Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/01696

 

 Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 184/ШШ2024/03320 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н ХК, Т.Г нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 58,066,955 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Н ХК, Т.Г нар 2022 оны 12 сарын 23-ны өдөр ЗГ1132130107000063 тоот зээлийн гэрээ болон БГ1132130107000063 тоот барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн дугаар Ү-******** дугаартай, Баянзүрх дүүргийн **-р хороо, О хороолол, Хүннү гудамж, ***-р байрны *** тоот хаягт байршилтай, 57.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, 12 сарын хугацаатай 50,000,000 төгрөгийг, нэг сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Зээлдэгч нар үндсэн зээлээс 8,642,387 төгрөг төлсөн ба түүнээс хойш төлбөр хийгээгүй.

Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 58,066,955 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Н ХК хариу тайлбар гаргаагүй.

3. Хариуцагч Т.Г хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, Т.Г нэхэмжлэгчийн олгосон гэх мөнгийг хувьдаа ашигласан зүйл байхгүй болно гэжээ.

4.  Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н ХК, М.Г нараас 58,066,955 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн **-р хороо, О хороолол, Хүннү гудамж, ***-р байрны *** тоот хаягт байршилтай, 57.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 604,574 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 604,574 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Харуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

a. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчаас нийт 14,418,621 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн байна.

b. Анхан шатны шүүх хариуцагчаас төлсөн төлбөрийг үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэх дарааллаар хасаж тооцохгүйгээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэх дарааллаар хасаж тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4-д заасантай нийцэхгүй. Дээрх дарааллын дагуу тооцож үзвэл хариуцагчаас хариуцвал зохих дүн нь 43,076,095 төгрөг болж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 14,990,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6.  Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний 2.4, 2.10-т зээлийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан байдаг. Үүнээс харахад анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хэрэв талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангах дараалал хүчин төгөлдөр бус гэж үзвэл энэ талаар анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Н ХК, Т.Г нарт холбогдуулан, үндсэн зээл 41,357,613 төгрөг, зээлийн хүү 16,709,342 төгрөг, нийт 58,066,955 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 57.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Н ХК нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй бол хариуцагч Т.Г нь ...зээлийг хувьдаа ашиглаагүй... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

4. Талууд 2022 оны 12 сарын 23-ны өдөр "ЗГ1132130107000063 тоот Зээлийн гэрээ байгуулж, Э ХХК нь 50,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, Н ХК, Т.Г нар уг зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ.

Мөн өдөр талууд ЗГ1132130107000063 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Н ХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн **-р хороо, О хороолол /13312/, Хүннү гудамж, ***-р байрны *** тоот хаягт байршилтай, 57.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.

5.  Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан, тэдгээр гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

6. Өмнө дурдсан Зээлийн гэрээ-ний хувьд Н ХК, Т.Г нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид болох тул ...зээлийг хувьдаа ашиглаагүй тул үүрэг хүлээхгүй... гэх хариуцагч Т.Ганчимэгийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй.

Иймд, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй.

7.   Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн үндсэн зээл, зээлийн хүүгийн тооцооллыг хариуцагч нар өөрийн тооцооллоор үгүйсгээгүй тул хариуцагч Н ХК, Т.Г нараас үндсэн зээл 41,357,613 төгрөг, зээлийн хүү 16,709,342 төгрөг, нийт 58,066,955 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зохицуулалтад тус тус нийцнэ. 

8. Өмнө дурдсанчлан, талуудын байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай мөн нийцнэ.

9. Хариуцагч талын ...Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4-т заасан зохицуулалтыг шүүх хэрэглээгүй... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Учир нь, хариуцагч нар нийт 14,418,621 төгрөгийг Зээлийн гэрээ-ний хугацаа дуусахаас өмнө төлсөн байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4-т заасан дарааллыг шүүх хэрэглэх боломжгүй.

10. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 184/ШШ2024/03320 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н ХК, М.Г нараас 58,066,955 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 232,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР