| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2023/03694/И |
| Дугаар | 210/МА2024/01686 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2024/01686
Ж.М-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/02303 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.М, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2022 оны 04 сараас Н ХХК-д ажилласан. Гэтэл Н ХХК-ийн Харуул хамгаалалтын хэлтсийн даргын 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 4-10/273 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.3.5, 9.2.4, хөдөлмөрийн гэрээний 6.5.9.1-т заасныг үндэслэн 2023 оны 04 сарын 28-ны өдөр бусад ажилтанд санаатайгаар бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг цуцалсан. Номин Ж супермаркет салбар дэлгүүрийн гарахын шалган албан тушаалтай А.Ж анх 2023 оны 04 сарын 25-ны өдөр номин бонус карт ашиглах журмыг ноцтой зөрчсөн зөрчил илрүүлсэн тухай хэсгийн дарга надад танилцуулснаар би уг зөрчлийг ажил үүргийн дагуу шалгаж эхэлсэн. Тус салбар дэлгүүрийн кассын ажилтан Ц.Ж нь иргэн Б.Ц гэх хүний нэр дээр********* дугаартай бонус картыг 2023 оны 03 сард нээж улмаар иргэдийн худалдан авсан барааны үнийн дүнгийн урамшууллын бонусыг өөртөө удаа дараа уншуулж, 23,729,557 төгрөгийн бараан дээр 1,270,076 төгрөгийн бонус хуримтлагдан өөртөө ашигласан нь тогтоогдсон. Мөн иргэдийн худалдан авсан бараа талоныг дэлгүүрийн заал зохион байгуулагч, эрхлэгч нарын тусгайлан олгосон кодоор нэвтрэн орж устгаж дэлгүүрийн орлого 6.0-7.0 сая төгрөгийг бэлнээр нууцаар авсан үйлдэл нь хяналтын камер болон бусад баримтаар нотлогдсон. Миний бие дээрх ноцтой зөрчлийг шийдвэрлэхийн тулд зөрчил гаргагч Ц.Ж-аас болсон зөрчлийн талаар асууж тодруулахаар уулзах гэсэн боловч 2023 оны 04 сарын 26, 27-ны өдрүүдэд ажил дээрээ ирээгүй чөлөө авсан улмаар 2023 оны 04 сарын 28-ны өглөө Ц.Ж руу холбогдож ажлын оффис дээр ирж уулзах талаар хэлсэн боловч очиж явна гэж худлаа ярьж өдөржин хүлээлгэсэн. Намайг гэртээ ирсэн хойно дахин Ц.Ж миний утас руу залгаад очоод уулзая гэсэн ба тухайн үед маргааш ажлын оффист хүрээд ирээ би гэртээ ирсэн байна гэтэл би маргааш уулзаж чадахгүй хүүхэд эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн тул уулзаж чадахгүй хугацаа алдах юм байна гэж бодоод чи одоо хаана байгаа юм аль чиг явах вэ гэж асуухад Ж салбар буюу ажлын чигт явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай гэрийн зам дагуу юм байна зүүн дөрвөн замын торгоны замтай байрны гадна ирээд залгачих гэсэн. Ц.Ж удалгүй ирчихлээ гэж хэлэхэд нь уулзахаар гарсан. Ц.Ж-т өөрийгөө танилцуулан уулзаж хэдэн зүйл тодруулах гэтэл гадаа ярих тохиромжгүй дуу чимээтэй, хүйтэн байсан тул машины урд талын суудал дээр сууж 5-6 минут орчим ярилцаж хэдэн зүйл тодруулсан. Тухайн үед манай дүү хамт юманд явах гээд намайг хүлээгээд машины урд найзтайгаа уулзаад хараад зогсож байсан. Ингээд Ц.Ж-аас болсон асуудлын талаар асуухад Ж салбарт намайг ажилд анх ороход тэнд намайг хоёр хоног дагалдуулсан тэнд ажилладаг байсан нэг кассчин эмэгтэй бонус карт үүсгээд уншуулаад явж болдог гэж надад зааж өгсөн, би тухайн хүнийг харвал танина хэн гэдгийг мэдэхгүй, би зөрчил гаргасан нь үнэн миний буруу гэж үнэн учраа хэлсэн. Би Ц.Ж-т номин бонус картыг ашиглах журмыг танилцуулж дэлгүүрт учирсан бодит хохирлыг төлөх талаар тайлбарлан маргааш ажил дээрээ очиж Харуул хамгаалалтын ажилтан А.Ж, Д.С нартай уулзаж надад ярьсан зүйлээ тайлбар болгож бичиж өгөөрэй гэж хэлээд явуулсан. Энэ тухай 2023 оны 04 сарын 24-ний өдрөөс 2023 оны 04 сарын 28-ны өдрийн ажлын тайланд бонус ашигласан зөрчлийн талаар бичиж тайлагнасан. Миний бие Ц.Ж-ийг огт танихгүй, уулзаж ярилцаж байгаагүй бөгөөд гаргасан зөрчлийн асуудлыг тодруулах зорилгоор анх удаа уулзсан. Түүний хэргийг шалгаж байгаа хүнд саад учруулах зорилгоор санаатайгаар худал гомдол, мэдээлэл гаргасан байгаа. Энэ талаар ажил олгогч шалган тогтоох байтал нотолж тогтоохгүйгээр намайг шууд буруутгасанд гомдолтой байна. Энэ зөрчлийн талаар ажил олгогч нотлоогүй зөвхөн нэг хүний үнэн, худал нь мэдэгдэхгүй өргөдлийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Би Ц.Ж-т холбогдуулан Цагдаагийн газарт гаргасан гомдлын дагуу ажиллагаа хийж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 06 сарын 20-ны өдөр 5875 дугаартай тогтоолд Ж.М нь Ц.Ж-ийн биед хууль бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл үйлдэгдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн нь намайг бэлгийн дарамт үзүүлээгүй, хууль бусаар хүнд халдаагүй болохыг тогтоосон.
Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Ж.М нь Ц.Ж-тай 2023 оны 04 сарын 28-ны өдөр уулзсан талаар хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй. 2023 оны 05 сарын 05-ны өдөр Ц.Ж бичгээр гомдол гаргаж, Ж.М 05 сарын 06-ны өдөр өөрөө бичгээр хариу тайлбар өгсөн. 2023 оны 05 сарын 12-ны өдөр ёс зүйн хороо хуралдаж шийдвэр гаргасан. Уг өдрийн огноогоор сахилгын шийтгэл ногдуулж, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Ц.Ж 2023 оны 04 сарын 26-ны өдрөөс 04 сарын 29-ний хооронд албан ёсны 3 өдрийн чөлөөтэй байсан. Ингээд 04 сарын 30-ны өдөр ажилдаа ирээд өөрийн шууд удирдлага болох заал зохион байгуулагч н.Т-д үйл баримтын талаар хэлсэн байдаг. Мөн 04 сарын 30-ны өдөр н.С гэх хүнд Ж.М гэх хэсгийн дарга надад бэлгийн дарамт учруулсан гэж хэлсэн байдаг. Гомдол гаргахдаа өөрийн биеэр оффис дээр ирж, эрх зүйн газрын даргад гомдлоо гаргасан. Энэ асуудлыг ёс зүйг хороо хуралдаж шийдвэрлэхэд өөрөө хуралд нь оролцсон. Ажил олгогч нь бэлгийн дарамт учруулахаас урьдчилан сэргийлэх таслан зогсоох үүргийг хуулиар хүлээсэн. Ц.Ж чөлөөтэй байсан, хүүхдээ эмнэлэгт харж байсан, энэ хугацаанд 5 дахь өдөр ажлын бус цагаар дуудаж, машинд уулзсан. Нэхэмжлэгч нь Ц.Ж уулзахдаа уйлсан гэж хэлдэг. Хүн өөрийнхөө зөрчлийг зөвшөөрч байна, зөрчил гаргасан намайг уучлаарай гэж хэлсэн гэж байна, гэхдээ хүн шууд уйлах уу, үүнд эргэлзэж байгаа. Уйлтал нь тэр хүнтэй юу ярьсан бэ, яасан бэ гэдэг нь бас асуудал юм. Үүнд ямар нэгэн бэлгийн дарамт учирсан байна, тийм учраас тэр хүүхэд уйлсан, түүнчлэн шууд ажилдаа ирээд дээд албан тушаалтандаа мэдэгдсэн. Сүүлдээ болохоо байхаар нь гомдол гаргасан байна гэж үзэж байгаа. Дараагийн асуудал нь Ц.Ж өөрөө гүйж ирсэн юм шиг тайлбар хэлж байна. Гэтэл 04 сарын 28-ны өдөр тав дах өдөр, талуудын тайлбараас харахад чи маргааш ирээд тайлбар өгчих, өнөөдөр амжихгүй гэдэг тайлбарыг нэхэмжлэгч өөрөө хэлсэн. Маргааш нь хагас сайн өдөр байгаа, хагас сайн өдөр нэхэмжлэгч амарна, нөгөө хүн нь чөлөөтэй байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн тайлбар бодит байдалтай зөрүүтэй. Тэгээд зөрчил болон бүх зүйлээ хүлээн зөвшөөрөхөөр нь тэр байдлыг нь далимдуулан тодорхой хэмжээний давуу байдал олгоно гэдэг байдлаар бэлгийн дарамт учруулсан нь тогтоогдсон гэж үзэж тушаал гаргасан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар Ж.М-ийг Н ХХК-ийн Харуул хамгаалалтын хэлтсийн хэсгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Н ХХК-аас 19,841,860 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.М-т олгож, дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлснийг баталгаажуулахыг Н ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.М-т, 257,159 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Нэхэмжлэгч Ж.М нь хохирогч Ц.Ж-ийг ажлаасаа чөлөө авсан байхад буюу 2023 оны 04 сарын 28-ны өдрийн оройн 20 цаг 30 минутын орчимд өөрийн гэрийн хажууд, Зүүн 4 замд машин дотроо суулгаж уулзсан ба уг уулзалтаар Ц.Ж уйлсан талаар талууд маргаагүй. Түүнчлэн Ж.М-ийн гаргаж өгсөн Ц.Ж руу олон удаа залгасан баримт, гэрч Л.Б-ын өгсөн мэдүүлэгт нэхэмжлэгч нь хохирогчтой ...дотно сэтгэгдэл төрүүлэх зорилгоор уулзсан гэх зэрэг нотлох баримтуудаар Ж.М нь өөрийн шууд удирдлага дор ажилладаг Ц.Ж-т бэлгийн дарамт учруулсан нь нотлогдож байгаа.
4.2. Үүнээс илүүтэй уг асуудлыг бүрэн нотлох боломж байхгүй бөгөөд тухайн үйл явдал болох үед Ж.М болон Ц.Ж нараас өөр хүн байхгүй, дуу дүрсний бичлэг байхгүй атал шүүхээс тус үйл баримт нотлогдоогүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрөө ямар нэг байдлаар бэлгийн дарамт учруулаагүй гэх татгалзлаа бүрэн нотолсон тодорхой баримт шүүхэд гаргаж өгөөгүй болно. Мөн хариуцагчийн зүгээс Компанийн ёс зүйн хороо 05 сарын 12-ны өдөр хуралдахаас өмнө Ж.М-ийн 2023 оны 05 сарын 06-ны өдрийн Харуул хамгаалалтын албаны удирдлагад гаргасан тайлбар-ыг шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн. Шүүх хуралдааны үед гаргасан нэмэлт тайлбартаа Компанийн ёс зүйн хороо хуралдахаас өмнө Ж.М, хохирогч Ц.Ж, уг асуудлыг хамгийн түрүүнд мэдсэн ажилтан буюу Ц.Ж-ийн шууд удирдах албан тушаалтан Зохион байгуулагч Д.Т, гарахын шалган А.Ж зэрэг олон хүнээс тайлбар авсан гэдгээ дурдсан. Харин нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд бэлгийн дарамт учруулсан асуудлаар ямар нэг тайлбар аваагүй гэж худал тайлбар гаргасан байдаг.
4.3. Нэхэмжлэгч анх тайлбар гаргахдаа Ц.Ж-тай уулзаж байхад машины хажууд өөрийн дүү гэрч Б.С, М.О нар байсан талаар дурдаагүй. Гэтэл Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргахдаа гэрчээр мэдүүлэг өгүүлсэн. Хэргийг шалгахдаа Ц.Ж-ийг дуудаж мэдүүлэг аваагүй боловч бэлгийн дарамт үзүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж танил талаа ашиглан ямар ч үндэслэлгүй хууль бус дүгнэлт хийлгэсэн. Мөн нэхэмжлэгч 05 сарын 06-ны өдөр гаргасан тайлбарт ...маргааш ажил дээр ирээд уулзаарай гэхэд Ц.Ж өөрөө одоо очиж уулзана гээд ирсэн гэж дурдсан /маргааш нь хагас сайн өдөр бөгөөд Ж.М амардаг ажил дээрээ дуудах боломжгүй/, Ц.Ж, Ж.М нар машин дотор уулзах явцад Ц.Ж-ийг уйлсан гэхэд гэрч М.О уйлаагүй, уйлсан зүйл ажиглагдаагүй зэрэг эргэлзээтэй, үнэлэх боломжгүй тайлбар, мэдүүлэг, нотлох баримтыг шүүх дүгнээгүй нь хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж шийдвэр гаргахыг зөрчсөн.
4.4. Шүүхээс зөрчил нь бүрэн нотлогдоогүй буюу бэлгийн дарамж учруулах гэдгийг заавал бэлгийн хүчирхийлэл байх ёстой, Ц.Ж бие физиологийн хувьд хохирсон байж түүнийг баримтаар, бичлэгээр нотолсны дараа зөрчил гэж үзэн шийдвэрлэх ёстой мэт хэт явцуу дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Ж.М нь хохирогч Ц.Ж-ийг ажлаасаа чөлөө авсан байхад нь буюу 2023 оны 04 сарын 28-ны өдөр олон удаа залгаж оройн 20 цаг 30 минутыг орчим өөрийн гэрийн хажууд, Зүүн 4 замд машин дотроо суулгаж уулзаж бүх зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байхад нь түүнийг уйлуулсан /Ц.М нь Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан ба өөрийн доод албан тушаалтай ажилчидтай зүй бус харьцсан гомдол хэд хэд ирсэн улмаар сахилгын шийтгэл 02 сарын 03-нд авсан байдаг/ нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4.1.7-д заасан ...бэлгийн сэдлийн улмаас....сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх гэх ойлголтод хамаарна гэж үзэж байна.
4.5. Ц.Ж-ийн гаргасан гомдол, шүүхэд мэдүүлсэн мэдүүлэгт нэхэмжлэгч нь чи яагаад кассаар ажилд орсон юм би чамайг харуул хамгаалалтын албанд авч чадна, чи надад тусалбал би ч чадна тусалж чадна, хэрвээ хүнд хэлбэл ажилгүй болгон гэх мэтээр хэлсэн байдаг. Уг үйлдэл нь дээрх хуулийн 4.1.7-д бэлгийн дарамт гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, илэрхийлсэн, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг, эсхүл бэлгийн сэдэлтэй аливаа үйлдлийг давуу эрх, боломж эдлүүлэх болзол болгон тавихыг гэж тодорхойлсон ойлголтод хамаарч байна.
4.6. Хохирогч Ц.Ж шүүхэд мэдүүлсэн мэдүүлэгт нэхэмжлэгч талаас ямар үндэслэлээр биед чинь хүрсэн гэж ярьж байгаа вэ? гэж асуухад Номин сүлжээ дэлгүүрт миний үеийн охидууд олон ажилладаг тул бусад хүмүүст ийм асуудал битгий тохиолдоосой гэсэн зорилгоор гомдол гаргасан гэж хариулсан. Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчийг бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, ажлын байрны тэвчишгүй орчинг бүрдүүлэхгүй байхыг үүрэг болгосон. Бодит байдалд энэ асуудал хэрэгжих боломжгүй, бэлгийн дарамт гэдгийг заавал бэлгийн хүчирхийлэл байх, хохирогч заавал бие физиологийн хувьд хохирсны дараа зөрчил гэж шийдвэрлэх ёстой мэт шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.7. Түүнчлэн ажлын байрны бэлгийн дарамт" зөвхөн ажлын байранд болох ёстой биш. Машинд бэлгийн дарамтын шинжтэй, бэлгийн сэдэл бүхий үйлдэл гаргасныг хууль бус гэж үзэхгүй тохиолдолд ажлын бус цагаар өөрийн доод шатны албан тушаалтай ажилтныг өөрийн гэрийн гадаа дуудаж, машиндаа суулган уулзаж хүссэн зүйлээ хэлж, хүрж болно гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Харин бид Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3-т ажлын байрны бэлгийн дарамт нь зөвхөн ажлын байран дээр бус ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээдийн хоорондын бэлгийн дарамтын шинжтэй гаргасан үйлдэл орохоор заасан байхад хуулийг хэт явцуу тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд ажил олгогчоос цаашид гарч болзошгүй ажлын байрны тэвчишгүй орчинг бүрдүүлэхгүй байх үүднээс, мөн хуульд заасны дагуу эрх нь зөрчигдсөн эмэгтэй ажилтнаа хамгаалах үүргээ хэрэгжүүлсэн үйл баримтыг анхаарч үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: 2024 оны 04 сарын 28-ны өдөр нь ажлын сүүлийн өдөр байсан. Номин сүлжээ дэлгүүрийн тухайн хэлтэс нь 500 гаруй ажилтан албан хаагчтай ба бүх хүмүүсийн тайлан мэдээг сар бүрийн 28-ны өдрийн дотор нэгтгэн, дүгнэж байж би өөрөө цалингаа авдаг тул тухайн өдөр Ц.Ж нь компанид 23,000,000 төгрөгийн хохирол учруулж, мөнгө завшиж, залилсан үйлдлийн төлөө би ажиллаж байсан ба 3 хоногийн дотор Ц.Ж-ийн гаргасан зөрчлийг миний бие шалган шийдвэрлэх үүрэгтэй байсан. Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын байранд тодорхойлогдсон бүх арга хэрэгслийг хэрэглэж тухайн зөрчил илэрмэгц би албаны дэд даргадаа орж танилцуулсан. Хохирогч гэх хүн 04 сарын 28-ны өдөр удаа дараа намайг дуудсаар байгаад ирж дарамталсан гэх тайлбарыг өгдөг. Гэтэл миний ажлын болон хувийн 2 гар утсанд үзлэг хийгдсэн талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд би тухайн өдөр Ц.Ж-тай холбогдох гэж ажлын цаг дуусахаас өмнө буюу өдөржин залгасан боловч холбогдож чадаагүй. Гэтэл намайг ажлаасаа тараад явж байх үед буюу оройны 18 цагийн үед Ц.Ж нь өөрөө над руу залгаж би очиж чадсангүй гэж хэлдэг. Миний зүгээс ...одоо яах вэ маргааш амралтын өдөр... гэж хэлэн яаралтай шалгах ёстой байсан тул ...чи одоо хаашаа явах вэ... гэж асуухад хуучин ажиллаж байсан Ж-ын салбар руугаа явна гэж хэлсэн. Би манай гэр замд чинь байдаг, замдаа уулзаж тухайн гаргасан зөрчлийнх нь талаар ярилцах шаардлагатай байсан тул уулзсан. Өөрөөр хэлбэл, би Ц.Ж-ийг танихгүй, анх удаа уулзсан, шууд удирдах албан тушаалтан нь биш. Харуул хамгаалалтын хэлтсийн дарга н.Батбаяр гэх хүн намайг өөрөө тухайн хүнд болсон процессын талаар хэлсэн гэж хариуцагч тал тайлбарлагдаг. Гэтэл ийм зүйл огт болоогүй, 05 сарын 05-ны өдөр намайг өрөөндөө дуудаж уулзсан бөгөөд гомдол ирсэн гэж мэдэгдэж, 05 сарын 12-ны өдөр ажлаас халах тушаал гаргасан болохоос надаас ямар нэгэн тайлбар мэдүүлэг аваагүй. Хоёр гэрчийн хувьд төрсөн дүү нь байсан гэж хариуцагч тал хэлдэг. Гэтэл тухайн хоёр гэрчийн нэг нь миний ахын хүүхэд байсан ба нөгөө хүнийг нь би танихгүй.
Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
4.1. Харуул хамгаалалтын хэлтсийн Хэсгийн дарга Ж.М нь 2023 оны 04 сарын 28-ны өдөр бонус карт ашиглах журам зөрчсөн гэх кассчин Ц.Ж-тай 20:30 цагийн үед гэрийнхээ ойролцоо автомашинд уулзсан;
4.2. Ц.Ж нь тухайн үед буюу 2023 оны 04 сарын 26-ны өдрөөс 2023 оны 04 сарын 29-ний өдрүүдэд албан ёсны чөлөөтэй байсан;
4.3. Ц.Ж нь 2023 оны 05 сарын 05-ны өдөр Н ХХК-д гомдол гаргасан ба уг гомдолдоо ...20:30 цаг болж байхад над руу залгаж гараад ир гэж хэлсэн. ...Автомашиндаа оруулчхаад намайг таних уу гэж асуусан. ...Тэгээд биед /хөх, цээж, бэлхүүс/зөвшөөрөлгүй хүрч эхэлсэн. ..Би их айсан. Би эмнэлэгт хүн сахиж байгаагаа хэлсэн. Гэтэл надад тусалбал би ч гэсэн чамд тусална, хэрвээ хүнд хэлбэл би чамайг ажилгүй болгож чадна. Танайд н.С, н.Ж гэж хоёр шалган байгаа... Би чамайг шалганаар оруулж өгч чадна гэж хэлсэн... гэж дурдсан;
4.4. Тус гомдлыг компанийн Ёс зүйн хороогоор 2023 оны 05 сарын 12-ны өдөр хэлэлцээд Харуул хамгаалалтын салбарын Хэсгийн дарга Ж.М-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, кассчин Ц.Ж-ийн бонус карттай холбоотой хэргийг ЭЗГ болон харуул хамгаалалтын албанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн;
4.5. Үүний дагуу Н ХХК-ийн Харуул хамгаалалтын хэлтсийн даргын 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 4-10/273 дугаар тушаалаар Ж.М-тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.
5. Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, компанийн дотоод журмын 8.3.5, 9.2.4-т заасныг тус тус баримталсан байх ба ...Ж.М нь 2023 оны 04 сарын 28-ны өдөр бусад ажилтанд санаатайгаар бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчил гаргасан... гэсэн үндэслэлийг дурджээ.
6. Анхан шатны шүүх ...прокурорын тогтоолоор Ж.М нь Ц.Ж-ийн биед хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан, ажлаас халах тушаалд дурдагдсан зөрчил баримтаар нотлогдоогүй, Ёс зүйн хорооны хурлаар Ж.М-гээс тайлбар аваагүй бөгөөд зөвхөн Ц.Ж-ийн гомдолд үндэслэн бэлгийн дарамт үзүүлсэн гэж дүгнэсэн... гэсэн агуулгатай дүгнэлтийг хийж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь:
6.1. Прокурорын байгууллага нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлыг шалган тогтоодог бол ажил олгогч байгууллага нь хөдөлмөрийн ёс зүйн, сахилгын, ноцтой зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоодог.
Иймд, Прокурорын байгууллагаас Ж.М-ийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэж шийдвэрлэсэн нь түүнийг хөдөлмөрийн ёс зүйн, сахилгын, ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэх шууд үндэслэл болохгүй.
6.2. Бэлгийн дарамт нь дийлэнх тохиолдолд нууцаар, хөндлөнгийн гэрчгүй үйлдэгддэг тул хохирогч талд нотлоход хүндрэлтэй байдгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зөвхөн биеэр илэрхийлэх идэвхтэй үйлдлээс гадна мөн үг хэлээр, эс үйлдэхүйгээр илэрхийлэгдэх үйлдлийг бэлгийн дарамт-д хамааруулахаар хуульчилжээ.
Зөрчлийг шалган тогтоох эрх бүхий албан тушаалтан буюу Ж.М нь зөрчилд холбогдсон кассчин Ц.Ж-ийг албан ёсоор чөлөөтэй байсан цаг хугацаанд нь буюу 2023 оны 04 сарын 26-ны өдөр, ажлын бус цагаар буюу оройн 20:30 цагт, ажлын бус газар буюу автомашинд дуудан уулзсан, үүний дараахан буюу 2023 оны 05 сарын 05-ны өдөр Ц.Ж нь компанид бичгээр гомдол гаргасан зэрэг нөхцөл байдлаас үзвэл ...ажилтан Ж.М нь 2023 оны 04 сарын 28-ны өдөр бусад ажилтанд санаатайгаар бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон... гэсэн ажил олгогчийн тушаалыг үндэслэлтэй гэж дүгнэхээр байна.
...Тайлан мэдээг сар бүрийн 28-ны өдрийн дотор нэгтгэн, дүгнэж байж би өөрөө цалингаа авдаг... гэх Ж.М-ийн тайлбар нь ажлын бус цагаар, ажлын бус газар зөрчилд холбогдогчтой уулзсан үйлдлийг зөвтгөх үндэслэл биш.
Өөрөөр хэлбэл, Ж.М нь Хөдөлмөрийн гэрээний 6.5.9.1-д заасан Бусдад санаатайгаар аливаа хэлбэрээр сэтгэл зүйн болон бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчлийг гаргасан байх тул Н ХХК-ийн Харуул хамгаалалтын хэлтсийн даргын 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 4-10/273 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцсэн гэж үзнэ.
6.3. Ажил олгогч байгууллага нь кассчин Ц.Ж-ын гомдолтой холбогдуулан Ж.М-ээс 2023 оны 05 сарын 06-ны өдөр бичгээр тайлбар авсан байх тул ...Ёс зүйн хорооны хурлаар Ж.М-ээс тайлбар аваагүй бөгөөд зөвхөн Ц.Ж-ийн гомдолд үндэслэн бэлгийн дарамт үзүүлсэн гэж дүгнэсэн... гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
7. Анхан шатны шүүх бэлгийн дарамтад өртсөн гэх Ц.Ж-ийн өгсөн гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд хамаарах зохицуулалтад нийцээгүй байна.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/02303 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар хариуцагч Н ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай, нэхэмжлэгч Ж.М-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 257,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР