Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01634

 

 Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/01489 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-д холбогдох,

Гүйцэтгээгүй ажлын алданги 23,000,000 төгрөг, дизель түлшний үнэ 855,000 төгрөг, нийт 23,855,000 төгрөг гаргуулах, шинжээчийн дүгнэлтэд заасан доголдлыг арилгахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 10,000,000 төгрөг, илүү гүйцэтгэсэн ажлын хөлс 6,117,996 төгрөг, нийт 16,117,996 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагчийн өмгөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай компани нь Налайх салбар шатахуун түгээх станцын гадна талбайн өндөржилт, засвар үйлчилгээ хийлгэхээр хариуцагч М ХХК-тай 2019 оны 09 сарын 27-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажлыг 2019 оны 10 сарын 10-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажил дутуу, алдаа ихтэй, доголдолтой болох нь хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Гэрээний урьдчилгаа 25,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр, ажлын гүйцэтгэл 40 хувьд хүрэхэд үлдэгдэл 46,000,000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон бөгөөд бид дээрх төлбөрийг цаг тухайд нь хийсэн. Гэсэн ч хариуцагч ажлаа өнөөдрийн байдлаар гүйцэт дуусгаагүй байна. Иймд гэрээний дагуу 46,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 10-ны өдрөөс 2020 оны 08 сарын 05-ны өдөр хүртэл 295 хоногийн алданги 27,140,000 төгрөг байх боловч үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул 23,000,000 төгрөг, дизель түлш 855,000 төгрөг, нийт 23,855,000 төгрөгийг гаргуулж, доголдлыг арилгаж, засварлуулж өгнө үү гэжээ.  

2. Хариуцагч хариу тайлбартаа: Хариуцагч ажлыг 100 хувь гүйцэтгэж дууссан. Гэхдээ тодорхой хэмжээний доголдол байгаа, уг доголдлыг хүлээн зөвшөөрч арилгана гэдгээ хэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь алданги тооцохдоо гэрээний 2 дахь санхүүжилт буюу 46,000,000 төгрөгөөс алданги тооцсон байгаа. Энэ нь хуульд заасан алданги тооцох зохицуулалтад нийцэхгүй. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцдог. Хариуцагч компани дизель түлш авч ашиглаагүй, энэ түлш нь төлбөр мөнгөндөө тооцогдсон учраас үүнийг хариуцахгүй. Иймд 23,855,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Доголдлыг арилгуулахаар шаардлага гаргасан бөгөөд ямар дүнд, ямар хэмжээнд, яаж шаардаж байгаа вэ гэдгийг нэхэмжлэгч тодруулах ёстой байх. Ажиллагааны явцад 2 удаагийн шинжээч томилогдсон байдаг. 2021 оны 01 сарын 11-ний өдөр шинжээч нь тухайн талбайд үзлэг хийж, зураг гаргаад хэмжилт хийсэн. Үүний дагуу 126 м.кв талбай чанаргүй байна, үүнийг засварлах хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан. 2022 оны 08 сарын 19-ний өдөр доголдлыг арилгах буюу суваг хийх ажлын дүн 1,084,244 төгрөг, талбайг засварлах ажлын дүн 3,285,192 төгрөг гэсэн дүгнэлт гарсан байдаг. Энэ дүгнэлтийн хүрээнд доголдлыг арилгахад татгалзах зүйлгүй гэжээ.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани нь Н ХХК-тай 2019 оны 09 сарын 27-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Налайх дүүрэг дэх ШТС-ын гадна талбайн ажлыг хийж гүйцэтгэсэн. Анх гэрээгээр 2,230 м.кв талбайн ажлыг хийхээр тохиролцсон. Ажлыг гүйцэтгэх явцад Н ХХК-ийн зааврын дагуу нэмж орц гарц өргөсгөх болон талбайн ажлыг гүйцэтгэснээр нийт 2,583 м.кв талбайн ажил буюу анх тохиролцсоноос 353 м.кв ажлыг нэмж гүйцэтгэсэн. Ажлын нийт хөлс 81,000,000 төгрөг бөгөөд талбайн хэмжээг харьцуулан тооцоход 1 м.куб талбайн өртөг 538,556 төгрөг, илүү гүйцэтгэсэн 353 м.кв талбайг м.кубд шилжүүлж тооцоход төлбөрийн хэмжээ 6,117,996 төгрөг болно. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүй, дээрээс нь илүү хийж гүйцэтгэсэн талбайн төлбөр нэхэмжилсэн. Ажил гүйцэтгэх гэрээний 81,000,000 төгрөгийн хэдэн хувийн төсөвт, ямар хэмжээний талбайг хэр зузаан хучих вэ гэдэгт харилцан тохиролцоогүй. Гэрээнд тусгаагүй боловч талууд хоорондоо и-мэйл хаягаар харилцаж байсан зураг дээр тусгагдсан. Тухайн талбайн хэмжилтээр ямар хэмжээний ажил байгаа вэ гэдгийг төсөвтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гарсан. Нийт эзэмшил 10,000 м.кв талбайгаас 2,583 м.кв талбайд шатахуун түгээх станцын ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа. Үүнд 2022 оны 08 сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд нийт илүү гарсан талбайн хэмжээ нь 9,505,584 төгрөг гэж гарсан. Хариуцагчийн хувьд нийт 353 м.кв талбайд ажлыг нэмж гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Гэрээний дагуу 10,000,000 төгрөг төлөөгүй, 46,000,000 төгрөгийн санхүүжилт хийгдсэн, нийт 71,000,000 төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Хийх ёстой бүгдийг нь хийж гүйцэтгэсэн учраас үлдсэн 10,000,000 төгрөгийг төлөх ёстой. Хариуцагчийн хувьд гэрээнд заасан үүргийнхээ хувьд доголдлыг арилгана. Хариуцагч талаас 6,117,966 төгрөгийн хүрээнд сөрөг нэхэмжлэл гаргасан. Иймд нийт 16,119,996 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай инженерүүд санхүүгийн хэлтэс талбайд ажиллаад техникийн комиссын акт үйлдсэн. Үүнд тухайн ажлыг бүрэн гүйцэт хийж дуусгаагүй, онгорхой цоорхой, дутуу юмнууд, чанарын хувьд доголдол их байгаа учраас хүлээж авах боломжгүй гэсэн комиссын шийдвэр гарсан. Энэ 10,000,000 төгрөг нь ажлыг доголдол дутагдалгүйгээр хүлээлгэж өгснөөр яригдана. Хариуцагч тал өөрийн тайлбартаа энэ гэрээ ерөнхий байдлаар хийгдсэн гэж тайлбарласан. Ерөнхий байдлаар хийгдсэн гэрээний ажлын гүйцэтгэлийг шинжээч тодруулахдаа илүү гүйцэтгэлийн хэмжээ, илүү гүйцэтгэлд зарцуулсан төсөв хоёрыг гаргаж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан, шүүгчийн захирамжаар асуусан хэмжээнээс хальсан шинжээчийн дүгнэлт байна. Тийм учраас 6,000,000 төгрөг ярих нь илүүц гэж үзэж байна. Мөн хариуцагчийн төлөөлөгч илүү ажил хийсэн гэж яриад байсан. Энэ асуудалд хоёр талаасаа зураг төсөл, хэмжээгээ тохироод, илүү ажлын төсөв гаргаад тухайн төсвийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, төсвөөр энэ ажлыг нэмэлтээр илүү хийлгэнэ гэж тохиролцсоны үндсэн дээр тодорхой хэмжээний бичиг баримт үйлдэж энэ асуудал яригдах ёстой. Ямар ажлыг хэний даалгавраар хийгээд, түүнийгээ хэрхэн тодорхойлоод нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. 10,000,000 төгрөгийн хувьд хэрвээ доголдлоо арилгаад, бидэнд хүлээлгэж өгсний дараа төлөх ёстой мөнгөө төлнө. Илүү гүйцэтгэл, илүү хийсэн ажил гэх зүйл байхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч М ХХК-аас 855,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, ХХХК-ийн 2021 оны 10 сарын 15-ны өдрийн 523 дугаар дүгнэлтээр тогтоогдсон Налайх салбар шатахуун түгээх станцын гадна талбайн засварын ажлын гологдол, доголдол болох асфальт хуулах талбай 98.0 м.кв, асфальт хийх талбай 126 м.кв, зам талбайд ус тогтдог, ус зайлуулах суваг талбайн налууг гаргах, авто замын стандарт нормын заалтад нийцүүлж ус зайлуулах налууг гаргахыг хариуцагч М ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 23,000,000 төгрөг гаргуулах хэсгийг болон нэхэмжлэгчээс нийт 16,117,996 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447,430 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,540 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 25,070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 101/ШЗ2021/00651 дүгээр захирамжаар томилогдсон шинжээч ХХХК-ийн 2021 оны 10 сарын 15-ны өдрийн 523 дугаар дүгнэлт үйлдэхэд гарсан зардал 1,000,000 төгрөгийг хариуцагч М ХХК-аас, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 101/ШЗ2022/01847 дугаар захирамжаар томилогдсон шинжээч Х ХХК-ийн 2022 оны 08 сарын 19-ний өдрийн 344 дугаартай дүгнэлт үйлдэхэд гарсан зардал 400,000 төгрөгийг нэхэмжлэгч Н ХХК-иас тус тус гаргуулж шинжээч Х ХХК-д төлүүлж шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хариуцагчаас 855,000 төгрөг гаргуулсан, мөн нэхэмжлэгчээс 16,117,996 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл ашиглаж, шатахуун түгээх станцын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Тухайн талбайд ямар нэг засвар, засан сайжруулалт хийгээгүйгээ шүүх хуралдаанд мэдүүлдэг. Хэрэв ажлын гүйцэтгэлийг хүлээж аваагүй, ажлыг дуусгаагүй бол талбайг ашиглах боломжгүй, ажлыг гүйцэтгэж дуусгах талаар шаардлага тавих ёстой байсан.

6.2. Ажлын үр дүнд ашиглалтын явцад бий болсон доголдол, дутагдлыг арилгуулах шаардлагыг нэхэмжлэгч 2020 оны 03 сарын 24-ний өдөр анх гаргасан ба доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах хугацаандаа гаргасан шаардлагын дагуу засвар, үйлчилгээ хийж өгсөн болно. Ажлын явцын төлбөрийг 2019 оны 11 сарын 07-ны өдөр төлсөн буюу хүйтний улиралд гадна талбайг гүйцэтгүүлсэн нь ажлын үр дүн доголдолтой болох үндэслэл болсон. Гэсэн хэдий ч хариуцагч тал гэрээний үүргээ шударгаар биелүүлж, доголдлыг засварлаж өгөхөөр болсон. Иймд шүүхээс ажлын үр дүнг хүлээлцсэн нь тодорхойгүй, ажлыг дуусгаагүй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар, нотлох баримтыг бодитой харьцуулан дүгнээгүй гэж үзэхээр байна.

6.3. Хэрэгт авагдсан дизель түлш хүлээлцсэн гэх баримтаар М ХХК уг түлшийг хүлээж авсан нь нотлогдоогүй. Н.Б хариуцагч компанийн ажилтан мөн эсэх нь тодорхойгүй, компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, баталгаажуулаагүй, санхүүгийн тамга, тэмдэггүй, хүлээлгэн өгсөн этгээд хэн нь тодорхой биш, нэхэмжлэгч компанийн тамга, тэмдэг дарагдаагүй зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй, нотолгооны ач холбогдолгүй байхад шүүх үнэлсэн нь үндэслэлгүй байна.

6.4. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд гэрээний гол нөхцөл тусгагдаагүй буюу хийж гүйцэтгэх ажлын хэмжээ тусгагдаагүй, зөвхөн хугацаа болон үнийн дүн тусгагдсан ба уг үйл баримтаар хэргийг шийдвэрлэх боломжгүй, хугацаа алдах тул зохигчид ажлын хэмжээг гаргуулах нь ач холбогдолтой гэж зөвшөөрсөн тул шинжээч талуудыг байлцуулж, тодруулсны үндсэн дээр ажлын хэмжээг өмнө и-мэйлээр илгээсэн батлагдаагүй төсөв, нэхэмжлэгчийн газрын гэрчилгээ, сансрын зураг зэрэг баримтыг харьцуулсны үндсэн дээр хийгдэх ажлын, илүү гүйцэтгэсэн ажлын хэмжээ зэргийг гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд худал тайлбар гаргасан буюу шинжээчид нөлөөлж захирамжид тусгагдаагүй дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтийг гаргахаар шинжээч талуудыг дуудахад нэхэмжлэгч компаниас талбайн инженер, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал өөрөө ирж уулзсан ба зөвшөөрсөн талаар тайлбар, гарын үсэг зурсан.

6.5. Түүнчлэн хариуцагч ажлыг гүйцэтгэсэн, захиалагч ажлын гүйцэтгэлийг өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа зэрэг үйл баримтаас талууд ажил хүлээлцээгүй, ажлыг дуусгаагүй тул үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж дүгнэж байгаа нь буруу юм. Шүүхээс дээрх үйл баримт, шинжээчийн дүгнэлтийг няцаах, үгүйсгэх бичгийн болон бусад нотлох баримт байхгүй байхад илүү ажлыг гүйцэтгэх талаарх тохиролцоо тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь буруу ба хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэлтэй юм.

Иймд шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад хариуцагчаас 855,000 төгрөг гаргуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн нэхэмжлэгчээс 16,117,996 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч ажлыг доголдолтой, дутуу хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч 2020 оны 03 сард анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаас талбайн хучилтын ажлыг хийж эхлээгүй байсан. Тухайн талбайн өндөржилт хийсний дараа талбай шороотой байсан бөгөөд манай байгууллагын үндсэн талбай өмнө нь хучилттай байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хучилт хийгдсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг дутуу доголдолтой гэж өөрчилсөн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үнэн зөв үнэлж дүгнэсэн. Манай байгууллага үйл ажиллагаа явуулаагүй бол их хэмжээний хохирол учрах байсан. Мөн үйлчилгээний компани учраас тухайн талбайг шороогоор нь удаан ашигласан боловч өнөөдрийг хүртэл талбайд ус тогтож, өмнө байсан нөхцөл байдлаасаа дордож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангав. 

2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гүйцэтгээгүй ажлын алданги 23,000,000 төгрөг, дизель түлшний үнэ 855,000 төгрөг, нийт 23,855,000 төгрөг гаргуулах, шинжээчийн дүгнэлтэд заасан доголдлыг арилгахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 10,000,000 төгрөг, илүү гүйцэтгэсэн ажлын хөлс 6,117,996 төгрөг, нийт 16,117,996 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Талууд 2019 оны 09 сарын 27-ны өдөр NES-19-20 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, М ХХК нь Налайх салбар ШТС-ын гадна талбайн засвар, тохижилтын ажлыг 2019 оны 10 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, Н ХХК нь урьдчилгаа 25,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, ажлын гүйцэтгэл 40%-д хүрэхэд 46,000,000 төгрөг, ажил дуусаж хүлээлгэн өгснөөр 10,000,000 төгрөг, нийт 81,000,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

5. Ажил гүйцэтгэх гэрээ-нд талууд гүйцэтгэх ажлыг нэг бүрчлэн тодорхойлоогүй, гүйцэтгэх ажлын нийт хэмжээг тусгаагүй байх тул анхан шатны шүүх Х ХХК-ийн 2021 оны 10 сарын 15-ны өдрийн 523 дугаартай болон 2022 оны 08 сарын 19-ний өдрийн 344 дугаартай шинжээчийн дүгнэлтийг тус тус үнэлж хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгахгүй.

6. Анхан шатны шүүх ХХХК-ийн 2021 оны 10 сарын 15-ны өдрийн 523 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон доголдол буюу 98 м.кв талбайн асфальт хуулах, 126 м.кв талбайд асфальт хийх, авто замын стандарт нормд нийцүүлэн ус зайлуулах налууг гаргахыг хариуцагч М ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 23,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигчид давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар тусгайлан хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас дизель түлшний үнэ 855,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг, мөн нийт 16,117,996 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч М ХХ эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

7.1. Хэргийн 11-р талд 2019 оны 11 сарын 07-ны өдрийн огноотой Налайх ШТС гэсэн 380 литр дизель түлшний буюу 855,000 төгрөгийн баримт авагдсан байх боловч уг баримтаар М ХХК дизель түлшийг хүлээн авсан болох нь нотлогдохгүй байна. Тодруулбал, тус баримтад М ХХК-ийн тамга, тэмдэг дарагдаагүй, мөн хүлээн авсан гэж гарын үсэг зурсан этгээд нь М ХХК-тай хамааралтай этгээд болох нь тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн холбогдох гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт тус шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.

7.2. Х ХХК-ийн 2022 оны 08 сарын 19-ний өдрийн 344 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийг гэрээнд зааснаас 353 м.кв талбайн ажлыг илүү хийж гүйцэтгэсэн байна гэж дүгнэсэн боловч ажил гүйцэтгэгч М ХХК нь илүү гүйцэтгэсэн ажлын хөлс гэх 6,117,996 төгрөгийг захиалагч Н ХХК-аас шаардах эрхгүй байна.

Учир нь, Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан ба ажил гүйцэтгэгч М ХХК нь ийнхүү гэрээгээр тохирсон хэмжээнээс 353 м.кв талбайн ажлыг илүү хийж гүйцэтгэсэн, үүнтэй холбоотой төсөв 6,117,996 төгрөгөөр нэмэгдсэн талаар захиалагч Н ХХК-д нэн даруй мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн холбогдох гомдлыг хангахгүй.

7.3. Талуудын байгуулсан 2019 оны 09 сарын 27-ны өдрийн NES-19-20 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.2-т ...ажил дуусаж хүлээлгэн өгснөөр үлдэгдэл төлбөр болох 10,000,000 төгрөг гүйцэтгэгчид шилжүүлнэ гэж тусгасан нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д ...ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж заасантай нийцжээ.

Хэргийн баримтаар ажил гүйцэтгэгч М ХХК нь хууль болон гэрээнд зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч Н ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нь Налайх ШТС-д үйл ажиллагаа явуулж байгаа гэх нөхцөл байдал нь ажил гүйцэтгэгч гадна талбайн засвар, тохижилтын ажлыг захиалагчид хүлээлгэн өгсөн гэдгийг нотлохгүй.

Иймд нэхэмжлэгчээс гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 10,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох үндэслэлгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн холбогдох гомдлыг хангахгүй.

7.4. Нэхэмжлэгч Н ХХК нь ...хариуцагч гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгаж, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн үед ажлын хөлсний үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй... гэж тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/01489 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн Налайх салбар ШТС-ын гадна талбайн засвар, тохижилтын ажлын доголдол болох 98 м.кв талбайн асфальт хуулах, 126 м.кв талбайд асфальт хийх, авто замын стандарт нормд нийцүүлэн ус зайлуулах налууг гаргахыг хариуцагч М ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 23,000,000 төгрөг, дизель түлшний үнэ 855,000 төгрөг, нийт 23,855,000 төгрөг гаргуулах хэсгийг, мөн нэхэмжлэгч Н ХХК-аас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 10,000,000 төгрөг, илүү гүйцэтгэсэн ажлын хөлс 6,117,996 төгрөг, нийт 16,117,996 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...25,070 төгрөгийг... гэснийг ...70,200 төгрөгийг... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 242,815 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР