Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1563

 

“Н” ББСБ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00144 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Ч-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 879 844 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,  Д.М , Ж.Г ,

Хариуцагч С.Ч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн С.Ч нь 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр NC10063365 тоот зээлийн гэрээг байгуулж, 5 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 1995 онд үйлдвэрлэсэн 35-51 УБВ улсын бүртгэлийн дугаартай, KZJ78038412 аралын дугаар бүхий Тоёота Ланд Круйзер 70 автомашиныг барьцаалсан. Тэрээр зээлийн гэрээний эргэн төлөлтийг эхнээс нь зөрчиж эхний төлөлтийг хугацаа хожимдуулж эхэлсэн бөгөөд үндсэн зээлээс 1 409 053 төгрөг, хүүнд 2 260 711 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 443 136 төгрөг нийт 4 112 900 төгрөг төлсөн байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 3 590 947 төгрөг, хүү 979 513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229 384 төгрөг, нотариатын зардал 30 000 төгрөг, түүнчлэн С.Ч ийг гэрийн хаягаар очиж уулзах, эрж хайхад гарсан зардал 50 000 төгрөг, нийт 4 879 844 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцаа хөрөнгө болох автомашины одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул үрэгдсэн тохиолдолд бусад эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие зээл авсан нь үнэн. Миний эрхэлж байсан бизнес санхүүгийн асуудалд орсон тул хугацаа хэтрүүлсэн. Энэ хугацаанд нийт 4 112 900 төгрөгийг эргүүлэн төлсөн тул миний төлөх зээлийг багасгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Ч оос 2 926 184 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1 953 660 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар хариуцагч С.Ч сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд KZJ78038412 арлын дугаартай, 35-51 УБВ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 70 маркийн автомашин, болон гэрийн тавилга, хөргөгч телевизорын үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 873 төгрөгийг улсын орлогоос, 61 769 төгрөгийг хариуцагч С.Ч оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.У давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00144 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрхийг дордуулан, нотлох баримтыг үнэн зөв үнэлэлгүй, нотлох баримтын хүрээнд шийдвэрлээгүй, зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүх шийдвэртээ нэмэгдүүлсэн хүүг зээлийн үндсэн хүүний 20 хувиас хэтрүүлээгүй тооцож авсныг бодож тогтоолгүй нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүний 20 хувиас хэтрүүлэн тооцсон мэтээр тайлбар бичиж, гэрээний хугацаа дуусахаас өмнөх болон хугацаа дууссанаас хойш тооцсон нэхэмжлэгчийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардлыг бүхэлд нь үгүйсгэж, санхүүгийн байгууллагын хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох эрхийг хязгаарласан, талуудын тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээг тохиролцоогүйд тооцсон шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3, Улсын дээд шүүхийн 2.3, 2.5, 2 дугаар зүйл заалтыг тус тус зөрчиж байгаа тул гомдолтой байна. Шүүх талуудын тохиролцсон гэрээг тохиролцоогүйд тооцож нэхэмжлэгч, хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, гэрээний үүрэгт дүгнэлт өгч, тооцоолол үнэн зөв эсэхийг тогтоох бүрэн боломжтой.

Тус компани зээлийг төлүүлэх зорилгоор гарсан зардлыг хасч, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцон үлдэх төлбөрөөс хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож доорх байдлаар тооцсон болно. Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө тооцсон үндсэн хүү 915 450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 222 660 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч, үлдэх төлбөрөөс тооцсон үндсэн хүү 493 780 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 98 760 төгрөг. Үндсэн хүүнд 1 409 230 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 321 440 төгрөг, нийт 4 322 720 төгрөгийг зээлийн төлбөрт гаргуулах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй, тухайн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК нь хариуцагч С.Ч-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 879 844 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “авсан зээлээс ихэнх хэсгийг төлсөн тул зээлийн үлдэгдлийг багасгаж өгнө үү” гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 10063365 тоот Зээлийн болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулагдаж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 30 хоногт 4.5 хувийн хүү, зээлийг төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.8 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч 35-51 УБВ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 70 маркийн автомашиныг  нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, гэрийн тавилга, хөргөгч, телевизор барьцаалахаар тохиролцсон болон хариуцагч зээлийн төлбөрт нийт 4 112 900 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /хэргийн 12-13, 15 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг хугацаанд нь төлөх”, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд үндсэн зээлд 1 409 052 төгрөгийг төлсөн ба зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэмж 998 900 төгрөг төлөх хүртэлх хугацаанд үндсэн зээл 3 590 947 төгрөгийн, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 1 138 131 төгрөг, нийт 4 729 078 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь “Зээлийн дансны хуулга”-аар тогтоогдож байх бөгөөд уг баримтыг хариуцагч няцаагаагүй болно.

 /хэргийн 16 дугаар тал/

 

Хариуцагчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 991 900 төгрөгийг нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасныг зөрчжээ.

 

Иймд хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 991 900 төгрөгийг үндсэн зээлээс хасч үндсэн зээлийн үлдэгдэл 2 592 097 төгрөгийг төлөөгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн хариуцагч зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийг бүрэн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 452, 453 дугаар зүйлд зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй тул түүний сүүлийн төлөлт хийсэн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртлэх хугацааны үндсэн хүүг, төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 2 592 097 төгрөгөөс зээлийн гэрээгээр тохиролцсон хэмжээ болох сарын 4.5 хувиар тооцоход 583 216 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг сарын 0.8 хувиар тооцоход 103 681 төгрөгийг, зээлийн гэрээний хугацаанд төлөөгүй дээр дурдсан хүү, нэмэгдүүлсэн хүү 1 138 131 төгрөг дээр нэмж, нийт 4 417 076 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй юм.

 

Гэвч нэхэмжлэгч 4 322 720 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар давж заалдах гомдол гаргасан тул уг үнийн дүнгийн хэмжээгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөн зээлийн гэрээний 2.4-т нэмэгдүүлсэн хүү 0.8 хувь байхаар талууд тохиролцсон нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрээгүй, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хүү тооцон шаардах эрхтэй талаар дээрх хуулийн заалтуудаар зохицуулсан байхад шүүх нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлснээс хойш тооцсон хүү зэргийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Харин нэхэмжлэгч нотариатын зардал 30 000 төгрөг, хариуцагчийн хайж олоход гарсан зардалд 50 000 төгрөгийг зарцуулсан талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй гэж үзэж шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх боловч тухайн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй алдаа гаргасныг залруулах боломжтой болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00144 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “453 дугаар зүйлийн 453.1” гэсний дараа “227 дугаар зүйлийн 227.1” гэж, “2 926 184 төгрөг” гэснийг “4 322 720 төгрөг” гэж, “1 953 600 төгрөг” гэснийг “557 124 төгрөг” гэж, 3 дахь заалтын “61 769 төгрөгийг” гэснийг “84 113 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 050 төгрөгийг төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНТУНГАЛАГ      

        

                                    ШҮҮГЧИД                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ         

                 

                                                                                                 С.ЭНХТӨР