Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01658

 

 Т ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/01452 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Б, Г.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 117,929,799 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 72,000 төгрөг, нийт 118,001,799 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 41,448,953 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,500,744, нийт 44,949,697 төгрөгийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Зээлдэгч Ө.Б, Г.Б нар Т ХК-тай 2020 оны 08 сарын 21-ний өдөр **************** дугаар зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай авсан. Мөн 2020 оны 08 сарын 28-ны өдөр **************** дугаар зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд **-** У** улсын дугаартай Honda CRV маркийн суудлын автомашин, **-** У** улсын дугаартай KIA Frontier маркийн ачааны автомашин, **-** У** улсын дугаартай Hyundai HD120 цистерн, дизель түлш, гэрийн тавилга, 20 тн ёнкос 2 ширхэг, 25 тн ёнкос 2 ширхэг, нийт 53,890,000 төгрөгийн хөрөнгө, мөн Хан-Уул дүүргийн **-р хороо, М-ийн *-р гудамж, ** тоот хаягт байршилтай 105 м.кв талбайтай хувийн сууц, 695 м.кв талбайтай өмчлөлийн газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй гэрээг ноцтой зөрчсөн, банкнаас төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй банкийг хохироосон. **************** дугаар зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2023 оны 12 сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 45,357,190 төгрөг, үндсэн хүү 26,233,825 төгрөг, хуримтлагдсан хүү 557,707 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,320,244 төгрөг, нийт 74,468,968 төгрөг, мөн **************** дугаар зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2023 оны 12 сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 27,622,909 төгрөг, үндсэн хүү 14,526,647 төгрөг, хуримтлагдсан хүү 130,773 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,180,499 төгрөг, нийт 43,460,830 төгрөг байна

Иймд хариуцагч нараас 2 зээлийн гэрээний дагуу нийт 117,929,799 төгрөг, шүүхэд хандахад гарсан зардал 72,000 төгрөгийг тус тус гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нар хариу тайлбартаа: Хариуцагч нар зээлийг тодорхой хэмжээгээр төлж байсан. 2020 онд дэлхийн нийтээр цар тахал гарч хөл хорионд орж, бүх бизнесийн үйл ажиллагаа зогссон хүндрэлтэй цаг үе байсан. Тийм учраас зээлийн эргэн төлөлтөд доголдол гарсан. Нэхэмжлэгч цар тахал гарсан, хөл хорионы үед зээл гаргасан. Эхний 1, 2 сард байгаа зүйлээ өгөөд төлж байсан. Зээлийн гэрээний 2.2.1-т зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гурваас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ, 6.2-т дараах нөхцөл байдал үүссэн, үүсэж болзошгүй болсон нь нотлогдсон тохиолдолд талууд энэхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно, 6.2.1-т зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн бол зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэж заасан. Гэтэл банк үүнд ямар ч арга хэмжээ аваагүй. Үүнтэй холбоотойгоор хүү тооцогдсоор байсныг хүлээн зөвшөөрөхгүй. Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол ойлгомжгүй буюу ямар аргачлалаар тооцсон нь тодорхойгүй. Мөн хуримтлагдсан хүү шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 2022 оны 05 сарын 02-ны өдөр **************** дугаар зээлийн гэрээг цуцалсан тул түүнээс хойших хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсаныг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний 2.2.1-т зааснаар ноцтой зөрчил үүсээд байхад нэхэмжлэгч тал гэрээгээ цуцлахгүй байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа зорилгыг хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Хэдийгээр хүү, үндсэн хүүг санхүүгийн тооцооллоор авлага үүсгээд авсан нь санхүүгийн хэллэгээр хөрөнгө юм. Гэрээний талууд харилцан эрх, тэгш бие биеийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээдэг. Гэрээгээр хүлээсэн эрхээ эдэлж, өөрсдөө үндэслэлгүй хөрөнгөжиж их хэмжээний хүүгийн хуримтлал үүсгэсэн байгаа юм. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн эрхээ санаатайгаар хэрэгжүүлэлгүй хүүний хуримтлал үүсгэх замаар хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож үндэслэлгүй хөрөнгөжсөн цаг хугацаа, тооцоолол тодорхойгүй гаргасан байна.

Иймд зээлийн үндсэн хүү 40,760,473 төгрөг, хуримтлагдсан хүү 688,480 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,500,744 төгрөг, нийт 44,949,697 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул нэхэмжлэлийн шаардлагын хүүтэй холбоотой хэсгийг хасуулна гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарт 5 удаагийн мэдэгдэх хуудас өгсөн. Тухай бүр уулзах болгонд 1 сарын дараа төлье, 2 сарын дараа төлье, шат дарааллаараа борлуулалт эхлэх гэж байна гэдэг байдлаар хугацаа нэлээн алдагдуулсан. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ө.Б, Г.Б нараас 101,326,625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 16,603,173 төгрөгт холбогдох хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ө.Б, Г.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, **-** У** улсын дугаартай, R******** арлын дугаартай, мөнгөлөг өнгөтэй Honda CRV маркийн суудлын автомашин, **-** У** улсын дугаартай, K************************арлын дугаартай, цагаан өнгөтэй, KIA Frontier маркийн ачааны зориулалттай автомашин, **-** У** улсын дугаартай K**************** арлын дугаартай, цагаан өнгөтэй, Hyundai HD120 цистерн, дизель түлш, гэрийн тавилга, 20 тн ёнкос 2 ширхэг, 25 тн ёнкос 2 ширхэг, Хан-Уул дүүргийн **-р хороо, М-ийн *-р гудамж, ** тоот хаягт байршилтай 105 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, ************ дугаар гэрчилгээ бүхий хувийн сууц, 695 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-******** дугаарт бүртгэлтэй, ********** дугаар гэрчилгээтэй өмчлөлийн газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Н-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 817,799 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 382,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 734,783 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын 16,603,173.12 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Шүүх 2022 оны 05 сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл-ээр талуудын хооронд 2020 оны 08 сарын 21-ний өдөр байгуулагдсан **************** тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан болохыг мэдэгдсэн гэх үндэслэлээр уг гэрээг цуцлагдсанд тооцож, үүнээс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Учир нь, банк 2022 оны 05 сарын 02-ны өдрийн мэдэгдэлд үүргийн гүйцэтгэл хангагдах хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж тооцогдох талаар дурдсан бөгөөд зээлдэгч нар энэ мэдэгдлийг хүлээн авсан.

6.2.  Мөн анхан шатны шүүх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т заасан нарийвчлан зохицуулалтыг хэрэглэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас 16,603,173 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны гарсан. Т ХК-ийн 2022 оны 05 сарын 02-ны өдрийн гэрээ цуцлах мэдэгдлээр гэрээ цуцалсан гэж дүгнэсэн нь зөв. Банк зээл гаргаад, давуу эрх эрхэлдэг. Зээлдэгч болгонд тохируулан гэрээ байгуулдаггүй бөгөөд зээлийн гэрээг банканд ашигтай байдлаар байгуулагддаг. Зээлийн гэрээний 2.2.1-д ноцтой зөрчил үүсвэл гэрээг банк дангаар цуцалж болно гэж заасан. Хоёр буюу түүнээс дээш хугацаагаар зээлийн эргэн төлөлт хийгээгүй тохиолдолд ноцтой зөрчил гэж үзнэ. Энэ эрхийн дагуу банк 2022 оны 05 сарын 02-ны өдөр зээлийн гэрээгээ цуцалж, гэрээ цуцалсан мэдэгдэл өгснөөр гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцлагдсан хэдий ч тухайн хугацааны үүргээс чөлөөлөгдөхгүй тул хариуцагчийн зүгээс зээлээ төлнө гэх амлалтуудыг өгч байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Ө.Б, Г.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 117,929,799 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 72,000 төгрөг, нийт 118,001,799 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 41,448,953 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,500,744, нийт 44,949,697 төгрөгийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, зохигчид маргажээ. /хх 1-2, 86, 91-96/

3.  Талууд 2020 оны 08 сарын 21-ний өдөр **************** дугаартай Зээлийн гэрээ байгуулж, Т ХК нь 50,000,000 төгрөгийг, жилийн 20.40 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдүүлэх, Ө.Б, Г.Б нар зээлийг хүүгийн хамтаар тохирсон хугацаанд буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 9-11/

Мөн өдөр талууд **************** дугаартай Барьцааны гэрээ байгуулж, дээрх **************** дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд ****У** улсын дугаартай Hyundai HD120 маркийн ачааны автомашин, ****У** улсын дугаартай Kia Frontier маркийн автомашин, **** У** улсын дугаартай Honda CRV маркийн автомашин, дизель түлш, гэрийн тавилга, 20 тн ёнкос, 25 тн ёнкос зэргийг барьцаалжээ. /хх 12-13/

4. Талууд дахин 2020 оны 08 сарын 28-ны өдөр **************** дугаартай Зээлийн гэрээ байгуулж, Т ХК нь 30,000,000 төгрөгийг, жилийн 21.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, Ө.Б, Г.Б нар зээлийг хүүгийн хамтаар тохирсон хугацаанд буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 16-18/

Мөн өдөр талууд **************** дугаартай Барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, дээрх **************** дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн **-р хороо, Морин *-р гудамж, ** тоот хаягт байршилтай 105 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байршилтай 695 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, гэрийн эд хогшил зэргийг барьцаалжээ. /хх 19-21/

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний болон барьцааны гэрээний харилцаа үүссэн, эдгээр гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн. 

6. Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2020 оны 08 сарын 21-ний өдөр байгуулагдсан **************** дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г шүүхэд гаргаж өгсөн боловч уг гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй тул энэ талаар шүүхээс дүгнэлт өгөхгүй.

7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл, зээлийн гэрээний нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл зэргийг үнэлж, нэхэмжлэгч нь **************** дугаартай зээлийн гэрээг цуцалснаас хойших хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэн хариуцагч нар **************** дугаартай зээлийн гэрээний дагуу зээл 45,357,190 төгрөг, зээлийн хүү 11,555,990 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 394,907 төгрөг, нийт 57,308,088 төгрөг, мөн **************** дугаартай зээлийн гэрээний дагуу зээл 27,622,909 төгрөг, зээлийн хүү 14,657,420 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,180,499 төгрөг, нийт 43,460,830 төгрөг, бүгд 101,326,625 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх 49-50, 51, 52-53, 54, 55-59/

8. Анхан шатны шүүх хариуцагч Ө.Б, Г.Б нараас 101,326,625 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 16,326,625 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэнд хариуцагч нар давж заалдах гомдол гаргаагүй.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагын 16,603,173 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь, дээрх хууль 2021 оны 05 сарын 21-ний өдөр батлагдаж, 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх хууль байх тул 2020 онд байгуулагдсан Зээлийн гэрээ-нд буцаан хэрэглэхгүй юм.

10. Анхан шатны шүүх маргаанд хамааралтай нэмэгдүүлсэн хүүгийн болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны зохицуулалтыг тогтоох хэсэгт баримтлаагүй, мөн сөрөг нэхэмжлэлийн ямар шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа тухай бичээгүй орхигдуулсан зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/01452 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...451.1, ... гэсний дараа ...452 дугаар зүйлийн 452.2, ... гэж, ...болон... гэсний дараа ...үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 41,448,953 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,500,744, нийт 44,949,697 төгрөгийг хасуулах тухай... гэж тус тус нэмж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...175.1... гэсний дараа ...158 дугаар зүйлийн 158.1... гэж нэмж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа Т ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 240,965 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.НЯМБАЗАР