Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01668

 

Д.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/01830 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч И ААТҮГ-т холбогдох, эмчилгээний зардал 19,627,400 төгрөг, 15 сарын цалин 30,477,450 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 36,572,940 төгрөг, нийт 86,677,790 төгрөгийг гаргуулах, үйлдвэрлэлийн ослын улмаас цаашид байнга хийлгэх эмчилгээний төлбөрт сар бүр 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Д.Э нь 2021 оны 03 сарын 12-ны өдрийн 23:00 цагийн орчим Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны цайны газрын дэргэдэх автомашины гараашид албаны машин тавих гэж байгаад гараашийн хаалганд ар дагз руугаа хүчтэй савуулж цохигдон гэмтэж хүнд бэртсэний улмаас баруун нүд хараагүй болсон. Ингээд эмчилгээ хийлгээд нэмэр бололгүй 2022 оны 06 сарын 10-ны өдрөөс ослоос үүдэн 2 нүд бүрэн харахаа больсон. Уг үйлдвэрлэлийн ослыг удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд нуун дарагдуулж, ослын акт тогтоож өгөөгүй. Үүнийг маргаан таслах комисс болон шүүхэд гомдол гаргаснаар 2022 оны 06 сарын 14-ний өдөр ИНЕГ-ын дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 3-р хурлын тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл баталгаажуулах тухай 183//Ш32022/05617 дугаар захирамжийг тус тус үндэслэн Засгийн газрын 2015 оны 269-р тогтоол "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.1-д заасныг үндэслэн үйлдвэрлэлийн осолд нөхөн бүртгэж, үйлдвэрлэлийн ослын акт болон дүгнэлт гаргаж өгсөн. Миний бие 2022 оны 06 сарын 22-ны өдөр Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын хурлаар орж үйлдвэрлэлийн ослын улмаас Н35.6 Торлогийн цус харвалт гэсэн оноштой хөдөлмөрийн чадвар алдалтыг 100 хувиар хугацаагүй тогтоолгосон. Ажил олгогч энэ ослыг нуун хааж дарагдуулснаас болоод би осолд орсон 2021 оны 03 сарын 12-ны өдрөөс 2023 оны 06 сарын 21-ний өдөр хүртэл хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авсан бөгөөд үүнээс хойш тэтгэмж, тэтгэвэр бас цалин аваагүй. Ажил олгогч ажлаас халаагүй, тушаал гаргаагүй байсан. Үүнээс хойш ажил олгогч ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж өгөөгүй мөртлөө 2022 оны 12 сарын 28-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасныг 2023 оны 04 сарын 14-ний өдөр гардаж авсан болно.

Иймд эмчилгээний зардал 19,627,400 төгрөг, 2021 оны 04 сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл 15 сарын цалин 30,477,450 төгрөг, үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн төлбөр 36,572,940 төгрөг, нийт 86,677,790 төгрөгийг гаргуулж, цаашид үйлдвэрлэлийн ослын улмаас зайлшгүй хийлгэх эмчилгээний төлбөрт сар бүр 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Д.Э нь ИНЕГ-ын Технологи, үйлчилгээний хэлтэст онгоц үйлчилгээний жолоочоор ажиллаж байхдаа 2021 оны 03 сарын 12-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орсон. Тухайн осолтой холбогдуулан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт-ыг ИНЕГ-ын харьяа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс 2015 оны 269-р тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.2.1-д заасныг үндэслэн 2022 оны 06 сарын 15-ны өдөр үйлдсэн байдаг. Иргэн Д.Э нь үйлдвэрлэлийн осолд орсноос хойш ажлаа хийх боломжгүй болж эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан эсэх нь тодорхойгүй байсан учраас ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж, ажлаас чөлөөлөх боломжгүй байсан. Тэрээр эмчилгээ хийлгэж байх 2021 оны 11 сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлаа, лист өгч байсан. 2022 оны 06 сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрлэх хөдөлмөрийн чадвараа 100 хувиар алдсан. Д.Э-т эмчилгээний зардлын хувьд ИНҮТ-өөс Газрын тусгай хөгжлийн шатахуун хангалтын албаны даргын 2021 оны 08 сарын 16-ны өдрийн Б/79 дугаар тушаалаар 1 сарын дундаж цалингийн 70 хувьтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж болох 1,218,784 төгрөг, ИНЕГ-ын даргын 2022 оны 07 сарын 07-ны өдрийн Б/159 дугаар тушаалаар хөдөлмөрийн дотоод журмын 8.1-д заасны дагуу 10,000,000 төгрөг, мөн газрын даргын 2023 оны 01 сарын 27-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар 25 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж буюу 50,795,751 төгрөгийг тус тус олгосон болно.

Иймд Д.Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч И-өөс 84,050,390 төгрөг гаргуулж Д.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,627,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, И ААТҮГ нь Д.Э-ын эмчийн жорыг үндэслэн Луцентис тарианы төлбөрийг Д.Э буюу түүний харгалзан дэмжигч З.Б-д олгож байхыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагч И ААТҮГ-аас 578,202 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч Д.Э нь 2021 оны 03 сард 16 хоног, 2021 оны 4 сард 4 хоног ажилласан, үүнээс хойш өвчтэй байсан бөгөөд 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралттай байсан. Харин 2021 оны 08 сарын 12-ны өдөр эхнэр З.Б-гийн гаргасан өргөдлийн дагуу ГТҮШХА-ны даргын 2021 оны 08 сарын 13-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар 2021 оны 08 сарын 12-ны өдрөөс 2021 оны 11 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд цалингүй чөлөөг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 80 дугаар зүйлийн 80.1-д заасны дагуу олгосон. Үүнээс хойш Д.Э нь өвчтэй байсан бөгөөд энэ хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-д заасны дагуу Э.Э, Д.М нартай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллуулсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Иймд ажил олгогч буюу И ААТҮГ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасны дагуу Д.Э-ын ажлын байрыг нь хэвээр хадгалж мөн хугацаанд ээлжийн амралттай, цалингүй чөлөө авсан нь баримтаар тогтоогдож байхад үүнийг харгалзан үзэлгүй ажилгүй байсан хугацааны цалин 30,477,450 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ажилгүй байсан хугацааны цалин хөлс 30,477,450 төгрөг, үйлдвэрлэлийн ослын улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан нөхөн төлбөр 36,572,940 төгрөг, цаашид Луцентис тарианы төлбөрийг эмчийн жорыг үндэслэн олгох төлбөр гэсэн атлаа нийт 84,050,390 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, ямар үндэслэлээр 84,050,390 төгрөгийн тооцоолол гаргасан нь тодорхойгүй байна.

4.3. Хариуцагч И ААТҮГ-ын харьяа ГТҮШХА-ны даргын 2021 оны 08 сарын 16-ны өдрийн Б/79 дугаар тушаалаар Д.Э-т 1 сарын дундаж цалингийн 70 хувьтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж буюу 1,218,784 төгрөгийг 2021 оны 08 сарын 30-ны өдөр өгсөн, мөн ИНЕГ-ын даргын 2022 оны 07 сарын 07-ны өдрийн Б/159 дугаар тушаалаар хөдөлмөрийн дотоод журмын /2022 оны/ 8.1.1.в-д заасны дагуу эмчилгээний зардалд 10,000,000 төгрөгийг 2022 оны 07 сарын 22-ны өдөр шилжүүлсэн. Шүүх эдгээрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцоогүй.

4.4. Шүүх хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн нүд хараагүй болоогүй гэх тайлбар, үндэслэл, нотлох баримтыг харгалзан үзэлгүй зөвхөн нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч И ААТҮГ-ын хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байсан эсэхийг тогтоосон хууль, шүүхийн байгууллагын аливаа нэг шийдвэр хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч үүнийг нотлоогүй. Хэрэгт авагдсан Нүд судлалын үндэсний зөвлөлийн хурлын тэмдэглэл мөн Д.Э-ын 2021 оны 06 сарын 28-ны өдөр гаргасан өргөдөл зэрэг баримтуудаас үзвэл үйлдвэрлэлийн ослын улмаас түүний нүд хараагүй болоогүй нь тогтоогдож байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Д.Э хараагүй болсон талаарх эмчийн дүгнэлтүүдийг хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Хариуцагчаас Д.Э-ыг вакцин хийлгэснээс болж хараагүй болсон гэх үндэслэлгүй тайлбарыг гаргадаг. Хэрэгт Д.Э-ыг ажлаас чөлөөлсөн тогтоолыг нотлох баримтаар хавсаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2-т зааснаар Д.Э-ыг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой тэтгэмж олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгчийг ажлаас халагдсантай холбоотой тэтгэмжийг авсан учраас уг асуудлаар маргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд зааснаар үйлдвэрлэлийн осолд өртсөнөөс үүсэх нөхөн төлбөрийг олгох ёстой. Уг нөхөн төлбөрийг нэхэмжлэгчид олгоогүй учраас нэхэмжлэл гаргасан. Хэргийн бодит нөхцөл байдлаас харахад Д.Э нь үйлдвэрлэлийн осолд өртсөн үйл баримт хэрэгт авагдсан актаар тогтоогддог. Хариуцагчаас тухайн актыг эс зөвшөөрч маргаан үүсгэсэн зүйл байхгүй. Д.Э нь үйлдвэрлэлийн осолд өртсөний дараа хугацаа алдалгүй эмнэлгийн байгууллагад хандаж чадсан тохиолдолд нэг нүд нь хараатай үлдэх боломжтой байсан гэж эмнэлгээс дүгнэсэн. Гэвч хариуцагчийн зүгээс 1 жил 6 сарын хугацаанд янз бүрийн шалтгааны улмаас акт бичиж өгөөгүй. Д.Э-ын эхнэр уг асуудлын талаар судалж, 1 жил 6 сарын дараа И ААТҮГ-аас өөрийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, актыг нөхөн гаргаж өгсөн. Хариуцагч актыг нөхөн гаргаж өгсөн учраас хуульд заасны дагуу нөхөн төлбөрийг гаргуулах ёстой. Мөн 1 жил 6 сарын хугацаанд Д.Э-ыг ямар нэгэн байдлаар өөр албан тушаалд томилон ажиллуулах талаар санал хүргүүлж байгаагүй. Гэвч үйлдвэрлэлийн ослыг хүлээн зөвшөөрснөөс 6 сарын дараа Д.Э-ыг ажилдаа тэнцэхгүй байна гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т зааснаар ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд мөн хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1-д заасан арга хэмжээг аваагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

2. Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч И ААТҮГ-т холбогдуулан эмчилгээний зардал 19,627,400 төгрөг, 2021 оны 04 сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл 15 сарын цалин 30,477,450 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 36,572,940 төгрөг, нийт 86,677,790 төгрөгийг гаргуулах, үйлдвэрлэлийн ослын улмаас цаашид байнга хийлгэх эмчилгээний төлбөрт сар бүр 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3.  Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.  Талууд 2020 оны 01 сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ-г хугацаагүй байгуулж, Д.Э нь Технологи үйлчилгээний хэлтсийн Технологи үйлчилгээний жолоочоор ажиллах, И ААТҮГ нь хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр хангаж, 110.05.24-III сүлжээгээр цалинжуулах нөхцөлийг харилцан тохиролцсон;

3.2. Ажилтан Д.Э нь Технологи үйлчилгээний жолоочоор ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 03 сарын 12-ны өдрийн 23:00 цагийн үед үйлдвэрлэлийн осолд өртсөн;

3.3. Улмаар, И ААТҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн комиссын 2022 оны 06 сарын 14-ний өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт-аар дээрх ослыг үйлдвэрлэлийн осолд нөхөн бүртгэсэн;

3.4. Дээрхийг үндэслэн, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 0516904 дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт-аар Д.Э-т ердийн өвчний жагсаалтын 1-5-4 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 100 хувиар хугацаагүй тогтоож шийдвэрлэсэн;

3.5. Үүний дараа, И ААТҮГ-ын Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны даргын 2022 оны 12 сарын 26-ны өдрийн Б/154 дугаар тушаалаар Д.Э нь хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон үндэслэлээр Д.Э-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

4. Дээрхээс үзвэл, ажил олгогч И ААТҮГ нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах бүртгэх дүрэм-д хоёрдугаар зүйл, гуравдугаар зүйлд заасан үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, акт тогтоох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу үйлдвэрлэлийн осол гарснаас хойш 1 жил 3 сарын дараа үйлдвэрлэлийн осолд нөхөн бүртгэж, акт тогтоосон байна.

Иймд, хариуцагч талын гаргасан ...ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн нүд хараагүй болоогүй, ажил олгогчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байсан эсэхийг тогтоосон аливаа шийдвэр байхгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй. 

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнг буруу тогтоосон байна.

5.1.  И-ын даргын 2022 оны 07 сарын 07-ны өдрийн Б/159 дугаар тушаалаар эмчилгээ хийлгэхэд нь зориулж 10,000,000 төгрөгийн буцалтгүй тусламжийг Д.Э-т олгохоор шийдвэрлэж, 2022 оны 07 сарын 22-ны өдөр олгожээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан эмчилгээний зардал 19,627,400 төгрөгөөс 17,000,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул уг үнийн дүнгээс 10,000,000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй.

Иймд, эмчилгээний зардалд хариуцагчаас 7,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

Ажил олгогчоос эмчилгээний зардалд зориулан олгосон 10,000,000 төгрөг нь нэхэмжлэгчийн шаардсан эмчилгээний зардлаас ялгаж зааглагдсан эсэх нь эргэлзээтэй.

5.2.  Мөн И-ын даргын 2023 оны 01 сарын 27-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар Д.Э-т 25 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, 2023 оны 02 сард 31-ний өдөр 50,795,751 төгрөгийг олгожээ.

Анхан шатны шүүх дээрх 50,795,751 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь, И-ын даргын 2023 оны 01 сарын 27-ны өдрийн Б/09 дугаар тушаалд ...хөдөлмөрийн чадвар алдсан нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон... гэсэн үндэслэлийг дурдсан байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж нь ажилласан жилээс хамаарч нэгээс - дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээтэй байдаг бол Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан үйлдвэрлэлийн ослын улмаас ажилтанд олгох нөхөн төлбөр нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувиас хамаарч нэг сарын цалин хөлсийг таваас арван найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байна.

Иймд, хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 36,572,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

6. Харин анхан шатны шүүх ...ажил олгогч үйлдвэрлэлийн ослыг хожим нөхөж бүртгэсэн, ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй... гэж дүгнэн 2021 оны 04 сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл 15 сарын цалин 30,477,450 төгрөгийг, мөн ...эмнэлгийн байгууллагын онош, тодорхойлолт, өвчний түүх, эмчлэгч эмчийн тодорхойлолт, зарлагын баримтуудаар Д.Э нь сар бүр Луцентис 10 мг/мл тарилга хийлгэх шаардлагатай нь тогтоогдсон... гэж дүгнэн эмчийн жорыг үндэслэн Луцентис тарианы төлбөрийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

7. Томилогдсон иргэдийн төлөөлөгчийн байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах саналыг зохигчид гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасан зохицуулалтад нийцжээ.

8. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг тогтоох хэсэгт баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/01830 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...505.1... гэсний дараа ... , Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1... гэж нэмж, мөн заалтад ...84,050,390 төгрөг... гэснийг ...37,477,450 төгрөг... гэж, ...2,627,400 төгрөгийг... гэснийг ...49,200,340 төгрөгийг... гэж, ...З.Б-д ... гэснийг ...З.Б-д... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...578,202 төгрөг... гэснийг ...345,337 төгрөг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч И ААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 578,202 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР