Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/136

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Э.Идэрбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Т-т холбогдох 1921001790102 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ний өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын ........ гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, О.Т. /РД: ......../

 

Шүүгдэгч О.Т нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн Ж.Алтайгүйг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч О.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

            Хохирогч Жанживын Айлтгүй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 21-ний орой 22 цагийн орчим би Дашбалбар сумын төвд Мягмар гэх хуурай ахынхаа гэрт нь найз Баярхүү, Борхой Т, Мягмар нарын хамтаар 2 шил архи уусан юм. ...Тэгээд би Т ахыг “Муу бандиа” гээд доромжилсон юм. Тэр үед Т ах миний нүүрэнд маань зангидсан гараараа хоёр удаа цохисон. Тэр үед миний ухаан балартаад гэрийн шалан хойшоогоо ойчсон. Тэгээд нэг сэрэхэд би гэрийн гадаа зогсож байсан бөгөөд найз Баярхүү маань миний хамрын маань цусыг арчиж өгч байсан. ...Тэр үед Баярхүү “Очиж болиулахын завдалгүй Т ах чамайг цохичихсон шүү дээ” гэж хэлсэн. ...Маргааш өглөө нь би Т ахтай уулзаад “Дүү нь өчигдөр тасарчихсан байна лээ та дүүгээ цохихийн оронд түлхчихгүй яасан юм” гэж хэлсэн. Тэгэхэд Т ах надад “харин тиймээ ах нь чамайг хоёр л цохисон, гэхдээ нүд рүү чинь биш шанаа руу чинь цохисон шүү” гэж хэлсэн. ...Тэгээд би БОЭТ-д үзүүлж зургаа авахуулахад нүүрний маань яс гурван газраа хугаралтай байна гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 26-28 тал/

 

           Гэрч Д.Баярхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэнд Айлтгүй бид хоёрыг Мягмарын гэрт ороход Мягмар, Т, Бямбадорж архи уугаад сууж байсан тэгээд удалгүй Мягмар ах согтохоор нь баруун орон дээр нь унтуулсан. Тэр үед Т ах Айлтгүйтэй муудалцаад байсан. ...Тэд маргалдаад байхаар нь эргэж харахад Айлтгүй нь Т-н өөдөөс нь хараад сууж байхад Т нь босч зогсож байгаад баруун гараа зангидаад нүүрэн тус газарт нь намайг харсаар байхад хоёр удаа цохиод авсан...” гэжээ. /хх-ийн 35-36 тал/

 

         Гэрч Т.Ариунболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын сүүлээр байх нэг өдөр манай аав О.Т маань сумын төвөөс хөдөө гэртээ ирээд надад архи ууж байгаад хүнтэй муудалцаад нүүрэнд нь цохичихсон чинь гэмтээчихсэн юм шиг байна гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 37 тал/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 195 тоот дүгнэлтэд

1. Ж.Айлтгүйн биед зүүн нүдний ухархай ясны доод болон гадна хана, хамрын ясны хугарал, дух болон хацар ясны зүүн талын заадсын хугарал, хоншоор ясны зүүн талын хугарал, зүүн хацар ясны нумын хугарал, эрүүний ясны зүүн талын сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дух болон хацар ясны зүүн талын заадсын хугарал, хоншоор ясны зүүн талын хугарал, зүүн хацар ясны нумын хугарал, эрүүний ясны зүүн талын сэртэнгийн хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна гэжээ. /хх-ийн 39-40 тал/

 

            - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/

            - Хохирлын талаарх баримтууд /хх-ийн 8-21 тал/

            - О.Т-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34, 45-47 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч О.Т нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Алтайгүйг зодож, түүний эрүүл мэндэд “зүүн нүдний ухархай ясны доод болон гадна хана, хамрын ясны хугарал, дух болон хацар ясны зүүн талын заадсын хугарал, хоншоор ясны зүүн талын хугарал, зүүн хацар ясны нумын хугарал, эрүүний ясны зүүн талын сэртэнгийн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч Ж.Айлтгүй, гэрч Д.Баярхүү, Т.Ариунболд нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 195 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч О.Т-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч О.Т-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч О.Т-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

 

Шүүгдэгч О.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч О.Т-ын үйлдлийн улмаас хохирогч Ж.Айлтгүйн биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний болон бусад зардалд 500.000 төгрөгийг төлсөн ба хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгчээс 3500.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогчид 1.184.968 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчээс хохирогчид төлсөн 500.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 684.965 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Ж.Айлтгүйд олгох, хохирогч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ........ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Т-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-с бусдад учруулсан гэм хорын хохиролд 684.965 /зургаан зуун наян дөрвөн мянга есөн зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 1-31 тоотод оршин суух, Баргажин овогт Жанчивын Айлтгүй /РД: ЖМ73022678/-д олгосугай.

 

6. Хохирогч Ж.Айлтгүй нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ