Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 181/2023/03155/И |
Дугаар | 210/МА2024/01635 |
Огноо | 2024-08-21 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2024/01635
Н.У-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/01892 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.У-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ү ХХК-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2016 оны 11 сарын 16-ны өдрөөс тус банкны хуулийн хэлтэст хуульч, ахлах хуульч, хуульчаар ажилласан. 2022 оны 09 сараас эхлэн ТУЗ-ийн даргыг түр орлон гүйцэтгэгч С.О-аас шалтгаангүйгээр, намайг хүсээгүй байхад ажлаас гарах өргөдлөө өг гэж дарамт шахалт үзүүлсэн ба энэ нь 8 сарын хугацаанд үргэлжилсэн. Өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгөхгүй гэснээс хэвийн ажиллах боломж алдагдуулж цаашлаад дотоод аудитын хэлтсээс хуулийн хэлтэст 2022 оны 12 сарын 16-ны өдрөөс 2023 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд зөвхөн намайг шалгах зорилготой хэсэгчилсэн шалгалт хийсэн. Дээрх шалгалтын дүнг ямар шалгуураар дүгнэхийг зохицуулсан журамгүй байж хэрхэн үнэлэлт дүгнэлт өгч хангалтгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй. Уг шалгалтын дүнг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд сахилгын шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлээгүй, ажилтанд урьдчилан мэдэгдэж тайлбар аваагүй. Миний бие арга буюу 2023 оны 03 сарын 29-ний өдөр ажлаас гарах өргөдөл өгсөн ба тухайн өргөдөлд өөрийн хүсэлтийн дагуу биш болох талаар тодорхой бичиж гүйцэтгэх захиралд өгсөн. Гэтэл 2023 оны 04 сарын 28-ны өдрийн Б/74 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж үзэн тушаал гаргасан.
Иймд, Банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 04 сарын 28-ны өдрийн Б/74 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Н.У 2016 оны 11 сараас эхлэн туршилтаар, 2017 оны 04 сараас жинхлэн хуулийн хэлтэст хуульч, ахлах хуульч, хуульчаар ажиллаж байгаад түүний 2023 оны 03 сарын 29-ний бичгээр гаргасан хүсэлтээр 2023 оны 04 сарын 28-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон. Ажил олгогчоос Н.У-д аливаа байдлаар шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоо үзүүлж байгаагүй бөгөөд хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.5, 94.7-д заасны дагуу банкны ТУЗ-ийн 2022 оны 12 сарын 15-ны өдрийн удирдамжийн дагуу хуулийн хэлтсийн үйл ажиллагаанд 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд дотоод аудитын хяналт шалгалт явуулсан. Уг шалгалтаар Н.У тодорхой зөрчил, дутагдал гаргасан нь илэрсэн тул зохих журмын дагуу аудитын тайланг танилцуулж, Н.У-гаас тайлбар авсан. Ийнхүү Н.У-ийн аудитын шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд нь гүйцэтгэх захирлын 2023 оны 03 сарын 28-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Банкнаас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянан шалгалт явуулсныг нэхэмжлэгчээс ажилтанд шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл үзүүлсэн гэж үзсэн нь хуульд нийцэхгүй, банкийг үндэслэлгүйгээр буруутгасан. Хэрэв Н.У банкны дотоод хяналт шалгалтын газраас хяналт шалгалт хийсэн, мөн албан тушаал бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсныг ажилтанд шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл үзүүлсэн гэж үзсэн бол уг шалгалтын дүгнэлт, сахилгын шийтгэлийн тушаалыг хүчингүй болгуулах талаар гомдлоо шалгуулах боломжтой байсан. Гэтэл Н.У нь өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгсөн, уг өргөдлийнх нь дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох тушаал гарсан байхад тушаалыг хүчингүй болгуулах болон ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.
Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.У-ийн Ү-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.У нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Анхан шатны шүүх ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас гарсан эсэх талаар дүгнэх байтал маргааны зүйлээс хальж ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа сахилгын зөрчил гаргасан, тэр зөрчил нь тогтоогдсон гэх дүгнэлтийг өгсөн.
4.2. Нэхэмжлэгч 2023 оны 03 сарын 29-ний өдрийн ажлаас чөлөөлөхийг хүссэн өргөдөлдөө Миний бие банкны ТУЗ-ын даргыг түр орлон гүйцэтгэгчийн хүссэнээр ажлаас гарах өргөдлөө өгч байна" гэж өөрийн хүсэлтээр бус ажил олгогчийн хүсэлт-ээр ажлаас гарахад хүрсэн талаар бичсэн байхад тушаалд шууд өөрийн хүсэлтээр гэсэн үндэслэл зааж ажлаас чөлөөлсөн нь нотлогдож байгаа. Шүүх холбогдох нотлох баримтуудад зөв үнэлгээ өгөөгүйгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тодруулбал, нэхэмжлэгчийн ******** дугаарын утсаар компанийн ажилтан Ж.О-тай вайбераар харилцсан зурваст хийсэн үзлэгээр тогтоогдсон, мөн 2022 оны 12 сарын 19-ний өдөр гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчдээ гаргасан гомдол мэдээлэл гаргах хүсэлтүүд авагдсан байтал гэрчийн мэдүүлгээр буюу тухайн үед ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй гэх нөхцөл байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Тухайн үйл явдлыг гэрч худал мэдүүлсэн ба худал мэдүүлэг өгсөн нь цаг хугацаа, болсон үйл баримтын дарааллаар авч үзвэл тухайн мэдүүлэг нь үнэнд нийцэхгүй болохыг шүүх анхаарч үзээгүй.
4.3. Түүнчлэн, тухайн маргаан нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон маргаан биш байтал шүүх ажилтны хариуцан ажиллаж байсан хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийг ажил олгогчид хохиролтой шийдүүлсэн гэж тухайн ажилтныг буруутгасан дүгнэлт хийж байгаа нь маргааны зүйлийг ойлгоогүй болохыг харуулж байна. Хэрэв 3 шатны шүүх банкийг төлбөр төлөх үндэслэлтэй гэж үзсэн шийдвэр гаргасан бол үүнд банк өөрөө буруутай болохоос бус хуулийн мэргэжилтэн үүнд буруутай байх боломжгүй бөгөөд шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлыг дахин дүгнэж өөрийн субьектив хандлагаар ажилтан банканд хохирол учруулах хэмжээний ноцтой зөрчил гаргасан гэх нь ёс зүйгүй үйлдэл юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ТУЗ болон хүний нөөцийн хэлтсээр дамжуулан дарамталсан. Мөн ажлаас чөлөөлөх зорилгоор дотоод хяналт шалгалт оруулсан зэргээр дарамт шахалт үзүүлж байгаа нь илэрсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Гэвч бодит нөхцөл байдалд тухайн хяналт шалгалт нь дотоод аудитын нэгж, өөрт олгогдсон эрх үүргийн хүрээнд банкны дотоод хяналт шалгалт учраас зөвхөн нэхэмжлэгчид хандсан дарамт шахалт биш гэх тайлбарыг хариуцагчаас гаргасан. Хэргийн материалд хүний нөөцийн хорооны хурлын шийдвэр, хөтөлбөр, хурлын тэмдэглэл, Ү ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны хурлын шийдвэр зэргийг нотлох баримтаар хавсаргасан. Уг нотлох баримтууд нь тухайн үеийн нөхцөл байдал буюу он цагийн хувьд 2022 оны 05, 08 саруудад банканд ач холбогдол бүхий гарсан шүүхийн шийдвэрүүдээс улбаалан хуулийн хэлтсийн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж буй эсэх, банкны эрсдэлийг урьдчилан тооцоолж, хамгаалж байгаа эсэхийг шалгах зорилгоор дотоод аудитын нэгжээс хяналт шалгалт хийх талаар яригдаж эхэлсэн. Уг нөхцөл байдлын улмаас 2022 оны 12 сарын 15-ны өдөр удирдамж гаргаж, хяналт шалгалт хийсэн. Дотоод аудитын хяналт шалгалтаар тухайн үед ахлах хуульчаар ажиллаж байсан Н.У-г ажлаас халах шийтгэл ногдуулах саналыг гаргаж, уг асуудлыг 2023 оны 03 сарын 30-ны өдрийн дотор хянан шийдвэрлэхийг хүний нөөцийн хороонд үүрэг болгосон. Уг удирдамжийг хүний нөөцийн хороо хүлээн авч, 2022 оны 12 сарын 28-ны өдөр хуралдаж, ажлаас халах шийтгэл ногдуулах нь хүнддэж байгаа учраас албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах саналтай байсныг хурлын тэмдэглэлд тусгасан. Хүний нөөцийн хорооноос Н.У-д сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гарснаас 3 сарын дараа буюу 2023 оны 03 сарын 29-ний өдөр ажлаас халагдах өргөдөл өгснийг үндэслэж, ажилтныг ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогддог гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
2. Нэхэмжлэгч Н.У нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгчийн гаргасан Банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 04 сарын 28-ны өдрийн Б/74 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэсэн шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус, харин ...урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох... шаардлагын үндэслэл байна.
3. Ү ХХК-ийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн Б/74 дугаар тушаалаар Хуулийн хэлтсийн хуульчийн албан тушаалд ажиллаж байгаа Н.У-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.
Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.20.1, ажилтан Н.У-гаас 2023 оны 03 сарын 29-ний өдөр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэсэн байх ба ...Н.У нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан... гэж дурджээ.
4. Ажилтан нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан эсэх, ажил олгогч нь шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл үзүүлсэн эсэх, хөндлөнгийн оролцоо байсан эсэхэд шүүхийн зүгээс дүгнэлт өгөх нь тус маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
5.1. Шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн, ажилтан Н.У-гаас 2022 оны 11 сарын 01-ний өдөр Хүний нөөцийн хэлтсийн ахлах менежер гэх Ж.О-тай харилцсан цахим зурваст ...Ж.О: Юу байна миний дүү муу мэдээтэй, Н.У: Юу болсон бэ, Ж.О: ТУЗ-өөс чамайг өргөдлийг нь бичүүл л гээд байна, Н.У: Би уг нь банканд хохирол учруулах хортой зүйл хийгээгүй л юмсандаа. За за болохгүй бол би өргөдлөө өгнөө, Ж.О: За ах нь лав авч үлдэх гэж чадлаараа үзлээ гэж дурдагджээ.
5.2. Ажилтан Н.У-гаас 2022 оны 12 сарын 19-ний өдөр Банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Н-д гаргасан гомдол, мэдээлэлд ...ТУЗ-ийн дарга өөрийн биеэр 2022 оны 10 сарын 12-ны өдөр болсон ТУЗ-ийн хурал дээр ажлаас гарах өргөдлөө өгөөрэй гэж Н.У-д удаа дараа хэлсэн. Ажил үүрэгтээ тэнцэхгүй, анхан шатны мэдлэггүй, худалч хуурмаг гэх мэтээр ТУЗ-ийн гишүүд болон Монгол банкны хянагч, Гүйцэтгэх захирлын орлогч нарын өмнө гутаан доромжилсон. ...Би өөрт ирсэн дарамт шахалтыг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийн хүсэлтээр ажлаас гарах тухай өргөдлөө өгөхгүй тухайгаа илэрхийлсээр байсан... гэж дурдагдсан байх ба уг гомдол, мэдээллийг Гүйцэтгэх захирлын туслах О.Э хүлээн авсан байна.
5.3. Ү ХХК-ийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн Б/74 дугаар тушаалд үндэслэл болгосон, ажилтан Н.У-гаас 2023 оны 03 сарын 29-ний өдөр гаргасан хүсэлтэд ...2022 оны 09 сараас эхлэн ТУЗ-ийн даргыг түр орлон гүйцэтгэгч С.О-гийн зүгээс шалтгаангүйгээр, намайг хүсээгүй байхад ажлаас гарах өргөдлөө өг хэмээн өөрөө болон бусад ажилтнуудаар дамжуулан дарамт шахалтыг үзүүлсэн. ...Миний бие банкны ТУЗ-ийн даргыг түр орлон гүйцэтгэгчийн хүссэнээр ажлаас гарах өргөдлөө өгч байна гэж дурдагдсан байх ба тус хүсэлтэд ажил олгогчийн зүгээс журмын дагуу шийдвэрлэнэ үү, зөвшөөрөв гэсэн цохолтыг хийжээ.
6. Дээрх нотлох баримтуудаар ажилтан Н.У нь өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй бөгөөд Ү ХХК-ийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн Б/74 дугаар тушаалд дурдагдсан ...Н.У нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан... гэсэн үйл баримт үгүйсгэгдсэн гэж үзэхээр байна.
Иймд, нэхэмжлэгч Н.У-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.
Ажилгүй байсан хугацааны олговрыг хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн тооцоход (2,366,146 + 2,403,931 + 2,269,297) : 3 х 16 сар = 37,744,832 төгрөг болж байна.
Ажилтны 2023 оны 04 сард авсан цалин болох 4,867,413 төгрөг нь тэтгэмж орсон дүн байх тул уг дүнг ажилгүй байсан хугацааны олговор тооцоход оруулаагүй болно.
7. Хуулийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн аудитын шалтгалт, уг шалгалтын тайланг үндэслэн ажилтан Н.У-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан зэрэг зохигчдын мэтгэлцсэн, шүүхийн дүгнэсэн үйл баримт тус маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.
Түүнчлэн, 2024 оны 05 сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд Хүний нөөцийн хэлтсийн ахлах менежер гэх Ж.О-ын өгсөн гэрчийн мэдүүлэг нь түүнээс 2022 оны 11 сарын 01-ний өдөр Н.У-тай харилцсан цахим зурваст дурдагдсан текст, уг текстийн агуулгыг няцаах үндэслэл болохгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/01892 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.У-г хариуцагч Ү ХХК-ийн Хуулийн хэлтсийн хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговор 37,744,832 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...дурдсугай гэснийг ...дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ү ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 346,674 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.НЯМБАЗАР