| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2022/03014/И |
| Дугаар | 210/МА2024/01685 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2024/01685
Б.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/01954 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие О ХХК-д 2018 оноос хайгуулын ахлах геологич, геологийн үйлчилгээ, хайгуулын ахлах мэргэжилтнээр ажилласан. Миний бие энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 2022 оны 06 сарын 21-ний өдөр надад ирүүлсэн ажлаас түр чөлөөлөх мэдэгдэлд намайг байгууллагын дүрэм, журам зөрчсөн байж болзошгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой шалгах шаардлагатай байгаа тул 17 хоногийн хугацаанд ажлаас цалинтай чөлөөлж, 07 сарын 08-ны өдрийн 9:00 цагт ажилдаа ирсэн байх үүргийг өгсөн. 2022 оны 07 сарын 08-ны өдөр ажил дээрээ ирэхэд ажлаас түр чөлөөлөх хугацааг дахин 14 хоногийн хугацаатай сунгаж 07 сарын 22-ны өдрийн 10:00 цагт бэлэн байх үүргийг өгсөн. Гэтэл 07 сарын 20-ны өдөр ажлаас түр чөлөөлснийг зогсоох тухай мэдэгдэл өгч, мөн өдөр Б15284 тоот тушаалаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Уг тушаалаар намайг өөрийн удирдлагад ажилладаг холбогдох ажилтнуудад цахимаар бэлгийн дарамт учруулсан, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг 2022 оны 07 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Цахимаар бэлгийн дарамт учруулсан зөрчил гаргасан нь тогтоогдоогүй, мөн хэнд хэрхэн бэлгийн дарамт үзүүлсэн нь тодорхойгүй байхад энэ үндэслэлээр чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Геологийн үйлчилгээ, хайгуулын ахлах мэргэжилтэн Б.Б нь өөрийн удирдлагад ажилладаг холбогдох ажилтнуудад бэлгийн дарамт учруулсан болох нь хянан шалгах ажиллагаагаар тогтоогдсон бөгөөд энэ үйлдлийг түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон компанийн холбогдох журамд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэж тооцохоор тодорхой заасан тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар 2022 оны 07 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан болно.
Иймд, нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Б.Б-ийн О ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, урьд эрхэлж байсан Техникийн болон нэгдсэн төлөвлөлтийн газрын Геологийн үйлчилгээ, хайгуулын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй, хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж буй баримт нь зөвхөн ажлын байр, албан тушаалтай холбоотой зохицуулалт байсан. Нотлох баримтаар хэрэгт авагдсан 2020 оны 11 сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурсан байна. Үүгээр хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэж үзнэ гэж шүүх дүгнэсэн боловч энэ нэмэлт өөрчлөлтийн эх гэрээ байхгүй атал байгаа мэтээр дүгнэж ноцтой зөрчлийн талаар харилцан тохиролцсон байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ороогүй гэж үзээгүй, харин хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцоогүй тул хөдөлмөрийн гэрээнд заасан хариуцлагын асуудлыг хариуцагч шаардах эрхгүй л гэж маргаж байгааг шүүх харгалзаж үзээгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэхэд дүгнэлт хийх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг хэрэглэхтэй холбоотой. Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлийн талаар талууд харилцан тохиролцож гарын үсэг зурснаар хэрэгжих боломжтой зохицуулалт юм. Гэтэл хариуцагчаас хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийн талаар нэхэмжлэгчтэй тохиролцсон тохиролцоо байхгүй юм. Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 хэрэглэсэн нь зөв гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй юм.
4.2. Шүүх шийдвэрээ уншиж сонсгох үед сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж танилцуулсан хэр нь шийдвэр бичгээр гарах үед уг тайлбар нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна гэж бичсэн нь зөрчилтэй байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд тухайн бэлгийн дарамтад өртсөн гэх ажилтнууд нь бэлгийн дарамтад өртсөн гэж үзсэн бол тэр даруй журмын дагуу тухайн асуудлыг хүлээн авч шийдвэрлэх бүтцэд хандах ёстой. Өөрөөр хэлбэл, хууль мэдэхгүй байх нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэх үндэслэл болохгүй. Бэлгийн дарамтад өртсөн гэх ажилтнууд тухайн үйл явдал болсноос хойш ямар нэг гомдол гаргаагүй харин захиргаанаас судалгаа авснаар энэ асуудал яригдах болсон.
4.3. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэл болгосон дүрэм журмууд нь 2018 оноос хойш буюу 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 7/21 дугаартай тушаалын хавсралтаар Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого, 2021 оны 11 сарын 15-ны өдрийн 54/21 дугаартай тушаалын 1-р хавсралтаар Сахилгын шийтгэл ногдуулах журам зэргийг баталсан. Дээрх журмуудыг нэхэмжлэгчид танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй. Б.Б нь уг баримт бичиг боловсруулахад оролцдог албан тушаалтан мөн эсэхийг нотлох баримт байхгүй, ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй болно.
4.4. Б.Б нь өөрийн удирдлагад ажилладаг ажилтнууддаа бэлгийн дарамт үзүүлсэн, хэрвээ Б.Б-ийн саналыг хүлээж авахгүй бол жинхлэгдэж чадахгүй байх гэж айж байсан гэх гэрч нарын мэдүүлэг үндэслэлгүй юм. Учир нь Б.Б нь ажилд авдаг эрх бүхий этгээд биш, сонгон шалгаруулалтад тэнцүүлдэг, цалин хөлс нэмдэг, хасдаг эрх мэдэлтэй албан тушаалтан биш. Энэ нь хэрэгт авагдсан байгууллагын дотоод журам болон бусад дүрэм журмаар нотлогддог. Гэтэл ямар ч үндэслэлгүй тухайн ажилтнуудын өөрсдийнх нь бодолд тулгуурлан Бэлгийн дарамт нь дарамтад өртсөн хүний үзэл бодлоор тодорхойлогдоно гэсэн өгүүлбэрийг үндэслэн ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
4.5. Бэлгийн дарамтад өртсөн гэх үйл явдал 2019 оны 09, 2020 оны 03 сард болсон бөгөөд үүнийг 2022 оны 06 сарын 17-ны өдөр ажилтнуудтай уулзахдаа мэдсэн гэж гэрч Д.Д мэдүүлсэн ба нэхэмжлэгчийг 2022 оны 07 сарын 20-ны өдөр ажлаас халсан. Тэгэхээр байгууллага тухайн зөрчлийг үргэлжилсэн эсэхээс хамаарахгүйгээр 2022 оны 06 сарын 17-ны өдөр мэдсэн гэж үзэх бөгөөд үүнээс хойш 2022 оны 07 сарын 17-ны дотор сахилгын арга хэмжээ авсан байх ёстой гэж үзэж байна. Гэтэл энэ хугацаа өнгөрсөн байгааг шүүхээс харгалзаж үзсэнгүй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хэрэгт 2018 оны 07 сарын 30-ны өдрийн О ХХК-аас Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдсан. Уг гэрээний дагуу Б.Б нь О ХХК-д хайгуулын ахлах геологичоор ажиллаж байгаад 2020 оны 11 сарын 15-ны өдөр албан тушаал өөрчлөгдөж, геологи үйлчилгээ, хайгуулын ахлах мэргэжилтэн болсон. 2018 оны хөдөлмөрийн гэрээ, 2020 онд албан тушаал өөрчлөгдсөнтэй холбоотой хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Уг баримтуудаас харахад Б.Б-ийн албан тушаал, цалингийн хэмжээ өөрчлөгдсөн боловч хөдөлмөрийн гэрээний бусад нөхцөл өөрчлөгдөөгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэх тайлбар гаргасан нь үндэслэлгүй. Мөн бэлгийн дарамтад өртсөн ажилтнууд Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу 2022 оны 06 сарын 20-ны өдөр компанид гомдол гаргасны дагуу компаниас хийсэн хяналт шалгалтын ажиллагаагаар Б.Б нь 2022 оны 04 сарын 28-ны өдөр Ш.Б-д, 2022 оны 03 сарын 26-ны өдөр Э.Д нартай цахимаар харилцахдаа бэлгийн дарамт учруулсан. Хөдөлмөрийн гэрээний 10.2.и, сахилгын шийтгэл оногдуулах журмын 17.2.9.2, 5.7.ё, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдсон. Уг нөхцөл байдлын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй. Мөн хяналт шалгалтын тайлан 2022 оны 07 сарын 07-ны өдөр гарч, сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг 2022 оны 07 сарын 20-ны өдөр гаргасан учраас хуульд заасан хугацаа дуусаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болгосон дүрэм, журмууд нь 2018 оноос хойш батлагдсан учраас нэхэмжлэгчид танилцуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй гэж маргадаг. Гэвч нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 07 сарын 30-ны өдөр компанийн холбогдох дүрэм, журамтай өөрөө танилцах үүрэгтэй. Мөн нэхэмжлэгч тухайн дүрэм журамтай танилцаж, хөдөлмөрийн гэрээг байгуулсан нь хэргийн 195-р талд авагдсан. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 8.г-д зааснаар ажилтан, компанийн бодлого, журам, стандарт болон холбогдох бусад баримт бичгүүдтэй өөрөө танилцах үүрэгтэй гэж зохицуулсан. О ХХК-аас бүх ажилтнуудтай холбоотой дүрэм, журам, өөрчлөлтийг тухай бүрт нь танилцуулж, мэдээлэл хүргүүлдэг. Уг нөхцөл байдлын талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч Б.Б нь бэлгийн дарамтад өртсөн гэх эмэгтэй ажилтнуудын ажилладаг хэлтсийн буюу геологи, үйлчилгээ, хайгуулын хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, тухайн эмэгтэй ажилтнуудыг шууд удирдах албан тушаалтан гэж үзэж байна. Уг нөхцөл байдлын улмаас ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд санал өгөх, шууд удирдлагын өгсөн үнэлгээг өөрчлөх эрхтэй албан тушаалд ажилладаг. Өөрөөр хэлбэл, Б.Б жилийн эцсийн урамшуулал олгох үнэлгээг тодорхойлдог. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бэлгийн дарамтад өртсөн ажилтан Ш.Б-г О ХХК-д ажилд орох сонгон шалгаруулалтын бүрэлдэхүүн гишүүнээр Б.Б ажиллаж байсан. Уг нөхцөл байдлын талаар Ш.Б-гийн гаргасан гэрчийн мэдүүлэгт тусгагдсан. Мөн Ш.Б-г эрүүл мэндийн үзлэгт орсон гэж хэлэхэд Б.Б нь аан заа чамайг сонгосон шүү гэж хэлж, тэгж байгаад хамт хоолонд орох уу гэж бичиж байсан. Түүнчлэн Ш.Б-г ийн анхан шатны шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгт Б.Б-ийн тантай харилцсан харилцаанаас шалтгаалж, таны ажилд эерэг, сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэж бодож байна уу гэх асуултыг асуухад байсан, гомдол гаргасны дараа миний ажил үүрэгт нөлөөлж, намайг ажлаар дарж, ачаалал үүсгэхвий гэж санаа зовж байсан гэж хариулсан. Б.Б нь удирдах албан тушаалтан учраас ажил үүрэг, ажлын норм хэм хэмжээг ажилтнуудад хуваарилж, шийдвэрлэдэг байсан. 2019 оны 09 сар, 2020 оны 03 сард бэлгийн дарамтад өртсөнийг 2020 оны 06 сарын 17-ны өдөр ажилтнууд уулзахдаа мэдсэн. Б.Б-ийн гаргасан зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг 2022 оны 06 сарын 20-ны өдөр эхлүүлж, ажилтнууд хамтран гомдол гаргасны дагуу Э.Д, Ш.Б нартай 2022 оны 06 сарын 29-ний өдөр, холбогдох гэрч нартай мөн оны 07 сарын 01-ний өдөр тус тус ярилцлага хийж, хяналт шалгалтын тайланг 2022 оны 07 сарын 07-ны өдөр гаргаж, компанийн удирдлагуудад танилцуулсан. 2022 оны 07 сарын 20-ны өдөр гүний уурхайн төслийн захирлын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гарсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасантай нийцэж байна. Мөн ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрх явдлыг үл тэвчих бодлогын 7.ё-д зааснаар тухайн дүрэм, журмыг ажилтнууд бүгд сахин биелүүлдэг. Уг нөхцөл байдлаас харахад хамт гадуур гарах санал тавих, ялангуяа өмнө нь татгалзсан хариу авсан атлаа дахин санал тавьсаар байгааг бэлгийн дарамт гэж үзэхээр зохицуулсан. Мөн уурхайн ажилтнууд гэр бүлээсээ хол ажилладаг. Гэвч бэлгийн дарамтад өртсөн ажилтнууд бүгд гэр бүлтэй байсан. Мөн гэр бүлээсээ хол ажиллаж байхад өөр нэг ажилтан хамт шоудах, уулзах, болзох, хоёулхнаа байх санал хүслээ илэрхийлж байгаа нь тухайн ажилтанд сэтгэл зүйн маш том дарамт учруулдаг учраас хариуцагчийн зүгээс тухайн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрдөггүй.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч О ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. О ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирлын 2022 оны 07 сарын 20-ны өдрийн Б15284 дугаартай тушаалаар Техникийн болон нэгдсэн төлөвлөлтийн газрын Геологийн үйлчилгээ, хайгуулын ахлах мэргэжилтэн Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 07 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалж шийдвэрлэжээ.
Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.1, Б.Б-тай байгуулсан 2020 оны 11 сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн б, в, 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.1.и, О ХХК-ийн Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого-ын 3.1, 3.2.в, 3.3.а, 5.7.ё-д заасныг тус тус баримталсан байх ба ...Б.Б нь өөрийн удирдлагад ажилладаг ажилтнуудад цахимаар бэлгийн дарамт учруулсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан... гэсэн үндэслэлийг тусгажээ.
4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлж, ...нэхэмжлэгч Б.Б нь бусдад бэлгийн дарамт учруулсан болох нь тогтоогдож байх тул ажил олгогчийн тушаал хуульд нийцсэн... гэж дүгнэн, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Тодруулбал:
4.1. О ХХК-ийн Хөдөлмөрийн харилцааны хэлтсийн 2022 оны 07 сарын 07-ны өдрийн Хянан шалгах ажиллагааны тайлан, ажил олгогчийн зүгээс 2022 оны 06 сарын 17-ны өдөр ажилтан Ш.Б, Э.Д нартай хийсэн Ярилцлагын тэмдэглэл, 2023 оны 11 сарын 16-ны өдөр Ш.Б-г ийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, 2023 оны 11 сарын 29-ний өдөр Э.Д-ний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн Б.Б, Ш.Б болон Б.Б, Э.Д нарын харилцсан цахим зурвас, түүний агуулга зэргээс үзвэл, нэхэмжлэгч Б.Б нь 2022 оны 03 сарын 26-ны өдөр ажилтан Э.Д-тэй, 2022 оны 04 сарын 28-ны өдөр ажилтан Ш.Б-тэй тус тус цахим зурвасаар харилцахдаа О ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирлын 2022 оны 07 сарын 20-ны өдрийн Б15284 дугаар тушаалд дурдагдсан 2020 оны 11 сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, О ХХК-ийн Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого-ын холбогдох зүйл, заалтыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан болох нь нотлогдож байна.
Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...ямар ч үндэслэлгүй тухайн ажилтнуудын өөрсдийнх нь бодолд тулгуурлан бэлгийн дарамт үзүүлсэн байна гэж дүгнэсэн... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
4.2. Дээр дурдсанчлан, ажил олгогч нь ажилтны 2022 оны 03 сарын 26, 04 сарын 28-ны өдрүүдэд гаргасан сахилгын зөрчлийг 2022 оны 07 сарын 07-ны өдөр шалган тогтоож, улмаар 2022 оны 07 сарын 20-ны өдөр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс ... хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасантай нийцжээ.
Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2022 оны 07 сарын 17-ны өдрийн дотор сахилгын арга хэмжээ авах ёстой байсан... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
5. Ажилтан Б.Б нь ажил олгогч О ХХК-д Техникийн болон нэгдсэн төлөвлөлтийн газрын Геологи үйлчилгээ, хайгуулын ахлах мэргэжилтнээр ажиллаж, холбогдох ажил үүргийг гүйцэтгэж, цалин хөлс авч байсан, мөн 2020 оны 11 сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ-нд 2020 оны 11 сарын 25-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурсан байх тул талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлдээ хавсаргасан 2018 оны 07 сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ-нд мөн адил ажилтны гарын үсэг зурагдаагүй байдаг тул ...ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураад хувийг ажилтанд хүлээлгэн өгдөг... гэсэн хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэхээр байна.
Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй, хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцоогүй... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Хэрэгт авагдсан 2018 оны 07 сарын 30-ны өдрийн болон 2020 оны 11 сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ-нд заасан албан тушаал, сарын үндсэн цалин өөр боловч компанийн дүрэм, журмыг дагаж мөрдөхтэй холбоотой болон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийн талаарх зохицуулалт зэргийн агуулга адилхан байна.
Ажилтан Б.Б нь 2018 оны 07 сарын 30-ны өдөр буюу Хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөө О ХХК-ийн дүрэм, журам, холбогдох гарын авлагуудыг хүлээн авч, уншиж танилцсан тухай, мөн дүрэм, журмуудтай холбогдуулан гаргасан компанийн аливаа шийдвэрийг цаашид дагаж мөрдөх тухай, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу холбогдох бусад баримт бичгүүдтэй өөрөө танилцах үүрэгтэй тухай ойлгож, хүлээн зөвшөөрсөн баримтад гарын үсэг зурсан байна.
Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэл болгосон дүрэм журмууд нь 2018 оноос хойш батлагдсан... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/01954 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.НЯМБАЗАР