Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2024/01687

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/02254 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С ХХК-д холбогдох, ажилгүй байсан хугацааны олговор 14,208,848 төгрөг гаргуулж, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, 2023 оны 05 сарын 23-ны өдрийн Б/352 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, хууль бусаар суутгагдсан цалин хөлсийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2018 оны 02 сарын 04-ний өдрөөс эхлэн С ХХК-д туслах хуульчаар ажиллаж байна. Тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын А/58 дугаартай 2022 оны 05 сарын 06-ны өдрийн тушаалаар надад Албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авсныг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2022 оны 10 сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд А/58 дугаартай тушаалыг хүчингүй болгож, туслах хуульчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 12 сарын 23-ны өдөр хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. С ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, ажилд эгүүлэн тогтоогоогүй тул миний бие албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсаны дүнд 2023 оны 03 сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасны дагуу тушаал гаргаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргэсэн.

Иймд С ХХК-аас 2022 оны 10 сарын 05-ны өдрөөс 2023 оны 03 сарын 23-ны өдөр хүртэл /сүүлийн 3 сарын дундаж цалин 7,624,260 төгрөг, сарын дундаж цалин 2,541,420 төгрөг, нийт 123 хоног/ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 14,208,848 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Ажил олгогчийн хууль бус тушаалыг шүүх хүчингүй болгож, ажилдаа буцаж орсон, ажиллах хугацаанд шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан сэдэлтээр үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан тул С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 сарын 23-ны өдрийн Б/352 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийгдсэн цалин гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ажлын цагийн талаарх 119 хуудас журмыг танилцуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг 04 сарын 22-ны өдөр танилцуулсан, мөн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд хөдөлмөрийн гэрээний 6.2.9-д заасныг үндэслэсэн нь буруу гэжээ.

2.  Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2022 оны 10 сарын 05-ны өдрөөс 2023 оны 03 сарын 23-ны өдөр хүртэл цалин нэхэмжилж байгаа ч энэ хугацаанд ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. Тиймээс нөхөн олговрын асуудал ярихгүй. Энэ хооронд ажиллах боломж байсан, зөрүү мөнгийг авах боломж байсан. Өөрөө ажил огт хийгээгүй тул цалин хөлс олгох нь шударга ёсонд нийцэхгүй. Өөрөө ажлаа хүсээд хийгээгүй учраас бид үүрэг хариуцлага хүлээхгүй. Ажилд нь бид аваад хөдөлмөрийн гэрээг байгуулсан, өөрөө ажил эрхлэлтийн харилцаа сэргээсэн гээд бичсэн байгаа. Одоо ажлаа хийж байгаа, гэтэл шүүхэд маргаж байна, ажлын цагийг Хөдөлмөрийн дотоод журам дээр заасан, гадагшаа явахдаа заавал мэдэгдэх ёстой байдаг, ажлын цагийг зүй зохистой ашиглах ёстой. Гэтэл байн байн гараад явчихдаг. Нэхэмжлэгч нь өөрөө ариун цэврийн өрөөнд орсон гэж байна. Гэтэл ариун цэврийн өрөөнд орж болно, гэхдээ 1 цаг гаран нүүрээ будаад байж болохгүй. Бичлэгээр бүхэл бүтэн 21 цаг 03 минут тасалсан байна. Ажлаас халах зохицуулалттай ч бид цалинг нь 3 сар 20 хувиар хассан байгааг шүүх анхаарах байх. Өөрөө ажилдаа ирээгүй, амарч амарчхаад ирээд цалингаа авна гээд байна, ажилдаа ирдэггүй, ажлаа хийдэггүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар хариуцагч С ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүнд 2,552,016 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,656,832 төгрөгийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 2023 оны 05 сарын 23-ны өдрийн Б/352 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох, хууль бусаар суутгал хийсэн цалинг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Н-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч С ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,994 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-аас 55,782 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-т олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Миний бие нь ажил олгогчид ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хүсэлтийг амаар, бичгээр, и-мэйлээр гаргасан боловч хариу өгөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь ажлын байранд эгүүлэн тогтоолгох гэх өмнөх маргааны нэг нэхэмжлэлийн агуулга биш, тусдаа ажил олгогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас 2022 оны 10 сарын 04-ний өдрөөс 2023 оны 03 сарын 24-ний өдөр хүртэл 5 cap 11 хоног ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл юм. Гэтэл анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүд 2,552,016 төгрөгийг хариуцагч С ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа юм. Иймд ажилгүй байсан 5 сарын 11 хоног буюу ажлын 123 хоногийн цалин 14,208,848 төгрөгийг гаргуулж өгнө үү.

4.2. Гүйцэтгэх захирлын Б/352 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэх хэсэгт сахилгын шийтгэл ногдуулах харилцааг бус ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох харилцааг зохицуулсан зүйл заалтыг баримталсан байна. Гэтэл хөдөлмөрийн гэрээний 8.3 дахь заалтад сахилгын шийтгэлтэй холбоотой харилцааг зохицуулсан заалт байдаг. Нөгөөтэйгүүр миний бие нь шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж ороод ажлын 15 хоног өнгөрч байснаас гадна компанийн нэр хүнд, эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Хариуцагчаас 2023 оны 02 сарын 20-ны өдөр батлагдсан гэх Хяналтын тоног төхөөрөмж ашиглах тухай журмыг үндэслэн дүрсний бичлэгийн төхөөрөмж ашиглан ажилтны ажлын цаг ашиглалтыг хянасан, энэ зөрчилд нь арга хэмжээ тооцсон гэх хариу тайлбарыг гаргаж мэтгэлцсэн. Шүүхээс хэрэгт нотлох баримтаар хариуцагч талаас хүлээлгэн өгсөн тус тусдаа хуулагдсан 11 ширхэг нийт 21 цагийн дүрсний бичлэгт 2023 оны 12 сарын 11-ний өдөр үзлэгийг хийхэд ажлын бүтэн цагийн бус зөвхөн лифтэнд сууж байгаа болон лифтнээс бууж байгаа хэлбэрээр тасдаж, харуулсан бичлэг байв. Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас зөөврийн хард-д хуулбарлан ирүүлсэн дээрх бичлэгүүдэд миний бие нь тухайн өдрүүдэд өглөө ажлын байранд хэдэн цагт ирсэн, цайны завсарлагыг хэдэн цагт хэдий /хэдэн удаа/ хугацаагаар авсан, орой хэдэн цагт ажлын байрыг орхиж явсан болох нь бүтэн бичигдээгүй, лифтэнд сууж байгаа болон лифтнээс бууж байгааг харуулсан бичлэг байв. Компанийн Хөдөлмөрийн дотоод журам 14.3, 14.5, 14.7, 15.6-д тус тус заасан. Ажил олгогчоос тухайлбал харьяалах хэлтсийн менежер нь 2023 оны 04 сард 168 цаг ажилласан болохыг хянаж Ажилтны цагийн бүртгэл-ийг хянаж баталсан, санхүүгийн хэлтсээс тухайн сарын цалин хөлсийг бүрэн олгосон болохыг тодорхойлсон Цалингийн мэдээлэл-ийг нотлох баримтаар хүлээлгэн өгсөн. Тухайн баримтууд нь намайг 2023 оны 04 сард 168 цаг ажилласан болох нотолж байна.

4.3. Хариуцагчийн зүгээс ажлын цаг ашиглалтыг хянахдаа үндэслэл болгосон Хяналтын тоног төхөөрөмж ашиглах тухай гэх журмаа ямар нэгэн хэлбэрээр надад огт танилцуулаагүй, шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс танилцуулсан эсэх, уг журам хүчин төгөлдөр үйлчилдэг эсэх талаар тайлбарыг өгөөгүйн зэрэгцээ маргаан үүсгээгүй. Нэхэмжлэгчээс шүүхэд ажлын цагийг хянахдаа үндэслэл болгосон тус журам нь хуурамч нотлох баримт гэж үзэн нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүйн зэрэгцээ шийдвэрийн 10.8-д "...хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн бөгөөд үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч Б.Н нь ажлын байрыг орхиж явсан үйл баримт тогтоогдож байх тул... гэж хуурамч нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн. Хариуцагч ямар хууль, журамд үндэслэн хяналтын камераар ажилтныг хянасан болох хэрэв хуурамч нотлох баримтыг үндэслэн ажилтныг хянасан гэж тайлбарлаж буй нөхцөлд шүүх аливаа шийдвэр гаргахдаа хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд шийдвэрийг гаргах гэж заасныг зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн 2022 оны 10 сарын 04-ний өдрөөс 2023 оны 03 сарын 24-ний өдөр хүртэлх 5 cap 11 хоног /ажлын 123 хоног/-ийн хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн Гүйцэтгэх захирлын Б/352 дугаартай тушаалыг хүчингүй болгож, хууль бусаар суутгасан цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5.  Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Н-ыг ажлаас халж, чөлөөлсөн шийдвэрийг өмнө нь гаргаж байгаагүй. Харин албан тушаалыг нь бууруулж уурхайн дарга гэх албан тушаалд ажиллуулах томилгоо хийсэн. Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн зүйл байхгүй. Өмнөх хэргийг хэлэлцэх явцад С ХХК-аас гомдол гаргаж, түүнийг давж заалдах шатны шүүх шийдвэрлэж байсан баримт хэрэгт авагдсан тул нэхэмжлэгч нь хэргийн талаар зөв ойлгох хэрэгтэй. Түүнчлэн тухайн магадлалаар Б.Н-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг огт цуцлаагүй байх тул ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэж, цалингийн зөрүү гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир түүнийг дахин нотлохгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Сахилгын шийтгэл ногдуулах Б/352 дугаартай тушаал нь үндэслэх хэсэг болон тушаах хэсэг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох харилцааг зохицуулсан зүйл заалтыг баримталсан гэх агуулга, зүйл заалт байхгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй. Хөдөлмөрийн дотоод журамд заасан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдсэнээр Б.Н-ын гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хариуцлагатай зөрчил байсан боловч өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, цалингийн 20 хувийг 3 сар хасах сахилгын шийтгэл ногдуулсан. Шүүгч нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн. Өөрөөр хэлбэл, хэрэгт хамааралгүй нотлох баримт авагдаагүй бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчиж цуглуулаагүй нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргасан. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн 10.4, 10.6, 10.7, 10.8-д анхан шатны шүүх хууль хэрэгжүүлсэн талаар тодорхой дурдсан тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Нэхэмжлэгчид журам танилцуулаагүй болох нь ажлын цагийн ашиглалтыг цайруулах үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:  

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав. 

2. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч С ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор 14,208,848 төгрөг гаргуулж, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, 2023 оны 05 сарын 23-ны өдрийн Б/352 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, хууль бусаар суутгагдсан цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/02825 дугаар шийдвэрээр хариуцагч С ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2022 оны 05 сарын 06-ны өдрийн А/58 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Н-ыг С ХХК-ийн туслах хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч С ХХК-аас 9,836,268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н т олгож шийдвэрлэсэн;

3.2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 210/МА2023/00018 дугаар магадлалаар дээрх шийдвэрт хариуцагч С ХХК-аас 2,522,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-т олгосон өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн;

3.3. Улмаар, С ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 сарын 23-ны өдрийн Б/164 дугаартай тушаалаар Б.Н-ыг туслах хуульчаар томилж шийдвэрлэсэн;

3.4. Мөн С ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 05 сарын 23-ны өдрийн Б/352 дугаартай тушаалаар Б.Н-ын үндсэн цалинг гурван сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэн ба уг тушаалд ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр урьдчилан чөлөө авалгүйгээр 2023 оны 04 сарын 14, 17, 18, 19, 20, 24, 05 сарын 3, 4, 8, 12, 15-ны өдрүүдэд ажлын байраа орхиж явсны улмаас нийт 21 цаг 03 минут ажил тасалсан... гэсэн үндэслэлийг дурдсан. 

4. Ажилгүй байсан хугацааны олговор 14,208,848 төгрөг гаргуулж, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх шаардлагын тухайд.

4.1.  Өмнө дурдсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 210/МА2023/00018 дугаар магадлалын хянавал хэсэгт ...ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно... гэж дүгнээд анхан шатны шүүхийн хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 9,836,268 төгрөгийг 2,522,100 төгрөг болгон өөрчилсөн.

4.2. Өөрөөр хэлбэл, С ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2022 оны 05 сарын 06-ны өдрийн А/58 дугаар тушаалаар ажилтан Б.Н-ыг ажлаас чөлөөлөөгүй буюу туслах хуульчаас уурхайн даргын туслах болгон албан тушаалыг бууруулсан тул ажилгүй байсан хугацааны олговор бус харин цалингийн зөрүүг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн байна.

4.3. Иймд, дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн магадлалыг үндэслэн хариуцагчаас 2,252,016 төгрөгийн цалингийн зөрүүг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т тус тус заасан зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

4.4. Ажилтан Б.Н-ыг ажлаас чөлөөлсөн аливаа шийдвэр хэрэгт авагдаагүй, мөн ажилтан Б.Н нь 2022 оны 10 сарын 05-ны өдрөөс (анхан шатны шүүхийн шийдвэр гарсан огноо) 2023 оны 03 сарын 23-ны өдрийг (шүүхийн шийдвэр, магадлалын дагуу туслах хуульчаар томилсон огноо) хүртэлх хугацаанд уурхайн даргын туслахын ажил, албан тушаалыг гүйцэтгэж, цалин хөлс авах боломжтой байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан ажилгүй байсан хугацааны олговор шаардах эрхгүй.

4.5.  Иймд, нэхэмжлэгчийн ...энэ нь ажлын байранд эгүүлэн тогтоолгох маргаан биш харин ажил олгогч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйтэй холбоотой маргаан тул анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг үндэслэн маргааныг шийдвэрлэх ёстой байсан... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй.

5. 2023 оны 05 сарын 23-ны өдрийн Б/352 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, хууль бусаар суутгагдсан цалин хөлсийг гаргуулах шаардлагын тухайд.

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2-т зааснаар ажилтан нь ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах үүрэгтэй.

5.2.  Анхан шатны шүүх 2023 оны 04 сарын 14-ний өдрөөс 2023 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны камерын бичлэг (үзлэг хийн бэхжүүлсэн), ажлын цаг ашиглалтын талаар ажил олгогчид Б.Н-ын өөрийн өгсөн тайлбар, Хөдөлмөрийн дотоод журмын ажил, амралтын цаг, чөлөө олгохтой холбоотой зохицуулалт зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр ...сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна... гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

5.3. Дээр дурдсан нотлох баримтуудаар ажилтан Б.Н нь 2023 оны 04, 05 сард нийт 21 цаг 03 минут ажлын байраа орхиж явсан (цайны цагийг оруулаагүй), тасалсан болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн дотоод журмын 18.8.9, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2.1, 5.2.7, 6.2.9-д заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.

5.4. Ажилтан Б.Н-ын гараар бичсэн тайлбарт ...2023.05.08-нд 08:25-11:20 цагт хувийн ажлаар гарсан нь үнэн болно гэж дурдагдсан байна.

Мөн ажилтан Б.Н нь уг тайлбартаа ...2023.04.18-нд өглөө 10:00 цагт Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хуралд орсон..., ...2023.05.03-нд 14:36-16:58 цагт 3-н талт хорооны дүгнэлтийг хүлээн авсан..., ...2023.05.04-нд ХУДИХАШШ-д нэхэмжлэл гаргасан... гэж тус тус дурдагдсан байна.

5.5. Ажилтан Б.Н нь дээрх байдлаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандах эрхтэй боловч гагцхүү энэ талаар ажил олгогчид зохих журмын дагуу мэдэгдэж, чөлөө, зөвшөөрөл авсан байвал зохино. Ажилтан Б.Н нь холбогдох өдрүүдэд ажил олгогчоос ийнхүү чөлөө, зөвшөөрөл авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй.

5.6. Тус маргаан нь ажлын байрыг чөлөө, зөвшөөрөлгүйгээр орхиж явсантай холбоотой буюу ажилтан ажлын байранд орж ирсэн, ажлын байрнаас гарч явсан цаг хугацаатай холбоотой тул анхан шатны шүүхийн зүгээс холбогдох өдрүүдийн хэсэгчилсэн бичлэгийг үзэж, бэхжүүлснийг буруутгахгүй.

Иймд, нэхэмжлэгчийн ...шүүх ажлын бүтэн цагийн бус зөвхөн лифтэнд сууж байгаа болон лифтнээс гарч байгаа хэлбэрээр тасдаж харуулсан бичлэгийг үнэлсэн, мөн хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргасан... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5.7. Ажилтан Б.Н нь туслах хуульчаар ажилладаг тул холбогдох дүрэм, журмуудыг мэдсэн буюу мэдэж байх ёстой тул түүний ...хяналтын тоног төхөөрөмж ашиглах журмыг танилцуулаагүй... гэх давж заалдах гомдлыг мөн хангах үндэслэлгүй.

6. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийнхээ тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрхийн зохицуулалтыг баримтлаагүй, мөн улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/02254 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...127 дугаар зүйлийн 127.2-т... гэснийг ...158 дугаар зүйлийн 158.1.1-д... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,994 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т буцаан олгож, хариуцагч С ХХК-аас улсын тэмдэгтийг хураамжид 55,782 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч Б.Н-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 228,990 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР