гэрч А.Соёлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Д.Б гаргах гэхэд дүү нь гэх хүн Д.Бийг цохьсон. Баттөмөх тэрийг нь барьж аваад дороо хийгээд дархад ах нь гэх хүн ирээд Д.Бтэй ирээд зууралдаад хувцасыг нь урсан. Би хүмүүст үйлчилээд явж байсан болохоор сайн анзаараагүй. Нэг харахад Д.Б ухаан алдаад уначихсан байсан. Тэгэхээр нь би ус аваачиж асгаад сэрээсэн. Д.Бийг эхлээд ах гэх өндөр залуу нь цохиод 1 шүдийг  нь унагасан байсан. Дараа нь ухаан алдаад босч ирэхэд нь бас шүд нь уначихсан байсан. Ах нь гэх хүн өшиглөж ухаан алдуулсан гэж Нямсүрэн хэлсэн. Д.Б ухаан алдаад сэргэж босч ирээд ах гэх өндөр хүнийг унагаад өшиглөөд байсан. Тэгээд тэр хүн нь босоод ирэхэд духнаас нь цус гарсан байсан. Дүү гэх хүн нь караокений өрөөнөөс гарч ирэхдээ хүчтэй онгойлгоод тэр хүчиндээ шал мөргөж унасан гэх мэдүүлэг/хх-ийн 21/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1440 дугаартай:  

Д.Д.Бийн биед гурван шүдний булгарал, доод уруулд язарсан шарх, доод уруул, зүүн хөмсөгний гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3 шүдний булгарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээч эмчийн 1462 дугаартай:  

Г.Чын биед духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дээд хэсгийн шарх, зулгаралт, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх духны зулгаралт ба зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн  няцрал ба цус хуралт, уруулын дээд хэсгийн шарх  ба зулгаралт, дээд уруулын язарсан шарх ба зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хүзүүний зулгаралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь тус тусдаа дээрх журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1459 дугаартай:

Г.Тын биед зүүн нүдний ухархай дотор ханын хугарал, тархи доргилт, дух, зүүн нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, эрүү, хүзүүнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт, Натур эмнэлгийн томографийн оношлогооны дүгнэлт /хх-ийн 27-28/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогч нарын өргөдөл /хх-ийн 7-9/,

-хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч  Г.Т, Г.Ч, Б.Б нарын хүсэлт /хх-ийн 87-89/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Т, Г.Ч, Б.Б нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хорооны тодохойлолт /хх-ийн 53-69, 83/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нар хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрсдийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Т, Г.Ч, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Т, Г.Ч нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Б нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Бийн хохирогч Г.Тын эрүүл мэндэд “зүүн нүдний ухархай дотор ханын хугарал, тархи доргилт, дух, зүүн нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, эрүү, хүзүүнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, 1 шүдний сулрал" гэмтэл учруулсан, хохирогч Г.Чын эрүүл мэндэд "духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дээд хэсгийн шарх, зулгаралт, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт, зүүн гуяны цус хуралт" гэмтэл учруулсан үйлдэлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан хүндэрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу 2 хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Т, Г.Ч нарын бүлэглэн хохирогч Б.Бийн эрүүл мэндэд "гурван шүдний булгарал, доод уруулд язарсан шарх, доод уруул, зүүн хөмсөгний гадна буланд зулгаралт" гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан хүндэрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо тохиролцож, эвлэрсэн. Хохиролыг төлж барагдуулсан. Цаашид хэн хэндээ төлөх төлбөргүй талаар бичгээр хүсэлт гарган хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Шүүгдэгч нар гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохиролыг нөхөн төлсөн, хохирогч нарт учирсан хор уршиг арилсан зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Донторын Д.Бийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Мэргэд овогт Ганбаатарын Г.Т, Мэргэд овогт Ганбаатарын Г.Ч нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, Г.Ч, Б.Б нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, Г.Ч, Б.Б нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Т, Г.Ч, Б.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ