| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0056/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/83 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Билгүүн
Гэрч: А.Т, Ц.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П
Шүүгдэгч: Л.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Лгийн Ад холбогдох эрүүгийн 1812006220006 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Лгийн А/РД:/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.А нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арсланцохио хорооллын 7-19 тоотод иргэн О.Бийн эзэмшлийн Нокиа 33-10 маркийн гар утас, 20000 төгрөгийг дээрэмдэх явцдаа түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Л.Агийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би дээрмийн хэргийг хийгээгүй, мөрдөн байцаалтанд эхэлж гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлсийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэг өгөхдөө худлаа мэдүүлэг өгсөн, мөрдөн байцаагч намайг ганцаараа хэргээ хүлээ гээд байсан, би тухайн үед ойлгоогүй болохоор худал мэдүүлэг өгсөн. Би хохирогчийг цонх хагалахаар нь унагаагаад цохьсон нь үнэн, тэрнээс би эд зүйлийн хулгай хийгээгүй, олуулаа хэргээ хүлээвэл хүнд тусна, хохирогч нь гомдол саналгүй гэсэн байгаа учраас чи хэргээ ганцаараа хүлээ гэж мөрдөн байцаагч хэлж худал мэдүүлэг өгүүлсэн, тухайн үед хэрэг чинь гайгүй шүүх дээр очоод сална гэж хэлсэн, надад өмгөөлөгч авах талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг
*Гэрч Ц.Сын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Намайг П ахынд ороход О.Б, А.Т, Л.А нар байсан, хоорондоо маргалдсан байдалтай байцгааж байсан. Байшингийн цонх хагарсан байсан, намайг байшинд ороход О.Б юм яриагүй зөрөөд гараад явсан. Тэгээд удаагүй байж байтал цагдаа нар ирээд Л.А бид хоёрыг авч явсан. Тэгээд намайг суллаж явуулаад Л.Аг аваад үлдсэн...” гэх мэдүүлэг,
*Гэрч А.Тын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тухайн үед Л.А бид хоёр Пгийнд орсон, Пгийнд ороод удаагүй байж байтал гаднаас О.Б орж ирээд 1 шил архи гаргаж өгсөн. П, Л.А, О.Б бид 4 өгсөн нэг шил архийг нь хувааж уугаад О.Б цамцныхаа халааснаас 12.000 төгрөг гаргаж надад өгсөн. Би 12.000 төгрөгөөр нь 1 шил архи авч ирсэн. Тэгээд авч ирсэн архиа хувааж уусан, архи ууснаас хойших зүйлсийг санахгүй байна, өглөө босоод харахад цонх нь хагарсан байсан, юу болсон талаар асуухад О.Б цонх хагалаад Л.А, О.Б хоёр муудалцсан гэсэн...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 1812006220006 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч О.Бийн өгсөн:
“...Би Архангай аймгийн прокурорын газарт хулгайн хэрэгт холбогдсон шалгагдаж байгаад аймгийн шүүх рүү 18 цагийн үед буусан. Тэгээд шүүхийн туслах ажилтанаас чөлөө аваад 19 цагийн үед О гэдэг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаандаваа хороололд байдаг айлд очиход хүн байхгүй байсан. Тэгээд Отгоны хашаанд байдаг танихгүй айлын хаалгыг шагайж дотор ороход А миний хоолойноос боогоод нүүр рүү гараараа цохиж зодсон. Арай гэж Агээс салаад Нараа гэдэг айлд очиж хоносон. Одоо толгой өвддөг, зүүн талын нүд хавдсан байна. Би гомдолтой байна. Миний халаасанд байсан гар утас, 20.000 төгрөгийг авчихсан байсан. Саарал өнгөтэй, товчлууртай, том хэмжээтэй, Нокиа 33-10 маркийн Хятад гар утас байсан бөгөөд нэг жилийн өмнө Хашаат сумаас худалдаж авч байсан. Би хэдэн төгрөгөөр худалдан авч байснаа санахгүй байна. Зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ. Миний хоолойг боосон, нүд рүү цохьсон, толгой руу цохиж зодсон. Би Нараагийн гэрээс гарч О гэдэг айлд очиж хувцасаа авах гээд ирэхэд О гэртээ байгаагүй бөгөөд Огийн хашаанд байдаг П гэдэг айлд ороод зодуулсан. Би цагийг нь санахгүй байна, гадаа харанхуй болсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 дугаар тал/
“Хохирогч О.Бийн дахин өгсөн:
“...Би хэрэгт холбогдоод 2 жилийн өмнө Архангай аймгийн төвд байдаг Огийн гэрт анх ирж байсан тэрнээс хойш Л.А, А.Т, Б.П нарыг зүс таньдаг болсон. Б.П орон дээрээ доошоо хараад хэвтэж байсан унтаж байгаа бололтой байсан. Сахалтай өндөр А.Т нь орон дээр дээшээ хараад хэвтэж байсан бас л унтаж байгаа бололтой харагдсан. Л.Адъасүрэн нь намайг байшинд ороход ганцаараа сэрүүн, зуухны хажууд зогсож байсан. Намайг анх ороход гурвуулаа байсан өөр хүн байгаагүй. Намайг Б.Пийн байшинд ороод хэсэгхэн явтал Л.А надтай юм ярихгүй шууд нүд рүү гараараа цохиод авсан. Би толгой эргээд газар унатал миний дээрээс Л.А дараад гараараа толгой, нүд рүү цохиж байснаа хоолой боогоод байсан. Би хэсэг ухаан балартаад сэртэл Л.А миний дээрээс босоод явсан. Намайг газарт хэвтэж байхад нэг гар орж ирээд миний халаасыг ухаад байх шиг байсан бөгөөд хэний гар байсныг нь би мэдээгүй. Одоо бодоход Л.А л миний дээрээс дарж байсан болохоор Л.А л миний хувцасны халааснуудыг ухаад гар утас, мөнгө зэргийг авсан байх гэж бодож байгаа. Л.Аг миний дээрээс боссоны дараа миний нэг талын нүд юм харж чадахгүй байсан бөгөөд би шууд босоод байшингаас гараад явсан. Байшин доторх байдлыг би харж чадаагүй. Би Б.Пийн байшингаас гарч яваад холдолгүй гар утас, мөнгөө тэмтэрч үзтэл байхгүй байсан. Би гар утас, 20.000 төгрөгийг дээлний дотор өмссөн байсан цамцны энгэрийн халаасанд хийгээд товчилсон байсан. Пгийн гэрээс гараад үзэхэд дотор талаар өмссөн байсан цамцны товч тайлагдсан дотор нь юу ч байхгүй хоосон байсан. Би гар утас 20.000 төгрөгийг хэн авсныг мэдэхгүй байгаа. Хэсэг ухаан балартаад сэрэхэд Л.А миний хоолойг боохоо болиод босож явсан. Намайг ухаан балартсан байхад Л.А дээрээс дарж байгаад цамцны энгэрийн халааснаас гар утас мөнгийг авсан байх боломжтой. Тийм болохоор Л.А л миний мөнгө, гар утсыг авсан өөр хүн авах боломжгүй. Миний гар утас, мөнгө зэрэг зүйлс өөрөө халааснаас гараад газар унах боломжгүй. Би газраас босоод хартал нэг талын нүд юм харж чадахгүй байсан бөгөөд Л.А ганцаараа зогсож байгаа харагдсан. А.Т, Б.П нар надад харагдаагүйг бодоход орон дээрээ унтаж байсан байх гэж бодож байна. Миний гар утсыг Б.П надад өгсөн. Б.П ярихдаа манай хашаан дотор та утсаа үлдээсэн байна лээ гээд худлаа яриад байсан. Миний гар утас, 20.000 төгрөг нь хүн товчийг нь тайлж авахгүй бол унахааргүй, энгэрийн товчтой халаасанд байсан. Би гар утсаа олж авсан болохоор утсаа нэхэмжлэхгүй, харин аймгийн эмнэлэгт хэвтсэн 300.000 төгрөг, мөн зардал хийх гэж байсан 20.000 төгрөг дээр нэмээд 500.000 төгрөг нэхэмжлэж байна. Нийт 820.000 төгрөг нэхэмжилнэ. Маш их гомдолтой байна. Л.А миний хоолойг боогоод алчихаж магадгүй байсан. Арай гэж хоолой боохоо больсон. Би 500.000 төгрөгийг эмчилгээний зардал гэж нэхэмжилнэ. Одоогоор надад ямар ч мөнгө төгрөг өгөөгүй байна. Би маш их гомдолтой байна. Би архи уугаагүй эрүүл байсан. Би Б.Пийн байшинд ороод шууд л Л.Ад зодуулсан. Би тэд нартай хамт архи уугаагүй, би өөрөө мөнгө гаргаж өгөөгүй. Тэд нар худлаа мэдүүлсэн байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбоотой санал байхгүй. 2018 оны 11 сарын 22-ны өглөө Огийн гэрт байж байхад П орж ирээд надтай юм ярьж байгаад гарсан. Би Пд ярихдаа миний хотод байдаг хүүхдээс 20.000 төгрөг ирэхээр болсон, мөнгөтэй болж байгаад тамхи авна даа гэж ярьж байсан. Миний тэр яриаг П нь Л.Ад хэлсэн байх тэгээд Л.А нь намайг зодоод мөнгө авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/
*Хохирогч О.Бийн дахин өгсөн:
“...Би Л.Агээс 320.000 төгрөг хүлээн авсан. Одоо 300.000 төгрөг нэхэмжилнэ. Л.А надаас уучлалт гуйсан болохоор би гомдолгүй гэж мэдүүлэг өгч байна. Гэхдээ түүнээс 300.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/
*Гэрч Г.Нгийн өгсөн:
“...2018 оны 11 сарын 22-ны шөнө 12 цагийн орчимд эхнэрийн хамт гэртээ байж байтал гаднаас Б ах орж ирсэн. О.Б ахын нүүр нь хавдсан, цус гарсан байсан бөгөөд танихгүй хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. О.Б бид 2 хулгай хэрэгт хамт шалгагдаж байгаа хам хүмүүс. Төрөл садангийн холбоо харилцаа байхгүй. О.Б ахын хамраас нь цус гоожсон, баруун талын чихнээс нь цус гарсан, баруун талынхан нүд хавдсан ил харагдах шарх гэмтэлтэй байсан. Өөр гэмтэл бэртэл харагдаагүй. О.Б ах О гэдэг айлд очиж хонодог бөгөөд гэр нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, Арслан цохио хорооллын 07-р гудамжны 19 тоот хашаанд байдаг. О.Б ах ярихдаа Огийн хажуу талын байшин руу орох гэж яваад танихгүй хүнд зодуулсан гэж хэлсэн. Б ах зардал хийх гэж байсан 20.000 төгрөг, гар утсаа алдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/
*Гэрч Б.Нын өгсөн:
“...2018 оны 11 сарын 23-ны өдөр 11 цагийн үед аав О.Б утсаар яриад би өчигдөр танихгүй хүнд зодуулаад гар утас, 20.000 төгргөө алдчихлаа, одоо бие сайнгүй байна гэхээр нь би эхнэрийн хамт ажлаасаа чөлөө авч, өчигдөр шөнө Архангай аймагт ирсэн. Аав О.Бий нүд хөхөрч хавдсан, цээж нь хөндүүрлэж, хавдсан, толгой нь хагарсан, цус гарсан, өвдөж байна гэх зовиуртай байсан учир Архангай аймгийн эмнэлэгт үзүүлэхэд хэвтэж эмчилгээ хийлгэ гэж хэлсэн. Аав өөрөө ярихдаа намайг зодсон хүн хэргээ хүлээхгүй байгаа гэж ярьж байсан. Би аавын барьж байсан утсыг нь сайн мэдэхгүй. Өчигдөр над руу өөр хүний утаснаас ярьсан бөгөөд өөрийнх нь дугаар холбогдохгүй байсан. Аав Бөд 20.000 төгрөг байсан. Би аавыг гэртээ харина шүүхээс чөлөө авсан гэхээр нь зардлын мөнгө явуулсан. Аавын хэргийн хам Г.Нгийн эхнэр Т.Бын данс руу 2018 оны 11 сарын 22-ны өдөр дансаар явуулсан бөгөөд уг мөнгийг Т.Б нь аавд өгсөн гэсэн. Би аавын биеийн байдлыг харуулсан 6 ширхэг зураг авахуулсан бөгөөд эдгээр зурагнуудыг хэрэгт хавсаргуулахаар өгөх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/
*Гэрч Б.Бын өгсөн:
“...2018 оны 11 сарын 23-ны өдөр 11 цагийн үед хадам аав О.Б утсаар яриад би өчигдөр хүнд зодуулчихлаа, гар утсаа 20.000 төгрөгтэйгөө алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд нөхөр Б.Н бид 2 Улаанбаатар хотоос Архангай аймагт ирээд аав О.Бтэй уулзсан. Хадам аавын нүд хөхөрч хадвсан, цээж нь хөндүүрлэсэн, толгой нь хагарсан шархтай байсан учир аймгийн эмнэлэгт үзүүлтэл 300.000 төгрөг төлөөд хэвтэж эмчилгээ хийлгэ гэж хэлсэн. Хадам аавыг зодсон гэх хүн нь хэргээ хүлээхгүй байгаа гэж сонссон. Би өөр зүйл мэдэхгүй байна. Хадам аав Б нь Архангай аймгийн Хашаат суманд мал маллан амьдардаг бөгөөд хулгайн хэрэгт шалгагдаж байгаа гээд Архангай аймагт ирчихсэн байгаад байсан. Тэгээд хэрэг нь шүүх рүү шилжээд шүүхээс чөлөө аваад гэртээ харих гэж байгаад хүнд зодуулсан байсан. Би нөхрийн хамт хадам аавд замын зардал гэж 20.000 төгрөг явуулж байсан бөгөөд тэр мөнгө нь алга болсон байсан. Хадам аав хэлэхдээ намайг зодсон хүн авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/
*Гэрч Т.Бын өгсөн:
“...Миний нөхөр Г.Н нь О.Б ахтай хамт хулгайн хэрэгт шалгагдаж байгаа. 2018 оны 11 сарын 22-ны өдөр нөхөр Г.Нгийн холбогдсон хэрэг нь прокурорын газраас шүүх рүү буусан. Өдөр 16 цаг 46 минутанд О.Б ахын Улаанбаатар хотод байдаг хүүхдүүдээс 20.000 төгрөг дансаар шилжүүлж ирсэн бөгөөд би уг мөнгийг тэр даруй АТМ-ээс аваад О.Б ахад бэлэн 20.000 төгрөгний дэвсгэрт 1 ширхэгийг өгсөн. Нөхөр Г.Нгийн холбогдсон хэрэг шүүх рүү буугаад 19 цагийн үед чөлөө аваад гэр гэр рүүгээ явсан бөгөөд О.Б ах, нөхөр Г.Нтай хамт манай гэрт очсон. Тэгээд О.Б ах манай гэрт байж байгаад орой 21 цагийн үед Отгоноо гэдэг айлаас дээл, хувцасаа аваад ирье гээд ганцаараа явсан. Тэгээд ирэхгүй байж байснаа шөнө 23 цагийн үед манай гэрт орж ирсэн бөгөөд хүнд зодуулсан гэмээр толгой, нүүрнээс нь цус гарсан байсан. тэгээд манайх цагдаад дуудлага өгч шалгуулсан. Б ах нэг том товчлуургай утас бариад яваад байдаг байсан, би тэр утасны нэр маркийг нь мэдэхгүй. Хөх өнгийн гадартай байсан шиг санагдаж байна. О.Б ах тэр гар утсаа алдсан гэж яриад байсан. Б ах архи уугаагүй эрүүл байх шиг байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/
*Гэрч Б.Пийн өгсөн:
“...2018 оны 11 сарын 22-ны өдөр манай гэр буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 7-19 тоотод Л.А, Түвшин, Аамаа, Сүхээ бид нар нийлээд Ерөөл нэртэй 0.75 литрийн архи нэг шилийг уугаад би унтахаар хэвтсэн. Унтаж байтал гаднаас О.Б манай гэрт орж ирж байх шиг байсан. Миний толгой өвдөөд байсан болохоор би шууд унтаад өгсөн. Тэгээд унтаж байгаад нэг сэртэл манай гэрт Аамаа ганцаараа унтаж байсан бөгөөд манай байшингийн цонхны жижиг шил хагарсан байсан. Тэгээд би буцаад унтсан. Маргааш өдөр намайг гэртээ байж байтал Сүхээ гаднаас орж ирээд хашаан дотор нэг гар утас байна, энэ гар утас өчигдөр ирсэн О.Бийн утас мөн байх таньд өгчихье гэхээр нь би тэр гар утсыг нь аваад О.Бөд өгсөн. О.Б намайг унтаж байхад орж ирсэн. Би О.Бийг архи өгсөн эсэх талаар мэдэхгүй байна. Би унтаж байгаад нэг сэртэл манай гэрт Аамаа ганцаараа унтаж байсан бөгөөд би Аамаагаас энэ цонхыг хэн хагалчихсан юм бэ гэж асуутал танай гэрт орж ирсэн О.Б өвгөнтэй Л.А зодолдсон тэгээд хагалсан гэж хэлсэн. Манай гэрийн байшингийн жижиг цонхны шилийг хагалсан байсан тэр шил өмнө нь хагарч цуурсан байсан бөгөөд тэд нар хоорондоо зодолдож байгаад газар унагааж хагалсан байсан. Би цонхоо буцааж янзалсан болохоор цонхны талаар ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Би цонхныхоо үнэлгээг гаргуулахгүй. Миний цонх жижиг хэмжээтэй байсан. Би цонхныхоо хэмжээг хэлж мэдэхгүй байна. Надад нэхэмжлэх зүйл гомдол байхгүй. Өмнө нь хагарсан цонх байсан юм. Миний толгой өвдөөд унтаж байсан. Би О.Бийг орж ирж байхыг дэн дун мэдсэн. Тэд нарын хоорондоо яагаад маргалдсан юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 дугаар тал/
*Гэрч А.Тын өгсөн:
“...2018 оны 11 сарын 22-ны өдөр 19 цагийн үед өөрийн найз Пгийн гэрт Аамаа, П, Л.А бид 4 уулзаад нэг шил архи хувааж уусан. Архи уугаад дууссан байхад О.Б гуай нэг шил Цагаан нэртэй архи бариад орж ирсэн. Тэр архийг уухад П унтсан байсан бөгөөд бид нар тэр архийг нь хувааж уусан. Тэгээд О.Б гуай өврөөсөө 12.000 төгрөг гаргаж ирээд надад өгсөн бөгөөд би тэр мөнгөөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 6 дугаар гудамжны үзүүрийн дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи худалдаж авсан. Тэгээд архиа О.Б, Л.А бид нар хувааж ууж байсан бөгөөд нэг сэрэхэд би Пгийн гэрт Птэй хамт унтаж байсан. Өглөө бостол Пгийн байшингийн цонх хагарсан байхаар нь яагаад хагарсан юм бэ гэж асуутал Л.А хэлэхдээ би О.Бтэй ноцолдоод хагалчихсан юм гэж хэлсэн. О.Б, Л.А 2-ын дунд юу болсныг би мэдэхгүй, тасраад унтсан байсан. Өглөө нь Сүхээ гаднаас орж ирээд О.Бийг газар хэвтүүлсэн Л.А дээрээс нь дараад зодож байхаар нь би гаднаас орж ирээд салгасан гэж ярьсан. Тэгээд О.Бийн гар утас нь газар хаягдсан байхаар нь авчихсан. Одоо гар утсыг нь өгөх гэсэн юм гээд Сүхээ яриад байсан. Тийм л зүйл болсон. Би О.Бийг цохиж зодоогүй. О.Б өөрөө нэг шил архитай орж ирсэн. Дараа нь надад өөрөө мөнгө өгөөд намайг архинд явуулж дахин нэг шил архи авсан. 2 шил архи хувааж уусан. О.Б анх орж ирэхдээ согтуу байсан. Сүхээ гар утас газар байж байхаар нь авсан гэж л ярьж байсан, яагаад авсан эсэхийг нь мэдэхгүй байна. Намайг дэлгүүр орж Хараа архи авах үед дэлгүүр хаагаагүй ажиллаж байсан болохоор 20,21 цагийн орчимд л байх. О.Б бид хоёр өмнө нь архи ууж байсан. Хоорондоо маргалдаж байгаагүй. Тэд нартай архи уугаагүй гэж худал мэдүүлсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 дүгээр тал/
*Гэрч Ц.Сын өгсөн:
“...2018 оны 11 сарын 22-ны шөнө 22 цаг өнгөрсөн байх үед өөрийн танил П ахын гэрт яваад ортол О.Б өвгөний хамар, ам орчимоос цус гарчихсан байсан бөгөөд П ахын байшингийн цонх хагарсан гэр нь эмх цэгцгүй болсон байсан. Л.А нь О.Б өвгөнтэй зодолдсон гэж өөрөө яриад байсан. Би О.Б болон Л.А нарыг зодолдохыг хараагүй, О.Б өвгөн байшингаас гарч явах үедээ бусдад зодуулсан болов уу гэмээр байдалтай байсан бөгөөд намайг байшинд ороход шууд гарч явсан тэрнээс хойш О.Б өвгөн буцаж орж ирээгүй. А.Т, П ах нар газарт унтаж байсан. Тэгээд сууж байтал бид нарыг цагдаа нар ирээд авч явсан бөгөөд А.Т тасраад унтчихсан байсан болохоор цагдаа нарыг авч явах гэтэл сэрэхгүй унтаад байсан бусад нь цагдаагийн газарт очсон. Цагдаа нар бид нарыг удалгүй явуулсан тэгээд П ахын гэрт очоод П ах Л.А нар унтахаар хэвтээд би гэрт нь сууж байтал нэг гар утас дуугараад байсан. Надаас бусад хүмүүс тэр утасны дууг сонсоогүй, унтсан байсан бөгөөд П ахын шкабны хажууд байсан хувцас дотор 33-10 нэртэй гар утас байж байхаар нь би тэр гар утсыг аваад гэр рүүгээ явсан. Би бодохдоо Л.А, П ах, А.Т нарт 33-10 маркийн утас байдаггүй болохоор энэ гар утас О.Б өвгөний гар утас байх гэж бодсон бөгөөд маргааш өглөө нь П ахад уг гар утсыг О.Б өвгөнд өгөөрэй гэж хэлээд аваачиж өгсөн. Би тэр гар утсыг олоод нэгэнд нь өгчихье гэж бодтол сэрэх хүнгүй бүгд согтуу унтаж байсан болохоор өөрөө авч явахаар шийдсэн. О.Б өвгөний хамар, ам хэсгээс нь цус гарсан байсан. Л.Агийн биед гэмтэл учраагүй байх шиг байсан. П ахын байшингийн урд хэсэгт байдаг шкабны доор бөөн хувцас, дээл, гудас дунд уг гар утас байсан. Тэр гар утсыг нуугаагүй байх, бөөн хувцас дээлэн дунд орчихсон байсан. Бодвол О.Б өвгөн унахдаа гар утсаа хувцас дунд унагаачихсан байх гэж бодож байна. Намайг гар утас олоход бүгд унтаж байсан бөгөөд би тэр гар утсыг О.Б өвгөн унагаачихсан байх маргааш өгнө гэж бодоод авч явсан. Тэгээд маргааш өдөр нь П ахад өгсөн. О.Б нь согтуу байх шиг байсан. П ахын байшингаас гарч явахдаа унаж тусаад Л.Атэй маргалдаад байсан. Үг яриа нь ээдэрсэн согтуу байгаа нь мэдэгдэж байсан. П ах надтай саяхан уулзаад чамайг тэр гар утсыг гаднаас олсон гээд цагдаад хэлчихсэн байгаа шүү гээд хэлсэн гэж яриад байсан. Би тэр утсыг П ахын байшин дотроос олсон, гаднаас олоогүй. Намайг ороход бүгд согтуу зарим нь тасараад унтчихсан байсан сэрүүн байсан О.Б өвгөн, Л.А хоёр л байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-37 дугаар тал/
*Гэрч Ж.Оын өгсөн:
“...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохио хорооллын 07-19 тоот хашаанд буюу Б.Пийн хашаанд буугаад 2 жил орчим болж байгаа. О.Б өвгөн цагдаа дээр шалгагдаж байгаа аймгийн төвд хонох айлгүй гээд байхаар нь би гэртээ амьдаруулдаг байсан. О.Б гуай одоогоос 4 орчим жилийн өмнө л цагдаа дээр ирж байсан тэрнээс хойш Архангай аймагт ирэх болгондоо манайд ирдэг. Манай гэрийн хажууд Б.Пийн байшин байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би өөрийн ажил дээрээ хоносон бөгөөд намайг ажил дээрээ байх үед О.Б гуай манай гэрт очоод цоожтой байхаар нь Б.Пийн байшинд ороод хүнд зодуулчихлаа гээд шөнийн 22 цагийн үед манай ажил дээр хүрээд ирсэн. О.Б гуай надад хэлэхдээ намайг Гончигоо зодсон гэж хэлсэн бөгөөд Гончигоо гэж Л.Аг хэлдэг. О.Бийн нэг талын нүд хавдсан, юм харахгүй байсан бөгөөд нүүр, хацар нь цус болж хатсан байсан. О.Б гуай хэлэхдээ халаасанд байсан мөнгө, гар утас 2 алга болсон байна. Миний хамаг юмыг авчихлаа гээд байсан. Би ажил ихтэй байсан учир О.Б ахыг цагдаагийн газар руу очиж хэл гээд явуулсан. Тийм л зүйл болсон. О.Б ах архи уусан, согтуу байсан бөгөөд архи үнэртэж байсан бас хэл ам нь ээдэрсэн байсан. Архи үнэртээд байхаар нь та тэд нартай хамт архи уугаад зодуулсан юм биш үү гэж асуухад О.Б гуай би архи уугаагүй гээд байсан. Би О.Б ахаа таниас архи үнэртээд байна гэж хэлэхээр би уугаагүй гээд гүрийгээд байсан бөгөөд миний мөнгийг авчихсан гээд байсан. Л.А нь намайг Б.Пийн хашаанд анх буухад л тэдний гэрт амьдарч байсан бөгөөд одоо ч гэсэн Б.Птой хамт амьдарч байгаа. Л.А нь заримдаа манай гэрт орж гараад явж байдаг эрхэлсэн ажилгүй, архи уугаад явж байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-41 дүгээр тал/
*Гэрч Н.Агийн өгсөн:
“...2018 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр санагдаж байна би Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохио хорооллын 07 дугаар гудамжинд амьдардаг Б.П ахын байшинд их орой харанхуй болсон байхад ганцаараа яваад ортол Л.А, П ах, А.Т, Сүхээ нар архи уусан согтуу сууж байсан. Би Б.П ахын гэрт орохдоо архи уусан согтуу байдалтай байсан бөгөөд Б.П ахын байшинд Л.А, П ах, А.Т, Сүхээ нар Ихмонгол нэртэй 0.75 литрийн том шилтэй архи хуваагаад ууж байсан. Тэд нар их согтоцгоосон байсан. Би тэр архинаас нэг удаа дунд гарын цайны аягаар уусан. Тэгээд архиа ууж дуусчихаад Сүхээ, Б.П ах, А.Т бид 3 орон дээр хэвтэж байсан бөгөөд би яг унтах гэж байтал гаднаас нэг өвгөн ороод ирсэн. Ам Тэр өвгөн Л.Ад зодуулчихаад шууд байшингаас буцаад гараад явсан. Тэгээд хэвтэж байтал А.Т дэлгүүр ороод ирлээ гээд 07.5 литрийн Хараа нэртэй архи нэг шилийг аваад орж ирсэн. Тэр архийг Сүхээ, А.Т, Л.А, П ах бид нар хувааж уусан. Архиа ууж дуусчихаад унтахаар хэвтэж байтал цагдаа ирээд бид нарыг бүгдийг нь авч явсан удалгүй цагдаа дээрээс бид нарыг явуулсан бөгөөд бид нар П ахын гэрт очиж хоносон. Тэр өвгөнийг яагаад Л.А зодох болсныг мэдэхгүй байна. Өвгөнийг байшинд орж ирэхээр нь Л.А шууд цохиж зодоод газарт унагаад дээрээс нь дарж зодоод байсан. Би тэр өвгөнийг эрүүл согтуу байсныг мэдээгүй. О.Б өвгөн надтай болон байшинд байсан Сүхээ, Л.А, А.Т, П нарын хэнтэй ч хамт архи уугаагүй. Байшинд орж ирж зодуулчихаад буцаад гарч явсан. О.Б өвгөнийг зодуулчихаад гарч явсны дараа намайг хэвтэж байтал А.Т дэлгүүр ороод архи аваад ирсэн байсан. А.Т хэний ямар мөнгөөр архи авч ирснийг би мэдэхгүй. Хэрэг болсны дараа А.Т надад хэлэхдээ өвгөн надад архины мөнгө өгсөн. Би тэр мөнгөөр нь архи авч ирээд уусан гэж яриад байсан. Л.А л тэр өвгөнийг ганцаараа зодож ганцаараа дээрээс нь дараад байсан тийм болохоор Л.А л тэр өвгөний мөнгө болон гар утсыг авсан байх гэж бодож байна. Хэрэг болсны дараа Сүхээ тэр өвгөний гар утсыг олсон гэсэн яриа гараад байсан. Би тэр талаар өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 дугаар тал/
*Яллагдагч Л.Агийн өгсөн:
“...Би архи уусан согтуу байхдаа архиныхаа халуунд байшинд орж ирсэн О.Б өвгөнийг цохиж зодоод дээрээс нь дарж байгаад гар утас, мөнгийг нь авсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийг гомдол саналгүй болгоно. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 69-71 дүгээр тал/
*Яллагдагч Л.Агийн дахин өгсөн:
“...Би хохирогч О.Бөөс уучлалт гуйсан, эмнэлэгт хэвтсэн 300.000 төгрөг, алдсан гэх 20.000 төгрөг нийт 320.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо үлдсэн нэхэмжилж буй мөнгийг өгч гомдол саналгүй болгох болно. Миний найз А.Т, Ц.С, Б.П нар архи уусан согтуу байсан болохоор зарим зүйлийг худлаа ярьсан байна лээ. Би өөрөө О.Бийг цохиж зодож хөнгөн гэмтэл учруулсан, өөрөө гар утас мөнгийг нь авсан нь үнэн. Би авсан мөнгөө А.Тд өгч архи авахуулж уусан. Харин гар утсыг Б.П гэрт хувцасан дунд хийсэн байхад Ц.С авч яваад маргааш өдөр нь буцааж өгсөн байсан. Өөр надад нэмж мэдүүлэг зүйл байхгүй. Би О.Бийг дээрээс нь дарж байхад энгэрт нь гар утас байсан. Тэр гар утсыг нь энгэрийн халааснаас нь авахад мөнгө хамт гарч ирсэн. Би архи уусан согтуу байхдаа гар утас, мөнгийг нь авчихсан. Надад О.Бийг дээрэмдэх бодол байгаагүй бөгөөд газар унагаад зодож байхад гар утас нь гарт мэдэгдэхээр нь авчихсан юм. Би одоо өөр зүйл мэдүүлэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 72-74 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 588 дугаартай дүгнэлтэнд:
“...О.Бийн биед тархи доргилт, зүүн шанаа орчим цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 45 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчийн А.Бын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 286 дугаартай:
“...Нокио маркийн гар утасны үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын байдлаар 65.000/жаран таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 62 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арсланцохио хорооллын 7-19 тоотод иргэн О.Б нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Аг бусдыг дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Хохирогч О.Б нь мөрдөн байцаалтын шатанд “...Л.А надтай юм ярихгүй шууд нүд рүү гараараа цохиод авсан. Би толгой эргээд газар унатал миний дээрээс Л.А дараад гараараа толгой, нүд рүү цохиж байснаа хоолой боогоод байсан. Би хэсэг ухаан балартаад сэртэл Л.А миний дээрээс босоод явсан. Намайг газарт хэвтэж байхад нэг гар орж ирээд миний халаасыг ухаад байх шиг байсан бөгөөд хэний гар байсныг нь би мэдээгүй. Одоо бодоход Л.А л миний дээрээс дарж байсан болохоор Л.А л миний хувцасны халааснуудыг ухаад гар утас, мөнгө зэргийг авсан байх гэж бодож байна, миний гар утас, 20.000 төгрөг нь хүн товчийг нь тайлж авахгүй бол унахааргүй, энгэрийн товчтой халаасанд байсан...” гэж мэдүүлдэг, мөн гэрч Н.А “...Тэр өвгөнийг орж ирэнгүүт Л.А шууд л барьж аваад цохиод газар унагаад дээрээс нь дараад байсан. Би согтуу байсан болохоор босоод салгах гэтэл босч чадахгүй байсан...” гэж мэдүүлжээ. Харин гэрч А.Т мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “... 2018 оны 11 сарын 22-ны өдөр 19 цагийн үед өөрийн найз Пгийн гэрт Аамаа, П, Л.А бид 4 уулзаад нэг шил архи хувааж уусан. Архи уугаад дууссан байхад О.Б гуай нэг шил Цагаан нэртэй архи бариад орж ирсэн. Тэр архийг уухад П унтсан байсан бөгөөд бид нар тэр архийг нь хувааж уусан. Тэгээд О.Б гуай өврөөсөө 12.000 төгрөг гаргаж ирээд надад өгсөн бөгөөд би тэр мөнгөөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 6 дугаар гудамжны үзүүрийн дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи худалдаж авсан. Тэгээд архиа О.Б, Л.А бид нар хувааж ууж байсан бөгөөд нэг сэрэхэд би Пгийн гэрт Птэй хамт унтаж байсан. Н.А О.Б өвгөний авч ирсэн архинаас уугаагүй, тасраад унтсан байсан. Өглөө бостол Пгийн байшингийн цонх хагарсан байхаар нь яагаад хагарсан юм бэ гэж асуутал Л.А хэлэхдээ би О.Бтэй ноцолдоод хагалчихсан юм гэж хэлсэн...” гэж, гэрч Ж.О мөрдөн байцаалтын шатанд “...О.Б ах архи уусан, согтуу байсан бөгөөд архи үнэртэж байсан бас хэл ам нь ээдэрсэн байсан. Архи үнэртээд байхаар нь та тэд нартай хамт архи уугаад зодуулсан юм биш үү гэж асуухад О.Б гуай би архи уугаагүй гээд байсан. Би О.Б ахаа таниас архи үнэртээд байна гэж хэлэхээр би уугаагүй гээд гүрийгээд байсан...” гэж, мөн гэрч С мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Тэр гар утсыг нуугаагүй байх, бөөн хувцас дээлэн дунд орчихсон байсан. Бодвол О.Б өвгөн унахдаа гар утсаа хувцас дунд унагаачихсан байх гэж бодож байна. Намайг гар утас олоход бүгд унтаж байсан бөгөөд би тэр гар утсыг О.Б өвгөн унагаачихсан байх маргааш өгнө гэж бодоод авч явсан...гэж, шүүгдэгч Л.А нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Би дээрмийн хэргийг хийгээгүй, мөрдөн байцаалтанд эхэлж гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлсийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэг өгөхдөө худлаа мэдүүлэг өгсөн, мөрдөн байцаагч намайг ганцаараа хэргээ хүлээ гээд байсан, би тухайн үед ойлгоогүй болохоор худал мэдүүлэг өгсөн. Би хохирогчийг цонх хагалахаар нь унагаагаад цохьсон нь үнэн, тэрнээс би эд зүйлийн хулгай хийгээгүй, олуулаа хэргээ хүлээвэл хүнд тусна, хохирогч нь гомдол саналгүй гэсэн байгаа учраас чи хэргээ ганцаараа хүлээ гэж мөрдөн байцаагч хэлж худал мэдүүлэг өгүүлсэн, тухайн үед хэрэг чинь гайгүй шүүх дээр очоод сална гэж хэлсэн, надад өмгөөлөгч авах талаар хэлээгүй ...гэж тус тус мэдүүлжээ. Эдгээр мэдүүлгүүдийг шинжлэн судлахад хохирогч О.Б нь шүүгдэгч Л.Аг өөрийнх нь эд зүйлийг нь авахаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэдэг байдлыг таамагласан шинжтэй мэдүүлсэн байх бөгөөд гэрч нарын мэдүүлгээр хохирогч О.Б нь архи авч орж ирсэн, тухайн хүмүүстэй архи уусан талаар мэдүүлдэг, мөн гэрч Ж.О хохирогч нь зодуулсан гээд ирэхдээ архи уусан хэл ам нь ээдрээд байсан талаар мэдүүлсэн байна. Хэрэг гарах цаг хугацаанд хамт байсан гэх эдгээр гэрчүүдийн мэдүүлгээс Л.А нь хохирогч О.Бийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн дээрэмдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд харин Л.А нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна. Тухайн хэрэг гарсан цаг хугацаанд цагдаагийн ажилтан ирж шүүгдэгч гэрч нарыг цагдаагийн байгууллагад ирүүлсэн талаар гэрч, хохирогч, шүүгдэгч нар мэдүүлдэг, хэргийн газрын үзлэг тухайн үед хийгээгүй, хохирогчийн өмсөж явсан цамцны энгэрийн халаас товчтой байсан талаар хохирогч мэдүүлдэг боловч хавтаст хэрэгт авагдсан түүний энгэр нь урагдсан цамцтай зурагт тухайн цамц энгэртэй халаас байхгүй байх бөгөөд хохирогчийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийгдээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан ч эдгээр ажиллагааг нөхөн гүйцэтгэх нь хэргийг үйл баримтыг тогтооход цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон байна. Иймд Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтай шийдвэрлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Л.Ад холбогдох эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арсланцохио хорооллын 7-19 тоотод шүүгдэгч Л.А нь хохирогч О.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч О.Бийн”... Тэгээд Отгоны хашаанд байдаг танихгүй айлын хаалгыг шагайж дотор ороход А миний хоолойноос боогоод нүүр рүү гараараа цохиж зодсон. Арай гэж Агээс салаад Нараа гэдэг айлд очиж хоносон. Одоо толгой өвддөг, зүүн талын нүд хавдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Нгийн”... 2018 оны 11 сарын 22-ны шөнө 12 цагийн орчимд эхнэрийн хамт гэртээ байж байтал гаднаас Б ах орж ирсэн. О.Б ахын нүүр нь хавдсан, цус гарсан байсан бөгөөд танихгүй хүнд зодуулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Нын ”... 2018 оны 11 сарын 23-ны өдөр 11 цагийн үед аав О.Б утсаар яриад би өчигдөр танихгүй хүнд зодуулаад гар утас, 20.000 төгргөө алдчихлаа, одоо бие сайнгүй байна гэхээр нь би эхнэрийн хамт ажлаасаа чөлөө авч, өчигдөр шөнө Архангай аймагт ирсэн. Аав О.Бий нүд хөхөрч хавдсан, цээж нь хөндүүрлэж, хавдсан, толгой нь хагарсан, цус гарсан, өвдөж байна гэх зовиуртай байсан учир Архангай аймгийн эмнэлэгт үзүүлэхэд хэвтэж эмчилгээ хийлгэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Т.Бын”... Тэгээд О.Б ах манай гэрт байж байгаад орой 21 цагийн үед Отгоноо гэдэг айлаас дээл, хувцасаа аваад ирье гээд ганцаараа явсан. Тэгээд ирэхгүй байж байснаа шөнө 23 цагийн үед манай гэрт орж ирсэн бөгөөд хүнд зодуулсан гэмээр толгой, нүүрнээс нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, Ж.Оын”... О.Б гуай надад хэлэхдээ намайг Гончигоо зодсон гэж хэлсэн бөгөөд Гончигоо гэж Л.Аг хэлдэг. О.Бийн нэг талын нүд хавдсан, юм харахгүй байсан бөгөөд нүүр, хацар нь цус болж хатсан байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 588 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлттэй байна.
Хохирогч О.Б нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Л.Агээс 320000 төгрөгийг хохирол төлбөрт авсан талаар мэдүүлсэн бөгөөд дахин 300000 төгрөг нэхэмжилж байгаа талаараа мэдүүлсэн боловч үүнтэй холбоотой нотлох баримт ирүүлээгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, хохирол төлбөр төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулан, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Боржигин овогт Лгийн Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ад оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Л.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, хохирогч О.Бийн нэхэмжилсэн 300.000/гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР