| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 102/2024/02596/И |
| Дугаар | 210/МА2024/01655 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/01655
Б.Б гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/03047 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ерөнхий боловсролын Н сургууль ХХК-д холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт 302,811,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: С НҮТББ-ын өмч байх үед 2020 оны 12 сарын 25-ны өдөр бид Ерөнхий боловсролын Н сургууль ХХК-тай Баянгол дүүргийн **-р хороо, Л.Э-ийн өргөн чөлөө, *** хаягт байрлах сургалтын зориулалттай байрыг түрээслэх Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан. Удалгүй С НҮТББ-ыг Монгол улсын Боловсролын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн нэр болон хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчилж 2021 оны 06 сарын 04-ний өдрийн А/205 дугаартай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар Н дээд сургууль БСБ болгосон. Н дээд сургууль БСБ-ын үйл ажиллагааг зогсоосон тул байгууллагын эзэмшилд байсан үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б миний өмчлөлд хуулийн дагуу шилжүүлсэн. Гэрээний түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн боловч гэрээгээр хүлээх эрх, үүрэг өөрчлөгдөөгүй. Түрээсэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн тул гэрээнд түрээслүүлэгчийн мэдээллийн өөрчлөлтийг оруулахаар санал болгосон боловч хариуцагчаас өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөөгүй. Гэрээний 3.2-т зааснаар түрээслэгч сар бүрийн 10-ны өдрийн дотор түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй даруй 4 сар болсон байна.
Иймд түрээсийн үндсэн төлбөр 244,052,705 төгрөг, алданги 58,758,974 төгрөг, нийт 302,811,680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Ерөнхий боловсролын Н сургууль ХХК нь 2021 оны 12 сарын 25-ны өдөр С НҮТББ-тай Баянгол дүүргийн **-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, *** тоотод байрлах 4,320 м.кв бүхий сургалтын зориулалттай байрыг 2021 оны 02 сарын 01-ний өдрөөс 2026 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал 5 жил 4 сарын хугацаатай түрээслэн, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа явуулахаар Үл хөдлөх хөрөнгийн түрээслэх гэрээ байгуулсан. Уг түрээсийн гэрээг 2021 оны 06 сарын 15-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгүүлсэн ба гэрээ хүчин төгөлдөр байгаа. Ерөнхий боловсролын Н сургууль ХХК нь С НҮТББ-тай үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд иргэн Б.Б-тэй үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулаагүй.
Иймд үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээтэй холбоотой аливаа хэрэг маргаанд иргэн Б.Б оролцох буюу түрээсийн төлбөрийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар үйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ерөнхий боловсролын Н сургууль ХХК-иас 302,811,680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,675,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,675,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Ш.Б миний бие шагайндаа гэмтэл аван Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 06 сарын 11-ний өдөр шүүх хуралд эрүүл мэндийн шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй болсон ба шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг эмчийн магадлагааны хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн хүргүүлсэн байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.
4.2. Мөн Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг зөрсөн, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан шийдвэр гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б нь хөлний шагай гэмтсэн гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг эмнэлгийн магадлагаа гэх бичгийн хамт ирүүлсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б-д олгогдсон эмнэлгийн магадлагаа гэх баримт нь аль эрүүл мэндийн байгууллагаас олгогдсон нь тодорхойгүй, амбулаторийн эмч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч нарын албан тушаал, овог нэр бичигдэж, гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан зүйлгүй, 2-3 газарт засвар орсон ба эрх бүхий эрүүл мэндийн байгууллагаас олгогдсон баримт гэж үзэх боломжгүй. Түүнчлэн эмнэлгийн магадлагаа олгосон талаарх бүртгэлийг тусгайлан бүртгэлийн эмч бүртгэх ба магадлагааны дугаар, бүртгэлийн дугаартай тохирч байхаар Эрүүл мэндийн сайдын 119-р тушаалаар батлагдсан журамд заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн эмнэлгийн магадлагаа гэх баримт нь дээрх шаардлагыг хангаагүй. Иймд эмнэлгийн магадлагааг үнэн бодит баримт гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн эмнэлгийн магадлагаа гэх баримтад Ш.Б-ийн үндсэн оношийг шагайны өнгөц гэмтэл гэж заасан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 38 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайдын 119-р тушаалаар батлагдсан хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй бөгөөд эмнэлгийн магадлагаа олгох өвчний тоонд ордоггүй тул энэ шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхгүй байх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн тайлбарын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримт тус бүрд дүгнэлт хийж, хариуцагчийн татгалзалд мөн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ерөнхий боловсролын Н сургууль ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн төлбөр 244,052,705 төгрөг, алданги 58,758,974 төгрөг, нийт 302,811,680 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...Б.Б нь түрээсийн гэрээний үүрэг шаардах эрхгүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Талууд 2020 оны 12 сарын 25-ны өдөр 01 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр С сургууль НҮТББ нь Баянгол дүүргийн **-р хороо, Л.Э-ийн өргөн чөлөө *** хаягт байршилтай 4,320 м.кв талбайтай 5 давхар барилгыг 2021 оны 02 сарын 01-ний өдрөөс 2026 оны 06 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Ерөнхий боловсролын Н сургууль ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөх, Ерөнхий боловсролын Н сургууль ХХК нь 2021 оны 02 сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 180,000,000 төгрөг, 2021 оны 09 сарын 01-ний өдрөөс 2026 оны 06 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд сар бүр 60,000,000 төгрөгийг С НҮТББ-д төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцох нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон;
3.2. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 сарын 04-ний өдрийн А/205 дугаар тушаалаар С сургуулийн нэрийг Н дээд сургууль болгож өөрчилсөн;
3.3. Улмаар Н дээд сургуулийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024 оны 01 сарын 15-ны өдрийн У/01 дугаар шийдвэрээр өмнө дурдсан 4,320 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хувьцаа эзэмшигч Б.Б-д шилжүүлсэн;
3.4. Үүний дагуу Баянгол дүүргийн **-р хороо, *-р хороолол, Э-ийн өргөн чөлөө гудамж *** хаягт байршилтай, 4,320 м.кв талбайтай, сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б.Б-г улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон.
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
5. ...Б.Б нь 2020 оны 12 сарын 25-ны өдөр 01 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ-ний үүргийг шаардах эрхгүй... гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Учир нь, Н сургууль-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 01 сарын 15-ны өдрийн А/03 дугаар тушаалаар дээрх гэрээний эрх, үүргийг Б.Б-д шилжүүлсэн байна.
6. Хэргийн 12-р талд нэхэмжлэгчийн шаардсан 302,811,680 төгрөгийн дэлгэрэнгүй задаргаа авагдсан бөгөөд уг тооцоололтой хариуцагч маргаагүй, уг тооцооллыг няцаасан нотлох баримт, тооцооллыг хариуцагч гаргаж өгөөгүй тул анхан шатны шүүх хариуцагч Ерөнхий боловсролын Н сургууль ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт нийт 302,811,680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад тус тус нийцжээ.
7. ...Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 06 сарын 11-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт шүүхэд ирүүлжээ. Уг эмнэлгийн магадлагаа нь засвартай, эмнэлгийн болон эмчлэгч эмчийн тамга, тэмдэггүй тул анхан шатны шүүх ...хүсэлт баримтаар нотлогдоогүй... гэж дүгнэн хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгахгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо холбогдох эмнэлгийн магадлагааг хавсаргасан байх боловч анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэхгүй болно.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/03047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 1,675,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР