Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 296

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар С.Ч нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.

Нэхэмжлэгч: С.Ч

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга

          Нэхэмжлэлийн шаардлага:

1.    Оюуны өмч, улсын бүртгэлийн еренхий газрын даргын үүргийг түр гүйцэтгэгч Р.С 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын С.Ч хопбогдох хэсгийг хүчингүй болгож түүнийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох

2.    2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулах

3.    Хариуцагчаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж эдгээр даатгалын дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагчид даалгах гэсэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү, Т.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний төлөөлж буй иргэн С.Чнь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.

Ийнхүү ажиллах хугацаандаа иргэний хуулийн этгээдийн, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг иргэд, аж ахуй нэгжүүдэд үзүүлэх, түргэн шуурхай үйлчлэх, эрх бүхий талуудыг үнэн бодитой мэдээллээр хангах үүргээ хангалттай сайн биелүүлж иржээ.

Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар мөн өдрөөс газрынхаа бүх ажилтнуудын хамт ажлаас халагдсанаа албан бусаар мэдсэн байна.

Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар тус аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнуудыг буцаан томилохдоо ганц С.Чажил, албан тушаалгүй орхиж хуулийг бүдүүлгээр зөрчсөн байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С эдгээр захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тухай зэрэг олон заалтыг зөрчсөн байна.

Мөн С.Чажлаас нь чөлөөлсөн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаал нь Монгол Улсын олон хууль, тогтоолын заалтыг зөрчиж нэхэмжлэгчийг хохироход хүргэжээ. Тухайлбал, хөдөлмөрлөх харилцааг зохицуулсан гол хууль болох Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг баримталсан нь буруу байгаагаас гадна эдгээр заалтыг ямар нэг байдлаар ажил хэрэг болгон мөрдөөгүй байна. Ер нь Төрийн албаны тухай хуулийн заалтуудтай холбон үзвэл уг тушаалаас С.Чалбан тушаалаас нь халсан, чөлөөлсний аль нь болох нь ойлгомжгүй байна.

С.Чнь төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ алба хаагч тул түүнийг албан тушаалаас нь халах асуудлыг шийдвэрлэхдээ мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дахь заалтыг баримтлах ёстой. Б/36 дугаар тушаалын 1 дэх заалттай холбон байгууллагыг нь өөрчлөн байгуулагдсан гэж үзвэл түүнийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу тус Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар нь үргэлжлүүлэн ажиллуулах ёстой байв. Учир нь С.Ч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байгаа ба тус аймаг дахь Улсын бүртгэл, статистикийн газраас статистикийн албыг салган газрыг нэрийг нь Улсын бүртгэлийн хэлтэс болгосон нь зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнд хамаарахгүй юм. Монгол Улсын Иргэний хуулийн 31 дүгээр зүйл, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолын 15 дугаар зүйлд тус тус зааснаар тийнхүү статистикийн албыг салгасныг болон газрыг нь хэлтэс болгосныг нь төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан болон зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн гэж үзэж болохгүй билээ.

Хариуцагчийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар С.Ч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн нэгдүгээр гарын үсэг зурах эрх, бүхий албан тушаалтнаар түр томилсон нь одоо хүчинтэй байгаа болно.

Гэвч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаас үзвэл иргэн С.ЧДархан-Уул аймгийн улсын бүртгэл, статистикийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас хууль зүйн үндэслэлгүй чөлөөлж хохироосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа болно.

Иймд, Оюуны өмч, улсын бүртгэлийн еренхий газрын даргын үүргийг түр гүйцэтгэгч Р.С2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын С.Ч хопбогдох хэсгийг хүчингүй болгож түүнийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулах, хариуцагчаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж эдгээр даатгалын дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Д.Ү нар шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч С.Чнь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай Б/66 дугаар тушаалаар тус газрын Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан.

Улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучнаар/ Засгийн газрын 2015 оны Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай 501 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай А/304 дүгээр тушаалын дагуу бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, Үндэсний статистикийн хороотой нэгдэн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болж бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн.

Дээрх тушаал, шийдвэрийн хүрээнд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/68 дугаар тушаалаар аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын албан тушаалын орон тоо, ангилал, зэрэглэлийг баталсан байна.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/90 дүгээр тушаалын долоо дугаар хавсралтаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын төрийн захиргааны албан хаагчид, тэдгээрийн цалин нэмэгдлийг баталсан байх бөгөөд С.Ч нь тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна.

Засгийн газрын 2016 оны Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай 04 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 2016 оны А/16 дугаар тушаалын дагуу дахин бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон зохион байгуулагдсан болно.

Дээрх бүтцийн хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын аймаг, нийслэл, сум дүүрэг дэх салбар нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын дөрөвдүгээр хавсралтаар Аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдын орон тоо, ангилал, зэрэглэл-ийг баталсан. Тус бүтэц, зохион байгуулалтаар газар нь хэлтсийн зохион байгуулалтаар ажиллах болсон тул газрын даргын орон тоо хасагдсан.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан.

Иймд тус газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар аймгийн улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Нэхэмжлэгч нь дээрх тушаалаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын үүрэгт ажлаас хуулийн дагуу чөлөөлөгдсөн байна.

С.Чүүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу газрын даргын албан тушаалын орон тоо хасагдсан тухай урьдчилан мэдэгдэж, хуулийн дагуу өөр ажлын байранд ажиллах эсэх тухай санал асуухад ажиллахгүй, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг аван чөлөөлөгдөх саналтай байгаагаа илэрхийлсэн болно.

Үүний дагуу С.Ч6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 5,343,462 төгрөгийг мөн олгосон болно.

Иймд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэр хуульд нийцсэн эрх зүйн үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Р.С2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаартай тушаалын С.Чинзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй юм. 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаартай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал хууль зүйн үндэслэлтэй юм. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нь тодорхой тайлбарласан.

С.Чнь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/90 дүгээр тушаалаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын төрийн захиргааны албан хаагчид тэдгээрийн цалин, нэмэгдлийг баталсан 2 дугаар хавсралтаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Т3-10 ангиллаар цалинжсан. Төрийн албаны тухай хууль зөрчигдсөн гэж яриад байна. Би буруу харсан, эсхүл дутуу харсан байж магадгүй. Энэ хэрэг дотор С.Ч төрийн албан хаагчийн баталгаат хуудсыг олж хараагүй. Харин аудитын тангараг өргөсөн хуудсыг би олж харсан. Төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэх нь хөндөгдөх ёстой. Удирдах албан тушаалд томилогдох энэ ажиллагаа нь хуульд зааснаар сонгон шалгаруулалт явагдах ёстой. Төрийн албан хаагчийн шалгалт өгснөөр тэнцээд, баталгаагаар хангуулж, тодорхой хугацаанд төрийн албанд элсэж орж ажиллах асуудал яригдах ёстой. Түр орлон гүйцэтгэгчээр яагаад томилоод байна гэхээр төрийн жинхэнэ албан хаагч гэдгээ нотлох үүрэгтэй. Энэ талаар нотлоогүй байна.

2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Хууль зүйн сайдын хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг зохион байгуулалтыг батлах тухай А/16 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 4.11-д аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, түүний чиг үүргийг баталсан. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг батлах тухай А/304 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 3.1-д Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын болон орон нутгийн нэгжийн зохион байгуулалтын тогтолцоог баталсан. 2016 оны Хууль зүйн сайдын тушаалаар аймгийн Улсын бүртгэлийн газрын даргын орон тоо нь хасагдсан байгаа.

Улсын бүртгэлийн хэлтэс нь үйл ажиллагаа, чиглэлээрээ А/304, А/16 тушаалаараа албан тушаалын зэрэглэлээр ТЗ-9 гэдгээр хадгалагдаад үлдсэн. Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар тухайн үед 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаал гарахад Б.Х гэдэг хүн ажиллаж байсан. Өнөөдөр энэ хүн нь ажлаа хийж байгаа. Б.Х нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар ...бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах гэсэн хуулийн заалтын дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газрын хэлтсийн даргаар үргэлжлүүлээд ажиллаж байгаа.

Гэтэл өнөөдөр С.Ч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Ххамаагүй гэж яриад байна. Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаа энэ хүн эдлэх ёстой. Орон тоо нь хасагдсан С.Чгэдэг хүн Б.Хгэдэг хүнийг зайлуулаад, тэр хүний төрийн албаны баталгааг нь хөсөрдүүлээд, орон тоон дээр тавих хууль зүйн ямар үндэслэл байна вэ? Б.Х албан тушаалд би очих ёстой гэсэн маргаан үүсгэж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д ...албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих... гэдэг нь зөрчигдөж байна. Энэ хүн бусдын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр үргэлжлээд, хадгалагдаад үлдсэн хүний байр суурин дээр очих уу? Эсвэл цалин хөлсөө бууруулахгүйгээр өөр албан тушаалд шилжих үү? гэдэг асуудал үлдэж байгаа. Гаргаад байгаа нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлтэй гэдэгт шүүх дүгнэлт өгөөсэй гэж бодож байна.

Өөрөөр хэлбэл, шаардаад байгаа шаардлага нь хууль бус байна. Өнөөдөр С.Ч эрхийг дордуулж байна. Газрын дарга байхдаа цалин хөлсний ТЗ-10 ангиллаар цалинжиж байсан. Гэтэл ТЗ-10 ангиллаар ажиллаж байсан хүн нь цалин хөлсөө бууруулахгүй ажилд шилжих ёстой байтал би дарга л хийж байвал хамаагүй гэж хэлж байгаа юм уу? Нэг зэрэглэл буурсан албан тушаалд томилж өг гэж байна. Өөрийнх нь эрхэлж байсан албан тушаал биш юм. Эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

ТЗ-10 ангиллаар ажиллаж байсан хүн нь ТЗ-9 ангиллаар ажиллаж байгаа Б.Х халаад, оронд нь намайг тавиад өгөөч гэсэнтэй утга нэг болж байна. 6 сарын тэтгэмж авсан байгаа. Тэтгэмж авсан тохиолдолд нийгмийн даатгалын дэвтэр хуульд заасан үндэслэл журмын дагуу тасраагүйд тооцогдож өөрөө бүртгэгдэж явдаг. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй гарсан нэхэмжлэл гэж үзэж байна. Төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа буюу удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт өгөөд, тэр албан тушаалд жинхлэн томилогдсон албан тушаалтан мөн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрээ гаргаасай гэж бодож байна. Гаргаад байгаа нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.Ч итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын С.Чинзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны олговор хариуцагчаас гаргуулах,нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж эдгээр даатгалын дэвтрүүдэд бичилт хийхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д-аас,

- С.Ч ажиллаж байсан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь хэлтэс болж нэршлийн хувьд өөрчлөгдсөн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан үндэслэл бүрдээгүй байхад бүх албан хаагчдыг чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлгийн олон заалтыг зөрчиж оролцогчийн эрхийг хангаагүй, мэдэгдэл хүргүүлээгүй, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй нь хууль бус,

- ...газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэлтсийн даргын албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн, орон тоо хасагдаагүй, С.Чнь үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ амаар удаа дараа илэрхийлсэн байхад улс төрийн шалтгаан хэлж Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг алдагдуулсан, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж ялгаварлан гадуурхсан явдал болсон гэж,

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ...эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан тушаал үгүй болж уг орон тоо хасагдсан тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаал үндэслэлтэй бөгөөд С.Чнь өөрөө үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргалгүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу 6 сарын тэтгэмжээ аваад чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн атлаа өнөөдөр ингэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж тус тус маргажээ.

Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай 04 дүгээр тогтоол, Хууль зүй дотоод хэргийн сайдын "Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/16 дугаар тушаалын дагуу төрийн байгууллага өөрчлөгдөн байгуулагдаж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон зохион байгуулагджээ.

Үүнтэй холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/25 дугаар тушаалын хавсралтаар С.Чцалин, нийгмийн даатгалын шимтгэл, Хүн амын орлогын албан татвар, байр ашиглалттай холбогдон гарах зардлууд, шуудан холбооны зардалд гарын үсэг зурах эрхтэй-ээр томилсон байна.[1]

Улмаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/36[2] дугаар тушаалын хавсралтаар аймгуудын Улсын бүртгэл, статистикийн газарт ажиллаж байсан С.Чнарын 840 гаруй төрийн захиргааны албан хаагчдыг чөлөөлсөн байна.

Дээрхээс үзвэл, Улсын бүртгэлийн хэлтсийн бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан маргаан бүхий Б/36 дугаар тушаалаар аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын төрийн захиргааны нийт алба хаагчдыг чөлөөлсөн байх бөгөөд уг тушаалаас зөвхөн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн С.Ч ажиллаж байсан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь хэлтэс болж нэршлийн хувьд өөрчлөгдсөн, Б/25 дугаар тушаал хүчинтэй байхад чөлөөлөх үндэслэлгүй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 8.3.1-д энэ хуулийн 7.1.1-д заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих, 8.3.5-д хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх ..., 8.4-т Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана гэж тус тус заасны дагуу аймгууд дахь Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын албан хаагчдыг чөлөөлсөн нь хариуцагчаас дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хэрэгжүүлж өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр байна.

Мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/25 дугаар тушаал нь төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор шилжилтийн үеийн харилцааг зохицуулсан акт байх тул тухайн харилцааг зохицуулсан шинэ акт /Б/36 дугаар тушаал/ гарснаар үйлчлэл нь дуусгавар болох учиртай.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, мэдэгдэл хүргүүлээгүй, оролцогчийн эрхийг хангаагүй хэмээн тайлбарлан маргаж байх боловч маргаан бүхий актаар С.Чнарын 840 гаруй төрийн захиргааны албан хаагчдыг чөлөөлсөн байх ба Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасны дагуу хүн нэг бүрт мэдэгдэл хүргүүлэх шаардлагагүй юм.

Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын С.Ч холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Чнь Монгол Улсын Үндэсний Аудитын газар тэргүүлэх аудитороор ажиллаж байхдаа 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төрийн аудитын байгууллагын ажилтны тангараг[3] өргөсөн байх ба Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар С.ЧДархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ[4].

С.Чтухайн албан тушаалд жинхлэн томилоогүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй бөгөөд уг албан үүргийг түр орлон гүйцэтгэхээр томилогдон Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсны хувьд тэрээр Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгаа болон төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ...хөндлөнгийн аудитын тангараг өргөсөн хүнийг төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн гэж үзэхгүй. С.Чнь төрийн жинхэнэ албан хаагч бишгэсэн тайлбар нь  үндэслэлгүй.

Харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна, 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно тус тус гэж заасан байх ба нэхэмжлэгч С.Ч өмнө эрхэлж байсан албан тушаалын үндсэн чиг үүрэг нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ажлын байранд хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн зорилт хэсэгт 1. Улсын бүртгэлийн үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд удирдан зохион байгуулах[5] гэж бичигдсэн болон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн зорилт хэсэгт 1. Улсын бүртгэлийн хэлтсийн ажил үйлчилгээг удирдан зохион байгуулах[6] гэж бичигдсэн болон ажлын байрны гол үйл ажиллагаанд агуулгын өөрчлөлт ороогүйгээр тус тус нотлогдож байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 15-т...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн... гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ гэж тайлбарласнаас үзвэл, төрийн байгууллага өөрчлөгдөн байгуулагдсанаар газрын даргын албан тушаал хасагдаж байгаа мэт боловч тухайн газрын даргын албан тушаалын үндсэн чиг үүрэг хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэгт шилжсэн байх тул нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр хадгалагдан үлдсэн гэж үзнэ.

Гэхдээ нэхэмжлэгч нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу ажил, албан тушаалаас чөлөөлөгдөж Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгаа болон төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдахын тулд өөрийн эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг шилжсэн ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлтээ гаргасан байх шаардлагатай.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс С.Чнь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тамгын газрын дарга Б.Б утсаар гэнэт ярихад нь тулгамдаад үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ хэлж чадаагүй. Дараа нь Р.С даргатай биечлэн уулзаж хүсэлтээ гаргасан. С.Чулс төрийн үзэл бодлоор нь ялгаварлаж эргүүлэн томилоогүй гэж тайлбарлан маргаж байх боловч энэ тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр нотлогдохгүй байна.

Тодруулбал, утсаар ярьсан тэмдэглэлд ...миний хувьд 6 сарын тэтгэмж нь олддог бол тэрийгээ аваад гарна. Заавал үлдэнэ гэхгүй ээ...[7], Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн 1/2080 тоот албан бичигт С.Чнь ... 6 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тэтгэлгээ яаралтай авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тус газарт С.Чинзоригоос ажлын байртай холбогдуулан ямар нэг санал, хүсэлт ирүүлээгүй болно[8]гэж тайлбарласан, 2017 оны 09 дүгээр сарын 06-08-ны өдрүүдийн Албан томилолтын хуудаст ...удирдлагатай уулзах[9] гэж тэмдэглэсэн байгаа боловч энэ С.ЧДархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргасан гэж үзэхээргүй байна.

Мөн Дархан-Уул аймгийн ардчилсан намаас гаргасан тодорхойлолтод С.Чнь намын гишүүнээс түдгэлзсэн байгаа гэж дурьдсан, гэрч ...С.Ч Ардчилсан намын хүн учраас ажлаа хийхгүй. Оронд нь Монгол ардын намын хүмүүсээс тавигдана гэсэн яриа хүмүүсийн дунд яриа гарсан байсан[10] гэж мэдүүлсэн зэргээс үзвэл маргаан нэхэмжлэгчийг улс төрийн үзэл баримтлалаар нь ялгаварлаж Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй гэдэг нь тогтоогдохгүй байна.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын С.Ч холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны олговор хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж эдгээр даатгалын дэвтрүүдэд бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.МӨНХЗУЛ

 

 

________________________________________

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дэх талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 41 дэх талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 110 дахь талд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 114 дэх талд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 95 дахь талд

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 241 дэх талд

[9] 2 дугаар хавтаст хэргийн 23 дахь талд

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 230 дахь талд