Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01659

 

Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/01865 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э ХК-д холбогдох, гэрээний хохирол 180,462,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь 2022 оны 07 сарын 27-ны өдөр Э ХК-тай ЭТТХК/002/001 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээгээр манай тал 25,000 ширхэг AG Covid-19 Rapid Test нэртэй түргэвчилсэн оношлуурыг 2023 оны 07 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлэх, Э ХК тухайн барааг хуваарийн дагуу тоо хэмжээгээр хүлээн авч, төлбөр төлөх үүргийг харилцан хүлээсэн. Э ХК нь 2022 онд 10,000 ширхэг оношлуурыг хуваарийн дагуу захиалан авсан. Манай компаниас 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 407/22а тоот албан бичгээр үлдэгдэл 15,000 ширхэг оношлуурыг худалдан авах хуваарийг гаргаж өгөх хүсэлтийг хүргүүлсэн. Улмаар 2022 оны 12 сарын 30-ны өдөр ...тандалтын шинжилгээг авахгүй буюу шаардахгүй болж байгаа тул Ч ХХК-аас түргэвчилсэн тест татан авах тухай 2 удаагийн хуваарийг хүчингүй болгох санал хүргүүлж байна... гэсэн хариуг манай компанид ирүүлсэн. Манай компаниас 2023 оны 01 сарын 06-ны өдрийн 015/23а тоот албан бичгээр дээрх гэрээгээр худалдан авахаар тохирсон барааны үлдэгдэл 15,000 ширхэг оношлуурыг хүлээн авч, барааны үнэ 180,000,000 төгрөгийг төлж, гэрээний үүргээ биелүүлэхийг сануулсан. Гэвч Э ХК-аас өнөөдрийг хүртэлх хугацаанд бидэнд хариу өгөөгүй. Гэрээний хугацаа дуусахын зэрэгцээ тус компанид нийлүүлэхээр импортолж авсан 15,000 ширхэг түргэвчилсэн оношлуурын үйлдвэрийн баталгаат хугацаа дуусахаар байна. Ийнхүү Э ХК нь гэрээний үүргээ зөрчсөн буюу гэрээгээр худалдаж авахаар тохирсон оношлуураа зохих ёсоор, хугацаандаа аваагүйгээс 15,000 ширхэг AG Covid-19 Rapid Test түргэвчилсэн оношлуурын үнэ 180,000,000 төгрөгийн хохирол учирсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 12 сарын 06-ны өдөр Ч ХХК-ийн агуулахад үзлэг хийж, худалдах, худалдан авах гэрээгээр нийлүүлэх ёстой байсан ковид-19 түргэвчилсэн оношлуурын хугацаа дууссан үйл баримтыг баталгаажуулсан. Уг түргэвчилсэн оношлуурын хугацаа дууссанаас тухайн барааг эмнэлгийн хог хаягдал устгадаг тусгай компанид өгч устгалд оруулах шаардлага үүсэж түргэвчилсэн оношлуурыг 2023 оны 12 сарын 14-ний өдөр Э ХХК-д өгч устгалд оруулсан бөгөөд 462,300 төгрөгийн зардал гарсан. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол ийм зардал гарахгүй байсан.

Иймд, худалдах, худалдан авах гэрээг цуцалсантай холбогдон учирсан хохиролд 15,000 ширхэг Ковид-19 халдварт өвчний түргэвчилсэн оношлуурын үнэ 180,000,000 төгрөг, түргэвчилсэн оношлуурыг устгалд оруулсан зардал 462,300 төгрөг, нийт 180,462,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Тус компанийн 2022 оны худалдан авалтын төлөвлөгөөнд нийт 7 хоногийн 450 ширхэг, 1 жилд буюу 53 долоо хоногт 24,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хэрэглэх тооцоолол урьдчилсан байдлаар хийгдсэн бөгөөд Дотоодын цэргийн 810-р ангийн алба хаагч нарын тандалтын шинжилгээг давхар хийж байсан тул 2022 онд авах боломжтой түргэвчилсэн оношлуурын дээд хэмжээг нийт 25,000 ширхэг гэж үзэж, 2022 оны 07 сарын 27-ны өдрийн ЭТТХК/002/001 дугаартай ерөнхий гэрээг байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.23-д "ерөнхий гэрээ" гэж захиалагч нь байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээг нэг ба түүнээс дээш нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй 3 хүртэл жилийн хугацаанд үнэ болон бусад нөхцөлийг тохирч байгуулсан гэрээг хэлэхээр заасан бөгөөд дээрх ерөнхий гэрээгээр 1 жилийн хугацаанд 25,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг гүйцэтгэлээр авахаар тохирч, гэрээний үнэ 300,000,000 төгрөг нь санхүүжилтийн нийт үнэ байхаар тусгасан. Компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар ажилчдын төлөөллөөс гаргасан саналын дагуу, коронавируст халдварыг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээний арга хэмжээг цуцлан зөвхөн ээлж татах үед нэг удаа шинжилгээ хийгдэж, 7 хоногт 150 орчим, 1 сард 600 ширхэг түргэвчилсэн оношлуурыг зарцуулахаар байсан тул түргэвчилсэн оношлуурын хэрэгцээ шаардлага багассан. Улмаар хилийн боомтын захиргаа Гашуун сухайт дахь шуурхай штабаас 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн иргэд, аж ахуйн нэгжүүдээс үндсэн болон тандалтын шинжилгээг авахгүй буюу шаардахгүй тухай мэдэгдэл ирүүлж, бүх төрлийн тандалтын шинжилгээг зогсоосон учир дахин оношлуурын нөөц бүрдүүлэх хэрэгцээ шаардлага үүсээгүй тул захиалга өгөөгүй, татан авалт хийгээгүй болно. Ерөнхий гэрээнд заасны дагуу барааг гүйцэтгэлээр нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд 15,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг авах захиалгыг "Э " ХК-ийн зүгээс гаргаагүй байхад нэхэмжлэгчээс "...хугацаандаа аваагүйгээс үүдэж 15,000 ширхэг түргэвчилсэн оношлуурын үнэ болох 180,000,000 төгрөгийн хохирол манай компанид учраад байна..." гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн түргэвчилсэн оношлуурыг устгалд оруулсан зардал болох 462,300 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Э ХК-аас худалдах, худалдан авах гэрээ цуцалсны улмаас учирсан хохиролд 102,462,300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 78,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,072,469 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХК-аас 670,261 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч ХХК-д олгож шийдвэрлэжээ.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Э ХК-ийн 2022 оны худалдан авалтын төлөвлөгөөнд нийт 7 хоногийн 450 ширхэг, 1 жилд буюу 53 долоо хоногт 24,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хэрэглэх тооцоолол урьдчилсан байдлаар хийгдсэн бөгөөд Дотоодын цэргийн 810 дугаар ангийн алба хаагч нарын тандалтын шинжилгээг давхар хийж байсан тул 1 жилийн хугацаанд авах боломжтой түргэвчилсэн оношлуурын дээд хэмжээг нийт 25,000 ширхэг гэж үзэж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Түргэвчилсэн оношлуур нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан шинжтэй учир дээрх худалдан авах гэрээндээ талууд 1 жилийн хугацаанд 25,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг гүйцэтгэлээр (үргүй зардал гарахаас сэргийлж гүйцэтгэлээр гэж зохицуулсан) авах бөгөөд гэрээний үнэ 300,000,000 төгрөг нь санхүүжилтийн нийт үнэ байхаар тусгасныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

4.2. Хилийн боомтын захиргаа Гашуун сухайт дахь шуурхай штабаас 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн иргэд, аж ахуйн нэгжүүдээс үндсэн болон тандалтын шинжилгээг авахгүй буюу шаардахгүй тухай мэдэгдэл ирүүлж, бүх төрлийн тандалтын шинжилгээг зогсоосон учир хуваариа хүчингүй болгуулах талаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, үргүй зардал гаргахгүй байх, хэмнэлттэй ажиллах үүднээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд нийцүүлсэн. Манай компанийн төв агуулахад 900 ширхэг, салбарт 400 ширхэг, нийт 1300 орчим оношлуурын үлдэгдэлтэй байсан бөгөөд дахин оношлуурын нөөц бүрдүүлэх хэрэгцээ шаардлага үүсээгүй тул манай компаниас захиалга өгөөгүй, татан авалт хийгээгүй байхад анхан шатны шүүх ...түргэвчилсэн оношлуурыг хэрэглэж байсан үйл баримт тогтоогдож байна... гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.3. Нэхэмжлэгч компани манай захиалгыг үндэслэж нөөцөө бүрдүүлнэ гэдгээ мэдэж байсан болох нь 2024 оны 02 сарын 23-ны өдөр цахим шууданд хийсэн шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Манай компанийн зүгээс гэрээний хүрээнд гүйцэтгэлээр авна гэж тохиролцсон бөгөөд захиалагч захиалга өгөөгүй байхад ямар шалтгааны улмаас 2023 оны 09 сарын 18-ны өдөр хугацаа нь дуусаж буй түргэвчилсэн оношлуурыг хугацаандаа аваагүйгээс үүдэж хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй.

4.4. Талуудын хооронд байгуулсан ЭТТХК/002/001 дугаартай худалдан авах гэрээний 3.3-т Баталгаат хугацаа нь барааг нийлүүлж, үйлчилгээг үзүүлснээс хойш 3 сарын хугацаатай байна гэж заасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-д талуудын хооронд байгуулсан гэрээг тодорхойлсон атлаа гэрээний хугацаа дуусах 2023 оны 07 сарын 28-ны өдрийн байдлаар чанарын баталгаат хугацааг хангахгүй нь тодорхой түргэвчилсэн оношлууруудыг худалдан авах үүргээ биелүүлээгүй гэж хариуцагчийг буруутгасанд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрт Э ХК-аас худалдах худалдан авах гэрээ цуцалсны улмаас учирсан хохиролд 102,462,300 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Худалдан авах гэрээний 2.2-т заасны дагуу үнийн хуваарь хэсэгт 25,000 ширхэг гэж тоо заасан. Хэрвээ оношлуурыг гүйцэтгэлээр нийлүүлэхээр байсан бол гэрээний 2.2-т 25,000 ширхэг гэж тоо тавих ёсгүй байсан. Талууд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэхэд хэн аль нь маргаагүй бөгөөд эхний 10,000 ширхэг оношлуурыг гэрээнд заасны дагуу нийлүүлсэн. Үлдсэн 15,000 ширхэг оношлуурыг авах ёсгүй байсан гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Э ХК захиалга гаргаснаар оношлуурыг нийлүүлэх үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Оношлуурын захиалга өгснөөр үйлдвэрлэгч компаниас бараа захиалж, Монгол улсад оруулж ирж гаалийн бүрдүүлбэр хийж 7 хоногийн дотор нийлүүлнэ гэдэг боломжгүй. Үйлдвэрлэгч компаниас оношлуур захиалж, Монгол улсад оруулж ирэхэд доод тал нь 2 сарын хугацаа шаардлагатай. Иймд манай компани 15,000 ширхэг оношлуурын нөөцтэй байлгаж байсан. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж байхад хариуцагчийн гаргасан тайлбар, давж заалдах гомдлын үндэслэлд ерөнхий тооцоолол гаргасан. 2022 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар гэрээний хугацааг үлдсэн 7 сард тооцож үзэхэд 12,600 ширхгийг хэрэглэхээр байна. Хариуцагч компани манай компанийг бөөнөөр татан авалт хийсэн, чанарын баталгаагүй, баталгааны хуудас дуусахаар байсан, оношлуур татан авсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээний 3.3-т ...баталгаат хугацаанд барааг нийлүүлж, үйлчилгээг үзүүлснээс хойш 3 сарын хугацаатай байна гэж заасан. Хариуцагч компани үлдэгдэл 15,000 ширхэг оношлуурыг татаж аваагүй тул гэрээний 3.3-т хамаарахгүй. Үлдэгдэл 15,000 ширхэг барааг нийлүүлснээс хойш 3 сарын баталгаат хугацаатай байсан. Нэхэмжлэгчийн хүсэлтээр манай агуулахад ковидын оношлуур байгаа, хугацаа нь дуусаж байгаа үйл баримт тогтоогдож байгаа эсэхийг үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Хариуцагч компанийн хүсэлтээр ямар нөхцөл байдалтай байсан талаар и-мэйлд үзлэг хийлгэсэн.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Э ХК-д холбогдуулан, гэрээний хохирол 180,462,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...оношлуур авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, оношлуурыг гүйцэтгэлээр авахаар харилцан тохиролцсон... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2022 оны 07 сарын 27-ны өдөр ЭТТХК/002/001 дугаартай Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээ-г 2023 оны 07 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаатай байгуулж, уг гэрээгээр Ч ХХК нь 25,000 ширхэг Ковид-19 рапид тест оношлуур-ыг /цаашид оношлуур гэнэ/ нийлүүлэх, Э ХК нь гэрээний үнэд нийт 300,000,000 төгрөг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэж, гэрээний дагуу Ч ХХК нь 2022 оны 07 сарын 29-ний өдрөөс 2022 оны 10 сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 10,000 ширхэг оношлуурыг нийлүүлсэн, Э ХК нь тэдгээрийг хүлээн авч, гэрээгээр тохирсон үнэ 120,000,000 төгрөгийг төлсөн болохыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоожээ.

5. Зохигчид дээрх үйл баримтын тухайд маргаагүй. Харин худалдан авагч Э ХК нь үлдэх 15,000 ширхэг оношлуурыг хүлээн авч, үнийг нь төлөх үүрэгтэй эсэх, уг үүрээ биелүүлээгүйтэй холбоотой худалдагч Ч ХХК-д хохирол учирсан эсэх нь маргааны зүйл болжээ.

6. Талууд 2022 оны 07 сарын 27-ны өдрийн ЭТТХК/002/001 дугаартай Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээ-ний 2.2-т Тоо хэмжээ: 25,000, Санал болгосон үнэ: 12,000, Нийт дүн: 300,000,000 гэж тусгаж, худалдан авах барааны тоо ширхэг, нэг бүрийн үнэ болон нийт үнэ буюу гэрээний гол нөхцөлийг тохиролцсон байна.

Мөн гэрээний 2.4-т Нийлүүлэлт хийх хугацаа: Гэрээ байгуулагдсанаас хойш 1 жилийн хугацаатай гүйцэтгэлээр нийлүүлэх ба захиалагч захиалга өгснөөс хойш 7 хоногийн дотор барааг нийлүүлнэ гэж тусгаж, оношлуурыг худалдан авагч захиалга өгснөөс хойш ямар хугацаанд нийлүүлэх журмыг тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, гэрээний дээрх заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу үгийн шууд утгаар нь тайлбарлавал хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдолд дурдсан шиг ...гүйцэтгэлээр буюу илүү захиалга хийж үргүй зардал гарахаас сэргийлсэн зохицуулалт... гэж ойлгогдохооргүй байна.

Түүнчлэн, гэрээний зүйл болсон оношлуур нь ХБНГУ-аас гарал үүсэлтэй бөгөөд нийлүүлэгч Ч ХХК нь үйлдвэрлэгч биш тул ...оношлуурын захиалга өгснөөр үйлдвэрлэгч компаниас бараа захиалж, Монгол Улсад оруулан ирж, гаалийн бүрдүүлбэр хийж, 7 хоногийн дотор нийлүүлэх боломжгүй тул 15,000 ширхэг оношлуурын нөөцтэй байлгаж байсан... гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзнэ.

7. Анхан шатны шүүхийн хийсэн үзлэгээр Ч ХХК-ийн агуулахад 2023 оны 12 сарын 06-ны өдрийн байдлаар 11 хайрцаг буюу 8,500 ширхэг оношлуур байгаа болох нь тогтоогдсон, эдгээр оношлуурын хугацаа 2023 оны 09 сарын 18-ны өдөр дууссан болох нь тогтоогдсон.

8. Иймд, хариуцагч Э ХК нь 2022 оны 07 сарын 27-ны өдрийн ЭТТХК/002/001 дугаартай Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээ-ний хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч Ч ХХК нь учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан гэрээний хохирлыг агуулахад хадгалагдаж байсан хугацаа нь дууссан 8,500 ширхэг оношлуурын үнэ болох 102,000,000 төгрөг, тэдгээрийн устгалын зардал болох 462,300 төгрөг, нийт 102,462,300 төгрөгийн хэмжээгээр тооцож хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.

10. ...Нэхэмжлэгч нь гэрээний 3.3-т ...баталгаат хугацаанд барааг нийлүүлж, үйлчилгээг үзүүлснээс хойш 3 сарын хугацаатай байна... гэж заасныг зөрчсөн гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

Учир нь, өмнө дурдсанчлан оношлуурын хугацаа нь 2023 оны 09 сарын 18-ны өдөр буюу гэрээний хугацаа болох 2023 оны 07 сарын 18-ны өдрөөс хойно дуусахаар байна.

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/01865 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Э ХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 670,261 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР