| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2019/0046/Э/ |
| Дугаар | 52 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Мөнхбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарантуяа даргалж, шүүгч Ч.Мөнхтуяа, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй
Иргэдийн төлөөлөгч П.Одончимэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн
Улсын яллагч Н.Мөнхбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа
Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.О-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1916000610041 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Г-н О.
Шүүгдэгч Г.О нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багийн нутагт гэх газарт Т.Г-г хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний хавчигдал, үхжил, тайрагдалт гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Г.О-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “... Тэр өдөр хониндоо яваад гэртээ иртэл Г нь манай эхнэр ирлээ гээд над дээр нэг шил архитай ирсэн юм. Тэр архийг нь уугаад байж байх үед урд айлын хоёр хүүхэд ишиг хайж явна гээд ирсэн юм. Бид нар хоол хийж идээд хөзөр тоглоод архиа уугаад дуусахад Г нь нөгөө хүүхэдтэй гэр лүүгээ яваад дахин нэг шил архи авч ирсэн юм. Тэгээд юу болсон талаар санахгүй байна... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би урьд нь 3 удаа шарлаж байсан юм. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Т.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “... тэр өдөр би Шарга сумын Улаан туг багийн нутагт өвөлжөөндөө малаа хариулж гэртээ ирчихээд орой 20 цагийн үед гэртээ 1 шил архи уух гээд 0,75 грамын Ерөөл нэртэй архинаас 2-3 хундага уучихаад ганцаараа архи уух эвгүй санагдаад байхаар нь нөгөө архиа аваад манай урд байдаг Б малчин О-н гэрт очсон. О ганцаараа байсан би нөгөө архиа гаргаад бид 2 хувааж уусан. Тэр үед манай урд талд нутагладаг С-ын 2 хүүхэд ишиг хайж явна гээд ирсэн. Тэр 2 хүүхдэд хоол цай өгөөд бид 4 хөзөр тоглож суусан. Нөгөө Ерөөл архи дуусахаар нь би нөгөө эрэгтэй хүүхэдтэй хамт гэртээ очиж дахин нэг шил 0,75 грамын Чингис нэртэй архи авч ирсэн. Тэр архийг задлаад 2, 2 хундага татаад О бид 2 ухаанаа алдаж согтсон байсан. Нэг мэдсэн О бид 2 хөзөрнөөс болоод маргаж байсан. Тэгээд юу болсоныг мэдэхгүй, өглөө үүрээр архи гараад ухаан орсон чинь миний хүйсний орчимоос дотор гэдэс гарч ирсэн байсан. Тэгэхээр нь бүсээр дарж боогоод О урагшаа айлд очиж унаа олж аймаг явъя гээд гараад явсан...Би юу болсныг санахгүй байна. Архи уугаад ухаанаа алдаж согтсон байсан. Гэдэс орчим өвдөөд байсан. Би О-г гэдэс рүү өшиглөчихлөө гэж бодсон. Эмнэлэгт ирээд хагалгаанд орсны дараа хутгалуулсан гэдгээ мэдсэн..." гэсэн мэдүүлэг /ХХ17-18/,
Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтад өгсөн "... Яг юунаас болж маргаж муудалцсан гэдгийг би мэдэхгүй байна. Хоорондоо юм яриад маргасан. Тэгээд Г ах О ахын толгой руу гараараа 1 удаа цохисон. О ах толгойгоо дараад жоохон сууж байгаад босож ирээд та манайхаас яв гэхэд чи С-н гэрээс намайг хөөдөг хэн бэ гээд тэр хоёр заамдалцаж авсан. Тэр үед О ах хаанаас юм мэдэхгүй нэг хутга гаргаж ирсэн. Би айгаад гарах гээд босоход хутга нь газар унаж байсан. Би гараад От энэ хоёр зодолдоод байна гээд От-г дагуулаад буцаад гэрт ороход тэр хоёр зодолдохоо больсон О ах баруун талын орон дээр сууж байсан. Г ах зүүн талын үүд хэсэгт сууж байсан. От бид хоёр хувцсаа өмсөөд явах гэтэл Г ах О-т чи ахыгаа хаяад явж байгаа юм уу О намайг гэдэс рүү өшиглөчихлөө гээд цамцаа сөхөж гэдсээ харуулсан. Хүйсний орчим жижиг овойсон ягаан зүйл болсон байсан. Би айгаад сайн анзаарч хараагүй, явлаа гээд шууд явсан. Явах гээд гадаа мотоциклио асааж байтал араас О ах гарч ирээд С ах руу яриад түргэн тусламж дуудаарай, надад утас байхгүй гэж хэлсэн ..." гэсэн мэдүүлэг /ХХ20-21/,
Гэрч Т.От-н мөрдөн байцаалтад өгсөн "... Тэнд О ах, мөн Г гээд тэдний хойно байдаг ах ирсэн. Тэр 2 нэг шил Ерөөл нэртэй архи уугаад сууж байсан. Бид 2 хоол идээд 2 ахтай хамт хөзөр тоглосон. Би бие засах гээд гарч яваад байж байтал Б гэрээс гарч ирээд энэ 2 зодолдох гээд байна хоёулаа явъя гэсэн. Тэгээд бид 2 гэрт ороход О ах баруун талын орон дээр суусан, Г ах зүүн талын үүд хэсэгт сууж байсан. Баруун талын шалан дээр шар өнгийн иштэй хутга байсан. Би аваад зүүн талын шкапан дээр тавьсан чинь Б аваад шүүгээнд нь далд хийсэн. Тэгээд бид 2 явлаа гэхэд Г ах чи ахыгаа хаяад явах юм уу? намайг О өшиглөчихсөн чинь гэдэсний хүйс эргэчихлээ гээд цамцаа сөхөж харуулахад хүйсний орчмоос нь хүрэн улаан юм овойгоод харагдаж байсан. Цус гараагүй байсан..." гэсэн мэдүүлэг /ХХ24-25/,
Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... О тухайн үед манайд ирээд архи ууж байхдаа хөдөө Шарга сумын Улаантуг багт Б гэж хүний мал маллаж байгаад Г гэж хүнийг хутгалсан, одоо өнгөрсөн гээд санаа нь зовоод л байгаад байсан. Саяхан тэр өөрийн мотоциклио зараад Г-д эмчилгээний зардал мөнгө өгсөн байх ... Бид 2 архидаж байгаад маргалдаад би Г-г хутгалсан гэж надад ярьсан өөр зүйл яриагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ30/,
Гэрч О.Ц-н мөрөн байцаалтад өгсөн “... Тэр өдөр хагалгаанд оруулж, хутгалуулсан гэдгийг мэдсэн. Тэгээд нарийн бүдүүн гэдсийг нь тайраад сэхээний тасагт шилжүүлж эрчимт эмчилгээ хийлгэж байгаад 7 хоногийн дараа мэс заслын тасагт шилжин хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 02 дугаар сарын 18-ны үеэр эмнэлгээс гарсан ... Г надад хэлэхдээ О-тэй хамт архи ууж ухаанаа алдаж согтсон, нэг мэдсэн гэдэс хагарсан байсан. О миний гэдэс рүү өшиглөсөн байх гэсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ31/,
Гэрч Т.С-н "...би машинаа асаагаад О ахын гэрт очиход Г ах гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан. Яасан гээд подволкыг нь сөхөөд харсан чинь дотор гэдэс нь гараад ирсэн байсан. Тэгээд аймгийн төв рүү авч явсан..." гэсэн мэдүүлэг /ХХ32/,
Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтад дахин өгсөн "... Шар цоохор иштэй хутгаар мах идэж байсан. Тэр хутга ширээн дээр байсан. Тэр 2 юм ярьж маргалдаж байгаад Г ах эхлээд О ахыг цохиж авсан. Тэгээд тэр 2 сууж байснаа 2-лаа босоод заамдалцаж авсан. Тэр үед О ах нөгөө хутгыг бариад Г ахын гэдэс орчим руу хатгах шиг болоод хутга нь унасан. Би Г ахыг хутгыг нь цохиод унагаасан гэж бодсон. Би айгаад гарч яваад От-г дуудаж орж ирсэн. Бид хоёрыг орж ирэхэд хутга гэрийн баруун талд зуухны ард хулдаасан дээр хэвтэж байсан. Хутга болон шалны хулдаас цус болоогүй байсан. От хутгыг аваад зүүн талын хоолны шкапан дээр тавьсан. Би аваад шүүгээнд нь хийсэн. ... Г ах гэрийн зүүн талын үүдний хэсэгт гэдсээ гараараа дараад нэг гараараа гар утсаараа хүн рүү залгах гэж байгаа бололтой сууж байсан. Тэгээд О ахынх нь хүйсийг эргэтэл өшиглөчихлөө энийг хардаа гээд цамцаа сөхөөд харуулсан. Хүйсний орчмоос нэг бондгор улаан ягаан зүйл гарч ирсэн байсан..." гэсэн мэдүүлэг /ХХ35-36/,
Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 46 дугаартай “...1. Иргэн Г-н биед хохирол учирсан байна.
2. Иргэн Гантулгын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний хавчигдал, үхжил, тайрагдалт гэмтэл тогтоогдлоо.
3. Хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Иргэн Г нь 2-р бүлгийн цустай байна…” гэсэн дүгнэлт /ХХ38-39/,
Шинжээч эмч Д.Даваахүүгийн мөрдөн байцаалтад өгсөн “... Т.Г-н биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний хавчигдал, үхжил, тайрагдалт гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл болно... Арьс болон зөөлөн эд, булчин, судсыг гэмтээж байгаа учраас цус гарна, гэхдээ дотор эрхтэнг яаж гэмтээсэн эсэхээс хамаарч цус их бага гарах нь шалтгаална... хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шархны хэсгээр нарийн гэдэсний хэсэг дотроосоо түрж гарч ирэн шарханд хавчигдсан байх боломжтой. Энэ нь тухайн шархаар цусыг гаргахгүй тагласан байж болно...” гэсэн мэдүүлэг /ХХ42-43/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ4-11/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн өмгөөлөх болон яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.О-н 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр согтуурсан үедээ Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багийн нутаг Цахир худаг гэх газарт хохирогч Т.Г-тай маргалдан зодолдож улмаар түүний хэвлийн тус газар нэг удаа хутгалж хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний хавчигдал, үхжил, тайрагдалт буюу амь насанд нь аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтлийг санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байна.
Уг үйлдэл нь зэвсэг хэрэглэн санаатайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсанаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Г.О-г гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн тохиолдолд таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах ” гэж тус тус хуульчилжээ.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох таван жилийн хорих ялын гуравны хоёр буюу гурван жил дөрвөн сарын хорих ялаас багагүй, дээд хэмжээ болох арван хоёр жилийн хорих ялын гуравны хоёр буюу найман жилийн хорих ялаас ихгүй хугацаагаар хорих ялыг шүүх оногдуулж болно гэж ойлгох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Г.О-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг хорих ял оногдуулахдаа харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.От мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс бага буюу 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар цоохор өнгийн хуванцар бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрэлх ажиллагааны зардалгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид хохиролд 640.000 / зургаан зуун дөчин мянга/ төгрөг төлсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Х овогт Г-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан тус хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.О-г 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-н цагдан хоригдсон 4 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Г.О-т авсан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар цоохор өнгийн хуванцар бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрэлх ажиллагааны зардалгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид хохиролд 640.000 / зургаан зуун дөчин мянга/ төгрөг төлсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНТУЯА
ШҮҮГЧИД Ч.МӨНХТУЯА
Г.МӨНХТУЛГА