Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2024/01688

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/02423 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 587 дугаар захирамжаар Э ХХК-аас 1,496,562,153 төгрөгийг гаргуулж, Г ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдсэн хөндлөнгийн шинжээчийн үнэлгээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчиж байна. Төлбөр төлөгчийн компанийн үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмжүүд, хувьцаа эзэмшигч, захирлын орон сууц зэргийг үнэлүүлэхээр С ХХК, Ф ХХК, Д ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон. Үүний дагуу 2022 оны 05 сарын 23-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан. Үнэлгээний тайлан гарснаас хойш бүтэн 1 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд компанийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд дээр дахин шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг хийлгэх тухай хүсэлтийг 2023 оны 04 сарын 24-ний өдөр Н-т гаргасан. 2023 оны 05 сарын 02-ны өдрийн мэдэгдэх хуудсаар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. 2023 оны 05 сарын 10-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Улсын ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч мөн гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг 2023 оны 05 сарын 11-ний өдрийн албан бичгээр өгсөн. Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д заасныг тус тус зөрчиж, 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 5/31 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 5/10 дугаартай үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тогтоолыг танилцуулж, мэдэгдээгүй. Н-ын дээрх хууль зөрчсөн үйлдлүүдийн улмаас компани өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах, эсхүл бусад байдлаар өр төлбөрөө төлж барагдуулах боломжгүй болж, өөрсдийн болон захирал Н.Б-ийн өмч хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн үнээр дуудлага худалдаанд оруулж хохирлоо. Д ХХК нь үнэлгээ гаргахдаа цөөхөн үзүүлэлтээр хийсэн. Э ХХК-ийн барьцаа хөрөнгө тусдаа өөрийн гэсэн бие даасан үл хөдлөх эд хөрөнгө байхад орон сууцны адил төсөөтэй хөрөнгөтэй харьцуулсан. Эвдэрсэн тоног төхөөрөмжүүдийг үнэлсэн. Бид үнэлгээг хүчингүй болгоод дахин үнэлгээ хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.7-д заасны дагуу С ХХК, Ф ХХК, Д ХХК-уудын хөрөнгийн үнэлгээний тайлангуудыг хүчингүй болгож, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээ хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 587 дугаар захирамжаар Э ХХК-аас 1,496,622,153.53 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2021 оны 08 сарын 03-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх талаар мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгөхөд төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 243,84 м.кв талбайтай үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 58.01 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 3 ширхэг тоног төхөөрөмжүүдийг битүүмжлэн, хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй. Төлбөр авагчаас хураагдсан эд хөрөнгөнд хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ тогтоолгуулах хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Д ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход Эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт үл хөдлөх хөрөнгийг 1,021,933,440 төгрөгөөр, С ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход Эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт үл хөдлөх хөрөнгийг 245,656,861 төгрөгөөр, Ф ХХК нь 30107 хувийн дугаартай, CT-Brilliance 6 Philips ct system-16 chupgrade загварын 2006 онд Израиль улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг 506,436,000 төгрөг, 1АС0572930 хувийн дугаартай Aquillion 16 загварын 2005 онд Япон улсад үйлдвэрлэсэн рентген оношилгооны зориулалттай тоног төхөөрөмжийг 472,262,000 төгрөг, Magnet S/N ZB017 серийн дугаартай GE Healthcare Profile HD маркийн 2005 онд АНУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг 126,888,000 төгрөгөөр тус тус зах зээлийн үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагаа тул төлбөр төлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрээр үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өмнө нь шийдвэрлэсэн. Тухайн шүүх хуралдаанд шинжээч нарыг гэрчээр оролцуулж гаргасан үнэлгээний талаар асуулгаж байсан. Нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг шийдвэрлэж хугацаа өнгөрсөн. Хариуцагч талаас шалтгаалж хугацаа өнгөрсөн шалтгаан байхгүй.

Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожих зорилгоор шүүхэд хандан төлбөрийн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Н-т холбогдох хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Э ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлэхээр С ХХК, Ф ХХК, Д ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, 2022 оны 05 сарын 23-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлангууд гарах үеийн буюу 2022 оны 05 сард Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 3,120 төгрөг байсан. Харин тайлан гарснаас хойш нэг жилийн дараа буюу 2023 онд 1 ам.долларын ханш 3,500 төгрөг хүртэл буюу даруй 12 хүртэл хувиар өссөн байдаг.

4.2. Э ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй 243.84 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь энгийн нэг орон сууцанд хамаарахгүй хотын төвийн А зэрэглэлд байрлалтай, өндөр эрэлттэй, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө тул ийнхүү үнэ ханшийн өсөлтөөс шалтгаалан зах зээлийн үнэд нь гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон. Гэтэл Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу компанийн хууль ёсны эрхийн хүрээнд гаргасан үндэслэл бүхий дахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлж, 2022 оны 05 сард гарсан хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм.

4.3. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ хийхгүй тохиолдолд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2022 онд гаргасан тайланд заасан үнээс 70 хувиар тооцож анхны дуудлага худалдаагаар худалдан борлогдохгүй бол дахин дуудлага худалдаа явуулж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу маш бага үнээр буюу илтэд компанийн өмчлөлийн хөрөнгийг үнэгүйдүүлж, эрх ашгийг хохироосон үнээр худалдах нөхцөл байдал бүрдээд байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

4.4. Түүнчлэн Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д заасныг тус тус зөрчиж, 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 5/31 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 5/10 дугаартай Үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг огт танилцуулж, мэдэгдээгүй зөрчлийг гаргасан нөхцөл байдлыг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа огт харгалзан үзээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо үнэ ханшийн өсөлтөөс шалтгаалан зах зээлийн үнэд багагүй өөрчлөлт орсон, үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны тогтоол мэдэгдлийг танилцуулаагүй бөгөөд анхан шатны шүүх түүнийг хэлэлцээгүй гэж дурддаг. Гэтэл албадан дуудлага худалдааны мэдэгдэх тогтоолыг хуулийн хугацаанд нь компанийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захиралд тухай бүр нь танилцуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасны дагуу тэмдэглэл хөтлөн анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6, 8.1, 8.2, 8.3-т тодорхой хэлэлцэж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/00587 дугаар захирамжаар хариуцагч Э ХХК-аас 1,492,513,864 төгрөг болон 4,048,229 төгрөг, нийт 1,496,562,093 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, хариуцагч сайн дураар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Э ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн *-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, **/*-р байр, *-р давхрын * тоот хаягт байршилтай 243.84 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн **-р хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, ** байрны ** тоот хаягт байршилтай 58.01 м.кв талбайтай орон сууц, 2006 онд Израйль улсад үйлдвэрлэгдсэн CT-Brilliance 6 Philips ct system-16 маркийн тоног төхөөрөмж, 2005 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн Aquillion 16 маркийн тоног төхөөрөмж, 2005 онд АНУ-д үйлдвэрлэгдсэн Ge Healthcare Profile HD маркийн тоног төхөөрөмж зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

4. Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Н нь 2021 оны 08 сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүгчийн захирамжид заагдсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2021 оны 10 сарын 07, 2022 оны 04 сарын 07-ны өдрүүдэд тус тус битүүмжилж, 2022 оны 04 сарын 26-ны өдөр тус тус хураан авч, улмаар хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг гаргуулахаар 2022 оны 05 сарын 16-ны өдөр С ХХК-ийн үнэлгээчин Ш.О-ыг, Д ХХК-ийн үнэлгээчин Ц.Т-ийг, Ф ХХК-ийн үнэлгээчин Н.Ц-ийг тус тус шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 44.2.9, 49 дүгээр зүйл 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

5. Шинжээч нар Сүхбаатар дүүргийн *-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, **/*-р байр, *-р давхрын * тоот хаягт байршилтай 243.84 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 1,021,933,440 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн **-р хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, ** байрны ** тоот хаягт байршилтай 58.01 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн үнийг 245,656,861 төгрөгөөр, 2006 онд Израиль улсад үйлдвэрлэгдсэн CT-Brilliance 6 Philips ct system-16 маркийн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнийг 506,436,000 төгрөгөөр, 2005 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн Aquillion 16 маркийн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнийг 472,262,000 төгрөгөөр, 2005 онд АНУ-д үйлдвэрлэгдсэн Ge Healthcare Profile HD маркийн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнийг 126,888,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба холбогдох үнэлгээний тайландаа үндэслэлийг тодорхой тусгажээ.

6. Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргааныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 09 сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 181/ШШ2022/02143 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 01 сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 210/МА2023/00228 дугаар магадлал тус тус гаргаж, хариуцагч Н-т холбогдуулан гаргасан, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр, магадлалыг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн 001/ШХТ2023/00313 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

7. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул нэхэмжлэгч талын ...үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвийн А зэрэглэлийн байрлалтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай байхад орон сууцтай харьцуулсан, үнэлгээ гаргахдаа цөөхөн үзүүлэлтээр хийсэн, эвдэрсэн тоног төхөөрөмжүүдийг үнэлсэн... гэх тайлбар, давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Дээрх байдлаар нэхэмжлэгч тал үнэлгээг эс зөвшөөрч анхан, давах, хяналтын шатны шүүхээр маргаж байх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Н нь дахин үнэлгээ тогтоолгох үүргийг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацаа нь нэхэмжлэгч талын хүсэл зоригийн үндсэн дээр өнгөрсөн буюу үүнд хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдсонгүй.

Иймд, нэхэмжлэгч талын ...үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өмнөх онуудаас хэд дахин өссөн байхад хариуцагч байгууллага нь бусдын эд хөрөнгийг үнэгүйдүүлж 2022 оны 05 сард гарсан хөрөнгийн үнэлгээг үндэслэн ажиллагаа явуулсан... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

9. Нэхэмжлэгч тал нь ...шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг огт танилцуулж, мэдэгдээгүй... гэсэн тайлбар, давж заалдах гомдол гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага нь дуудлага худалдаатай холбоогүй тул уг гомдлыг хангахгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/02423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ  

Д.НЯМБАЗАР