Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/42

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.ГанД даргалж

Улсын яллагч: Б.Мээпам

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.С, Ж.Н

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: М.Ж

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч: Л.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лгийн Лд холбогдох эрүүгийн 1812005950300 тоот хэргийг хэлэлцэв. 

 

Шүүгдэгч:, Б овогт Лгийн Л/РД: 

 

                      Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Шүүгдэгч Л.Л нь 2018 оны 11 сарын 06-ны шөнө Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэр “Авдрантын өвөр” гэх газар 32-68 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.Жыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би өөрийнхөө аавыг алдсандаа харамсаж байна. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, 

 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Сын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би энэ хэргийн талаар утсаар мэдсэн, өөрийн нүдээр харсан зүйл байхгүй. Тухайн үед 2, 3 өдөр архи ууж, наргиж цэнгэж явсан гэж дуулдсан. Хөдөө найзындаа очиж архи ууж байгаад л дээрх асуудал болсон байна лээ. Ах, дүү, төрөл садангийн хүмүүсийн сэтгэл санааны хохирол их байна. Ар гэрийнхний хувьд хөдөлмөрлөх ажиллах хүч нь байхгүй болсон. Бидний хувьд хэцүү хүнд байдалтай байна. Одоо ард үлдсэн эхнэр нь хамаг л гэрийн ажлыг хийж амьдарлаа авч явах болж байна...” гэх мэдүүлэг 

 

*Эрүүгийн 1812005950300 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нийн өгсөн: 

“...2018 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 01:00 цагийн үед манай ээж над руу залгаад аав чинь мориноос унаад биеийн байдал маш муу байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн өглөө 06:00 цагийн үед өөрийн дүү Бийн хамт Улаанбаатар хотоос гараад Архангай аймгийн Хотонт суманд ирсэн. Намайг ирэхэд манай аав нас барсан байсан. Аавыг осолд орсон талаар Улаанбаатар хотоос ирж байхдаа ээжээс мэдсэн, ээж над руу залгаад аав чинь айлд архи ууж байгаад хөдлөх гэж байсан машины доогуур ороод хойд талын дугуйн доогуур ороод нас барчихсан гэж хэлсэн. Манай аав архи уухаараа агсам тавиад заримдаа ээжийг зодож байсан асуудлууд байдаг. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар тал/ 

 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Сийн өгсөн: 

“...Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй. Хэрэг гарсан өдөр Л.Л амь хохирогч нар хамт архи дарс ууж байгаад орой нь осол болж миний дүү нас барсан гэсэн. Хамгийн сүүлд хэзээ талийгаач 10 дугаар сарын эхээр нэг удаа манай гэрт ирж надтай уулзсан. Өмнө нь манай дүүд ямар нэгэн шарх сорив гэх зүйл байгаагүй. Би энэ хэрэгт гомдолтой байна. Цагдаагийн байгууллага үнэн зөвөөр нь шийдэж буруутай этгээдийг олж тогтоон хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19 дүгээр тал/ 

 

*Гэрч С.Сийн өгсөн: 

“...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ж өөрийн эхнэр А ач охин Мишээлийн хамт манай гэрт ирж хоол цай идэж архи ууж хоноод маргааш өглөө нь Ж түүний эхнэр бид 3 нэг шил 0.5 граммын Улаанбаатар нэртэй архи уучихаад согтоод гэр рүүгээ явж чадахгүй байхаар нь би эхнэрээ дуудаад хүргэж өгөхөөр болсон. Тэгээд бид нар найз Б гэх айлд замаараа очихоор болоод би өөрийн машиндаа Жын ач охиныг авч суугаад өөрийн эхнэр Лгээр машинаа бариулаад, Жын машиныг эхнэр нь жолоодоод хөдөлсөн. Тэгээд Бын гэрт очсон чинь Зоригт эхнэртэйгээ ирчихсэн байсан бид нар тэнд 3 шил архи уучихаад орой 22:00 цагийн үед манай эхнэр миний машиныг бариад хөдөлсөн чинь манай эхнэр нэг юман дээгүүр гарчих шиг боллоо гээд бид хоёр машинаа эргүүлээд гэрлээ тусгаад харсан чинь талийгаач Ж ертөнцийн зүгээр толгой нь хойшоогоо харчихсан газар хэвтэж байсан. Тэгээд бид нар машиндаа суулгаад багийн эмч дээр очоод үзүүлсэн чинь багийн эмч яаралтай Хархорин сумын эмнэлэг рүү авч явъя гээд явж байсан чинь талийгаач замдаа ухаан алдаад эмнэлэг дээр очиход амьсгал хураасан байсан. Би тухайн үед их согтуу байсан болохоор болсон явдлын талаар зарим нэг зүйлийг санахгүй байна. Манай эхнэр Л.Лд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би архи уучихсан машин жолоодож чадахгүй байхаар нь эхнэр Лгээр машинаа жолоодуулсан. Осол болох үед манай эхнэр жолооч талын хойд дугуйгаараа дээгүүр нь гарчихсан. Тухайн үед талийгаачийн биеийн байдал хэвийн байсан. Архи уугаад их согтчихсон байсан. Манай эхнэр юм дайрчих шиг боллоо гээд шууд эргээд буцаж гэрлээ тусгаад зогссон. Ж өөрөө эхнэрээ зодох гээд байхаар нь би өөрийн машинд суулгаж цааш явсан. Манай найзууд талийгаачтай хэрүүл маргаан хийгээгүй. Осол болох үед гэрийн гадаа Л байсан гэж надад хэлсэн, ослын талаар хараагүй гэж байсан. Ослын дараа талийгаачийн биеийн байдал зүгээр байсан, бид нартай юм яриад байсан. Талийгаач манай гэрт хонохдоо биедээ ямар нэгэн ил харагдах ямар нэгэн бэртэл гэмтэл гэхээр зүйлгүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр тал/ 

 

*Гэрч О.Агийн өгсөн: 

“...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би банкны зээлээ хаах гээд нөхрийн хамт сумын төв орсон. Тэгээд сумын төвд явж байгаад Сандагийн гэрт очоод талийгаачын хамт Сандагийн гэрт хоол унд хийлгэж идээд нэг шил 0.75 граммын Улаанбаатар нэртэй архи Л авч өгөөд дараа нь би 0.5 граммын Улаанбаатар нэртэй архи аваад тэр архиа Ж, С Л бид нар хувааж уусан. Тэгээд Сандагийн гэрт унтаж амраад 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 08:00 цагийн үед Л ажилдаа явсан. Тэгээд манай нөхөр гараад явчихаар нь би удалгүй араас нь гарсан чинь айлд ороод нэрмэл архи уучихсан гээд явж байсан. Тэгээд сумын төвөөс гарах гэсээр байтал өдөр болоод манай нөхөр согтоод байхаар нь би Лг гуйгаад бид хоёрыг хүргээд өгөөч Ж замдаа агсам тавиад явуулахгүй байх гэж хэлсэн. Тэгээд Л өөрийн 34-25 АРА улсын дугаартай Портер маркийн машиныг унаад өөрийн нөхөр Сандаг, манай ач охин Мишээл гэх охиныг суулгаад хөдөлсөн. Жыг би өөрийн 32-68 АРХ улсын дугаартай Портер маркийн машинд суулгаад тухайн машиныг жолоодоод явсан. Тэгээд хашаат сумын Цайдам баг, Дуутын хоолой гэх газар явж байсан чинь манай нөхөр хажуу талаас машины рүүл булаацалдаад явуулахгүй байхаар нь би Жыг Лгийн машинд суулгаад цааш явсан. Тэгээд явж байгаад цастай газар очоод Л явж чадахгүй байна гээд өөрийн нөхөр Сандагаар машинаа бариулаад тойрог хэсэгт хүчтэй эргээд орсон чинь арын суудал дээр байсан манай нөхөр Ж хажуу тийшээ налж унаад хаалганы бариул мөргөөд хамар болон нүдний хэсэгт халцалчихсан хамарнаас нь цус гараад бууж ирсэн. Тэгээд бид нар цаашаа явж байгаад замдаа Бын гэрээр ороод гарахаар болоод Ж С бид нар очсон айлын хүмүүстэй хамт архи уусан юм. Бын гэрт очоод бид нар 3 шил архи уусан. Тэгээд орой хүмүүс явах болсон чинь манай нөхөр Ж над руу дайраад агсам тавих гээд байхаар нь би гэрээс гараад гэрийн баруун хаяанд тавган антены араар сууж байсан чинь Зоригтын машин түрүүлээд хөдөлсөн удалгүй Сандангийн машин хөдлөөд явах шиг болсон чинь гэрэл нь гараад буцаад ирэхээр нь би яваад очиход Л би дөнгөж сая хөдлөөд явахдаа хойд дугуйгаараа ямар нэг юман дээгүүр гарах шиг боллоо гээд хэлсэн чинь манай нөхөр Ж газар хэвтэж байсан. Тэгээд бид нар талийгаачийг аваад багийн эмч рүү явсан. Багийн эмч дээр очоод үзүүлсэн чинь яаралтай Хархорин сумын эмнэлэг рүү авч явах хэрэгтэй гээд аваад явж байсан чинь талийгаач замдаа гэртээ харина гээд зүгээр юм ярьж байснаа гэнэт чимээгүй болоод ухаангүй болчихсон тэгээд бид нар авч явсаар Хархорин сумын эмнэлэг дээр ирсэн чинь эмч үзээд амьсгал хураасан байна гэж хэлсэн. Би тухайн үед их согтоогүй байсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаа. Би жолооч болоод 10 жил болж байгаа байх сайн санахгүй байна. Би тухайн үед өөрийн нөхөр Жыг гэрээс гарсан талаар ч мэдээгүй байсан. Машины гэрэл тусаад нэг машин буцаад ирэхээр нь очсон чинь манай нөхөр амнаас нь бага зэрэг цус гарчихсан газар хэвтэж байсан. Тухайн үед зүгээр байсан. Надад бие өвдлөө гэж хэлээгүй. Манай нөхөрт ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй. Осол болох үед гэрийн баруун талд гэр налаад ертөнцийн зүгээр баруун тийшээ хараад хэвтэж байсан. Намайг машин бариад явж байхад манай нөхөр машин бариулахгүй хажуу талаас дайраад намайг 2 удаа гараараа толгойн хэсэгт цохиод байхаар нь би өөр машинд суулгасан. Манай найзууд талийгаачтай хэрүүл маргаан хийгээгүй харин талийгаач надтай хэрүүл хийх гээд өдөөд байхаар нь би гэрээс гараад явчихсан. Осол болох үед гэрийн гадаа надаас өөр хүн байгаагүй. Ослын талаар харсан хүн байхгүй. Ослын дараа талийгаачийн цээжин хэсэгт дараад үзсэн чинь нэг юм хүр хүр гэж дугараад байхаар нь шууд багийн эмч рүү аваад явсан. Талийгаач ойролцоогоор 4-5 хоногийн өмнө намайг гэртээ унтах гэж байхад архи уучихсан над руу дайраад намайг цохиод авсан чинь манай бага хүү Мөнхбат намайг өмөөрөөд Жын хөлнөөс татаад орон дээрээс чирээд газар буулгачихсан. Үүнээс болж талийгаач Жын биед зулгаралт үүссэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-33 дугаар тал/ 

 

Гэрч Ц.Хын өгсөн: 

 

“...2018 оны 11 дүгээр сарын 06-ны орой 23:00 цагийн үед намайг Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн төв дээр гэртээ байхад Л.Л, С, З, Б, А гэх хүмүүс над дээр ирээд манай багийн Ж гэх хүн мориноос унаад бие нь муу байна гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад харсан чинь цагаан өнгийн давхар кабинтай портер маркийн тээврийн хэрэгслийн арын суудал дээр суугаа байрлалтай ухаангүй байсан тэгэхээр нь би Ж гэх хүний даралт, зүрхний цохилт зэргийг үзсэн чинь артерийн даралт 150/90, пүүлс нь 62, амьсгал 12-той юм асуухад хариулж байсан. Тэгээд би яаралтай сумын төв рүү дуудлага дуудах гэсэн боловч хамт ирсэн хүмүүс нь сумын эмнэлэг хол учраас удна Өвөрхангай аймгийн Хархорин сумын эмнэлэг орж үзүүлэх хэрэгтэй байна та хамт яваад өгөөч гэж надад хэлэхээр нь би машин дотор нь суугаад цуг явж байсан чинь 23 цаг 40 минутын орчимд гэнэт зүрх нь хаагдаж нас барсан. Тэгээд бид нар явсаар байгаад Хархорин сумын эмнэлэгт аваад очсон чинь эмч нар зүрх нь хаагдсан байна гэж хэлсэн. Л эгч Хархорин сумын эмнэлэг дээр байхад бүүр сүүлд нь надад хэлэхдээ би машинтай хөдлөх гэж байгаад арын дугуйгаараа дайрчихсан юм гэж хэлсэн. Намайг үзэхэд талийгаачийн баруун нүд нь хөхөрчихсөн, хамар нь шалбарчихсан байхаар нь би эхнэр Агаас нь асуусан чинь өдөр сумын төвөөс ирж байгаад машин донслох үед хаалганы бариул мөргөж унаад гэмтчихсэн юм гэж хэлсэн. Талийгаачийн нүүрэн хэсэгт хөнгөн хэлбэрийн шинэ шарх байхаар нь би мориноос унасан байж магадгүй юм гэж бодож байсан. Тэгээд би Л, А нараас дахин лавлаж асуусан чинь мориноос унаагүй машинд мөргүүлсэн юм гэж тэр хоёр хэлсэн. Талийгаач айлд байхдаа хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар тал/

 

*Гэрч Ч.Дын өгсөн: 

 

    “...2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай найзууд Л, С, Ж, А, нар манай гэрт ирж хоол унд идээд 2-3 шил архи ууж байгаад З, Б нарыг дуудаад манай жоохон суусан. Тэгээд орой болоод 22:00 цагийн үед манайд ирсэн хүмүүс явах болоод байж байсан чинь амь хохирогч Ж архи уугаад согтчихсон эхнэрээ загнаад хэрүүл хийгээд байхаар нь эхнэр нь гэрээс гараад гэрийн баруун хаяанд сууж байсан. Тэгээд манайд ирсэн хүмүүс хөдлөх болоод гэрээс гарцгаасан би тухайн үед нөхөрөө хараад гэрээс гарч чадаагүй. Тэгээд удалгүй Л уйлаад гэрт ороод ирсэн тэгэхээр нь би яасан бэ гэж асуусан чинь би хүн дайраад алчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар гаднаас Жыг гэрт оруулж ирсэн чинь уруул дээр нь цус болчихсон байхаар нь багийн эмч дээр очиж үзүүлээд Хархорин сумын эмнэлэг явахаар болоод З, Б бид 3 буцаад явсан. Л, А, багийн эмч нар Өвөрхангай аймгийн Хархорин сумын эмнэлэг рүү Жыг аваад явсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө манай гэрт цагдаа нар ирэхэд би Жыг нас барсан талаар нь мэдсэн.  Л надад хэлэхдээ би машинтай хөдлөх гэж байгаад арын дугуйгаараа дайрчихлаа хэлсэн. Манай гэрт өдөр ирэхдээ нүүрэн хэсэгт нь ганц нэг шалбархай байсан. Сумын төвөөс ирж байхдаа машин донслох үед хаалганы бариул мөргөж унасан гэж байсан. Манай гэрт ирэхдээ Л өөрийн машинаа уначихсан эрүүл саруул ирсэн. Манай гэрт байхдаа ямар нэгэн морь унасан асуудал байхгүй. Талийгаач манай гэрт байхдаа эхнэртэйгээ хэрүүл маргаан хийсэн, өөр хэн нэгэнтэй хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/ 

 

*Гэрч Б.Зын өгсөн: 

 

“...2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр намайг гэртээ байж байсан чинь Д эгч над руу залгаад манай гэрт хүрээд ир сумын төвөөс найзууд ирчихсэн эгч нь адууны мах чанаж байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эхнэр Бийг дагуулаад гэрт нь очсон чинь мах чанаад байж байсан тэгээд бид нар мах идэж 2-3 шил архи ууж ууж байгаад орой 21:00 цагийн үед явах болоод байж байсан чинь Л эгч харанхуй болчихсон байна чи намайг засмал зам руу нийлүүлээд өгөөч гэхээр нь би за гэж хэлээд гэрээс гараад машинаа асаагаад эхнэрээ суулгаад Л эгч рүү харсан чинь жолоон дээрээ суучихсан С ах машины хажууд бие засаад зогсож байсан. Араас хөдлөх байх гэж бодоод түрүүлээд хөдлөөд явж байгаад толиндоо харсан чинь гэрэл нь харагдахаа больчихоор нь жоохон хүлээж зогсож байгаад ирэхгүй байхаар нь иргээд очсон чинь Л эгч уйлчихсан, С ах талийгаач Жыг өвдгөн дээрээ дэрлүүлээд байж байсан. Тэгээд бид нар талийгаачийг гэрт авч ороод бие нь тааруу байхаар нь Хашаат сумын Цайдам багийн эмч рүү авч явсан. Багийн эмч дээр очоод яаралтай Хархорин сумын эмнэлэг рүү авч явахаар болоод би эхнэр Б, Д эгч нарын хамт Б ахын гэрт очсон. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн үед Л эгч над руу залгаад Ж нас барчихлаа гэж хэлсэн. Л надад хэлэхдээ би машинаа унаад гэрийн гаднаас хөдлөж байхад арын дугуй нэг юман дээгүүр гарах шиг болоод би буцаж эргээд харсан чинь талийгаач газар хэвтэж байсан гэж хэлсэн. Талийгаач Бын гэрт өдөр ирэхдээ нүүрэн хэсэгт нь ганц нэг шалбархай байсан. Ямар учраас шалбарсан талаар нь би асуугаагүй. Б гэх хүний гэрт байхдаа Л архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Батогтохын гэрт байхдаа талийгаач ямар нэгэн морь унасан асуудал баигаагүй гэрээс бараг гараагүй. Талийгаач эхнэртэйгээ хэрүүл маргаан хийсэн, өөр хэн нэгэнтэй хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй.

 

*Яллагдагч Л.Лгийн өгсөн: 

 

“...Би тээврийн хэрэгсэл дотор суугаад өөрийн талын хаалгаа онгойлгож ойр хавь хүн байгаа эсэхийг шалгаж харахад ямар нэгэн хүн байгаагүй, тэгээд өөрийн нөхрийг хаалгаа онгойлгоод хараарай гэж хэлэхэд манай нөхөр ойр хавьд хүн байхгүй байна гэж хэлсэн. Тэгээ, би машинаа асаагаад хөдөлсөн. Намайг гэрээс гарах үед З, Б бид хамт гарч ирсэн, талийгаач гэртээ суугаад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-95 дугаар тал/

 

*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 11 сарын 26-ны өдрийн”...32-68 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашины жолооч Л.Л нь осол болох үед зогсоох арга хэмжээ аваагүй байна. Ослын газар ул мөр илрээгүй. Тээврийн хэрэгслийн жолооч Л.Л нь Монгол Улсын ЗХД-н 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн байх боломжтой. Тухайн замын нөхцөл байдал осол гарахад нөлөөлсөн зүйл илрээгүй. Уг зам тээврийн осол нь Тээврийн хэрэгслийн жолоочийн буруутай үйлдлийн улмаас гарсан гэж үзэв. Тээврийн хэрэгслийн жолооч Л.Л нь Монгол Улсын ЗХД-н 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөнөөс тухайн осол гаргах боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/ 

 

  *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 16-ны өдрийн 100  дугаартай”...Талийгаач А.Жын биед, оношны 1-рт тусгагдсан өвчүүний хугарал, 2 талын олон хавирганы нэг ба хоёрлосон, гурвалсан цээжний гялтан болон уушиг гэмтээсэн хугарал, уушиг няцралт, хэвлийн хөндийн битүү хүнд гэмтэл болох элэгний урагдалт, задралт, 2-рт тусгагдсан түүний хүндрэлүүд, оношын 3-рт тусгагдсан нүүр, биеийн гадаргуугийн шинэ болон хуучин цус хуралт, зулгаралт гэмтлүүд, архаг хууч өвчин эмгэг, архины хүнд зэргийн согтолтын шинжүүд тогтоогдлоо. Шинэ гэмтлүүд нь учрах үедээ ирмэгтэй болон мохоо зүйлийн шүргэх, нидрэгдэх олон удаагийн, дарах, шахагдах 1 удаагийн үйлчлэлээр буюу гэмт хэрэг гарах үед үүсчээ. Биеийн гадаргууд байсан хуучин зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр нас барахаас 3-8 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Цээж, хэвлийн хөндийн гэмтлүүд болох 2 талын олон хавирганы нэг ба хоёрлосон, гурвалсан хугарал, элэгний урагдалт, задралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3-1-10, 3-1-12-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд, өвчүүний хугарал гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд, биеийн гадаргуугийн шинэ болон хуучин цус хуралт, зулгаралтууд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун нүдний дээд зовхины хөхөлбөр цус хуралт, баруун хөхний толгойн гадна талд, баруун гарын бугалганы урд дунд хэсэгт, цээжний зүүн хажуу талд бүдэг хөхөлбөр цус хуралт, баруун чихний дэлбэнд 3 ш жижиг жижиг, баруун шанаанд, баруун хөмсөгний гадна дээд хэсэгт, баруун нүдний дээд зовхины гадна талд, баруун хацарт, доод эрүүний баруун булангийн орчим, хамрын нуруунд, духны баруун талд, зүүн хацар ясны гадна талд, зүүн хацрын доод талд, зүүн чихний дэлбэнгийн урд хэсэг, гэдэс, доод эрүүний зүүн булан, хүзүүний зүүн талыг хамарсан зулгаралтууд нь шинэ гэмтлүүд байна. Баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт хүрэн ягаан цус хуралтын урд хэсэгт жижиг талбайд жижиг жижиг цэгчилсэн мэт тав тогтсон зулгаралт, баруун гарын бугалганы дотор дээд хэсэгт жижиг хүрэн ягаан, шууны гадна талаар жижиг жижиг хүрэн ягаан, сарвууны ард жижиг тав тогтсон зулгаралтыг тойроод, бугуйны гадна хэсэгт, цээжний баруун доод хэсэгт жижиг жижиг бүдэг шаргал туяатай хүрэн ягаан, баруун ташаан толгойн урд хэсэгт, шар туяатай бүдэг хөхөлбөр, баруун хөлийн өвдөгний гадна хэсэгт жижиг, шилбэний урд дээд хэсэгт, урд дунд хэсэгт хүрэн ягаан цус хуралтын голд жижиг хар хүрэн тав тогтсон зулгаралт, шилбэний гадна доод хэсэгт жижиг, цээжний урд дээд хэсэгт жижиг жижиг, зүүн гарын бугалганы урд дунд, дээд хэсгийг хамарсан жижиг жижиг, зүүн мөрний ард, цээжний зүүн хажуу хэсэгт, зүүн ташаан толгойн, зүүн хөлийн гуяны гадна дунд хэсэгт, дотор доод, дунд хэсгийг хамарсан бүдэг ягаандуу бага зэрэг шаргал туяатай цус хуралтууд, зүүн хөлийн шилбэний дотор дээд хэсэгт жижиг тав тогтсон зулгаралтыг тойроод шаргал туяатай хүрэн ягаан, гадна дээд хэсэгт жижиг тав тогтсо^Н зулгаралтыг тойроод, урд дунд хэсэгт тав тогтсон зулгаралтыг тойроод шаргал туяатай хүрэн ягаандуу цус хуралтууд нь хуучин гэмтэл байна. Талийгаач А.Ж нь цээж, хэвлийн хөндийн амь насанд аюултай, амьдрах боломжгүй, хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. Шинжилгээгээр оношны З.Б-д тусгагдсан архаг хууч өвчин тогтоогдсон ба үхлийн шалтгаан болоогүй байна. Амь хохирогч нь 1-р бүлгийн цустай байжээ. Талийгаач А.Жын цогцосноос авсан цусанд 2,8 промиль спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байсныг харуулж байна...” гэх дүгнэлт/хх-ийн 78-80 дугаар тал/ 

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 07-ны  өдрийн 33 дугаартай”...Талийгаач А.Жын биеийн гадаргууд хуучин цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. Биеийн гадаргууд байсан хуучин зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр нас барахаас 3-8 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Биеийн гадаргуугийн хуучин цус хуралт, зулгаралтууд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%- д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2018 оны 11-р сарын 22-нд гаргасан задлан шинжилгээний N9100 тоот дүгнэлтэнд шинэ, хуучин гэмтлүүдийг тодорхой тусгасан болно...” гэх дүгнэлт/хх-ийн 128 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 98 дугаар тал/ 

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Л.Л нь Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэр “Авдрантын өвөр” гэх газар 32-68 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа иргэн А.Жыг дайрч амь насыг нь хохироосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Л.Л гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нийн “...2018 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө манай ээж над руу залгаад аав чинь мориноос унаад биеийн байдал маш муу байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн өглөө 06:00 цагийн үед өөрийн дүү Бийн хамт Улаанбаатар хотоос гараад Архангай аймгийн Хотонт суманд ирсэн. Намайг ирэхэд манай аав нас барсан байсан. Аавыг осолд орсон талаар Улаанбаатар хотоос ирж байхдаа ээжээс мэдсэн, ээж над руу залгаад аав чинь айлд архи ууж байгаад хөдлөх гэж байсан машины доогуур ороод хойд талын дугуйн доогуур ороод нас барчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Сийн”... Хэрэг гарсан өдөр Л.Л амь хохирогч нар хамт архи дарс ууж байгаад орой нь осол болж миний дүү нас барсан гэсэн. Хамгийн сүүлд хэзээ талийгаач 10 дугаар сарын эхээр нэг удаа манай гэрт ирж надтай уулзсан. Өмнө нь манай дүүд ямар нэгэн шарх сорив гэх зүйл байгаагүй. Би энэ хэрэгт гомдолтой байна...” гэх мэдүүлэг, гэрч С.Сийн”... Тэгээд Бын гэрт очсон чинь Зоригт эхнэртэйгээ ирчихсэн байсан бид нар тэнд 3 шил архи уучихаад орой 22:00 цагийн үед манай эхнэр миний машиныг бариад хөдөлсөн чинь манай эхнэр нэг юман дээгүүр гарчих шиг боллоо гээд бид хоёр машинаа эргүүлээд гэрлээ тусгаад харсан чинь талийгаач Ж ертөнцийн зүгээр толгой нь хойшоогоо харчихсан газар хэвтэж байсан. Тэгээд бид нар машиндаа суулгаад багийн эмч дээр очоод үзүүлсэн чинь багийн эмч яаралтай Хархорин сумын эмнэлэг рүү авч явъя гээд явж байсан чинь талийгаач замдаа ухаан алдаад эмнэлэг дээр очиход амьсгал хураасан байсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Агийн”... Тэгээд орой хүмүүс явах болсон чинь манай нөхөр Ж над руу дайраад агсам тавих гээд байхаар нь би гэрээс гараад гэрийн баруун хаяанд тавган антены араар сууж байсан чинь Зоригтын машин түрүүлээд хөдөлсөн удалгүй Сандангийн машин хөдлөөд явах шиг болсон чинь гэрэл нь гараад буцаад ирэхээр нь би яваад очиход Л би дөнгөж сая хөдлөөд явахдаа хойд дугуйгаараа ямар нэг юман дээгүүр гарах шиг боллоо гээд хэлсэн чинь манай нөхөр Ж газар хэвтэж байсан. Тэгээд бид нар талийгаачийг аваад багийн эмч рүү явсан. Багийн эмч дээр очоод үзүүлсэн чинь яаралтай Хархорин сумын эмнэлэг рүү авч явах хэрэгтэй гээд аваад явж байсан чинь талийгаач замдаа гэртээ харина гээд зүгээр юм ярьж байснаа гэнэт чимээгүй болоод ухаангүй болчихсон тэгээд бид нар авч явсаар Хархорин сумын эмнэлэг дээр ирсэн чинь эмч үзээд амьсгал хураасан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Хын “...2018 оны 11 дүгээр сарын 06-ны орой 23:00 цагийн үед намайг Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн төв дээр гэртээ байхад Л.Л, С, З, Б, А гэх хүмүүс над дээр ирээд манай багийн Ж гэх хүн мориноос унаад бие нь муу байна гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад харсан чинь цагаан өнгийн давхар кабинтай портер маркийн тээврийн хэрэгслийн арын суудал дээр суугаа байрлалтай ухаангүй байсан тэгэхээр нь би Ж гэх хүний даралт, зүрхний цохилт зэргийг үзсэн чинь артерийн даралт 150/90, пүүлс нь 62, амьсгал 12-той юм асуухад хариулж байсан. Тэгээд би яаралтай сумын төв рүү дуудлага дуудах гэсэн боловч хамт ирсэн хүмүүс нь сумын эмнэлэг хол учраас удна Өвөрхангай аймгийн Хархорин сумын эмнэлэг орж үзүүлэх хэрэгтэй байна та хамт яваад өгөөч гэж надад хэлэхээр нь би машин дотор нь суугаад цуг явж байсан чинь 23 цаг 40 минутын орчимд гэнэт зүрх нь хаагдаж нас барсан. Тэгээд бид нар явсаар байгаад Хархорин сумын эмнэлэгт аваад очсон чинь эмч нар зүрх нь хаагдсан байна гэж хэлсэн. Л эгч Хархорин сумын эмнэлэг дээр байхад бүүр сүүлд нь надад хэлэхдээ би машинтай хөдлөх гэж байгаад арын дугуйгаараа дайрчихсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Дын “...Тэгээд удалгүй Л уйлаад гэрт ороод ирсэн тэгэхээр нь би яасан бэ гэж асуусан чинь би хүн дайраад алчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар гаднаас Жыг гэрт оруулж ирсэн чинь уруул дээр нь цус болчихсон байхаар нь багийн эмч дээр очиж үзүүлээд Хархорин сумын эмнэлэг явахаар болоод З, Б бид 3 буцаад явсан. Л, А, багийн эмч нар Өвөрхангай аймгийн Хархорин сумын эмнэлэг рүү Жыг аваад явсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө манай гэрт цагдаа нар ирэхэд би Жыг нас барсан талаар нь мэдсэн.  Л надад хэлэхдээ би машинтай хөдлөх гэж байгаад арын дугуйгаараа дайрчихлаа хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Зын “...Араас хөдлөх байх гэж бодоод түрүүлээд хөдлөөд явж байгаад толиндоо харсан чинь гэрэл нь харагдахаа больчихоор нь жоохон хүлээж зогсож байгаад ирэхгүй байхаар нь иргээд очсон чинь Л эгч уйлчихсан, С ах талийгаач Жыг өвдгөн дээрээ дэрлүүлээд байж байсан. Л надад хэлэхдээ би машинаа унаад гэрийн гаднаас хөдлөж байхад арын дугуй нэг юман дээгүүр гарах шиг болоод би буцаж эргээд харсан чинь талийгаач газар хэвтэж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 11 сарын 26-ны өдрийн дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 16-ны өдрийн 100  дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 07-ны  өдрийн 33 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Лгийн авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

 

Иймд шүүгдэгч Л.Лг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шүүгдэгчээс 10391500 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт хохирол төлбөртэй холбоотой 6996750 төгрөгийн баримт авагджээ. Шүүгдэгч Л.Л хохирол төлбөртэй холбогдуулан найман сая төгрөгийг хохирогчийн ар гэрт төлж барагдуулсан талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар энэ талаар маргаагүй тул хавтаст хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Л.Л нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 32 тоот тогтоолыг хүчингүй болгож 34-25 АРА улсын дугаартай Хюньдай Портер маркийн автомашиныг эзэмшигч С.Сид буцаан олгох нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Лгийн Лг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай. 

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

5. Шүүгдэгч Л.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С, Ж.Н нар нь өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 32 тоот тогтоолыг хүчингүй болгож 34-25 АРА улсын дугаартай Хюньдай Портер маркийн автомашиныг эзэмшигч С.Сид буцаан олгосугай. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   П.ГАНДОЛГОР