Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2016/00663

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 12 өдөр             Дугаар 181/ШШ2016/00663                          Улаанбаатар хот                       

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо, Дунд нарангийн *****дүгээр гудамж, **** тоотод оршин суух, ****онд төрсөн, 31 настай, КМ:***** тоот регистрийн дугаартай ***** овогт Р.М-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн **** дугаар хороо, Бэлхийн **** дугаар гудамж, **** дугаар хэсэг, **** тоотод оршин суух, ***онд төрсөн, 34 настай ХН:**** тоот регистрийн дугаартай **** овогт С.Т-д холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Р.М, түүний өмгөөлөгч Д.Г, хариуцагч С.Т, түүний өмгөөлөгч Д.С, гэрч С.Ш, Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Т-той 2007 онд танилцаж хамтран амьдарсан. Энэ хугацаанд бидний дундаас 2008 оны 07 дугаар сарын 27-нд хүү Т.А, 2011 оны 05 дугаар сарын 06-нд охин Т.И нар төрсөн юм. С.Т нь 2008 оноос эхлэн өөр эмэгтэйтэй холбогдох болсон ба тэр цагаас хойш намайг зодож, хэл амаар доромжлох болсон. Намайг жирэмсэн байхад болон эрүүл согтуудаа, хүүхдүүдийн дэргэд хүртэл зодож байсан. Хоёр хүүхэд нь ааваасаа маш их айдаг. С.Т надад нэг хоёрхон удаа гар хүрсэн мэтээр худлаа ярьж, өөрийгөө хамгаалж байна. Тэрээр намайг зодсоноос болж миний нүдний доор, хөмсөг орчимд шарх сорви үүсч, хамар мурийж, урдаа төмөртэй гутлаар өшиглөж, хөлийн махыг таслан, яс нь хонхойсон, мөн хутга барьж, ална гэж айлган сүрдүүлж байсан. Дээрх бүх дарамт шахалт, зодуураас болж, бид хоёр тийшээ болж, 2013 оноос хойш тусдаа амьдарч байна. Бид хоёр анх одоогийн С.Тийн амьдарч байгаа хашаанд гэрт амьдарч байсан ба дараа нь хашаандаа байшин барьж, гэрийн эд хогшил тавилгатай болсон. С.Т надаас салахдаа хоёр хүүхдийг минь авч үлдсэн бөгөөд намайг тэдэнтэй уулзуулдаггүй, утсаар ч яриулдаггүй. Би С.Тийн харгис хэрцгий зан, зодуур дарамтаас болж, хоёр хүүхдээсээ хол, маш хэцүү байна.

 

 

Тэрээр хоёр хүүхдээ өөрийн асрамжид авна, хоёр хүүхдийг салгахгүй, нэг дор өсгөнө гэж ярьдаг боловч, том хүү маань ээжтэй нь хамт амьдарч, С.Т хамтран амьдрагч эмэгтэйтэй, түүний дагавар хүүхэд, миний бага охинтой хамт байгаа. Хамтран амьдрагч н.Байгальмаа гэгч хүүхнийг “ээжээ” гэж хоёр хүүхдэд хэлүүлж сургаж, төрсөн эхтэй нь хүүхдүүдийг уулзуулахгүй байгаа нь түүний ямар хүн болохыг харуулж байна. С.Т нь өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй, бас хүүхэдтэй. Өөрөө завхай замбараагүй явдалтай байж намайг байнга хардаж, элдэв үгээр хэлж доромжилдог. Би хоёр хүүхдээсээ хол 2,3 жил болох хугацаанд сэтгэл санаагаар унаж, хааяа архи тамхи хэрэглэж байсан. Хүүхдүүдтэй минь уулзуулахгүй болохоор амиа хорломоор санагдах үе гардаг байсан. Хоёр тийшээ болохдоо би гэр, байшин, тавилга эд хогшлоос юу ч аваагүй, бүгдийг С.Тид орхиод явсан. Надад хөрөнгө мөнгө хэрэггүй, хоёр хүүхэд л хэрэгтэй. Би энэ хугацаанд өөрийн гэсэн орох оронтой болсон бөгөөд эгч дүү нарын тусламжтайгаар хоёр хүүхдээ өсгөөд аваад явах боломжтой. Том хүүгээ Сонгинохайрхан дүүргийн сургуульд оруулж, суурь боловсролыг нь олгох ба бага охиноо гэрийн ойр цэцэрлэгт өгөх боломжтой гэж үзэж байна. С.Т өөрийгөө боломжтой, төлбөртэй цэцэрлэгт явуулж байгаа, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс нь машинаар авч байгаа гэж ярьж байна. Надад унаа машин байхгүй ч би ажил төрөлтэй өөрийн гэсэн гэр оронтой, төрсөн хоёр хүүхдээ өсгөөд аваад явах боломжтой. С.Т олон сар хоногоор хөдөө явж, хоёр хүүхдийг хамтран амьдрагч  хүүхний царай харуулж байна. Хойд эх, төрсөн эхээс нь илүү хандах болов уу, би хүүхдүүдээ авч тэвэрмээр байна, элгээ тэвтээмээр байна. С.Т намайг ална, ах дүү нарыг чинь хүйс тэмтэрнэ, эргэж харж амьдраарай гэж байнга заналхийлдэг ба би арга буюу Цагдаагийн байгууллага болон Хүчирхийлэлийн эсрэг төвд хандсан. С.Т намайг зодож байгаагүй, баримтаа гаргаад ир гэж ярьж байна, би хоёр хүүхэд ах дүүдээ амьд харагдахын тулд тэвчиж Цагдаад хандаж байгаагүй. Би эх хүний хувьд хүүхдүүдтэйгээ хамт байж, тэднийг  өсгөж хүмүүжүүлмээр байна. Хоёр хүүхдийг өгөхгүй гэж байгаа бол ядаж бага охиноо өөрийн асрамжид авмаар байна. Хэрэв хоёр хүүхдийг надад, эсвэл бид хоёрт нэг нэгээр нь үлдээвэл хүүхдүүдээ эцэгтэй нь, ах дүүтэй нь байнга уулзуулж байх болно гэв.

 

           Хариуцагч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оноос эхлэн Р.Мтай хамтран амьдарч хоёр хүүхдийн эцэг болцгоосон бөгөөд Т.А, Т.И нар надаар овоглож явдаг, миний хүүхдүүд мөн. Р.М нь нэхэмжлэлдээ болон өнөөдрийн шүүх хуралдаан дээр намайг байнга зодож дарамталдаг байсан,  өөр хүүхнүүдтэй ороолцолддог байсан мэтээр гүтгэж байна. Ийм асуудал байхгүй ба жирэмсэн байхдаа тамхи татаад байхаар нь хүүхдээ бодсонгүй гэж нэг удаа алгадаж, найзын хуриман дээр архи ууж, өөр хүнтэй байхад нь уурлаж нэг удаа гар хүрсэн. Р.М тухайн үед тийм хүнд нөхцөлд байсан бол хууль хяналтын байгууллагад мэдэгдэхгүй яасан юм бэ. Бид хоёрын салах гол шалтгаан нь Р.М намайг 2011 оноос эхлэн хөдөө ажилладаг болсоноос хойш бусадтай холбогдон, архидан согтуурдаг байсныг 2013 онд мэдсэнээс болж салсан. Одоо хүү Т.А, охин Т.И нар миний асрамжид эрүүл саруул өсч торнин, сурч боловсорч байна. Р.М намайг хоёр хүүхэдтэй уулзуулдаггүй, байнга занаж дарамталдаг мэтээр бичсэн нь ор үндэслэлгүй бөгөөд харин ч хүүхдүүд дээрээ тоотой ирдэг, ирэхээрээ элдэв янзын юм ярьж, тэдний толгой эргүүлдэг байсан. Мөн тэрээр тамхи хэрэглэдэг, ууж согтуурсан үедээ биеэ хянах чадваргүй болдог зэрэг нь хоёр хүүхдэд буруу үлгэр дууриал үзүүлэх нь тодорхой. Иймд Р.Мы хоёр хүүхдийг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Р.Мы хоёр хүүхдийг нэг нэгээр нь авна гэдгийг ч зөвшөөрөхгүй, хүүхдүүдийг салгахгүй, би өөрийн асрамжид байлгана. Харин би хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, өвөл нь сургууль цэцэрлэгт явуулж, зуны улиралд хоёр хүүхдийг ээж дээр нь байлгахыг зөвшөөрнө гэв.                       

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                        

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

     Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр хүү Т.Аыг эцэг С.Тийн, охин Т.Иг эх Р.Мы асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

     С.Т, Р.М нар 2007 онд танилцаж, хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2008 оны 07 дугаар сарын 27-нд хүү Т.А, 2011 оны 05 дугаар сарын 06-нд охин Т.И нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

    С.Т, Р.М нар 2007 оноос эхлэн хамтран амьдарч, хоорондын таарамжгүй харьцаа, бие биенээ үл ойлголцох байдлаас болж таарч тохирохгүй, 2013 оноос хойш тусдаа амьдарч энэ үеэс эхлэн хоёр хүүхэд эцэг С.Т дээр байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдов.

 

     Р.М хоёр хүүхдийг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч С.Т хүүхдүүдийг эхэд нь үлдээхгүй өөрийн асрамжид байлгана гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

 

     Түүнчлэн нэхэмжлэгч Р.М хамтран амьдрах хугацаанд нөхөр С.Т нь байнга зодож дарамталдаг байсан, түүний зодуураас болж биедээ олон тооны шарх авсан гэж, хариуцагч С.Т, Р.Мыг архи, тамхи хэрэглэдэг муу зуршилтай түүнээс болж бидний хооронд таарамжгүй харьцаа үүсч салах болсон гэж тус тус тайлбарлаж, маргаж байх боловч хэн аль нь түүнийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, тайлбараас өөр баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Хэрэгт авагдсан Хүүхдийн төлөө үндэсний газар Монгол өрх хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: Эх Р.М, эцэг С.Т нарын аль аль нь эцэг эх байх эрхийг хязгаарлах, түдгэлзүүлэх, нийгмийн сэтгэл зүй, зан төлөвийн ноцтой эрсдэл, үндэслэл илрээгүй, эцэг эхийн наад захын зохих чадамжийн үзүүлэлтүүдийг хангасан гэж үзэж байна. Шинжээчийн 5 бүрэлдэхүүн хэсэгтэй харьцуулсан үзүүлэлтийн дүн шинжилгээний 2 дугаар бүрэлдэхүүн хэсэг С.Тийн талд эцэг байх, сахилга батжуулах хандлага, чадвараараа илүү оноо авсан боловч эх  Р.М 1 дүгээр бүрэлдэхүүний хүүхдүүд эцэг эхийн хэний талдаа илүү ээнэгшилтэй, аюулгүй хамгаалагдсан, таатай мэдрэмжийг төрүүлдэг талаарх хүүхдүүдийн илэрхийлсэн байр суурь, 3 дугаар бүрэлдэхүүн хэсгийн хувь хүний зан байдал, сэтгэл зүйн онцлог, хүүхдээ ойлгох, харилцах эв дүй, ур чадварын талаар 5 дугаар бүрэлдэхүүн хэсгийн тогтвортой тэжээн тэтгэх орлого, өөрийн өмчит гэр орны одоогийн нөхцөл байдлаараа тус тус бага зэрэг /илт хол зөрүүтэй биш/ илүү тоон чанарын үзүүлэлттэйгээр хүү Т.А, охин Т.И нар нь эх Р.Мы асран хамгаалалт талд гарлаа гэжээ.

           Хариуцагч С.Т шинжээчийн дүгнэлт эхийн талд гарсан ч, 8 настай хүү Т.А эцгийн асрамжид үлдэх талаар саналаа өгсөн, хашаандаа байшин барьж амьдрах орчин илүү бүрдсэн, хэдийгээр олон хоногоор хөдөө явдаг ч цалин өндөр, хүүхэд асрахад ээж, хамтран амьдрагч тусалдаг гэж, нэхэмжлэгч Р.М С.Тоос салж тусдаа амьрахдаа гэр орон, тавилга эд хогшил юу ч аваагүй, өөрийн гэсэн орон гэртэй болсон, ажил төрөл хийж боломжийн цалин орлоготой, хоёр хүүхэд эхийг нь зодож дарамталдгаас болж эцгээсээ айдаг гэж тус тус маргаж мэтгэлзэж байна.

           Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6‑д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх…асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан ба гэрлэгчид гэрлэлтээ батлуулаагүй ч хүүхдийн асрамжийн талаар маргаж байх тул дээрх хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”,

25 дугаар зүйлийн 25.3-т “эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална”,

26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”,

26 дугаар зүйлийн 26.2-т “эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.1-д “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”, 26.2.2-т “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх”, 26.2.3-т “хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох”, 26.2.4-т “хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” гэж тус тус заажээ.

            Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.3, 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдүүдийнхээ өмнө хүлээх үүргээ биелүүлэх үүднээс, түүнчлэн  зохигчдын хэн аль нь ажил төрөлтэй, хүүхдүүдээ нэг нэгээр нь өсгөөд явах боломжтой байдал, нэхэмжлэгч Р.Мы санал хүсэлт зэргийг харгалзан 2008 оны 07 дугаар сарын 27-нд төрсөн хүү Т.Аыг эцэг С.Тийн, 2011 оны 05 дугаар сарын 06-нд төрсөн охин Т.Иг эх Р.Мы асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Түүнчлэн мөн хуулийн 26.4-т “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ”,

  Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх,

  Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1-д “…эцэг, эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ”,

  9 дүгээр зүйлийн 3-т “хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг, эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ” гэж тус тус заасан байна.

С.Т, Р.М нар нь хууль болон конвенцийн дээрх заалтуудын дагуу хүү Т.А, охин Т.И нарын эцэг эхийн хайр халамжийг хүртэх, тэдэнтэй байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг хүндэтгэх, хэн аль нь эцэг С.Т, эх Р.М нарын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4-т заасан үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байх, хүүхдүүдээ хооронд нь болон эцэг эхтэй нь уулзахад ямар нэгэн хориг, хязгаар тавих боломжгүй байх бөгөөд мөн хуулийн 26.5-т.. энэ хуулийн 26.4-т заасан тохиолдолд эцэг эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол шүүх тогтооно гэж зааснаар эцэг, эх нь хүүхдүүдтэйгээ /Т.А, Т.И нар/-тай сард хоёр удаа /амралтын өдрүүдээр/, тэмдэглэлт баяр ёслол /төрсөн өдөр, шинэ жил, цагаан сар, хүүхдийн баяр, улсын баяр наадам/-аар уулзуулж байхыг С.Т, Р.М нарт даалгах нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                 

Тогтоох нь: