Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 183/2022/04289/И |
Дугаар | 210/МА2024/01656 |
Огноо | 2024-08-26 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/01656
М.М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/01995 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б ХХК, С.Э нарт холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 11,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: М.М нь Ю компанийн **********дугаарыг С ломбардад барьцаалж зээл авсан. Эхнэр С.Э-гийн нэр дээр дугаарыг шилжүүлээрэй гэж хэлсэн тул түүний нэр дээр ********** дугаарыг шилжүүлсэн. Ингээд 2017 оны 12 сарын 26-ны өдөр 1,800,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж авахаар тохирч 90,000 төгрөгийг зээлийн хүүнд суутгадаг гэж тайлбарлан бэлнээр 1,710,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Дараа нь 2018 оны 10 сарын 26-ны өдөр 1,560,000 төгрөгийг С.Э-гийн Хаан банк дахь ************* тоот данснаас М.М-ын ********* тоот данс руу шилжүүлж өгсөн бөгөөд уг зээлийг утсаар холбогдон авсан. Гурав дахь зээл буюу 1,000,000 төгрөгийг 2019 оны 02 сарын 02-ны өдөр утсаар холбогдон авч, нийт 4,270,000 төгрөг зээлж авсан. Эхний зээлийн төлбөрт 2018 оны 01 сарын 26-ны өдрөөс 2018 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл нийт 966,500 төгрөгийг С.Э-гийн Хаан банк дахь ************* тоот данс руу шилжүүлсэн. Хоёр дахь зээлээс 2018 оны 10 сарын 02-ны өдөр 250,000 төгрөг, 2019 оны 01 сарын 04-ний өдөр 175,000 төгрөг, нийт 425,000 төгрөгийг мөн С.Э-гийн Хаан банк дахь ************* тоот дансанд шилжүүлсэн. Гурав дахь зээлээс 2019 оны 04 сарын 08-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 05 сарын 08-ны өдөр 300,000 төгрөгийг С.Э-гийн Хаан банк дахь ************* тоот данс руу, 2019 оны 05 сарын 08-ны өдөр 300,000 төгрөгийг С.Э-гийн Хаан банк дахь ************* тоот данс руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, гурван удаа авсан зээлд нийт 4,270,000 төгрөг төлсөн. 2019 онд Ковид-19 гарах үед нэхэмжлэгчийн ажил зогсож, зээл төлж чадахгүй байдалд хүрсэн. М.М нь ********** дугаараа буцааж авна, бусдад худалдан борлуулахгүй талаар хариуцагчид байнга сануулж хэлж байсан. С.Э тухайн үед зээлийн үлдэгдэл төлбөр болон М.М-ын дугаарыг бусдад худалдан борлуулах талаар огт хэлж сануулж байгаагүй. 2021 оны 08 сард тооцоо нийлж, утасны дугаараа буцаан авая гэж С.Э-д хэлэхэд дугаарыг зарсан гэх хариуг өгсөн. С.Э нь 2020 оны 12 сард дугаарыг 11,000,000 төгрөгөөр н.Э-т зарсан болохыг мэдэж авсан.
Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 11,000,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Прокурорын 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 175 дугаар тогтоолд гэрч М.М нь мэдүүлэгтээ 2017 оны 12 сарын сүүлээр 2,000,000 төгрөг хэрэгтэй болсон тул С ломбард дугаар барьцаалж зээл олгоно гэх зарын дагуу ******** дугаар руу холбогдож зээл авсан гэж хэлдэг. С.Э-тай уулзаагүй, утсаар холбогдож зээл авсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн авсан зээл төлсөн төлбөрийн хувьд тодорхой хэмжээний зөрүү гарсан. Зээлийн гэрээг барьцааны гэрээний хамт байгуулж мөнгө хүлээж авсан, зээлд хүү тооцсон. Зээлийн хугацаа сунгалт хийсэн гэх гэрээнд М.М гарын үсэг зурсан бөгөөд энэ талаарх баримтыг хариуцагч тал гаргаж өгсөн. Б ХХК зээлийн хүү, алданги нийт 12,000,000 төгрөгийн зээлийн төлбөр авах ёстой байсан тул М.М-ын дугаарыг 11,000,000 төгрөгөөр худалдан борлуулж компанийг хохиролгүй болгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу 2017 онд авсан зээлээс хойш зээлээ төлөөд дугаараа буцааж авах талаар хэлж байгаагүй. Гэтэл зөвхөн зээлсэн мөнгөтэй дүйцүүлэх хэмжээний төлбөрийг буцааж төлсөн тул хохирол 11,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу Б ХХК үүргээ биелүүлсэн бөгөөд М.М-д зээлийн төлбөр төлөх талаар удаа дараа шаардлага тавьж байсан баримтыг өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй гээд хүлээж аваагүй. Нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар Б ХХК-ийг татсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б ХХК-д холбогдох хэсгээс татгалзаж байна. С.Э-тай утсаар холбогдож зээл авч байсан талаар тайлбарлаж байгаа боловч Б ХХК-тай холбоотой асуудлууд байгаа. Гэвч Б ХХК-ийг хариуцагчаас татгалзсан тул үүнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар ярихад учир дутагдалтай болж байгаа нь С.Э-г хариуцагч мөн эсэх талаар тодорхойгүй асуудал үүсэж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл гарч байна. С.Э хариуцагч биш бөгөөд зээлийн үйл ажиллагаа явуулж байсан Б ХХК жинхэнэ хариуцагч байсан. Зээлийн барьцаанд тавьсан зүйлийг худалдан борлуулж хохирлын нөхөн төлбөрийг авах нь хууль зүйн зохицуулалттай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Түүнчлэн **********дугаар М.М-ын өмч биш. Нэхэмжлэгч талаас 11,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч С.Э хэрхэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн талаар хуулийн хүрээнд тайлбарлаж чадахгүй байна. 4,270,000 төгрөгийн зээл авсан боловч 4,091,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл 11,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ямар хуулийн зохицуулалтыг үндэслэсэн нь ойлгомжгүй. Түүнчлэн зээлийн гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж байсан боловч гарын үсэг зурсан талаар хэлж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч М.М татгалзсаныг баталж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.Э-гаас 10,715,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 285,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э-гаас 186,390 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.М-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримт болон бодит байдлыг дутуу, буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч М.М анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Б ХХК-ийн С ломбардыг зарын дагуу олж өөрийн дугаарыг барьцаалан зээл авахыг хүссэн. Мөн зээлээ аваад төлж байсан. Харин барьцааны дугаарыг минь зөвшөөрөлгүй зарсан байна гэж бичдэг. Мөн Б ХХК-ийн С ломбардад биеэр очиж, өөрийн эзэмшиж ашиглаж байсан Ю компанийн дугаараа барьцаалж, зээлийн гэрээг бичгээр байгуулан хүү, алданги төлөх талаар зөвшөөрч зээл авсан талаар тайлбарладаг. Сунгалт бүрд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурдаг. Энэ бичгийн баримтад шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
4.2. М.М зээлээ төлж байгаад өөрөө гэрээний үүргээ биелүүлэхгүй зээлээ төлөхгүй алга болсон. Гэрээний хугацаа дуусаад барьцааг бусдад шилжүүлэн 11,000,000 төгрөгийн зээлийг хаасан. Зээлээ төлөхийг Б ХХК-ийн С ломбардны менежер С.Э удаа дараа шаардаж мессеж илгээж байсан. **********дугаар М.М-ын өмчлөлийн зүйл биш зөвхөн эрхийг ашиглагч юм. Мөн гар утасны дугаар үнэ, үнэлгээг хэрхэн зөв тогтоох талаар ямар нэг арга хэмжээ аваагүй нь хуульд нийцэхгүй.
4.3. Анхан шатны шүүхэд Б ХХК-ийн С ломбардны М.М-ын гарын үсэг зурсан гэрээ бүхий хэвлэмэл баримтууд, дансны хуулга зэрэг баримтуудыг гарган өгсөн байхад ямар нэг дүгнэлт хийгээгүй. Мөн менежер ажилтай иргэн С.Э-г хариуцагч мөн гэж тодорхойлсон нь хуульд нийцэхгүй.
4.4. Нэхэмжлэгч М.М нь Б ХХК-ийн С ломбардаас авсан зээлээ С ломбардад төлсөн талаар мэтгэлцэж, зээлийн хүүгийн тооцоо, барьцаа зэрэгт маргаж байхад анхан шатны шүүх төлсөн төлбөр тооцоонуудыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр буюу иргэн С.Э-гийн зээл, хүүний тооцоо дүгнэсэн нь хуулийг ноцтой зөрчиж, буруу тайлбарлан хэрэглэсэн үйлдэл гэж үзэж байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Б ХХК-аас нотлох баримтууд гаргаж өгсөөр байтал шүүх үнэлж, дүгнээгүй гэж хариуцагч тал давж заалдах гомдолдоо дурдаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12, 13-р талд анхан шатны шүүх энэ талаар дүгнэсэн. 2018 оны 10 сарын 26-ны өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 02 сарын 02-ны өдөр 4,500,000 төгрөг, 2019 оны 03 сарын 07-ны өдөр 6,000,000 төгрөгийг М.М-д өгсөн гэсэн Б ХХК-ийн тамга, тэмдэг бүхий зээлийн гэрээ хэрэгт авагдсан. Гэхдээ энэ мөнгийг М.М-д Б ХХК-аас шилжүүлээгүй, М.М тухайн зээлийг аваагүй. Зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ байгуулсанд тооцогддоггүй. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд С.Э, М.М нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь хангалттай нотлогдож, тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Б ХХК, С.Э нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 11,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.М нь хариуцагч Б ХХК-аас татгалзсан тул анхан шатны шүүх татгалзлыг баталж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан зохицуулалтад нийцжээ.
3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. М.М нь 2017 оны 12 сард зарын дагуу С.Б гэх хүнтэй холбогдож, Б ХХК-ийн эрхэлдэг С ломбарднаас өөрийн эзэмшлийн **********дугаарыг барьцаалан 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй мөнгө зээлдэн авахаар тохирсон;
3.2. Дээрх тохиролцооны дагуу М.М нь өөрийн эзэмшлийн **********дугаарыг С.Б-ийн хэлсэн этгээд болох С.Э /С.Б-ийн эхнэр гэх/-гийн нэр дээр 2017 оны 12 сарын 26-ны өдөр шилжүүлэн өгсөн;
3.3. Улмаар, С.Э нь өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ************* тоот данснаас М.М-ын эзэмшлийн Хаан банк дахь ******** тоот данс руу 2017 оны 12 сарын 26-ны өдөр 1,716,000 төгрөг, 2018 оны 10 сарын 26-ны өдөр 1,560,000 төгрөг, 2019 оны 02 сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,276,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн;
3.4. М.М нь 2018 оны 01 сарын 26-ны өдрөөс 2019 оны 05 сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь ********** тоот данс болон Хаан банк дахь ******* тоот данснаас С.Э-гийн эзэмшлийн Хаан банк дахь ************* тоот данс руу нийт 1,991,500 төгрөгийг буцаан шилжүүлсэн;
3.5. Зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан **********дугаарыг С.Э нь 2021 оны 12 сарын 20-ны өдөр В.Д-д, В.Д нь 2022 оны 08 сарын 25-ны өдөр С.Э-т, С.Э нь 2022 оны 10 сарын 31-ний өдөр А.Билгүүнд тус тус шилжүүлсэн.
4. Дээрхээс дүгнэхэд С ломбард болон М.М нарын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох тохиролцоо хийгдсэн боловч хэрэгжээгүй, харин С.Э болон М.М нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.
Учир нь, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог бөгөөд С ломбарднаас М.М-д зээлийн мөнгийг шилжүүлээгүй, харин С.Э гаас М.М руу, М.М-аас буцаан С.Э рүү мөнгө шилжсэн байна.
Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч С ломбардад биеэр очиж, дугаараа барьцаалж, зээлийн гэрээг бичгээр байгуулан хүү, алданги төлөх талаар зөвшөөрч зээл авсан... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Нэхэмжлэгч нь ...бэлнээр 2,100,000 төгрөг /900,000 + 1,200,000/ төлсөн... гэх тайлбараа, хариуцагч нь ...зээлийн гэрээний үүрэг 12,000,000 төгрөг болсон... гэх тайлбараа тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.
6. Зээлийн гэрээний дагуу М.М нь үндсэн зээл 4,276,000 төгрөг (1,716,000 + 1,560,000 + 1,000,000) + зээлийн хүү 213,800 төгрөг (4,276,000 х 5%) = 4,489,800 төгрөг төлөх үүрэгтэйгээс 1,991,500 төгрөгийг төлсөн тул үлдэх үүрэг нь 2,498,300 төгрөг болно.
М.М-ын эзэмшлийн **********дугаарыг С.Э нь бусдад 11,000,000 төгрөгөөр зарсан гэх үйл баримтад зохигчид маргаагүй тул уг дүнгээс зээлийн гэрээний үлдэх үүрэг 2,498,300 төгрөгийг хасч тооцоход С.Э нь 8,501,700 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт илүү тооцон авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч С.Э-гаас 8,501,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М-д олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтад нийцнэ.
7. Хэргийн 33-37-р талд авагдсан С барьцаат зээлийн гэрээ гэх баримтад дурдсан үнийн дүнгүүд нь М.М-д бодитоор шилжүүлэн өгсөн мөнгөн дүнгээс зөрүүтэй, мөн шилжүүлэн өгөөгүй мөнгийг шилжүүлэн өгсөн мэтээр бичсэн байх тул нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохих журмын дагуу үнэлээгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/01995 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...10,715,000... гэснийг ...8,501,700... гэж, ...285,000... гэснийг ...2,498,300... гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...7.1... гэснийг ...7.1.1... гэж, ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...186,390... гэснийг ...150,977... гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч С.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 186,390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР