| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2023/06046/И |
| Дугаар | 210/МА2024/01657 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/01657
Р.О-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 31-ний өдрийн 183/ШШ2024/02403 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ю ХХК-д холбогдох, 50,218,500 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Р.О нь Ю ХХК-тай 2022 оны 04 сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, Г аймаг, С сум, *-р багийн нутаг дэвсгэрт баригдах С хотхоны А блок, *-р орцонд орших 52.01 м.кв талбайтай 304 тоот 2 өрөө байрыг 96,218,500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2022 оны 04 сарын 15-ны өдөр 50,218,500 төгрөгийг хариуцагч Ю ХХК-д шилжүүлсэн. Гэвч барилга 2023 оны 2-р улиралд ашиглалтад оруулна гэсэн боловч одоог хүртэл баригдаж эхлээгүй. Уг мөнгийг 2023 оны 08 сарын 15-ны өдрийн дотор буцаан олгоно гэсэн боловч төлөөгүй.
Иймд Р.О нь зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Ю ХХК-аас 50,218,500 төгрөгийг буцаан гаргуулна гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Г аймаг, С сум, *-р багийн нутаг дэвсгэрт орших С хотхон баригдаагүй шалтгаан нь ганц компанийн буруутай үйлдэл бус тухайн орон нутгийн төрийн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой. Тухайн төслийг хэрэгжүүлэхээр Г аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулсан боловч хэрэгжээгүй. Бид тухайн барилгын зураг төсөл болон газар шорооны ажлыг хийж зардал гаргасан ба энэ зардал захиалагч нарын төлбөрөөс төлөгдсөн. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан шаардлагаа тодруулах хэрэгтэй. Гэрээ тодорхой хэмжээнд хэрэгжсэн тул аль хэсгээс нь татгалзаж байгаагаа тодруулах хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Ю ХХК-аас 5,018,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.О-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,042 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ю ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 409,042 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.О-т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Ю ХХК-аас өөрсдийн хэрэгжүүлж буй төслийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх ямар ч боломжгүй болсон гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэвч талуудын хооронд байгуулсан гэрээнд хэн алиных нь үүргийн гүйцэтгэл нь хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар урьдчилан хангагдсан байдаг. Цаашлаад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч нь Г аймаг, С сум, *-р багт нийтийн орон сууцны зориулалттай 315 айлын орон сууцны хотхон баригдах ямар ч боломжгүй болсон болохыг хөдөлбөргүй нэг мөр нотолж тогтоосон баримт авагдаагүй.
4.2. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаас үзэхэд хариуцагч Ю ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн барилга угсралтын ажлыг хийж дуусган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх хугацаа хэтэрсэнд хариуцагч буруутай болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.
4.3. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан илт гэсэн үгийн утга агуулгаар тухайн заалтыг тайлбарлаж хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Илт гэдэг нь ямар нэгэн байдлаар маргаангүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй, хөдөлбөргүй нэг мөр тодорхой болсон агуулгаар хэрэглэгдэж байна.
Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг бодитой, үнэн зөв, шударга шийдвэрлэсэн. Хэрэг маргаанд хариуцагч тал анхнаасаа хайхрамжгүй байдлаар оролцсон. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 04 сарын 09-ний өдөр гардаж авсан. Шүүхээс хоёр удаа шүүх хуралдаан товлож байхад хариу тайлбар болон нотлох баримтыг ирүүлээгүй. Иймд шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон техникийн алдааг зассан өөрчлөлтийг оруулав.
2. Нэхэмжлэгч Р.О нь хариуцагч Ю ХХК-д холбогдуулан гэрээний дагуу шилжүүлсэн 50,218,500 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч ...орон сууцны барилга баригдаагүйд компани дангаараа буруугүй, захиалагч нарын төлсөн төлбөр зураг төсөл, газар шорооны ажилд зарцуулагдсан... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2022 оны 04 сарын 15-ны өдөр С-Л-1/22-08 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Ю ХХК нь Г аймаг, С сум, *-р багийн нутаг дэвсгэрт баригдах С хотхоны А блок, *-р орцны 304 тоот 52.01 м.кв талбайтай орон сууцыг 2023 оны 2-р улиралд ашиглалтад оруулан хүлээлгэж өгөх, Р.О нь гэрээ байгуулсан өдөр 50,218,500 төгрөг, 2022 оны 12 сарын 25-ны өдөр 23,000,000 төгрөг, 2023 оны 04 сарын 25-ны өдөр 23,000,000 төгрөг, нийт 96,218,500 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй гэж зөв дүгнэжээ.
4.1. Нэхэмжлэгч Р.О нь 2022 оны 04 сарын 15-ны өдөр 50,218,500 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн бол хариуцагч Ю ХХК нь орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэж үүргээ биелүүлээгүй байна.
4.2. ...Орон сууцны барилга одоог хүртэл баригдаж эхлээгүй... гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг ...орон сууцны барилга баригдаагүй шалтгаан нь ганц компанийн буруутай үйлдэл бус... гэсэн хариуцагчийн хариу тайлбартай харьцуулан дүгнэвэл Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ.
4.3. Хариуцагч Ю ХХК нь өөрийн татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй.
5. Иймд, нэхэмжлэгч Р.О нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу 2022 оны 04 сарын 15-ны өдрийн С-Л-1/22-08 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нээс татгалзаж, уг гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 50,218,500 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
6. Анхан шатны шүүх хариуцагчаас 50,218,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох талаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсан боловч тогтоох хэсэгт 5,018,500 төгрөгийг гаргуулснаар бичиж техникийн алдаа гаргасан байх тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.
Түүнчлэн, нэхэмжлэгч ямар гэрээнээс татгалзаж байгааг илэрхийлэх хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах нь зүйтэй.
7. Дээрх үндэслэлээр ...шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн... гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 31-ний өдрийн 183/ШШ2024/02403 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ю ХХК-аас 50,218,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.О-т олгосугай гэж өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ю ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 409,043 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.НЯМБАЗАР