| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0048/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2019-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч: М.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчуул овогт Мгийн Тт холбогдох эрүүгийн 1912000050031 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Д овогт Мгийн Т/РД:АБ........./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Т нь 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Арвис баарны гадна иргэн А.Аийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч М.Тийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2018 оны 12 дугаар сарын 24-ний орой 8 цагийн үед тухайн хэрэг болсон, манай байгууллага шинэ жилийн баяраа тэмдэглээд Арвис бааранд орсон. Баяраа тэмдэглээд 2 цаг болж байхад А.А найзтайгаа хамт согтуу орж ирээд та нарын баярыг тараана, та нарыг ална гэх мэтийн зүйл яриад байсан. Би та хоёр ийм байж болохгүй байгууллагын баяр болж байхад гэж хэлээд суусан. Тэгтэл та нар яахаараа нэгнийгээ өмөөрдөг юм гээд над руу дайрсан. Тэгээд би А.Аээс салаад суусан. Тэрнээс хойш бид нар дуулж баярласан. Тэгээд маргааш өглөө нь А.Атэй зодолдсон гэдгээ мэдсэн. Өглөө миний хамар, ам, нүүр цус болсон байсан...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 1912000050031 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч А.Аийн өгсөн:
“...2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Арвис бааранд эхнэр Н.Чын ажлын газрын шинэ жил болж 11 цагийн үед очсон. Ажлын хамт олонтой хамт сууж байгаад 1 цаг өнгөрч байх үед тарсан. Тараад Арвис баарнаас бөөнөөрөө гарч ирсэн. Арвис баарны үүдэнд хүнд зодуулсан. Согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан. Ямарч байсан ар араасаа цувраад гарч байхад 2 залуутай хамт гарч байснаа санаж байна. Эхнэрийн ажлын газрын М.Т, Б.Т хоёртой хамт гарч байсан. Эхнэртэйгээ маргалдсанаас болж ажлын хүмүүстэй маргаан үүсгэж М.Т гэх залуутай сөргөөцөлдөж гарч ирээд барьцалдаж аваад зодолдсон юм шиг байна лээ. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/
“Гэрч Б.Бын өгсөн:
“...2018 оны 12 дугаар сарын 24-ний орой манай байгууллагын шинэ жил Арвис бааранд болсон. Манай ажлын газрын 10 хүн байсан. Тэгээд эхлээд удаагүй байхад 9 цаг өнгөрч байхад ажлын газрын Н.Чын нөхөр А.А, Оийн нөхөр Баясаа нар гаднаас их согтуу орж ирсэн. Тэгээд манайхан согтуу хүмүүс орж ирэхээр нь жаахан тиймэрхүү байж байгаад тал нь цувраад явцгаасан. Би Н.Ч, М.Т, Б.Т, Б.Э бид 5 үлдэж сууж байгаад баар хаахын үед гарсан. Арвис бааранд бид нар маргалдаагүй. Би их согтсон байсан. Дотор юу болсоныг сайн санахгүй байна. Миний бодлоор кабинд зодоон цохион болоогүй. Гадна гарч ирэхэд А.А, М.Т нар барьцалдчихсан байсан. Тэгээд би очиж салгасан. А.А, М.Т нарын нүүр цус болчихсон байсан. Нөхөр бид хоёр машинаараа бүгдийг нь хүргэж өгсөн. Манай ажлын хүмүүс юу болсон, яаж гарч ирсэн талаар санахгүй байна гэж байсан. Ажлын хүмүүсээс өөр хүн гадаа байсан гэхдээ зодоонд оролцсон эсэхийг мэдэхгүй. Ажлын хүмүүсээс М.Т, Н.Чын нөхөр хоёроос өөр хүн зодоонд оролцоогүй. М.Тийн нүүр, уруул нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/
*Гэрч Б.Эын өгсөн:
“...2018 оны 12 дугаар сарын 24-ний орой манай байгууллагын шинэ жил Арвис бааранд болсон. Тэгээд эхлээд удаагүй байхад ажлын газрын Н.Ч болон Оийн нөхөр 2 гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд согтуу та нарыг бүгдийг чинь ална энэ тэр гээд хэрүүл маргаан гаргасан. Тэгж байгаад хэсэг буйдан дээр унтсан. Ажлын хүмүүсээс тал нь явцгаасан. Би Н.Ч, М.Т, Б.Т, Б.Б бид 5 үлдэж нилээд суусан. А.А хэсэг унтаж сэрээд бид хэдийг бүжиглэж байхад Б.Т эхнэр Н.Чыг үнссэн талаар хэлээд хардаж хэрүүл үүсгэж Б.Т руу дайрсан. Тэнд бид баяр болж байгаа тул бие биенээ үнсэж хөөрөлдөж байсан. Тэр байдлыг хараад Б.Ттай хардаад дайрч давшлаад байхаар нь М.Т болиулах гээд А.Ат хэлж байсан. Тэгээд баарны хамгаалагч орж ирээд хаалаа гэж манай хэд гарцгаасан. Би сүүлд нь 4 бэлэг аваад гарсан. Гараад Б.Бын нөхрийн машинд бэлэгнүүдийг хийгээд хартал баарны зүүн талд М.Т А.А 2 зууралдчихсан зодоо хийгээд байгаа бололтой байсан. Би салгахаар очсон Б.Бын нөхөр Б, баарны хамгаалагч нартай хамт тэр хоёрыг салгаж Б.Тгийн хамт машинд суулгасан. Тэгээд би гэр рүүгээ алхсан. Тэрнээс хойш болсон асуудлыг мэдэхгүй. Арвисын үүд орчмоос суулгасан. Б.Т хөл дээрээ тогтож чадахааргүй явж байсан. Тухайн үед их согтсон байсан. Гэхдээ ухаанаа алдтал уугаагүй байсан. А.А, М.Т нар зууралдчихсан байхад нь М.Тийг салгаад машинд суулгасан болохоор А.Аийг сайн хараагүй. Маргааш нь М.Тийг ажил дээр ирээд харахад нүд хөхөрсөн, уруул нь хавдсан нүүрэн дээр нь самардаж майжсан болтой зулгаралттай байсан. Маргааш нь тэр хоёроос өөр хүн зодолдоогүй бололтой Б.Б та нар архи ууж чадахгүй М.Тийг А.Атэй барьцалдаж авлаа энэ тэр гээд байсан. Өөр сонссон ярьсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/
*Яллагдагч М.Тийн өгсөн:
“...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай байгууллагын шинэ жил тэмдэглэх үйл ажиллагаа Арвис бааранд болсон. Ажлын газрын Н.Чандуламын нөхөр А.А гаднаас согтуу Оийн нөхөртэй орж ирсэн. Согтуу хүмүүс орж ирэхээр тэнд байсан хүмүүсийн уур амьсгал муудаж, хүмүүс цувраад явцгаасан. Хамт орж ирсэн залуу ч гэсэн явсан. Тэгээд би ажлынхаа 3-4 хүнтэй үлдчихсэн байсан. Би их согтуу байсан болохоор А.Атэй юунаас болж маргаан үүсгэж зодолдсоноо санахгүй байна. Маргааш нь ажлын хүмүүс А.А та хоёр зодоо хийсэн гээд байсан. Бид хоёр түрүүлж гараад зодолдчихсон байсан гэсэн. Согтуу орж ирээд ажлын хүмүүс рүү дайраад байсныг нь санаж байна. Боль байгууллагын шинэ жил үймүүлээд байна. Хамт олон байж байхад яах гээд байгаа юм бэ гэж хэлж байсан. Тэгээд бид хэд нилээн сууцгаагаад би нилээн согтсон юу болсон талаар сайн санахгүй байна. Тэрнээс нь болж маргаан үүсгэж зодолдсон байх. Би А.Аийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Урьд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-39 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай дүгнэлтэнд:
“...А.Аийн биед хамрын таславчийн муруйлт, хамар, духны баруун дээд хэсэг, зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт, хэлний зүүн хажууд язарсан шарх, хүзүүний урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар дээрх гэмтлүүд нь нийтдээ биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Чих хамар хоолойн эмчийн үзлэгээр хамрын ясны хугарал онош нь рентген шинжилгээгээр тогтоогдоогүй...” гэх дүгнэлт/хх-ийн 27 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Арвис баарны гадна иргэн А.А нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.Т үйлдсэн болох нь хохирогч А.Аийн”...Арвис баарнаас бөөнөөрөө гарч ирсэн. Арвис баарны үүдэнд хүнд зодуулсан. Согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан. Ямарч байсан ар араасаа цувраад гарч байхад 2 залуутай хамт гарч байснаа санаж байна. Эхнэрийн ажлын газрын М.Т, Б.Т хоёртой хамт гарч байсан. Эхнэртэйгээ маргалдсанаас болж ажлын хүмүүстэй маргаан үүсгэж М.Т гэх залуутай сөргөөцөлдөж гарч ирээд барьцалдаж аваад зодолдсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бын ”...Миний бодлоор кабинд зодоон цохион болоогүй. Гадна гарч ирэхэд А.А, М.Т нар барьчалдчихсан байсан. Тэгээд би очиж салгасан. А.А, М.Т нарын нүүр цус болчихсон байсан. Нөхөр бид хоёр машинаараа бүгдийг нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эын ”... Гараад Б.Бын нөхрийн машинд бэлэгнүүдийг хийгээд хартал баарны зүүн талд М.Т А.А 2 зууралдчихсан зодоо хийгээд байгаа бололтой байсан. Би салгахаар очсон Б.Бын нөхөр Б, баарны хамгаалагч нартай хамт тэр хоёрыг салгаж Б.Тгийн хамт машинд суулгасан. Тэгээд би гэр рүүгээ алхсан. Тэрнээс хойш болсон асуудлыг мэдэхгүй. Арвисын үүд орчмоос суулгасан. Б.Т хөл дээрээ тогтож чадахааргүй явж байсан. Тухайн үед их согтсон байсан. Гэхдээ ухаанаа алдтал уугаагүй байсан. А.А, М.Т нар зууралдчихсан байхад нь М.Тийг салгаад машинд суулгасан болохоор А.Аийг сайн хараагүй. Маргааш нь Тийг ажил дээр ирээд харахад нүд хөхөрсөн, уруул нь хавдсан нүүрэн дээр нь самардаж майжсан болтой зулгаралттай байсан. Тэр хоёроос өөр хүн зодолдоогүй...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 23 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Тийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч М.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлттэй байна.
Шүүгдэгч М.Тт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Мгийн Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тт оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/төгрөгийн торгох ялыг 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР