| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0004/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/30 |
| Огноо | 2019-01-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж,
Улсын яллагч: Э.Билгүүн
Шүүгдэгч: М.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан Архангай Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оюут овогт Мгийн Пт холбогдох 1812005130313 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: O овогт Мгийн П/РД:АР.........../
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.П нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутаг дэвсгэр “Бух хайрхан” гэх газраас иргэн Ж.Аы эзэмшлийн Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоциклийг хулгайлж Ж.Ад 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1812005130313 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ж.Аын өгсөн:
“...2018 оны 06 дугаар сарын 06-нд би гэр бүлийн хамт Цэцэрлэг сумын Чулуут багийн нутагт Бух хайрханы тахилга наадам үзэж яваад өөрийн эзэмшлийн улаан өнгийн шинэвтэр Мустанг-5 маркийн мотоциклоо хулгайд алдсан. Миний хулгайд алдсан мотоцикль улаан өнгөтэй, 200 мотортой, шинэвтэр мотоцикль байсан. Эвдрэл гэмтэл байхгүй. Би аваад 1 жил 4 сар болж байсан. Миний алдсан мотоциклийн гаалийн бичиг нь надад байгаа, гаалийн бичиг дээрээ аралын дугаар, хөдөлгүүрийн дугаар нь байгаа. Аралын дугаар нь 0244946, хөдөлгүүрийн дугаар нь 057262. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би мотоциклоо 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн үед Цэцэрлэг сумын цагдаа нар байхгүй ажлаар аймаг руу явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/
*Хохирогч Ж.Аын дахин өгсөн:
“...Миний мотоциклийн ямар нэгэн зүйл өөрчлөгдөөгүй, их муудсан байна лээ, шинээрээ мотоцикль байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохиролд нь 1.500.000 төгрөг бэлнээр авсан. Хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. Би өөрөө хуучирсан мотоцикль авахгүй байхаар ярьж тохирсон. Тийм учраас миний хохирлын мөнгийг бэлнээр өгч хохирол барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/
*Гэрч Л.Нын өгсөн:
“...Би өөрөө унаж эзэмшиж байгаа Мустанг-5 мотоциклио 2018 оны 08 дугаар сарын эхээр Алаг-Уул багийн иргэн М.Паас өөрийн Мустанг-5 маркийн шар өнгийн мотоцикль дээрээ 300.000 төгрөг бэлнээр өгч авсан. Тухайн үед М.П хот явах гэсэн юм мөнгөний хэрэг болоод гээд шинэвтэр улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклтой ирсэн. Би өөрийн мотоциклио сайжруулах зорилгоор худалдан авсан, авах үед түлхүүртэй байсан. Банкны таг ямарч хамаагүй түлхүүрээр онгойдог байсан. Уг мотоцикльд би хоёр толь авч тавьсан. Эвдсэн зүйл байхгүй. Миний худалдан авсан мотоциклийн дугаар 0544946, хөдөлгүүрийн дугаар 057262 байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/
*Гэрч Л.Нын дахин өгсөн:
“...Би М.Пийг танина, нэг нутгийн таньдаг дүү байгаа юм. Төрөл садангийн холбоо байхгүй. Би хулгайлсан мотоцикль гэж мэдээгүй. Мөнгө хэрэгтэй болоод зарж байна гэж байсан. М.П бид хоёр хоорондоо тохиролцсон. Надад мотцикль битүүмжлэгдсэнтэй холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/
*Гэрч Т.Ды өгсөн:
“...2018 оны 06 сарын эхээр манай отор Алаг-Уул багийн нутаг Дөрвөлжин гэх газар байсан. Би ганцаараа малаа хардаг. Аав, ээж хоёр маань сумын төвд байдаг. 2018 оны 06 сарын 07-нд М.П манайд улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль унаж ирсэн. М.П надад найз нь өчигдөр Даймаа буюу Л.Дтой хамт машинаар нь Цэцэрлэг сумын Бух хайрханы наадамд очсон. Тэр наадам дээрээс энэ мотоциклийг хулгай хийгээд ирлээ гэсэн. Би чи дэмий юм хийсэн байна, яах гэж хулгай хийж байгаа юм ээж, аавдаа юу гэж хэлэх гэж байгаа юм гэхэд М.П би хавар эвэрт явж эвэр олоод зарсан мөнгөөрөө авсан гэж хэлнэ гэсэн. Тэгээд хэсэг хугацаанд надтай юм ярьж байгаад явсан. 2018 оны 08 сард М.П манайд ирээд намайг гуйж сумын төв рүү хамт орж ирээд Л.Н гэдэг ахтай тааралдаж мотоциклио зарахаар болоод Л.Н ах өөрийн мотоцикль дээрээ 300.000 төгрөг нэмж өгөхөөр болсон. Тэгээд М.П бид хоёр манайд ирсэн. Удалгүй араас Л.Н ах 300.000 төгрөг болон мотоциклио авч ирж өгсөн. М.П, Давааням бид гурав 100.000 төгрөгөөр нь бэлэн хоол, пиво авч ууж, идсэн. Тэр үед М.П хулгай хийсэн гэж битгий хэлээрэй гээд гуйгаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/
*Шинжээч А.Бямбажавын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн“...200 мотортой, нэг жил 4 сар унаж эдэлсэн Мустанг-5 маркийн мотоциклийн үнэлгээг 2018 оны 06 дугаар сарын байдлаар 1.400.000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 22 дугаар тал/
*Яллагдагч М.Пийн өгсөн:
“...Би Даймаа гэдэг найзын хамт Цэцэрлэг сумын Бух хайрханы баяр үзэхээр явж, баяр дээр 2018 оны 06 сарын 05-ны өдөр очоод хүмүүстэй танилцаж архи уугаад, маргааш нь буюу баярын өдөр Даймаа олдохгүй баяр тарах үеэр намайг орхиод явсан байсан. Би архи ууж явж байгаад машинаасаа хоцорчихоод согтуу байсан болохоор сум руугаа явахын тулд эзэнгүй тавьсан байсан мотоциклийн толгойны утсыг салгаж, унаад явсан. Тэгээд тэр мотоциклийг сумандаа унаж байгаад 2018 оны 08 сард сумынхаа Л.Н гэдэг хүнд хуучин мотоцикль дээр 300.000 төгрөг нэмж аваад зарчихсан. Сум руугаа явахын тулд явгарсандаа хулгай хийсэн. Хамт хулгай хийсэн хүн байхгүй. Л.Н хулгайн мотоцикль гэж мэдээгүй. Би хулгайн мотоцикль гэж хэлээгүй, өөрийн мотоцикль гэж хэлсэн. Мустанг-5 маркийн улаан өнгөтэй, улсын дугааргүй, 200 мотортой, шинэвтэр, эвдэрч хэмхэрсэн зүйлгүй мотоцикль байсан. Би хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр тал/
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутаг дэвсгэр “Бух хайрхан” гэх газраас иргэн Ж.Аы эзэмшлийн Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль алдагдаж 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.П үйлдсэн болох нь хохирогч Ж.Аын “...2018 оны 06 дугаар сарын 06-нд би гэр бүлийн хамт Цэцэрлэг сумын Чулуут багийн нутагт Бух хайрханы тахилга наадам үзэж яваад өөрийн эзэмшлийн улаан өнгийн шинэвтэр Мустанг-5 маркийн мотоциклоо хулгайд алдсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Нын “...Би өөрөө унаж эзэмшиж байгаа Мустанг-5 мотоциклио 2018 оны 08 дугаар сарын эхээр Алаг-Уул багийн иргэн М.Паас өөрийн Мустанг-5 маркийн шар өнгийн мотоцикль дээрээ 300.000 төгрөг бэлнээр өгч авсан. Тухайн үед М.П хот явах гэсэн юм мөнгөний хэрэг болоод гээд шинэвтэр улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклтой ирсэн. Би хулгайлсан мотоцикль гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг, гэрч Т.Ды “... 2018 оны 06 сарын 07-нд М.П манайд улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль унаж ирсэн. М.П надад найз нь өчигдөр Даймаа буюу Л.Дтой хамт машинаар нь Цэцэрлэг сумын Бух хайрханы наадамд очсон. Тэр наадам дээрээс энэ мотоциклийг хулгай хийгээд ирлээ гэсэн... 2018 оны 08 сард М.П манайд ирээд намайг гуйж сумын төв рүү хамт орж ирээд Л.Н гэдэг ахтай тааралдаж мотоциклио зархаар болоод Л.Н ах өөрийн мотоцикль дээрээ 300.000 төгрөг нэмж өгөхөөр болсон...” гэх мэдүүлэг, шинжээч А.Бямбажавын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, түүний үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Пид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч М.Пид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн шүүгдэгч М.Пийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Пид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд түүний анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч М.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Мустанг-5 маркийн мотоциклийг эзэмшигч Л.Нт буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Мгийн Пийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тус тус тайлбарласугай.
5. Шүүгдэгч М.П нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Мустанг-5 маркийн мотоциклийг Л.Нт буцаан олгосугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР