Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2023/0448/З |
Дугаар | 001/ХТ2023/0080 |
Огноо | 2023-10-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2023/0080
“Ю” ХХК-ийн гомдолтой,
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын
байцаагчид холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч П.Соёл-Эрдэнэ
Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Д.Батбаатар
М.Батсуурь
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0545 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ий өдрийн 221/МА2023/0511 дүгээр магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 407 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, өмгөөлөгч Н.Э, хариуцагч Э.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х нарыг оролцуулан, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдлын шаардлага:
1.Гомдол гаргагч “Ю” ХХК-аас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Л-ын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Л-ын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаар шийтгэлийн хуудсаар “Ю” ХХК-ийг “зах зээлд давамгай аж ахуй эрхлэгч ноёлох үйл ажиллагаа явуулсан” үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д заасныг баримтлан 1,163,740,176 төгрөгийн торгууль оногдуулжээ.
2.1.Гомдол гаргагчаас гомдлын шаардлагын үндэслэлээ ““Ю” ХХК нь гэр хорооллын хэрэглэгчдэд өөр үнээр үйлчилгээ үзүүлсэн нь “бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, шахан гаргах” зорилгыг агуулаагүй. Улсын байцаагч уг зөрчлийг тогтоохдоо Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын “... Энэ нь бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт ... хамаарахгүй” гэх нөхцөлийг үл хэрэгсэн шийтгэл ногдуулсан. Зардлын ялгаатай ижил төрлийн бараа үйлчилгээнд өөр үнэ тогтоохыг хуулиар хориглоогүй байна. Уг зохицуулалтад заасан “тээврийн бодит зардал” гэдэг нь бизнесийн салбарын онцлогоос хамаарч аж ахуй эрхлэгч бүрд өөр өөр агуулгаар ойлгогдох боломжтой” зэргээр тодорхойлжээ.
2.2.Хариуцагчаас “Хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар “Ю” ХХК нь барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй зөрчил тогтоогдоогүй. Харин багцын үнэ буюу суурь үнийг ялгавартай үнээр баталсан болох нь тогтоогдсон, энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасныг зөрчсөн, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна. Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “... бүс нутгийн байршлаас хамаарсан бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт” гэж заасанд дамжуулах болон сервис үйлчилгээний зардлыг тооцох боломжгүй” гэх агуулга бүхий тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0545 дугаар шийдвэрээр Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д заасныг баримтлан гомдол гаргагч “Ю” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” гомдлыг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2023/0511 дүгээр магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
5.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
5.1.Магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
5.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” тухайд: Монгол Улс дэлхийн эдийн засгийн түгээмэл чиг хандлагад нийцсэн, олон хэвшил бүхий эдийн засгийг хөгжүүлэх, түүний зохицуулалтыг сайжруулахын тулд өрсөлдөөний хуулийн зохицуулалт хамгийн чухал ач холбогдолтой. Өрсөлдөөний зохицуулалтууд дундаас зүй ёсны монополь болон давамгай байдалтай хуулийн этгээд нь зах зээлийн өрсөлдөөнд оролцох, эс оролцох хууль зүйн зохицуулалтыг зөв, оновчтой хийснээр тухайн салбарын хөгжлийг хурдасгах, жижиг дунд үйлдвэрлэлийг хэт том өрсөлдөгчөөс нь хамгаалж хөгжүүлэх, хэрэглэгчийг хамгаалах хууль зүйн механизм төгс утгаараа бүрэлдэн тогтдог билээ. Монгол Улсын хувьд өрсөлдөөний салбарын эрх зүйг 2010 онд батлагдсан Өрсөлдөөний тухай хууль болон түүнийг дагаж гарсан захиргааны эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актын хүрээнд зохицуулж буй. Гэвч Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, түүний улсын байцаагч нар энэ хуулийн зохицуулалтыг буруугаар тайлбарлах, нэг заалтыг өөр өөр байдлаар ойлгох, ялгамжтай байдлаар хэрэглэх нь Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, хуулийн этгээдэд хохирол учрах, үндэслэлгүйгээр торгуулах. цаашлаад хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болоход ойрхон байна.
5.3.Ноёлох үйл ажиллагааны 3 зорилгоос чухам аль зорилгоор ноёлох үйл ажиллагаа явуулсныг тодорхойлоогүй. шүүх хуралдаан дээр “Ю” ХХК-ийн үйл ажиллагааг хэрэглэгчийн хясан боогдуулах зорилготой байсан гэж тодорхойлсон ч тэр чиглэлээр ямар ч нотлох баримт зөрчлийн хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл анхнаасаа ноёлох үйл ажиллагаа гэдгээ тодорхойлоогүй. Зөвхөн нэг бүс нутагт ижил бараа үйлчилгээг ялгамжтай үнээр борлуулсан гэсэн ганцхан үндэслэлтэй байсан бөгөөд үүнийг нь шүүх зөв хэмээн дүгнэсэн нь “Ю” ХХК-д илтэд хохиролтой тусаад байна. 2 шатны шүүх нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-т заасан “... бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөд энэ заалт хамаарахгүй” гэснийг огт ойшоохгүй, тодорхой дүгнэхгүй байсаар илт буруу шийдвэр гарч байна.
5.4.Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “зах зээл” гэж тодорхой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт явагдаж байгаа нутаг дэвсгэрийг ойлгоно гэж хуульчилсан. Гэтэл шүүх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг зах зээлтэй шууд адилтгаж хэрэглэж байна. Тусгай зөвшөөрлийн хамрах хүрээ бол тухайн тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг тухайн хамрах хүрээний нутаг дэвсгэрт эрхэлж болохыг зохицуулсан зохицуулалт. Харин зах зээл бол тухайн нутаг дэвсгэр дотроо хэрэглэгчийн сегмент, дэд бүтцийн нөхцөл байдал, орон зайн нөхцөл байдлаас хамааран өөр өөр байж болно. Гэтэл “тусгай зөвшөөрлийн хамрах хүрээ=зах зээл” гэж хуулийн заалтыг тайлбарлаж хэрэглэх нь бодит нөхцөл байдал дээр буухгүй, маш өрөөсгөл байдал үүсгэхээр байна. “Ю” ХХК-ийн энэ хэрэг дээр жишээлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд тайлбарлахдаа ““Ю” ХХК-ийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний хамрах хүрээг Харилцаа холбооны зохицуулах хорооноос тодорхойлж өгөхдөө Улаанбаатар хот болон зарим аймгийн нутаг дэвсгэрт гэж тодорхойлсон. Иймд бид Улаанбаатар хотод нэг бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэг л үнэ барих ёстой гэж үзнэ" хэмээн тайлбарлаж, түүнийг нь анхан шатны шүүхээс шийдвэрийнхээ үндэслэл болгосон, давж заалдах шатны шүүхээс үүнийг буруутгаагүй байна. Бодит байдал дээр “Ю” ХХК нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт телевизийн олон суваг дамжуулах тусгай зөвшөөрөлтэй боловч Улаанбаатар хот нь өөрөө орон сууц, гэр хороолол, байгууллага, хувь хэрэглэгч, дэд бүтэц бүрэн шийдэгдсэн, шийдэгдээгүй, орон зайн хувьд 9 дүүрэг, хүн амын нягтаршилын хувьд, худалдан авах чадварын хувьд гэх мэтчилэн олон зах зээлд хуваагдах боломжтой гэдгийг Улсын дээд шүүх анхааралдаа авч үзэх ёстой хэмээн бид үзэж байна. Хэрэв энэ байдлаар Өрсөлдөөний тухай хууль хариуцагч болон анхан, давж заалдах шатны шүүхүүд дээр тайлбарлагдаж хэрэглэгдвэл хууль тогтоогчийн хүсэл зоригоос огт өөрөөр хэрэглэгдэх нөхцөл үүсээд байна. Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг нэг мөр тайлбарлаж, хуулийн тайлбарын нэгдмэл байдлыг хангах зайлшгүй шаардлагатай байгааг анхаарч үзэхийг хүсэж байна.
5.5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” тухайд: Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгдэхдээ илт зөрүүтэй хэрэглэсэн. Анхан шатны бүс нутагт ялгаатай үнэ тогтоох нөхцөлийг тайлбарлахдаа Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2.1.1-д зааснаар бүс нутгийг Улаанбаатар болон тухайн аймгийн нутаг дэвсгэр гэж 2 ялгаж тогтоох боломжтой гэж үзсэн. Гэвч бүс нутгийг тогтоох гол шалгуур болсон нөхцөл шаардлагын 2.1.1 дэх заалт нь Олон суваг дамжуулах үйлчилгээ явуулах хамрах хүрээг тодорхойлсон бөгөөд үнэ тогтоохдоо хэрэглэх бүс нутгийн шалгуур биш юм.
5.6.Давж заалдах шатны шүүхээс Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүс нутагт ялгаатай үнэ тогтоож болох талаарх зохицуулалтыг хэрэглэхдээ “орон сууц” болон “гэр хороолол” гэсэн тодорхойлолтыг шалгуур болгосон бөгөөд эдгээр ойлголтыг ямар хуулийн, ямар заалтад дээрх байдлаар тодорхойлсныг огт дурдалгүйгээр “хуульд” гэж ерөнхий байдлаар бичсэн.
5.7.Харилцаа холбооны бизнес нь бусад төрлийн бизнесээс ялгаатай нь бүс нутаг, байршлаас хамаарсан их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддагаас гадна, бүс нутгийн байршил нь хэрэглэгчид бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгох, үнэ тарифыг тогтоох суурь үндэслэл болдог. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасныг ялгаатай хэрэглэж, тайлбарласан нь цаашид бизнес эрхлэгчдэд үнэ тарифаа зардалд суурилж үндэслэлтэй тогтоох боломжийг олгосон тус заалтыг буруу тайлбарлаж хэрэглэх жишгийг тогтоож байна гэжээ.
6.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 407 дугаар тогтоолоор гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3, 123.2.4-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7.Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангав.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
8.Гомдол гаргагч “Ю” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны “олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх” **** дугаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр 21 аймгийн нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ (IPTV) эрхэлж байна.
9.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт суурин холбооны үйлчилгээний зах зээлд “давамгай байдалтай аж ахуй эрхлэгч”-ээр, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улаанбаатар хот, Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймагт телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд “давамгай байдалтай аж ахуй эрхлэгч”-ээр тогтоогджээ.
10.Гомдол гаргагч “Ю” ХХК нь телевизийн олон суваг дамжуулах өрхийн үйлчилгээний зарим багцуудын суурь хураамжийг Улаанбаатар хотын орон сууц, Улаанбаатар хотын гэр хороолол, Дархан, Эрдэнэт хот, орон нутгийн гэж ангилан, үнийг ялгамжтай байдлаар тогтоосон байна.
11.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Олон суваг дамжуулах гурвалсан үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх тухай” 01/31 дүгээр удирдамжийн дагуу тус газрын улсын байцаагч нар хяналт шалгалт хийж, “Улаанбаатар хотын бүх орон сууц, хаус, Багануур болон Налайх дүүргийн орон сууцанд Ю өрхийн үйлчилгээний “S plus” багцыг 39,900 төгрөгөөр, ... гэр хороололд яг ижил үйлчилгээтэй “S plus” багцыг 43,900 төгрөгөөр, ... Дархан-Уул, Эрдэнэт хотын орон сууц болон гэр хороололд “XS plus” багцыг 38,900 төгрөгөөр бусад орон нутгийн орон сууц, хаус, гэр хороололд ижил үйлчилгээтэй “XS” багцыг 42,900 төгрөгөөр хэрэглэгчдэд дамжуулж байгаа үйлдэл нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй” үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж[1], Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаар шийтгэлийн хуудсаар “Ю” ХХК-ийг “зах зээлд давамгай аж ахуйн нэгж ноёлох үйл ажиллагаа явуулсан” нь тогтоогдсон хэмээн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу 1,163,740,176 төгрөгийн торгууль оногдуулжээ.
Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-Гомдол гаргагч “Ю” ХХК Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан хориглосон заалтыг зөрчсөн эсэх,
-Анхан болон давж заалдах шатны шүүх Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасныг зөв хэрэглэсэн эсэх тухай байна.
12.Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн зүйлийн 4.1.5-д “ноёлох үйл ажиллагаа гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг /ойлгох/”-оор, 7 дугаар зүйлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглохоор заасны дотор 7.1.3-т “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах”-ыг хориглохоор заажээ.
13.Энэхүү хориглосон заалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д дэх хэсэгт зааснаар “Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” шийтгэл оногдуулах зохицуулалттай байна.
14.Харин бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан хориглолт хамаарахгүй байхаар хуульчилжээ.
15.Гомдол гаргагчаас телевизийн олон суваг дамжуулах өрхийн үйлчилгээний багцуудын хураамжийг ялгамжтай байдлаар тогтоосон шалтгаанаа “Телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний хувьд ижил үйлчилгээг орон сууц болон гэр хорооллын бүсэд байх хэрэглэгчдэд хүргэхэд зардлын ялгаа гардаг. Жишээлбэл, нэг орон сууцны 500 айлд үйлчилгээ оруулах шилэн кабелийн урт тухайн орон сууцны орц, хонгилын талбайгаар хязгаарлагдаж байдаг бол гэр хорооллын 500 айлд үйлчилгээ хүргэх шилэн кабелийн урт нь гудамжнаас хашаа бүрд хүргэж татдаг тул 5 дахин илүү байдаг” зэргээр хэрэглэгчийн байршил, үйлчилгээ хүргэхэд гардаг бодит зардалтай холбон тайлбарлажээ.
16.Хэрэгт авагдсан баримтуудаар гомдол гаргагч хуулийн этгээд “өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан” болох нь тогтоогдохгүй байх бөгөөд хэрэгт авагдсан гэр хороолол, орон нутагт шилэн кабелийн сүлжээ байгуулах, олон суваг дамжуулах, өндөр хурдны интернэтийн, суурин утасны үйлчилгээ хүргэхэд хамтран ажиллах гэрээ, орон нутгийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ зэргээс үзэхэд өрхийн үйлчилгээний багцын хураамжийн үнийг Улаанбаатар хотын орон сууц, гэр хороолол, орон нутгийн орон сууц, гэр хороололд ялгамжтай байдлаар тогтоосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан хориглосон заалтыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.
17.Учир нь орон сууцны өрх, гэр хорооллын өрхөд олон суваг дамжуулах гурвалсан үйлчилгээг хүргэхэд харилцан адилгүй хэмжээ, хүчин чадалтай шилэн кабель татах, гэрлийн шон түрээслэх, гэр хороолол, орон нутагт гуравдагч компаниар дамжуулан тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, суурилалтын дараах үйлчилгээг гүйцэтгүүлдэг зэргээр бодит зардлыг тооцон дэд бүтэц хөгжсөн байдал, суурьшлын бүсээс нь хамааран үйлчилгээний үнийг ялгавартай тогтоосныг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан тусгай нөхцөл болох “бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн бодит зардал” гэсэнтэй дүйцүүлж ойлгох боломжтой.
18.Ийнхүү үйлчилгээ үзүүлэхэд гарсан бодит зардалд үндэслэн ижил төрлийн үйлчилгээний үнийг ялгамжтай байдлаар тогтоосныг давамгай байдалтай аж ахуйн нэгж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэх нь Өрсөлдөөний тухай хуулийн зорилгод нийцэхгүй бөгөөд гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
19.Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх маргааны тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, уг хуулийн заалтын зорилго, агуулгыг Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад заасан “... бүс нутаг ...” гэдгээр хязгаарлаж, маргааны зүйлийг буруу тодорхойлон “Улаанбаатар хотын орон сууц, гэр хорооллыг ялгаатай бүс нутаг гэж үзэх боломжгүй ... олон суваг дамжуулах үйлчилгээг интернэтээр дамжуулан хүргэхэд үйлчилгээ эрхлэх хүрээг тодорхой бүс нутгаар хязгаарлахгүй” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0545 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2023/0511 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг баримтлан гомдол гаргагч “Ю” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Л-ын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
Ц.ЦОГТ
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 139 тал